Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 733

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Номин,                            

улсын яллагч Э.Ундраххэрлэн,

хохирогч Ж.Төмөрбат,

шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч П.Батбүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт А.Э-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0345 40109 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт А.Э, 1993 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо 1-28 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, , /РД:УБ93062315/

Шүүгдэгч А.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Макс худалдааны төвийн гаднах автомашины зогсоол дээр иргэн Ж.Төмөрбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож би емахбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                 Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч А.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед би түрүүлж машинаас буугаагүй. Төмөрбат ах өөрөө манай хүүхдийг цохьчихлоо гэсэн. Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Ж.Төмөрбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Энэ залуу бол мэдүүлэхдээ худлаа хэлж байна. Би тухайн үед хүүхдээ буулгах гээд урагшаа болоход хажуугаар гарахдаа манай хүүхдийн нүүр рүү цохихоор нь би яаж байна гээд буугаад очиход энэ залуу намайг цохьсон. Тухайн үед манай хүүхдийн найз Явуухулан цагдаа дуудсан. Манай эхнэрийг бас үснээс нь зулгаагаад алчихна шүү гэсэн байсан. Энэ залуу над руу ганц ч удаа яриагүй. Би хиймэл шүдээ хийлгэмээр байна гэж хэлэхэд огт тоогоогүй. Би одоо имплант шүд хийлгэхэд нийтдээ 4 сая гаран төгрөг болж байсан. Гомдолтой байна” гэв.

Хохирогч Ж.Төмөрбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэр машины жолооч намайг багалзуурдаж аваад миний баруун хацар хэсэгт цохьсон. “...би тэр хүмүүстэй хэрэлдэж байгаад анх намайг цохьсон жолооч залуутай барьцалдаад зодолдсон. Намайг анх цохьсон өндөр биетэй машин барьж байсан хүн уг гэмтлийг учруулсан. Тэр өндөр залуу намайг барьж байгаад толгойгоор машины борооны хаалтыг мөргүүлэхэд хугарсан. Миний нэг шүд ганхсан юм хазаж болохгүй байна. Мөн дээд хиймэл шүд хугарсан. Хиймэл шүдийг нэгийг нь 35.000 төгрөгөөр хийлгэж байсан. Одоо нэг нь хугарахад бүгдийг нь дахиж хийлгэдэг. Нийт 175.000 төгрөгөөр дахиж шүд хийлгэнэ...” гэх мэдүүлэг. /хх-19/,

Гэрч Н.Явуухулан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Төмөрбат ах буусан чинь жолооч залуу нь барьж аваад нүүр рүү нь нэг удаа цохьсон. Тэгээд би машинаас буугаад тойроод очсон чинь Төмөрбат ахыг нөгөө залуу заамдчихсан зогсож байсан. Тэгсэн цаанаас нь 2 ах хүрч ирж байсан. Тэгээд цагдаа дуудах гээд утсаа аваад буцаж очсон чинь Төмөрбат ахын баруун хацарнаас цус гарчихсан байсан. Саарал цамцтай ах нь цохьсон...” гэх мэдүүлэг. /хх-11/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №08 шэ/590 дугаартай дүгнэлт:

  1. Ж.Төмөрбатын биед баруун хацарт зүсэгдсэн шарх, баруун доод 1-р шүдний сулрал, баруун доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх баруун хацарт зүсэгдсэн шарх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, баруун доод 1-р шүдний сулрал, баруун доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан гэх хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-16/,

Яллагдагч А.Э мэдүүлэхдээ: “...Тэгээд би машинаасаа буутал жолооч залуу нь намайг эхэлж заамдаж авсан. Тэгтэл цуг байсан хүүхэн нь намайг цуг заамдаж хоолой боосон. Тэгэхээр нь би нилээн тэвчиж байгаад түлхээд уг приүс машины жолооч залуутай зууралдаж тонгойсон байдалтай байхдаа баруун гараараа нүүр рүү нь 2 удаа цохьсон. Тэгтэл машины жолоочийн хүү гэх залуу машиныхаа араас цагаан өнгийн төмөр гаргаж ирж бариад над руу дайрсан. “...Намайг яг цохьсоны дараа цус гараагүй байсан. Тэгээд тэр хүү нь төмөр бариад дайрсаны дараа нь Төмөрбат нь над руу хүрч ирээд чи миний нүүрийг ийм болгочихлоо одоо энийг би яах юм гэж байсан...” гэх мэдүүлэг. /хх32-33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч А.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Макс худалдааны төвийн гаднах автомашины зогсоол дээр иргэн Ж.Төмөрбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Э-д хуульд заасан ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүх шүүгдэгч А.Э-с хохирогчид баримтаар учирсан 91.300 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Төмөрбатад олгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хохирогч Ж.Төмөрбат нь имплант шүд хийлгэхэд 4 сая төгрөг шаардлагатай тул нэхэмжилж байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба өөрт учирсан хохирол буюу гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Б овогт А.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Э-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Э- с 91.300 /ерэн нэгэн мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Төмөрбатад олгосугай.

 

  1. Хохирогч Ж.Төмөрбат нь өөрт учирсан хохирол буюу гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР