Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/01719

 

 

 

 

 

 

 

 

 

 

З.А нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01117 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З.А хариуцагч И ХХК , Б ТББ д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил гудамж, Модун таун хотхон, 703 дугаар байрны 1202/12б/ тоот хаягт байршилтай 80.29 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг З.Алтанцэцэгт олгохыг И ХХК -д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.А, түүний өмгөөлөгч М.М, хариуцагч Б ТББ ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Г, түүний өмгөөлөгч С.Я, Г.Ч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: З.Алтанцэцэг нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Өмч, харилцааны газарт 1996 оноос хойш тасралтгүй 22 жил ажилласан төрийн албан хаагч юм. 2015 онд тус албаны ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн Өмч, харилцааны газрын ажилчдын 90 айлын орон сууцыг бариулах болсноор Чингэлтэй дүүргийн газрын албанд 5 айлын орон сууцны квот хуваарилагдсан бөгөөд уг шалгаруулалтад газрын албанд үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай, 5-аас дээш жил ажилласан албан хаагчдыг хамруулж, шалгаруулалтыг ил тод, нээлттэй явуулсан. Нэхэмжлэгч нь тус шаардлагыг хангасан тул Чингэлтэй дүүргийн 1 квот авч, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдах орон сууцны барилгаас 703 дугаар байрны 12Б буюу 1202 тоотыг хөнгөлөлттэй үнээр захиалан бариулах эрх олж авсан. Өөрөөр хэлбэл, байгууллагын нийт ажилтнуудын дунд ил тод, нээлттэйгээр зарласан шалгаруулалтад орж, тавьсан шаардлагыг хангаж, энэхүү орон сууцыг захиалах эрхийг нэхэмжлэгч нь шударгаар олж авсан болно.

Нийслэлийн Өмч, газрын харилцааны газар өөрийн ажилчдын орон сууцыг бариулахаар И ХХК -тай тохиролцож, энэхүү орон сууцыг бариулах, түүнд хяналт тавьж ашиглалтад оруулах, орон сууцны захиалга авах зэрэг орон сууцтай холбоотой зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор Нийслэлийн өмч, газрын харилцааны газраас Б ТББ ыг үүсгэн байгуулж, тус газрыг төлөөлөх эрх олгосон. Үүний дагуу З.Алтанцэцэг нь Бидний байшин НҮТББ болон И ХХК -тай 2015 оны 11 сарын 23-ны өдөр орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил гудамж, Модун таун хотхоны 703 дугаар байрны 1202/12Б/ тоот 80.29 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нийт 110 398 750 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Уг гэрээний дагуу нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж, дансаар 9 838 640 төгрөг шилжүүлж, 2017, 2018, 2019 онд 69 840 000 төгрөгийн үнэтэй тоосгыг И ХХК -д худалдан нийлүүлж, нийт 79 678 640 төгрөгийн төлбөр төлсөн. Үлдэгдэл төлбөрийг И ХХК -тай байгуулсан орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний 2.3-т зааснаар бараа материал буюу тоосго нийлүүлж төлөхөөр харилцан тохиролцсон.

2019 оны 05 сард байр ашиглалтад орж, улсын комисс хүлээн авч, орон сууцны түлхүүрийн 1 хувийг захиалагч З.Алтанцэцэгт гардуулан өгсний дараагаар захиалсан орон сууцаа И ХХК -аас хүлээн авсан боловч тус орон сууцыг Бидний байшин НҮТББ нь Д.Гантуяа гэх хүнтэй давхар гэрээ байгуулсан байсан тул орон сууцны өмчлөгчөөр З.Алтанцэцэгийг бүртгэх боломжгүй гэж мэдэгдсэн.

Энэ талаар мэдмэгц Б ТББ д хандахад Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Төрийн бус байгууллагын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчиж, удирдах зөвлөлийн тогтоол гаргалгүйгээр нэхэмжлэгчийн захиалсан орон сууцыг өөр хүнд давхардуулан олгосон, З.Алтанцэцэгтэй хийсэн гэрээг хүчин төгөлдөр, орон сууц захиалах гэрээг байгуулахыг зөвшөөрсөн албан бичгийг Б ТББ аас И ХХК -д 2019 оны 07 сарын 30-ны өдөр хүргүүлсэн. Гэтэл Б ТББ аас 2019 оны 08 сарын 26-ны өдөр И ХХК -д байр захиалагчдын нэрсийг шинэчлэн явуулахдаа нэхэмжлэгчийн нэрийг биш, Д.Гантуяагийн нэрийг бичиж хүргүүлснээр И ХХК нэхэмжлэгчийг орон сууц авах эрхгүй гэсэн.

З.Алтанцэцэг нь И ХХК -тай байнга холбоотой байж, төлбөрийн нэхэмжлэх, мэдэгдэл хүлээн авсны дагуу орон сууцны төлбөрийг төлж байсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан бараа материал худалдах, худалдан авах гэрээний дагуу И ХХК -ийн захиалсан чанарын шаардлага хангасан, ямар нэг доголдолгүй тоосгыг тогтоосон хугацаанд нь нийлүүлсэн. Мөн И ХХК -тай байгуулсан орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний 2.3-т заасны дагуу 2019 ондоо багтааж үлдэгдэл төлбөрт тооцож тоосго нийлүүлснээр орон сууцны төлбөр бүрэн төлөгдөж дуусах ба И ХХК , З.Алтанцэцэг нарын хооронд ямар нэг төлбөр тооцооны асуудал байхгүй билээ.

Гагцхүү Б ТББ ын зүгээс зориуд санаатайгаар Д.Гантуяагийн нэрийг нэхэмжлэлд дурдсан орон сууцыг захиалсан мэтээр мэдэгдэж, Их модунХХК энэхүү хууль бус мэдэгдлийг үндэслэж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч нь тус орон сууцыг анхлан захиалж гэрээ байгуулж, гэрээний төлбөрөөс 80 орчим сая төгрөгийг төлсөн, шударгаар өмчлөх эрхтэй бөгөөд өдийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж ирсэн боловч өнөөдөр ийнхүү захиалсан орон сууцаа өмчилж чадахгүй, хоцорч үлдэхэд хүрээд байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.6, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д тус тус заасны дагуу И ХХК нь орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, И ХХК нь З.А нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж олгох үүрэгтэй гэж үзэж байна. Төлбөрөө бартераар төлсөн нь хууль зөрчсөн зүйл биш юм. Гэрээ хийсэн болон эзэмшилдээ авсан тухайд аль аль шаардлагыг нь З.Алтанцэцэг хангасан тул нэхэмжлэгчийн хувьд илүү давуу эрхтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч З.Алтанцэцэгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил гудамж, Модун таун хотхоны 703 дугаар байрны 1202 /12Б/ тоот хаягт байрлах 80.29 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалан бариулсан өмчлөгч мөн болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж З.Алтанцэцэгт олгохыг И ХХК -д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч И ХХК -ийн тал хариу тайлбартаа: И ХХК нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын ажилчдын байгуулсан Б ТББ ын захиалгаар 90 айлын орон сууцыг гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. Б ТББ ын гишүүн орон сууц захиалагч, өмчлөгчийг тус байгууллагын удирдах албан тушаалтнууд тодорхойлж албан тоот ирүүлсний дагуу гэрээг үйлдэн холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Иймд орон сууцны захиалагч, өмчлөгчийг Бидний байшин НҮТББ тодорхойлон шийдвэрлэдэг тул нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна.

2019 оны 07 сарын 30-ны өдөр Б ТББ аас З.Алтанцэцэгтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байх гэрээ байгуулна уу гэсэн утгатай албан бичиг ирүүлсний дагуу З.Алтанцэцэгтэй гэрээ байгуулсан. 2019 оны 08 сарын 26-ны өдөр тус төрийн байгууллагаас хавсралтад дурдсан нэр бүхий этгээдүүдтэй гэрээ байгуулах тухай хүсэлт ирүүлсэн. Үүнд З.А нэр байгаагүй. Гэтэл 2019 оны 07 сард Б ТББ ын захирал Д.Нямдаваа гэх хүнээс гарын үсэг зурж ирүүлсэн албан бичигт З.Алтанцэцэгтэй гэрээ байгуулахыг мэдэгдсэн байсан. Үүнтэй холбоотойгоор аль албан бичиг нь хүчинтэй вэ гэдэг асуудал яригдсан. Д.Гантуяатай байгуулсан гэрээг цуцалсан учир хүчин төгөлдөр бус гэж хэлсэн. Төлбөрийн хувьд З.Алтанцэцэг манайхтай тоосго нийлүүлэх гэрээ байгуулсан. Манай компанийн хувьд аль алинтай нь гэрээ байгуулсан учир шүүхийн шийдвэр ямар ч гарсан хүндэтгэнэ. Албан ёсоор гэрээ цуцалсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд гэрээ цуцлагдсан гэдэгт эргэлзэж байна. И ХХК -д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргадаг субъект биш, холбогдох бичиг баримт гаргаж өгдөг. Иймд З.А нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн үүргээс чөлөөлж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б ТББ ын тал хариу тайлбартаа: З.Алтанцэцэгтэй 2015 оны 11 сарын 23-ны өдөр 56 тоот орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулсан. З.Алтанцэцэг тухайн гэрээнд заасан нөхцөлүүдийг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр энэхүү гэрээг байгуулж гарын үсэг зурсан гэж үзэж байна. Тэрээр орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний 4.5-д заасны дагуу гурван удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч тухайн мэдэгдэлд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Тус гэрээний 4.5-д захиалга хүлээн авагч тал нь энэхүү гэрээний 2.1, 2.2, 2.3-т заагдсан төлбөрийн нэхэмжлэлийг захиалагч талд 3 удаа хүргүүлж биелүүлээгүй тохиолдолд дангаар болон гүйцэтгэгч талын ирүүлсэн хүсэлтийн дагуу гэрээг цуцлах эрх эдэлнэ гэж заасан. Мөн дээрх гэрээний 2.1-д захиалагч тал нь ажил эхлэхээс өмнөх урьдчилгаа төлбөр болох орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувь 28 380 000 төгрөгийн урьдчилгаа төлбөр, 2.4-т төлбөрийг Б ТББ ын Улаанбаатар хотын банк ХХК-ийн 2600081858 тоот дансанд тушаан төлбөрийн баримтын хуулбарыг хавсаргана. Төлбөрийг нэхэмжлэл хүлээн авснаас хойш хуанлийн 14 хоногийн дотор төлнө гэж тус тус заасан. З.Алтанцэцэг нь гэрээний 2.1-д заасныг зөрчиж урьдчилгаа төлбөрийн 30 хувийг хугацаандаа төлөөгүй тул гэрээнд зааснаар түүнтэй байгуулсан 56 тоот гэрээг цуцалж, түүний оронд Д.Гантуяатай гэрээг байгуулсан болно.

Б ТББ аас З.Алтанцэцэг болон урьдчилгаа 30 хувийн төлбөр төлөөгүй нийт захиалагч нарт 2016 оны 01 сарын 05-ны өдөр төлбөр алдангийг тооцох тухай 01 тоот мэдэгдэл, 2016 оны 01 сарын 15-ны өдөр гэрээний заалт хэрэгжүүлж ажиллах тухай, 2016 оны 01 сарын 24-ний өдөр төлбөр төлөх тухай мэдэгдэл, 2016 оны 02 сарын 16-ны өдөр 16/05 тоот ...2016 оны 03 сарын 01-ний өдрийн дотор төлбөр, алданги төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлахыг мэдэгдэж байна гэсэн утгатай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч тухайн заасан хугацаанд төлбөр төлөөгүй. З.Алтанцэцэг заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй учир 2016 оны 03 сарын 24-ний өдөр 16/06 тоот ...заасан хугацаанд төлбөр төлж барагдуулаагүй тохиолдолд эрх цуцлахаар байгууллагын удирдлагаас шийдвэрлэсэн болохыг мэдэгдье... гэх мэдэгдлийг дүүрэг, хэлтсийн нягтлан бодогч, дарга нарт хүргүүлж гарын үсэг зуруулан Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Санхүү аж ахуйн хэлтэст авчирч өгөхийг тухайн мэдэгдэлд дурдсан.

Б ТББ аас 2016 оны 05 сарын 10-ны өдөр 05/02 дугаар албан тоотоор Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарт хандан тус нөхөрлөлийн Удирдах зөвлөлийн 2016 оны 05 сарын 09-ний өдрийн хурлаар эхний 30 хувийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, удаа дараагийн мэдэгдлүүдийг хэрэгжүүлээгүй хавсралтад заасан нэр бүхий ажилтнуудын гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн тул эдгээр ажилтнуудын байрны хуваарилалтыг дахин хийж өгнө үү гэсэн хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд энэхүү хүсэлтийн хавсралтын 1-д З.А нэр орсон байна. З.Алтанцэцэг 2016 оны 04 сарын 29-ний өдөр Б ТББ д хандан ...ажил эхлэхээс өмнө урьдчилгаа төлбөр, орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувь 28 380 000 төгрөгийг 7 хоногийн дотор Улаанбаатар хотын банк ХХК дахь 2600081858 тоот дансанд төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлахад татгалзахгүй... гэх агуулгаар өргөдөл гаргасан. Ийнхүү заасан хугацаанд урьдчилгаа төлбөрөө төлж барагдуулаагүй тул түүнтэй байгуулсан 56 дугаартай гэрээг цуцалж, Д.Гантуяатай гэрээ байгуулсан. Бараа нийлүүлэх гэрээгээр төлбөр төлсөн гэх боловч бартераар төлнө гэсэн заалт байхгүй. 2019 оны 01 сард орон сууц ашиглалтад орсон. Гэтэл үүнээс хойш бараа нийлүүлэгдсээр байсан байна. Төлбөр Б ТББ ын дансанд байршаад дараа нь И ХХК -ийн дансанд шилжих ёстой. И ХХК -тай бараа, материал худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дагуу тоосго нийлүүлснийг төлбөр төлөгдсөн гэж үзэхгүй. Б ТББ ын гүйцэтгэх захирал Д.Нямдаваагаас явуулсан албан бичиг хүчин төгөлдөр бус юм. Нэхэмжлэгч нь түүнтэй байгуулсан гэрээ цуцлагдсаныг мэдэж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Гантуяагийн зүгээс хариу тайлбартаа: Д.Гантуяа нь газрын харилцааны салбарт 2005 оноос хойш тасралтгүй 13 жил ажилласан. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргад 2016 оны 02 сарын 15-ны өдөр өргөдөл өгсний үндсэн дээр тус газраас захиалгаар баригдаж байгаа байгууллагын албан хаагчдын 90 айлын орон сууцны квотод хамрагдах тухай Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 05 сарын 12-ны өдрийн 1/3134 дугаартай шийдвэр албан ёсоор гарсан. Гэрээ байгуулахад барилгын санхүүжилт зогсох гэж байгаа тул 30 хувийн төлбөр төлсөн ажилтнуудыг оруулна гээд урьдчилгаа 30 хувийг төлж байрны захиалгаа баталгаажуулсан. Ингээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж байгаа Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчдын 90 айлын орон сууцны 12 дугаар давхрын Б тоот /одоогийн 703 дугаар байрны 1202 тоот/ байрны захиалгын 2016 оны 05 сарын 16-ны өдрийн 89 дугаартай гэрээг Б ТББ тай байгуулан гэрээний 1.3, 2.1, 2.2-т заасны дагуу гэрээний үүргийг биелүүлж төлбөрийг бүрэн барагдуулсан.

Төрийн бус байгууллага болон гүйцэтгэгч компаниас үлдэгдэл төлбөр хийх тухай хүсэлт гарсан тул банкнаас зээл авч төлөх зорилгоор И ХХК -тай тооцоо нийлэн 2019 оны 05 сарын 02-ны өдрийн 06 дугаартай гэрээг байгуулсан. Барилгын ажил 100 хувь дуусаж барилга ашиглалтад ороход И ХХК руу Б ТББ ын гүйцэтгэх захирал Д.Нямдаваа нь захиалагчийн нэрсийг 2019 оны 06 сард И ХХК -д хүргүүлэхдээ Д.Гантуяагийн захиалсан байрыг маргаантай гэсэн. Гэтэл Д.Нямдаваа нь З.Алтанцэцэгтэй хуйвалдаж дахин 2019 оны 07 сарын 30-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр З.А нэрийг гэрээ байгуулахаар явуулсан нь эрх бүхий этгээд биш байсан тул Б ТББ ын эрх бүхий албан тушаалтнууд хуралдаж, тогтоол гарган 2019 оны 08 сарын 26-ны өдрийн 07 дугаартай албан бичгээр захиалагчдын нэрсийг эцэслэн шийдвэрлэж хүргүүлсэн. Ингээд И ХХК -тай дахин гэрээ байгуулж Төрийн банк ХХК, Хаан банк ХХК болоод Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст И ХХК -аас Д.Гантуяагийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг олгож болох тухай 2019 оны 08 сарын 28-ны өдрийн 308/19, 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 338/19 дугаартай албан бичгүүдийг хүргүүлж Хаан банк ХХК-аас ипотекийн зээлийн шийдвэр гаргуулсан. Гэтэл Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст зээлийн шийдвэр болон бусад холбогдох баримтыг журмын дагуу бүрдүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан боловч З.Алтанцэцэг тус орон сууцад урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж өмчлөх эрхийн гэрчилгээг гаргах боломжгүй болгосон.

Ингээд Д.Гантуяагийн зүгээс зохих журмын дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт гомдол гаргаснаар хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарч улсын бүртгэлийн гэрчилгээгээ авч Хаан банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулан 2019 оны 09 сарын 24-ний өдөр И ХХК -тай тооцоо нийлж дуусан захиалагчийн хүлээсэн үүргээ биелүүлж албан ёсоор орон сууцны түлхүүрээ хүлээн авсан.

Маргаан бүхий орон сууцыг захиалах гэрээ байгуулсан цагаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч, түлхүүр хүлээн авах хүртэл хугацаанд Д.Гантуяа ямар нэг хууль бус зүйл хийгээгүй. Гэтэл орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний захиалагчийн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ нь цуцлагдсан З.Алтанцэцэг хууль зүйн ямар ч нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банк ХХК-ийн зүгээс хариу тайлбартаа: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь хэсэгт зааснаар Д.Гантуяа нь 2016 оны 05 сарын 16-ны өдөр И ХХК , Б ТББ тай орон сууц захиалах, захиалан гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 2.1, 2.2 болон Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасны дагуу орон сууцны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд барагдуулж үүргээ биелүүлсэн тул маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болсон. Үүний дагуу улсын бүртгэлийн газар хүсэлт гарган орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, 2019 оны 09 сарын 20-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг авч хууль ёсны өмчлөгч болсон байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч Д.Гантуяаг Хаан банк ХХК нь орон сууцны өмчлөгч гэж үзсэн тул 2019 оны 09 сарын 23-ны өдөр ипотекийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 69 800 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 175 сарын хугацаатай олгож, гэрээний үүргийн гүйцэтгэлд дээрх орон сууцыг барьцаалсан болно. Зээлдэгч Д.Гантуяатай байгуулсан 2019 оны 09 сарын 23-ны өдрийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд зээлдүүлэгч барьцааны эрхийг хууль ёсоор олж авсан тул зээлийн гэрээний төлбөр төлөгдөж дуусах хүртэл маргаан бүхий орон сууц барьцаанаас чөлөөлөгдөхгүй. Хаан банк ХХК зээлдэгч зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдөх эсэхээс үл хамааран Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох маргаан бүхий орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй.

Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нарын маргааны улмаас хууль ёсоор барьцааны эрхийг олж авсан Хаан банк ХХК-ийн эрх ашиг зөрчигдөх ёсгүй тул анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх ашгийг харгалзаж үзэхийг хүсье гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч З.А хариуцагч И ХХК , Бидний байшин НҮТББ нарт холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил гудамж, Модун таун хотхоны 703 дугаар байрны 1202 /12Б/ тоот хаягт байрлах 80.29 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг З.Алтанцэцэгт олгохыг И ХХК -д даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 780 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч Б ТББ ын хооронд байгуулагдсан 2015 оны 11 сарын 23-ны өдрийн 56 дугаартай гэрээг цуцалсан талаар тус төрийн бус байгууллагын тогтоол, шийдвэр, мэдэгдэл байхгүй байхад гэрээг цуцлагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх хэрэгт авагдсан Б ТББ ын 2016 оны 05 сарын 09-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл гэх баримтыг үндэслэж гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа бол уг мэдэгдэлд дурдсан цуцалсан тухай мэдэгдэл хүргүүлэх гэсэн шаардлага биелэгдээгүй байгааг анхаараагүй. Өөрөөр хэлбэл, З.Алтанцэцэгт Б ТББ аас гэрээг цуцлах талаар мэдэгдэж байгаагүй. Нөгөөтээгүүр, тухайн хурлын тэмдэглэлийг албан ёсны шийдвэр гэж үзэхгүй тул гэрээ цуцалсан тухай тус төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн эсхүл гүйцэтгэх захирлын ямар нэгэн тушаал шийдвэр байхгүй байхад шүүх гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Иймд шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх 2019 оны 08 сарын 26-ны өдрийн 07 дугаар албан бичгээр ...З.Алтанцэцэгтэй байгуулсан орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг цуцлагдаж байгааг мэдэгдсэн... гэж дүгнэсэн нь гэрээг 2016 оны 05 сарын 29-ний өдөр эсхүл 2019 оны 08 сарын 26-ны өдрийн алинд нь цуцлагдсан гэж үзэж байгаа нь тун ойлгомжгүй байна. Мөн хариуцагч төрийн бус байгууллагын зүгээс 2019 оны 08 сарын 26-ны өдрийн 02 дугаар үүсгэн байгуулагчдын хурлын тогтоолыг нэхэмжлэгчид огт гардуулж мэдэгдэж байгаагүй бөгөөд уг тогтоолын 2-т заасан З.Алтанцэцэгт буцаан олгоно гэсэн 9 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл олгоогүй байна. Уг тогтоолыг 2020 оны 02 сард иргэний хэрэг үүссэний дараа шүүхэд гаргаж өгсөн нь зориуд нөхөж үйлдсэн зохиомол баримт бичиг гэж үзэж байна. Түүнчлэн, нотолгооны ач холбогдолгүй олон нийтийн сүлжээний группт байрлуулсан постыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг зөрчсөн. Уг үзлэгээр нэхэмжлэгчийн гэрээг цуцалсан гэх үйл баримтыг тогтоох боломжгүй болно. Б ТББ аас бэлтгэсэн 2016 оны 04 сарын 29-ний өдрийн өргөдөл гэх баримт нь гэрээ цуцалсан мэдэгдэл огт биш бөгөөд нэхэмжлэгч төлбөрөө төлөөгүй бол ямар хугацааны дараа гэрээг цуцлах талаар уг өргөдөлд тодорхой заагаагүй. Нэхэмжлэгч нь захиалагчийн хувьд гэрээний урьдчилгаа төлбөр 28 380 000 төгрөгөөс 2015 оны 03 сарын 13-ны өдөр 838 640 төгрөг, 2016 оны 05 сарын 13-ны өдөр 9 000 000 төгрөгийг Б ТББ д, 2017, 2018, 2019 онд 69 840 000 төгрөгийн үнэтэй тоосгыг И ХХК -д худалдан нийлүүлж, орон сууцны үнээс нийт 79 678 640 төгрөг буюу нийт төлбөрийн 83 хувийг төлсөн байхад гэрээг цуцлах үндэслэлгүй бөгөөд гэрээ цуцалсан гэх үйл баримт нотлогдохгүй байна. Мөн И ХХК нь нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2019 оны 09 сарын 23-ны өдөр гэрээг цуцалсан гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гэрээнд заасан чухам ямар үндэслэлээр цуцалж байгаа нь ойлгомжгүй байна. И ХХК нь хамгийн сүүлд 2019 оны 08 сарын 30-ны өдөр нэхэмжлэгчээс тоосго хүлээж авсан атлаа мөн өдрийн огноотой гэрээ цуцлах мэдэгдлийг 2019 оны 09 сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид өгсөн байгаа нь орон сууцны төлбөрт тооцож тоосго хүлээн авсан өдрөө гэрээг нь шууд цуцалсан мэт байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн байгааг шүүх огт анхаараагүй.

Хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг үнэлээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд, Б ТББ ын удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд нягтлан бодогч Н.Уранчимэг нь 2019 оны 06 сард нэхэмжлэгчтэй уулзаж 64 дугаартай төлбөр төлөлтийн тооцоо нийлсэн акт /хх12 / үйлдсэн байдаг ба уг актаар З.А төлсөн дүн 9 838 640 төгрөг, дутуу төлөлт 39 577 750 төгрөг байгааг баталгаажуулж, гарын үсэг зурж тамга тэмдэг дарсан. Энэхүү тооцоо нийлсэн актаас үзэхэд 2019 оны 06 сард Бидний байшин НҮТББ нь нэхэмжлэгчийн гэрээг цуцалсан биш харин ч бүр гэрээний төлбөр тооцоог нийлж үлдэгдлийг баталгаажуулсан байхад анхан шатны шүүх уг баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь огт үнэлээгүй байна.

И ХХК -тай байгуулсан Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ, энэхүү гэрээний төлбөрийг нэхэмжлэгчээс төлсөн болохыг нотолсон 2017, 2018, 2019 оны Бараа, материал худалдах, худалдан авах гэрээ-нүүд, гэрээнүүдийн дагуу тоосго нийлүүлсэн актуудыг шүүх үнэн зөв үнэлж дүгнээгүй алдаа гаргасан. "Б ТББ тай байгуулсан Орон сууц захиалах гэрээ цуцлагдсан бөгөөд үүнийг нэхэмжлэгч болон И ХХК тус тус мэдэж байсан бол орон сууцны үнээс төлбөртөө тооцож хасуулах нөхцөлтэйгөөр тоосго нийлүүлэхгүй байх байсан. Хариуцагч И ХХК нь нэхэмжлэгч З.Алтанцэцэгтэй түрүүлж Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулсан тухай болон гэрээний төлбөрт нийт 79 678 640 төгрөг хүлээн авсан тухайд огт маргадаггүй бөгөөд хүлээн зөвшөөрдөг. Мөн уг гэрээний 2.3-т заасны дагуу үлдэгдэл төлбөрт тооцож тоосго нийлүүлснээр орон сууцны төлбөрийг төлж дуусгахаар харилцан тохиролцсон байдаг тул И ХХК ба нэхэмжлэгчийн хооронд ямар нэг төлбөр тооцооны асуудал байхгүй билээ.

Харин шүүхийн Б ТББ аас З.Алтанцэцэгтэй байгуулсан гэрээг цуцлагдсан болохыг И ХХК -д мэдэгдээгүй учир З.Алтанцэцэгтэй орон сууцны төлбөрт тооцон тоосго худалдан авч байсанд И ХХК -ийг буруутгах үндэслэлгүй гэсэн дүгнэлт маш ойлгомжгүй байна. З.А захиалсан орон сууцны захиалгыг Д.Гантуяатай давхардуулан авч гэрээ байгуулсанд хариуцагч нарын хэн аль нь буруутай. Учир нь З.Алтанцэцэгтэй гэрээ байгуулсан атлаа Д.Гантуяатай дахин гэрээ байгуулсан учраас Бидний байшин НҮТББ нь Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ-ний 5.8, И ХХК нь Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ-ний 4.8-д заасныг тус тус зөрчсөн. Гэтэл нэхэмжлэгч буруутай мэтээр дүгнэлт хийсэн нь огт үндэслэлгүй. Их модун" ХХК-тай байгуулсан Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ-ний аль заалтыг хэрхэн яаж нэхэмжлэгч зөрчсөн талаар шүүх үндэслэл бүхий дүгнээгүй.

2020 оны 04 сарын 07-ны өдөр болон 2020 оны 04 сарын 29-ний өдөр болсон шүүх хуралдаанд хариуцагч И ХХК -ийн зүгээс ...Модун таун хотхоны барилгын ажлын явцад санхүүжилт шаардлагатай болсон тул Нийслэлийн өмч, газрын харилцааны албанаас байр захиалсан иргэдийн хурал дээр очиж мөнгөний боломжгүй бол барилгын материал нийлүүлж бартер хийж төлбөрөө төлөх боломжтой талаар мэдэгдсэн... гэж тайлбарладаг. Энэ ч үүднээс нэхэмжлэгч тухайн үед санхүүгийн хүндрэлтэй байсан тул өөрийн гэр бүлийн Налайхад байрладаг тоосгоны үйлдвэрээс И ХХК -д тоосго нийлүүлэх замаар орон сууцны төлбөрөөс төлж барагдуулж байсан. Шүүх дээрх тайлбарыг огт анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдсэн нь алдаатай байна.

И ХХК -аас 2019 оны 11 сарын 19-ний өдрийн дотор ашиглалтын зардлаа төлөхийг нэхэмжлэгчээс шаардсаных нь дагуу нэхэмжлэгч 2019 оны 12 сарын 06-ны өдөр орон сууцны ашиглалтын зардал төлсөн баримт /хх121/, ашиглалтын зардлын нэхэмжлэх /хх 120, 122, 124/ зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байхад шүүх эдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Эдгээр баримт нь хариуцагч И ХХК -ийн зүгээс орон сууцыг өмчлөх эзэмших эрх бүхий этгээд нь нэхэмжлэгч З.Алтанцэцэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн болохыг нотолдог. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч И ХХК -ийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс нэхэмжлэгчийн хариуцагч НҮТББ-тай байгуулсан гэрээг цуцалсан гэдгийг И ХХК нь 2019 оны 09 сарын 18-ны өдөр мэдсэн гэж тайлбарласан /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ нь зохигчид нэхэмжлэл гаргах хүртэл гэрээ нь цуцлагдаагүй болохыг нотолж байна. Иймд шүүх 2016 оны 05 сарын 09-ний өдөр эсхүл 2019 оны 08 сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн гэрээ цуулагдсан гэж хууль зүйн үндэслэлгүй, буруу дүгнэлт хийж байна

Нэхэмжлэгч нь хариуцагч нартай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг гуравдагч этгээдээс түрүүлж байгуулсан төдийгүй тус орон сууцыг 2019 оны 07 сард буюу мөн л гуравдагч этгээдээс түрүүлж эзэмшилдээ авсан тул орон сууцыг өмчлөх давуу эрхтэй гэж үзэж байна. З.А хувьд өөрийн захиалсан байрны төлбөрийн 83 хувийг төлсөн тул 2019 оны 05 сард барилга ашиглалтад орсны дараа захиалсан орон сууцныхаа түлхүүрийг И ХХК -аас хүлээн авч, улмаар хариуцагч нь орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байдаг. Нэхэмжлэгч өөрийн гэр бүлийн хамт орон сууцаа цэвэрлэж, тавилга эд хогшил, эд зүйлсээ оруулж, тохижуулсан. Орон сууцыг түлхүүрийн хамт нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн талаар хариуцагч маргадаггүй. Хэрэв шүүх З.Алтанцэцэг, И ХХК -ийн хооронд 2015 оны 11 сарын 23-ны өдөр гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байгаа бол тоосго нийлүүлж эхэлсэн 2017 онд уг гэрээ байгуулагдсан байх учиртай талаар огт дүгнээгүй. И ХХК -тай гэрээ байгуулсны дараа буюу 2019 оны 07 сард орон сууц хүлээн авч нүүж орсон үйл баримтыг ч мөн шүүх огт анхаарч үзээгүй. Харин гуравдагч этгээд Д.Гантуяа нь нэхэмжлэгчээс хойно буюу 2019 оны 08 сарын 27-ны өдөр И ХХК -тай гэрээ байгуулсан болох нь гуравдагч этгээдийн өөрийнх нь тайлбар болоод И ХХК -аас шүүхэд хандан ирүүлсэн 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 192/20 тоот албан бичгээр тус тус нотлогддог. Энэ тохиолдолд шүүх Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх ёстой байсан боловч хэрэглээгүй.

Гуравдагч этгээд хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц авах эрхгүй. 2015 онд газрын албаны ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн өмч, газрын харилцааны газрын ажилчдын 90 айлын орон сууцыг И ХХК -аар бариулах болсноор Чингэлтэй дүүргийн газрын албанд 5 айлын орон сууцны квот хуваарилагдсан бөгөөд уг тус шаардлага, шалгуурыг хангасан З.Алтанцэцэг Чингэлтэй дүүргийн 1 квотыг авч, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдах орон сууцны барилгаас 703 дугаар байрны 12Б буюу 1202 тоотыг хөнгөлөлттэй үнээр захиалан бариулах эрхийг олж авсан. Өөрөөр хэлбэл, байгууллагын нийт ажилтнуудын дунд ил тод, нээлттэйгээр зарласан шалгаруулалтад орж, тавьсан шалгуурыг хангаж, энэхүү орон сууцыг захиалах эрхийг нэхэмжлэгч нь шударгаар олж авсан. Харин гуравдагч этгээд Д.Гантуяа нь Чингэлтэй дүүргийн газрын албанд огт ажиллаж байгаагүй нь түүний ажлын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн ажилд томилсон бичилт, ажилд томилсон тушаал зэргээр нотлогддог. Иймээс Чингэлтэй дүүргийн газрын албаны ажилтанд очих ёстой орон сууцыг Чингэлтэй дүүрэгт огт ажиллаж байгаагүй, Нийслэлийн газрын албанд 10 сар ажилласан шалгуур хангаагүй хүнд олгохоор шүүх шийдвэрлэсэн нь газрын албанд 25 жил ажиллаж байгаа З.А эрхийг ноцтой зөрчиж байна. Гуравдагч этгээд Д.Гантуяа нь 2017 оны 08 сарын 10-ны өдрөөс эхлэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэх огт өөр төрийн байгууллагад ажиллаж байхад одоог хүртэл газрын албандаа тасралтгүй ажиллаж байгаа нэхэмжлэгч З.Алтанцэцэг өөрийн нийгмийн асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй орон сууцгүй, орох байргүй үлдэж хоцорч байна.

Шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн тухайд, нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хэн нэгэнд олгохоос урьдчилсан хамгаалалт хийлгэх зорилгоор 2019 оны 09 сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлт гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2019 оны 09 сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст маргаан бүхий орон сууцанд бүртгэл хийхгүй байх тухай хүсэлт бичгээр өгсөн. Шүүх 2019 оны 09 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд мөн өдөр гуравдагч этгээд гомдол гаргаж маргаан бүхий орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамж 2019 оны 09 сарын 23-ны өдөр гарсан. Гуравдагч этгээд нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлээгүй харин иргэний хэрэг үүссэний дараа хууль бусаар өмчлөгчөөр бүртгүүлсэн нөхцөл байдлыг шүүх анхаараагүй. Харин орон сууц битүүмжлэх захирамжаа хугацаа алдаж 10 хоногийн дараа гаргасан атлаа гуравдагч этгээдийг орон сууцны өмчлөгчөөр хууль ёсоор бүртгэгдсэн мэтээр дүгнэсэн нь гуравдагч этгээдийн талд орж хэргийг шийдвэрлэсэн гэх эргэлзээ төрүүлж байна.

Онцгойлбол, шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт гуравдагч этгээдийн тайлбарыг яг байгаа чигээр нь дэлгэрэнгүй бичиж оруулсан зөвхөн гуравдагч этгээд Д.Гантуяагийн тайлбарыг үндэслэж өөр ямар нэгэн үйл баримт, нотлох баримтыг харж үзэж шалгахгүйгээр хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэх үндэстэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч З.Алтанцэцэг нь хариуцагч И ХХК -д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион оргил /17012/, Их Монгол улс гудамж, 703-р байр, 1202 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг захиалан бариулсан өмчлөгч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан /1хх 1-3/ боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Б ТББ ыг татан оролцуулсан байна. /1хх 43-44/ Улмаар хариуцагч нарт холбогдуулан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг З.А нэр дээр олгохыг хариуцагч И ХХК -д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /1хх 47-48, 37, 61-62/

 

Хэрэгт нэхэмжлэгч З.А Б ТББ тай байгуулсан 2015 оны 11 сарын 23-ны өдрийн 56 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ, И ХХК -тай байгуулсан 2015 оны 11 сарын 23-ны өдрийн 56 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ тус тус авагдсан байх ба И ХХК -тай байгуулсан гэрээг хожим 2019 онд нөхөж байгуулсан болох нь тухайн гэрээний 2.1 дэх заалт, И ХХК болон З.Алтанцэцэг нарын тооцоо нийлсэн акт /1хх 7-9, 10-11, 19, 19-арын нүүр, 20, 20-арын нүүр/, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд З.Алтанцэцэг болон Бидний байшин НҮТББ нарын байгуулсан 2015 оны 11 сарын 23-ны өдрийн 56 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ ач холбогдолтой байна.

 

Дээрх гэрээгээр З.Алтанцэцэг нь Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй НӨХГ-ын ажилчдын 90 айлын орон сууцны барилгын 12 давхрын 75.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 250 000 тооцож, нийт 96 025 000 төгрөгөөр захиалан бариулах, үүнээс 30 хувь буюу 28 380 000 төгрөгийг ажил эхлэхээс өмнө, 20 хувийг барилгын каркас угсралт, дүүргэлтийн ажил дууссаны дараа, 50 хувийг барилга ашиглалтад орж, улсын комисс хүлээн авсны дараа тус тус төлөх, Бидний байшин НҮТББ нь 2017 оны 06 сарын 31-ний өдрийн дотор ашиглалтад оруулан, улсын комисст хүлээлгэн өгөх нөхцөлийг харилцан тохиролцжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаан бүхий эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа хэмээн зөв тодорхойлж, захиалагч З.Алтанцэцэг гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тухайд үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч З.Алтанцэцэг нь гэрээний 2.1-д зааснаар ажил эхлэхэд урьдчилгаа төлбөр 28 380 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн атлаа 2015 оны 03 сарын 13-ны өдөр 838 640 төгрөг, 2016 оны 05 сарын 13-ны өдөр 9 000 000 төгрөг, нийт 9 838 640 төгрөгийг Б ТББ д төлсөн байна. Нэхэмжлэгч З.Алтанцэцэгээс И ХХК -д 2017 оны 07 сараас 2019 оны 08 сарын хооронд нийлүүлсэн гэх 69 840 000 төгрөгийн тоосгыг гэрээнд заасан хуваарийн дагуу Б ТББ д төлсөн төлбөр гэж үзэх боломжгүй. /1хх 21, 19-арын нүүр, 20, 20-арын нүүр/

 

Хариуцагч Б ТББ ын зүгээс 2016 оны 01-03 сард гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэх, эс биелүүлбэл гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч З.Алтанцэцэгт удаа дараа хүргүүлсэн гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч З.Алтанцэцэг нь гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүлээн аваагүй гэж тайлбарладаг боловч энэхүү тайлбар нь түүний Б ТББ д 2016 оны 04 сарын 29-ний өдөр гаргасан өргөдлөөр няцаагдаж байна. Тодруулбал, уг өргөдөлд нийт үнийн дүнгийн 30 хувь болох 28 380 000 төгрөгийг 7 хоногийн дотор төлөх, энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлахад татгалзах зүйлгүй хэмээн дурдсан байх ба дээрх хугацаанд төлбөр төлөгдөөгүй нь тогтоогдсон тул гэрээг цуцлагдсан гэж үзнэ. /1хх 66/

 

Өөрөөр хэлбэл, Бидний байшин НҮТББ болон З.Алтанцэцэг нарын хооронд 2015 оны 11 сарын 23-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ 2016 оны 05 сарын 06-ны өдөр цуцлагдсан байх тул үүнээс хойших хугацаанд мэдэгдэл авсан, аваагүй гэх зохигчдын тайлбар ач холбогдолгүй юм.

 

Улмаар хариуцагч Бидний байшин НҮТББ, И ХХК -ийн зүгээс 2016 оны 05 сарын 16-ны өдөр гуравдагч этгээд Д.Гантуяатай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулж, өмчлөх эрхийг гэрчилгээг Д.Гантуяагийн нэр дээр гаргуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. /1хх 130-133, 134-139, 150/ Гуравдагч этгээд Д.Гантуяа нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргийг бүрэн биелүүлсэн буюу 49 443 550 төгрөгийг өөрийн эх үүсвэрээр /1хх 200/, 69 800 000 төгрөгийг Хаан банк ХХК-тай байгуулсан ипотекийн зээлийн гэрээний мөнгөн хөрөнгөөр /1хх 160-164, 165-166/ төлж барагдуулжээ.

 

Нэхэмжлэгч З.Алтанцэцэг нь маргаан бүхий орон сууцыг захиалан бариулах гэрээг 2015 оны 11 сарын 23-ны өдөр байгуулсан, мөн эзэмшилдээ 2019 оны 07 сарын 31-ний өдөр авсан учир Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй хэмээн тайлбарлаж байх боловч талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ бус харин ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, мөн хуулийн уг зохицуулалт нь цуцлагдсан гэрээнд хамаарахгүй тул энэ талаар түүний гаргасан тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч З.А хариуцагч И ХХК болон Б ТББ д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Анхан шатны шүүхийн хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан 2020 оны 02 сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүгч болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх боловч тус шүүхийн тамга дарагдаагүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж үзлээ. Учир нь, тухайн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан хуралдааны дараалал, явц, зохигчийн хүсэлт, тайлбар, уг хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжийн агуулга болон уг шүүх хуралдааны тэмдэглэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд нийцсэн эсэх талаар талууд гомдол гаргаагүй болно. /1хх 223/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 06 сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 780 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР