| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0680/Э |
| Дугаар | 734 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 734
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
хохирогч А.Батхүү,
шүүгдэгч Д.Н/өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б овогт Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0367 90803 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт Д.Н, 1972 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ЮНТН ХХК-д угсралтын инженер ажилтай, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 55а-20 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ЧП72010916 тоот регистрийн дугаартай,
Шүүгдэгч Д.Ннь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Дарь-Эхийн 3-6 тоот хашаанд А.Батхүүг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.Ншүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч А.Батхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би гэртээ байж байхад нохой руу юм шидээд байхаар нь боль гэтэл үүдний амбаарын цаана очоод огурцыны шилээр толгой руу цохисон. Зүүн гартаа 6 оёдол тавиулсан. Би 3 сая төгрөг нэхэмжилнэ. Сэтгэл санааны хохирол, Би бол гомдолтой байна” гэв.
Хохирогч А.Батхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр...би гутлаа өмсөөд гараад иртэл Н гэрийн үүдэнд сууж байсан. Би босгоод гар гэж хэлээд гарах гэтэл амбаарын хажууд байсан варианы шилийг аваад миний толгой руу цохьсон. “...Н үлдсэн варианы шилээр миний зүүн гар руу дахиад 2, 3 удаа цохьсон. Тэгсэн миний гарнаас цус гарсан...” гэх мэдүүлэг. /хх4-5/,
Гэрч С.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Батхүү гарч ирээд миний нохой руу чулуу шидлээ гэж хэлээд Н рүү уурласан. “...Н хүүхдүүдээ өмөөрч уурлаад Батхүү тэр хоёр зодолдсон. Би тэр үед голоор нь ороод салгах гэтэл Н газар варианы тагтай шил аваад миний дээгүүр давуулаад Батхүүг цохьсон...” гэх мэдүүлэг. /хх-7/,
Гэрч А.Отгонтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...маргалдаж байгаад маргаан ширүүсээд нэг нэгийн заамдаж авсан. Заамдаж байгаад нэгнийгээ цохиж эхэлсэн. Хоорондоо зодолдож байгаад Н газар байсан урбаник буюу тарианы шилээр Батхүү ахыг цохьсон. Хаашаа цохьсоныг хараагүй. Тэр үед миний ах Батхүүгийн гарнаас цус гараад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг. /хх-8/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5452 дугаартай дүгнэлт:
Хохирогч А.Батхүүгийн мэдүүлэг /хх4-5/, гэрч С.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх-7/, гэр А.Отгонтуяагийн мэдүүлэг /хх-8/, шинжээчийн №5452 дугаартай дүгнэлт /хх-11/, яллагдагч Д.Н гийн мэдүүлэг /хх28-29/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Их Дарь-Эхийн 3-6 тоот хашаанд А.Батхүүг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч А.Батхүү нь эмчилгээний зардалд 3 сая төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт нотлох баримт үгүй бөгөөд шүүх нотлох баримтгүйгээр гэм буруутай этгээдээс төлбөр гаргуулах боломжгүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Д.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Нг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
4. Хохирогч А.Батхүү нь эмчилгээнд зарцуулсан зардлын нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Н-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР