| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2231002340231 |
| Дугаар | 2025/ДШМ/16 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/16
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* /цахим/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа /цахим/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******
Шүүгдэгч Э.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх, Э.Ганбат, Т.Баасанжаргал, П.Баасанжав, Ч.Отгонжаргал нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүгч Э.Оюунтунгалаг, Р.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал, Э.Ганбат, М.Гансүх, Д.Алтангэрэл нар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******ийн давж заалдах гомдлоор Э.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0256/Э индекстэй, 4 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ***** оны **** дүгээр сарын ****-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ***** боловсролтой, нийгмийн ажилтан, социологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***** хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, ****баг, ***** тоотод оршин сууж байсан одоо Улаанбаатар хот, **** дүүрэг, **** хороо, **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын *******, (РД:********)
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Э. үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч овогт *******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан "Хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.ын урьд цагдан хоригдсон 04 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож,
Шүүгдэгчид урьд авсан Монгол улсын хилээр гарах болон барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цуцалж, барьцааны 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг буцаан олгохыг Шүүхийн тамгын газарт даалган,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүхэд нотлох баримтаар нэхэмжилсэн зардалгүй тул цаашид гэм хор, хохирлын зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Энэхүү гэмт хэргийн улмаас хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтангэрэлийн гомдолд хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг флашийг хавтаст хэргийн хугацаа дуустал хадгалахыг дурьдан,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шүүгдэгчид энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 12 сарын 27-ны өдөр шийтгэх тогтоолд залруулга оруулсан бөгөөд 2025/ШТ/01 дугаартай шүүхийн тогтоолдоо:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Э.ын урьд цагдан хоригдсон 04 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй” гэж, Тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.ын урьд цагдан хоригдсон 04 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай” гэж бичигдсэн шүүгдэгчийг нэрийг Э.******* гэж зөвтгөн залруулж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж, ...энэхүү шийтгэх тогтоолд ердийн журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал давж заалдах гомдолдоо:
...Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Нэг. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:
Анхан шатны шүүхэд хэрэг шилжиж ирсний дараа шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх” хүсэлт гаргаж, улмаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгдсэн бөгөөд уг хэлэлцүүлгийн шатнаас хэргийг прокурорт буцаах шийдвэр гарсан билээ. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйл нь прокуророос хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа хийгдэж буй ажиллагаа бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой гэж үзвэл яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүхийн ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх боломжгүй эсхүл мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй гэж үзвэл хэргийг прокурорт буцаах г.м шийдвэрийн аль нэгийг гаргана. Энэ эрх хэмжээ бол хуулиар зөвхөн анхан шатны шүүхэд л олгогдсон. Анхан шатны шүүх нь хэргийг мөрдсөн байдал, цуглуулсан нотлох баримтын бүрдэлд нь хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг байгаа хэмжээнд нь шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн нь дараах учир шалтгаантай юм. Үүнд:
- Энэ хэрэг нь өмнө нь прокуророос нэг удаа шүүхэд шилжиж ирсэн ба шүүх хэргийг прокурорт буцаасан байдаг. Ингэхдээ шүүгчийн захирамжаар тодорхой ажиллагаануудыг хийхийг даалгасан байдаг ч хэрэг шүүхэд шилжиж ирэхэд уг заагдсан ажиллагаанууд хийгдээгүй, хийгдсэн ч ор нэр төдий, өөрөөр хэлбэл шүүгчийн захирамж хангагдаагүй биелээгүй юм. Анхан шатны шүүх өмнө гаргасан шүүгчийн захирамжийнхаа биелэлтийг шаардах, заавал биелэгдэх шинжийг хангуулах онцгой эрхтэй, шүүгчийн захирамж болон шүүхийн шийдвэр заавал биелэгдэх хуультай билээ.
- Мөрдөх ажиллагаа нь хууль зөрчсөн шинжтэй хэд хэдэн нөхцөл байдал байдаг. Тухайлбал хэрэгт дахин шинжилгээ хийгдэх, талийгаачийн үхлийн шалтгааны тодруулах зайлшгүй шаардлага байгаатай анхан шатны шүүх санал нийлж, улмаар дахин шинжилгээг хуулийн дагуу хийлгэхийг даалгасан байна. Гэтэл дахин шинжилгээг өмнөх шинжилгээ хийсэн шинжээчдийн адил тооны шинжээчид дүгнэлт гаргасан нь хууль зүйн хувьд үнэлэхэд учир дутагдалтай нөхцөлийг үүсгэсэн. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт өмнө нь 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан байдаг ба дахин шинжилгээг 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр гаргасан нь ийн маргах үндэслэл болж байгаа юм. Сүүлд гаргасан 3 шинжээчийг өмнөх 3 шинжээчээс тусгай мэдлэгийнх нь хувьд илүү гэдэгт юуг үндэслэж итгэх вэ гэсэн асуулт байгаа ба энэ нь хууль зүйн хувьд нотлох баримтыг үнэлж, шийдвэр гаргахад сөрөг үр дагавартай болж байгааг дурдах нь зүйтэй.
Давж заалдах шатны шүүх нь дээрх байдалд дүгнэлт хийхдээ анхан шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдаанаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахыг магадлалдаа дурдсан бөгөөд анхан шатны шүүх 2024 оны 12 сарын 10-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаараа хэлэлцэхдээ өмнө хийж байсан хууль зүйн дүгнэлтээ өөрчилж, хэргийг өмнө нь буцааж байсан шүүгчийн захирамжийн биелэлтийг шаардах, эсхүл давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэсэн 60 хоногоор хойшлуулах замаар хэргийн бүрдэл хангуулах арга хэмжээг хэрэглэхгүй эсрэг байр суурьнаас хандах болов гэдэг нь хуулийн маш том зөрчил гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүхийн байр суурь-хандлага нь холбиромтгой биш, нэг зүйл дээр нэг л байр сууриас хандсан, хандлага нь ойлгомжтой л байх нь хараат бус шударга шүүхийн зарчимд нийцнэ. Гэтэл энэ хэрэг дээр шүүх өөр өөр байр сууринаас хандаж, хэргийн талаар маш ойлгомжгүй байдлаар хандлага, хууль хэрэглээг үзүүлж байгаа нь хараат бус шүүхийн зарчимд шууд харшилсан үйлдэл гэж харахаар үйлдэл болсон. Түүнчлэн өмгөөлөгч миний бие нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн очих боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд энэ талаарх баримтаа шүүхэд албан ёсоор хүргүүлсэн. Шүүх хүнийг хуульд заасан хүрээнд нь өмгөөлүүлэх эрхээр нь хангах гэдэгт түүний олон өмгөөлөгчтэй байх гэж ойлгож, тэдгээрийн зарим нь шүүх хуралдаанд ирснээр нь эрх нь хангагдсан гэж ойлгох нь дэндүү учир дутагдалтай явдал мөн.
Хэрэг хянан шийдвэрлэхэд нэг шүүгч илтгэж, нэг шүүгч даргалдаг шиг өмгөөлөгчид бид үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хуулийн өмнө хамгаалж, мэтгэлцэхдээ тухайн хэргийн нөхцөл байдлаас хамаарч, хэргийнхээ үйл явц тус бүрд нь тусгайлсан журмаар ажилладаг онцлогтой. Энэ хэргийн хувьд ч гэсэн өмгөөлөгч миний бие нь үйлчлүүлэгчийнхээ холбогдсон гэмт хэргийн гол нотлох баримт болох “Шинжээчийн дүгнэлт” болон бусад нотлох баримтуудын уялдаа холбоо, цаг хугацааны байдалд голчлон ажиллаж байсан билээ. Өмгөөлөгчийн энэ ажлыг маань хэвийн явуулах нөхцөлөөр дор хаяхад нэг удаа шүүх хангасан байх ёстой. Гэтэл анхан шатны шүүх хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанаа хангалттай нотолсоор байтал хэрэгсэлгүй шүүх хуралдаанаа хийснээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, өмгөөлүүлэх эрхээр хангуулах нөхцөл байдлыг нь авч хэлэлцэлгүйгээр шүүх хуралдаанаа хийсэнд маш их гомдолтой байна. Энэ хэргийн шүүх хуралдаан олон удаа хойшилж, өмгөөлөгч миний бие удаа дараалан нэг шалтгаанаар хуралдаанд очихгүй байсан бол шүүхийн зөв, гэтэл шүүх хэтэрхий нэг талыг барьж, шүүхээр хувь заяагаа шийдвэрлүүлэх гэж буй нэг иргэнийхээ хуулиар олгогдсон эрхийг дэндүү бүдүүлгээр зөрчсөнд эгдүүцэж байгаагаа нуухгүй.
Хоёр: Анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан талаар:
Хэдийгээр миний бие анхан шатны шүүх хуралдаанд оролцож чадаагүй ч гэсэн хэрэгт авагдсан баримт сэлт, мэдээлэлтэй танилцаад хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны шатнаас эхлээд ажилласан өмгөөлөгчийн хувьд шийтгэх тогтоолтой танилцаад анхан шатны шүүхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, бүрэн гүйцэт шинжлэн судалж, бодитойгоор шийдвэрлэж чадаагүй байна үзэх дараах хууль зүйн дүгнэлтэд хүрч байна. Үүнд:
1. Талийгаач 2022 оны 06 сарын 05-ны өдөр нас барсан байдаг. Шүүх шийтгэх тогтоолдоо 2022 оны 05 сарын 26-ны өдөр 11 цагийн үед гэмт хэрэг гарсан гэж тогтоожээ. Энэ 2 цаг хугацааг хууль зүйн үүднээс тайлбарлах шаардлага зайлшгүй урган гарч байна. 05 сарын 26-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзвэл талийгаач тархиндаа гэмтэл авснаас хойш 28-ны өдрийг хүртэл буюу эмнэлэгт хэвтүүлтэл энгийн гэрийн орчинд байсан байна. 2022 оны 05 сарын 28-ны өдөр тархины мэс засал хийгдсэн байна. Одоо үүнд анхаарлаа хандуулахыг хүсье. Мэс заслын тэмдэглэлээс харахад тархины цус харвалт нь буюу цусан хураа нь зулайн ясны дор байх тархины хатуу хальсныхаа дор тархины эд дэх хялгасан судасны хагарлаас улбаатай байсан нь нотлогдож байгаа бөгөөд мэс заслаар хуйхыг нээж тах хэлбэрээр зүсч нээсэн, зулайн ясыг өрөмдлөгийн аргаар нээж тархинд хүрч мэс засал хийгдсэн нь хэнд тодорхой уншигдана. 05 сарын 28-ны өдрөөс 06 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд талийгаач амьд байсан гэж дүгнэж байна. Тэгвэл зүрх хэвийн ажиллаж байгаа тохиолдолд амьд организмаас цус гадагшилж л таарна. Шинжээч эмч С.Бүрэнжаргал бол 2022 оны 06 сарын 05-ны өдөр талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийж байгаа. Энэ хугацаанд мэс заслаар нээсэн хуйх, түүний доорх яс, зөөлөн эдэд цус хуралдсан байх нь гарцаагүй юм. Учир нь зүгээр эрүүл байсан хуйхыг мэс заслаар зүслэг хийж, ясыг нь өрөмдөж цоолсон гэдэгтэй маргахгүй байх. Үүнд нэгдсэн нэг дүгнэлт шаардлагатай байгаа нь талийгаач ердийн цус харвалт өвчнөөр үү, эсвэл гэмтлийн шалтгаанаар уу гэдэгт оршиж байгаа билээ. Тэгвэл тархины хатуу хальс доорх цусан хураа гэдэг бол энгийн цус харвалт өвчнөөр үүсч болно. Харин хуйхан доорх цусан хураа бол гадны хүчнээс хамааралтай. Энэ нь мэс засал ч байж болно, цохих, зодох үйлдлээс ч байж болно. Цохиж, зодсон үйлдэл гэж үзвэл мэс заслаар үсийг хусахад л гаднаа хөхөрч, улайсан шинжээрээ мөн хуйхыг зүсч нээхэд л хурсан цус нь гадагшилснаар мэс заслын тэмдэглэлд тусгагдана. Бид мэс заслын тэмдэглэлийг тодорхой уншсан, ийм ямар ч зүйл тусгагдаагүй байсан бөгөөд ГССҮТ-өөс ирж хагалгаа хийсэн эмч Д.Ган-Эрдэнэ ч үүнийг тодорхой нотолж байгаа. Энэ бүхнийг үзвэл хууль зүйн нэг дүгнэлтэд хүрч болох нь талийгаач цус харвалт өвчний улмаас нас барсан байх магадлалтай байна. Шинжээч эмч мэс заслын дараа задлан шинжилгээ хийсэн тул хуйхны цус хуралтыг мэс заслын улмаас үүссэн цусан хураа юу, гэмтлийн улмаас үүссэн цусан хураа юу гэдгийг ялгаж чадахгүй дүгнэлтээ хуйхан дахь цусан хураанд нь хөтлөгдөөд гадны гэмтлийн улмаас тархинд их хэмжээний цус хуралдсан гэж гаргасныг нь буруутгах бас аргагүй л юм.
2. Талийгаачийн тархинд цус харвах өвчний үйл явц нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нарийвчлан үзвэл 2022 оны 05 сарын 26-ны өдрөөс ч өмнө явагдсан байх магадлалтай байх дараах баримтуудад анхаарал хандуулахыг хүсье. Хэрэгт гэрч Г.ын мэдүүлэг авагдсан байгаа. Тэдний гэрт байхдаа талийгаач хашааны сүүдэрт нэг хэвтээд, малын сараанд орж нэг хэвтээд босгож ирээд нүүрийг нь угаалгахад ус балгаад угааж чадахгүй байсан, тэгэхээр нь түргэн дуудаж үзүүлсэн талаар тодорхой мэдүүлсэн. Одоо тэгвэл түргэний эмчийн бүртгэл хяналтын хуудсанд анхаарлаа хандуулахыг хүсье. 2022/05/24 гэсэн бүртгэл хяналтын хуудаст “Зовиур" хэсэгт “Татаад байна” гэж бичсэн байгаа бөгөөд хэрэглэсэн эм тариа гэсэн хэсэгт нифидипин гэх даралтны эм хэрэглэсэн гэсэн байна. Энэ юуг өгүүлж байна гэхээр юм ярьж, нүүр амаа угааж чадахгүй байхаар Г.т нэг бодол төрж, эмнэлэг дуудсан байж таарах гээд байна. Түргэний эмч ирээд зовиур шаналгаа нь юу гэж асуухаар шинж тэмдгийг нь хэлсэн нь таталж өгөөд байгаа гэж бичигдэж үлджээ. Энэ бүхний эцэст дүгнэвэл талийгаач гэмтлийн улмаас бус архины маш их хэмжээний хэрэглээ, амьдралын хэв маягаасаа улбаалж даралт, зүрх судас, элэг бөөр гээд маш их өвчний суурьтай хүн байжээ. Энэ суурь өвчнөөсөө болсон уу, өөр шалтгаанаараа уу тархинд цус харвалт өгсөн байх магадлал хамгийн өндөр хувьтай байна гэж үзэх нөхцөл байдал үүссэн болохыг өмгөөлөгч миний бие дээр дурдсан. Гаднаас гэмтсэн бол гадна арьс, хуйх гээд бүх л гадаргуу дээр жаахан ч гэсэн шалбархай үүсэх нь гарцаагүй, үүнтэй хэн ч маргахгүй байх. Гэтэл тархины цус харвалтад мэс засал хийгдэхэд энэ гэмтэл байгаагүй бөгөөд задлан хийхэд гадна цусан хураа үүссэн нь өмгөөлөгч миний дээр дурдсан хууль зүйн дүгнэлтүүдээр бүрэн тогтоогдож байна үзэж байна. Шинжээчийн дүгнэлт бол хууль зүйн тусгай мэдлэг шаардсан онцлог нотлох баримт болохынхоо хувьд бусад хэрэгт авагдсан баримтуудтайгаа уялдаж, нэг цаг хугацаанд болсон үйл явдлыг сэргээн тогтоох зорилготой байх ёстой юм. Энэ хэргийн хувьд энэ бүхэн арай өөрөөр сэргээгдэх учиртай бөгөөд хуульчид бид үүнийг нь бүрэн бодитой, бүх талаас нь уялдаа холбоог нь гаргаж, ялгаа оноог нь дэнсэлж шүүн тунгаах учиртай гэж дүгнэж байна. Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Та бүхнийг өмгөөлөгч миний бичсэн дээрх хууль зөрчсөн алдаа, буруу дүгнэсэн нотлох баримтын ялгаа заагийг нарийвчлан үзэж, хэргийг зөв шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдолдоо:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э. өмгөөлөгч Э.Ганбат миний бие энэхүү гомдлыг гаргаж байна.
1. Шүүх Э. 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн ах Э.*******ыг толгой цээжин тус газар нь цохиж зодсоны улмаас “гавал тархины битүү гэмтэл, тархинд цус харвалт, тархи няцралт” бүхий гэмтэл учруулж алсан гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй болно. Гэрч Ц.гийн мэдүүлэг нь үхлийн шалтгаан болсон тархины цус харвалтыг шууд нотлоогүй бөгөөд нарийн модоор цохисон гэх боловч биеийн хаана нь, хэрхэн яаж цохисныг гэрчилж нотлоогүй. Шүүх эмнэлгийн анхны задлан шинжилгээгээр толгойн хуйханд болон нүүрэнд нарийн гэх модоор цохисноос үүссэн гэх гэмтэл тогтоогдоогүй. Түүнчлэн гэрч Ц. нь “Талийгаач ирээд үйлдвэрийн блок тавьдаг модон /подон/ дээр хэвтүүлсэн. Тухайн үед архины хордлогод орсон юм шиг байсан” гэсэн нь Э.*******д зодуулсан гэх үйлдлээс өмнө хохирогчийн биеийн байдлын хямрал өөрчлөлтийг нотолсон байна. “Талийгаач гэрч орж ирээд ус ууя гэхээр нь ус хийж өгсөн. Гэтэл жаахан ууж байгаад хажуу талаараа хэвтээд өгсөн. Тэр үед ам нь татсан. Би хүн дуудсан бөгөөд Э.******* орж ирсэн ба чирээд авч гарсан” гэж гэрч Ц. мэдүүлсэн нь тархины цус харвалт үүсч эхэлсэн тул харвалтын нөгөө талын тал бие суларч хажуу тийш хэвтсэн, ам таталт өгч харвалт гүнзгийрсэн үед анх Э.******* очсон болохыг нотолж байхад шүүх “модоор цохиж байсан” гэх мэдүүлэгт үндэслэсэн нь хэт нэг талыг барьсныг нотолжээ. Тархинд цус харвах үеийн гол шинж тэмдэг нь дороо шээх, баах, ам муруйж татах, саа саажилт үүсч унах, хэвтэх, ухаан алдах, үг ярих чадваргүй болох шинжүүд бөгөөд энгийн иргэн ч үүнийг амьдрал практикаас сонсож мэдсэн байдаг. Яг л ийм үе шаттай процесс болсныг гэрч нар нотолсон байхад Э.*******д үндэслэлгүй ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.
2. Сэлэнгэ аймгийн шинжээч Бүрэнжаргалын гаргасан 56 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1058 дугаартай дүгнэлт зөрүүтэй байхад шүүх үндэслэлээ үнэлж шийтгэх тогтоолд дурьдаагүй. Уг хэргийг бүх талаас нь бодитой, бүрэн гүйцэт шалгаагүй байх бөгөөд тархи мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэнг оролцуулсан /ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл/ бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулж тархинд цус харвасан үед ямар шинж тэмдэг үүсдэг эсэх? өмдөндөө бие засах ухаан алдах, саа саажилт үүссэн хугацааг тогтоолгох нь хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн тогтооход чухал ач холбогдолтой юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэнэ үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах гомдолдоо:
...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг баримтлан давж заалдах гомдол гаргаж байна. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулахгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан нотолбол зохих байдлыг зориуд нотлохгүй, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн заалтыг биелүүлээгүй атал Э. гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтуудаар Э.******* нь Э.*******ын амь насыг хохироосон гэх үндэслэл огт тогтоогдоогүй бөгөөд энэ талаар урьд гаргасан өмгөөлөгчийн хүсэлт, гомдолд дурьдсан асуудлыг нэг мөр шалгаж тогтоогоогүй.
Өөрөөр хэлбэл Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 56 тоот дүгнэлтээр талийгаачид гавал тархины битүү гэмтэл, тархины хатуу хальсан доорх их хэмжээний цус хуралт, цусан хураа, хуйхан доорх цус хуралт, тархи няцрал, дарагдлын ором, тархины бор, цагаан эдэд гүн цус харвалт, цээжин хэсэгт цус хуралт, бүсэлхийд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаач гавал тархины битүү гэмтэл, тархины цус харвалт, тархи няцрал, дарагдлын улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ" гэж дүгнэсэн. Харин гэрч Ц.гийн “...бөгс хэсэг рүү нь цохиод байх шиг байсан”, гэрч Э.ын “...гэрээс гаргаад үүдний тэнд хэвтүүлсэн байх үед ******* ирж гэрт шээлээ гэж бухимдаад жижиг мод бариад айлгах гэж чичихээр нь би боль гэж *******д хэлсэн. ...намайг очих үед баруун хөл нь шөрмөс нь татсан, зүүн гараараа толгойгоо дараад байсан", гэрч Б.гийн “...зодох үед хаашаа нь цохисныг тулж хараагүй” гэх мэдүүлгүүд нь Э.******* нь талийгаач Э.*******ыг алсан гэх буруутгалыг үгүйсгэж байна.
Гэрч Ц.ы “....тухайн үед цэнхэр маск зүүсэн байхаар нь та яагаад маск зүүсэн юм бэ гэсэн чинь даргын гудамжинд сууж байтал гэж залуу ирээд том Ариухай гэж хэн бэ гэж асууж байгаад намайг толгой түрүүгүй зодсон гэж хэлсэн”, гэрч Дийн “...2022 оны 06 дугаар сарын 20-ны өглөө дэлгүүрээ нээхээр 07.40 миутанд очиход ам нь цус болоод хатсан байсан бөгөөд чи наад нүүрээ арчаач гэхэд өчигдөр гэж хүүхэд намайг өшиглөсөн, миний шүд гэмтсэн юм шиг байна гэж хэлсэн”, гэрч Г.ы “... бид хоёр хайсан чинь малын сараанд хэвтэж байсан. Тэгэхээр нь хашаанаас гаргаж ирээд нүүр гарыг нь угаалгах гэтэл аманд байгаа усаа цааш залгиад юм ярихгүй байхаар нь би эгчид ах дүүг нь дуудаж өг гэж хэлээд явсан”, гэрч Г.ын “...би *******ыг зогсоод байхаар нь сандал өгсөн бөгөөд сууж байхдаа талийгаачийг загнаад байсан. Гэтэл талийгаач аав руугаа би 4 дүүгийнхээ хамаг муу юмыг авч яваа гэх утгатай зүй хэлсэн чинь хуцаж байгаа муу хулгайч гэж хэлээд хана түшүүлсэн байсан хар хогны шүүрийг аваад ишээр нь орон дээр сууж байсан талийгаачийг яг толгой руу нь 2-3 удаа цохьсон. . . .тэгээд дух хэсэгт нь шалбарсан байсан учир би уурласан. Талийгаач яг тэрнээс хойш бие нь муудаж юм ярихаа больсон. Юм асуухаар бонго бонго гээд сонин юм хэлээд өөр юм хэлж чадахгүй байсан” гэх мэдүүлгүүдийг анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрч, тархины мэс заслын эмч Д.Ган-Эрдэнийн өгсөн “...талийгаачийн дух, зулай хэсгээс судас задарч байсан” гэх мэдүүлгээр А.*******ын үхлийн шалтгаан нь Э. үйлдэлтэй шалтгаант холбоогүй болохыг нотолсон.
Түүнчлэн талийгаачид хийсэн мэс заслын үр дүнг огт анхаарч үзээгүй. Учир нь талийгаачид хийсэн мэс засал амжилттай болсон бөгөөд тэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад мэс засал хийгдсэнээс хойш 8 хоногийн дараа нас барсан үйл баримтыг шүүх дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.
2.Талийгаач Э.*******ыг эмнэлгийн байгууллагад дуудлага өгч үзүүлэхэд анх очсон их эмч Э. нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасан хүний амь насанд аюултай өвчин эмгэгийг оношлох, эмчлэх, сэхээн амьдруулах, хүндрэхээс сэргийлэхэд чиглэсэн хойшлуулшгүй үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж, гэнэтийн цочмог өвчин эмгэг, осол, гэмтэл,... амь тэнссэн үед эмнэлгийн тусламжийг газар дээр нь болон тээвэрлэх явцад үзүүлж, эмнэлэгт хүргэх түргэн тусламжийн үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлээгүй гэж үзэхээр нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Б.гийн “...эмч ирж үзээд архины хордлогод орсон байна манайх авахгүй гэж хэлээд явсан. Эмч явсан хойно мөн таталт өгөөд байсан бөгөөд бүр болохгүй болоод хүчээр эмнэлэг авч явж талийгаачийг хэвтүүлсэн байсан. ...103-ын эмч нэг удаа ирсэн бөгөөд талийгаачийг авахгүй явсан”, гэрч Э.ын “...эмч ирж үзээд нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэж хэлээд явсан”, гэрч Ц.гийн “...ирж үзсэн эмч нь мэргэжлийн эмчид үзүүл гэж хэллээ гэж надад хэлсэн”, гэрч Г.ын “...нүүрийг нь угаалгах гээд гар дээр нь ус хийж өгсөн чинь угааж чадахгүй байсан бөгөөд ус балгаад угаалгах гэхээр усаа гаргаж чадахгүй байсан. Тэгээд хувцсыг нь солиод түргэн дуудаж үзүүлэхэд эмч ирж үзээд даралт нь их байна гэж хэлээд эм өгөөд явсан” гэх мэдүүлгүүдээр эмнэлгийн байгууллагад талийгаачийг 2 удаа үзүүлэхээр дуудахад дуудлагаар очсон эмч нь зохих эмчилгээ үйлчилгээг хууль, журамд заасны дагуу үзүүлсэн эсэх нь тодорхойгүй.
Талийгаачид эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн, үзүүлэх боломжтой байсан, түүний амь насыг аврах боломжтой байсан эсэх асуудлыг хуульд заасан журмын дагуу огт шалгаагүй.
Иймд эмнэлгийн тусламж зохих ёсоор үзүүлээгүй болон талийгаачийн үхэлтэй шалтгаан холбоогүй хүний үйлдлийг хамаатуулан гэм буруутайд тооцож ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э. цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Э.******* давж заалдах гомдолдоо:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт Э.******* миний биеийг гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Нэг. Анх 2022 оны 05 сарын 26 ны өглөө миний үеэл Б. миний төрсөн ах Э.*******руу залгаж “...талийгч ах Э.*******ыг ирж ав бие нь эвгүй болчлоо юм ярьж чадахаа больсон гэдэг залуу Э.******* ахыг аймаар зодсон” гэж юм ярьж чадахаа болихын өмнө талийгч ах Э.******* Б.т ярьсныг Э.******* ахад хэлсэн байдаг. Тэгээд Э.******* ах Э. ах руу залгаж Б.ийнхаас очиж Э.******* ахыг ав гэж ярьсны дараа миний ах Э. очиж авсан байдаг. Энэ үед нэг ч үг хэлээгүй бөгөөд Б.аас ах яасын бэ гэж асуухад юм хэлэлгүй Э.******* ахыг түшиж түлхээд яаран машинд суулгаж өгөөд хаалгыг нь хаасан байдаг үүнийг миний ах Э. гэрчилнэ. Ирээд огт юм яриагүй байдаг. Миний ах Э.******* дээрх үйл явдал үйл баримтын талаар би энэ хэргийн гэрч тул гэрчийн мэдүүлэг өгөхөөр мөрдөн байцаагч Сумъяад хэлсэн боловч мөрдөн байцаагч Сумъяа санаатайгаар миний төрсөн ах Э.*******аас гэрчийн мэдүүлэг аваагүй байдаг. Үүнийг миний төрсөн Э.*******, Э. нар гэрчилнэ. Тодруулбал Э.******* нь Б.ийн гэрээс Э.******* ахыг очиж ав, бие нь муу байна гэдгийг Э. ахад хэлж явуулсан тухайн үеийн бодит байдлыг сайн мэдэх гэрч юм.
Хоёр. Мөн гэрч Г. мэдүүлэхдээ өвөлжөөнд шорооотой хутгалдаад унасан байсан гар нүүрээ угаа гээд гар дээр нь ус хийж өгөхөд нүүрээ угааж чадахгүй байсан ус балгаж чадахгүй байсан юм ярьж чадахгүй *бонго бонго* гээд байсан гэсэн мэдүүлэг өгсөн. Г.ы эхнэр Тунгалаг дээрх үйл явдлыг хараад Э.******* ахыг үхэж магадгүй хэмээн айгаад дүү нарыг нь дуудаад өг гэсний дагуу үеэл Б. миний төрсөн ах Э.******* руу 2022 оны 05 сарын 26 ны өглөө ярьсан байдаг энэ цаг хугацааг Б.ын 99135334 дугаараас 99124302 дугаар луу залгасан дуудлагын жагсаалтыг авч харахад болох байх.
Гурав. Мөрдөн байцаагч Сумъяа нь Э.******* ахыг аймаар зодсон гэх ийг дагуулан Г.ыхаас гарч яваад үеэл Б.тай таарч ийг муу алуурчин хэмээн хашгираад мөрдөн байцаагч Сумъяатай муудалцсан байдаг. Энэ үйл явдал хэрэг мөрдөн байцаах үед болсон үүнийг Б. гэрчилнэ. Эндээс харахад Сумъяа хоёр ашиг сонирхол, ахан дүүсийн холбоотой байх боломжтой.
Дөрөв. ийн зодсоны дараа Э.******* ах Д.тай таарсан бөгөөд Ц.ыг хашаа засалцаадах гэхэд толгой өвдөөд байна дараа болоё гэж хэлсэн байдаг.
Тав. Миний биеийг төрсөн ахыгаа санаатайгаар зодож алсан гэдэг худлаа итгэл үнэмшлийг төрүүлэхээр миний эсрэг мэдүүлэг өгсөн гэрчүүдээс авсан мэдүүлэг нь намайг ахыгаа алсан алуурчин мэт харагдуулах хүн чанаргүй хүнлэг бус ойлголт өгөхөөр хэт их найруулгатай байх бөгөөд мэдүүлэгт дурдагдсан цаг хугацаанууд нь худал байдаг юм.
Зургаа. Э.******* ахыг зодсоныг харсан гэрчүүд олон байх боловч мөрдөн байцаагч Сумъяа нь тэдгээрийг олж тогтоогоогүй, мэдүүлэг аваагүй байдаг. Үүнийг гэрчлэх гэрчүүд байгаа.
Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн та бүхнийг хавтаст хэрэгт санаатайгаар тусгаагүй нуун дарагдуулсан үйл баримтууд, гэрчүүд, гэрчүүдийн мэдүүлгүүдэд дутуу тусгагдсан зүйлүүд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг санаатайгаар буруу тогтоосон гэх зэрэг олон олон чухал баримт нотолгоонууд орхигдсон байгааг үнэн зөвөөр харж энэ хэргийг мөрдөн байцаалтад буцааж хэргийн бодитой шалгуулах эсвэл Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 10 ны өдрийн 2024/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтангэрэл давж заалдах гомдолдоо:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
Нэг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд.
1.1 Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тухайд. Анхан шатны шүүх шүүгдэгч “амь хохирогчийн толгой, цээжин тус газар нь цохиж зодон үхэлд хүргэсэн” гэм буруутай гэсэн дүгнэлтийг хийсэн. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судалж үзвэл шүүгдэгч ******* нь амь хохирогчийн толгой тус газарт цохисон болохыг нотолсон нэг ч баримт авагдаагүй. Харин цээж мөр өгзөг хэсэгт нь нарийн модоор хатгасан цохисон байж болзошгүй үйл баримт тогтоогдсон байтал нэг ч нотлох баримтгүйгээр толгойнд нь цохьсон мэтээр хийсвэр байдлаар дүгнэж буйг илтэд үндэслэлгүй шийдвэр гэж харж байна. Мөн түүнчлэн талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийх явцад толгойн ил харагдах хэсэгт ямар ч шинэ шарх сорви үүсээгүй байсан болох нь тогтоогдсон байтал толгой тус хэсэгт нь цохисон гэх хийсвэр дүгнэлтийг хийснийг илтэд хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийн бодит нийцээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна.
1.2 Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шуух анхаарч үзэлгүй орхигдуулсан тухайд. Хэрэв амь хохирогч нь шүүгдэгч *******д толгой тус газартаа цохиулсны улмаас тархиндаа гэмтэл авсан гэж үзэж байгаа бол мөн түүнчлэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын дүгнэлтүүд тэр дундаа 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1058 дугаартай “..гавал тархины битүү гэмтлийн үед тархи дарагдан төв мэдрэлийн тогтолцоо дарангуйлагдаж хэл яриа ээдрэх, улмаар ухаан балартах, ухамсарт үйлдэл хөдөлгөөн алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ...” гэх дүгнэлтүүд нь үндэслэлтэй гэж үзэж байгаа бол энэхүү дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц хамгийн чухал нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.
Энэ нь юу вэ гэхээр амь хохирогч нь шүүгдэгч *******тай уулзахаасаа өмнө буюу 2022 оны 05 дугаар сарын 25, 26-ны өдрийн үед гэрч ын гэрт байх үедээ/ хэл яриа ээдэрсэн юм ярьж чадахаа больсон, ус балгаад нүүр гараа угааж чадахгүй болсон, биеийн байдал хэвийн бус байсны улмаас түргэн тусламж дуудсан зэрэг нөхцөл байдлууд хэргийн материалд цугларсан гэрч Г., , түргэн тусламжийн дуудлагын хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Мөн түүнчлэн шүүгдэгч ******* амь хохирогчид уурласан гэх шалтгаан нь архи ууж өмдөндөө бааж шээсэн гэх шалтгаантай байсан болох тогтоогдсон. Энэхүү үйл баримт нь гэрч , , ******* нарын мэдүүлгээс маш тодорхой харагд даг. Тэгвэл дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл шүүгдэгч ******* амь хохирогчтой уулзахаас өмнө амь хохирогчийн эрүүл мэнд эмнэлзүйн шинжээрээ хэвийн бус, ухамсарт үйлдэлд алдагдсан байсан болохыг илтгэдэг. Өөрөөр хэлбэл амь амь хохирогч шүүгдэгчтэй уулзахаасаа өмнө ярьж чадахаа больсон, өмдөндөө шээж баасан зэрэг шинж тэмдгүүд илэрсэн болох нь тодорхой харагдаж байгаа юм. Энэ шүүгдэгчид холбогдох хэргийг цагаатгах хамгийн том үндэслэл гэж өмгөөлөгч дүгнэж байна.
1.3 Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй тухайд. Шүүх эмнэлгийн шинжээч нарын гаргасан дүгнэлтүүд нь тэр дундаа Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын гаргасан 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 991 дугаартай дүгнэлтээр “талийгаач Э.*******т учирсан гавал тархины битүү гэмтэл, зүүн зулайн чамархайн тархины хатуу хальс доорх цус хуралт, духны зүүн дэлбэнгийн няцрал, хуйхны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үед үүснэ,‘’ гэх дүгнэлт үндэслэлтэй гэж нотлох баримтаар үнэлсэн. Нэг удаагийн цохих үед үүссэн гэх дүгнэлтийн үндэслэлээ шинжээч эмч нар нь хуйхны доор цус хуралт, тархи дарагдал зэргээр тогтоогдсон гэж нэг удаа, мөн амь хохирогчийн духны зүүн хэсэгт шарх үүссэн гэж зөрүүтэй тайлбарладаг.
Өмгөөлөгчийн зүгээс харж буйгаар энэхүү нэг удаагийн цохих үед үүссэн гэх дүгнэлт нь дараах байдлаар няцаагдаж байна гэж хардаг. Талийгаачийн хуйхны доор үүссэн цусан хураа нь мэс засал хийсний дараа үүссэн болох нь мэс заслын үеийн тэмдэглэлээс харагдана. Тодруулбал талийгаачийн хуйхыг тах хэлбэртэй зүсэж сөхөж үзэхэд хуйхны доор цус хуралт байгаагүй тул тэмдэглэлд тусгаагүй мөн энэ талаар гэрч Ган-Эрдэнэ эмч шүүх хуралдаанд мэдүүлсэн. Үүнээс үзвэл хуйхны доорх цусан хураа нь мэс заслын дараа үүссэн болохыг шууд илтгэх юм.
Хоёрдугаарт духанд үүссэн шарх гэж тайлбарладаг. Гэтэл хэргийн материалд авагдсан фото зурагнуудаас үзэхэд тэрхүү шарх буцаад эдгэсэн нилээн олон хоногийн өмнө авсан шарх гэдэг нь тодорхой харагдсаар байтал шинэ шарх мэтээр дүгнэж тайлбарлаж байгаа нь өмнө гаргасан шинжээчийн дүгнэлтээ шууд үгүйсгэж байгаа хэлбэр гэж харж байна. Иймд анхан шүүх нэг баримтыг авахдаа нөгөө баримтуудыг буюу гэрч Ган-Эрдэнийн мэдүүлэг, хагалгаа хийсэн тэмдэглэл зэргийг хэрхэн үгүйсгэж байгаа талаараа огт дурдаагүй нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нэг үндэслэл гэж харж байна.
Хоёр. Хуулийн зуйл, хэсэг. заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.3 дугаар зүйлд шүүгчийг татгалзан гаргах эрхийг хуульчилсан. Анхан шатны шүүх хуралдааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.3 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр өмгөөлөгч миний бие шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг гаргасан.
Уг хүсэлтийг гаргах болсон шалтгаан нь үндэслэл:
1.Шүүгдэгч ******* нь өөрийн сонгон авсан өмгөөлөгч болох Т.Баасанжаргалын хамт гэм буруугийн шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ гаргасан боловч энэхүү хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үндсэн эрхийг зөрчсөн.
2.Өмгөөлөгч миний бие шүүх хуралдаанд нэр бүхий гэрчүүдийг биечлэн оролцуулах тухай хүсэлтээ бичгээр гаргасныг хангаж шийдвэрлэсэн байдаг. Гэсэн атлаа гэнэтхэн шүүх хуралдаан товлогдсон өдөр энэхүү шийдвэрээ гэнэтхэн хүчингүй болгож гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулахаас татгалзаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй хэвээр үлдсэн.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хуралдаан явуулах дарааллыг тодорхой хуульчлан заасан гэтэл хуульчилсан журмуудыг ноцтойгоор зөрчиж эхэлсэн. Тодруулбал оролцогчдын шүүх хуралдаанд ямар байр суурьтай оролцох, хэргийн материалд авагдсан нотлох баримтыг шинжлэн судлуулах тухайг тодруулаагүй, ингэснээр шууд улсын яллагчийн уншуулан сонсгосон. Үүний дараа шүүгдэгчийн мэдүүлгийг сонсохоос өмнө шууд гэрчийн мэдүүлгийг авахаар хуралдааныг даргаж эхэлсэн. Үүний шалтгаан нь цахимаар оролцож буй гэрч Ган-Эрдэнэ нь хагалгаанд орно гэсэн учраас үүнээс өмнө хурдан мэдүүлгийг нь аваад хурлын танхимаас гаргана гэж тайлбарладаг.
Эдгээр хууль зөрчсөн шийдвэрүүд нь гэнэт гэнэт яагаад гарах болсон нь тодорхойгүй байсан тул шүүх бүрэлдэхүүн нь хэрэгт шууд болон шууд бусаар хувийн сонирхолтой байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзсэн.
Ингээд ЭХХШТХ-ийн 10.3 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр өмгөөлөгч миний бие шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлтээ гаргасан байдаг.
ЭХХШТХ-ийн 10.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх бүрэлдэхүүний олонхийг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж заасан.
Гэтэл дээрх хуулийн зохицуулалтыг зөрчиж шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай шүүх бүрэлдэхүүн өөрөө хянан хэлэлцээд хүсэлтийг гаргаагүйд тооцож хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Үндэслэлээ тайлбарлахдаа татгалзал гаргаагүйд тооцлоо, үүнийг улсын дээд шүүх тайлбарласан байна гэж танилцуулсан.
Гэтэл Улсын Дээд Шүүхийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны 04 дугаартай тогтоолын 5.2.3-т “Хуулийн 10.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг прокурор, оролцогч гаргаж болно”гэж заасантай уялдуулан энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах, эсхүл шүүгч өөрөө татгалзан гарах хүсэлт гаргах нь шүүх хуралдааныг хойшлуулж, уг хүсэлтийг мөн хуулийн 10.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэлэлцэж шийдвэрлэх үндэслэл болохгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1,10.2 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд “татгалзал гаргаагүйд тооцох”-оор гэж тайлбарлажээ.
Өмгөөлөгч миний бие ЭХХШТХ-ийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтээ гаргасан байтал хүсэлт гаргаагүйд тооцлоо гэж тайлбарлаж хэрэглэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд.
3.1 Шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан тухайд:
ЭХХШТХ-ийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнийг бүхэлд татгалзан гаргах хүсэлтээ өмгөөлөгчийн зүгээс гаргасныг ЭХХШТХ-ийн 10.4 дүгээр зүйлийн 5-д заасны дагуу уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлэх нь хуульд нийцэхээр байсан. Гэтэл хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлж, ЭХХШТХ-ийг зөрчиж шийдвэр гаргасан нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл бүрдсэн.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12-р сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баасанжаргалыг оролцуулахгүйгээр гэм буруугийн шүүх хуралдааныг хийж ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛЫН 11 дүгээр зүйлийн 1-т ‘Тэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдсан нээлттэй шүүх хурлаар гэм буруутайг нь хуулийн дагуу тогтоох хүртэл гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй” гэж, ИРГЭНИЙ БОЛОН УЛС ТӨРИЙН ЭРХИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ПАКТЫН 14 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт буруутгуулж буй хэн боловч гэм буруу нь хуулийн дагуу нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцогдох эрхтэй”, 3 ((1) —д “хэргийг нь шүүхээр хянан хэлэлцэхэд байлцах,...” гэж, Монгол улсын ҮНДСЭН ХУУЛИЙН 16 дугаар зүйлийн 14-т “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн, соёлт хүн төрөлхтөн нийтээр хүлээн зөвшөөрсөн, эрх зүйт төрийн иргэндээ баталгаатай эдлүүлдэг эрхийг нь шүүгдэгч Э.*******д эдлүүлээгүй, түүний сонгон авсан өмгөөлөгчийг шүүх хуралд оролцох боломжоор хангаагүй атлаа хуулийн тодорхой заалтуудыг маш ноцтойгоор зөрчиж түүнийг гэм буруутайд тооцож, хүнийг эрхийг бүдүүлгээр зөрчлөө.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12-р сарын 10-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр миний үйлчлүүлэгч Э.*******д холбогдох эрүүгийн хэргийг цагаатгаж өгнө үү гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.******* давж заалдах гомдолдоо:
...миний төрсөн дүүгийн хүүхэд Э.******* нас барсан асуудалд намайг хохирогчоор тогтоосон уг хэргийн улмаас мөн миний дүүгийн хүүхэд Э.******* хорих ял авсан байна. би мөрдөгчи наад хүний чинь үр хүүхэд ах дүү төрсөн эцэг нь байгаа гэж хэлж байсан боловч хохирогчгүй хэрэг гэж байхгүй та гарын үсэг зур гээд хэд хэдэн цаасан дээр гарын үсэг зуруулаад аваад явсан. ...Гэтэл намайг хохирогчоор тогтоож хэрэг шийдвэрлэсэн талаар дуулж мэдээд ихэд цочирдлоо.
...намайг хохирогч болгож хэрэг шийдвэрлэсэнг буруу гэж үзэж байна. ...одоо хүүхдийг нь алсан гомдолтой гэж мэдүүлэг огт өгөөгүй байхад намайг тийм мэдүүлэг өгсөн мэтээр бичиж төрсөн дүүгийнхээ хүүхдийг буруутгасан асуудалд оролцуулсан нь миний сэтгэлийг ихэд эмзэглүүлж байна. Хуулийн зүгээс огт хамааралгүй хүнийг хохирогч гэж хэргийг шийдвэрлэж байгааг буруу гэж үзэж байна. Иймд намайг хохирогч болгосон асуудлыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Өмгөөлөгч П.Баасанжав миний бие иргэн Э.*******тай Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж хэргийн материал, хэргийн оролцогч нарын давж заалдсан гомдолтой танилцаад ЭХХШТХ-ийн 38.3-р зүйлд заасны дагуу энэхүү тайлбарыг гаргаж байна.
Нэг. Хохирогч Г.*******ийн давж заалдсан гомдлын талаар;
Хохирогч Г.******* нь давж заалдсан гомдолдоо "... Намайг хохирогчоор тогтоосон нь буруу. Талийгчийн хоёр хүүхэд нь байдаг, мөн төрсөн эцэг, ах нь байгаа гэжээ”.
ЭХХШТХ-ийн 8.1-р зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” мөн хуулийн 8.2 дахь хэсгийн 2 дахь хэсэгт ‘‘...хохирогч нас барсан бол хохирогчийн эрхийг хууль ёсны төлөөлөгч эдлэнэ” гэж заажээ.
ЭХХШТХ-ийн 9.5-р зүйлийн 1.3-т “...Хохирогч нас барсан шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор хуульчилжээ.
Гэтэл Г.******* нь хохирогч Э.*******ыг төлөөлж, хохирогчоор тогтоогдсон нь үндэслэлгүй тодруулвал ЭХХШТХ-ийн 8.2-р зүйлд заасан хохирогчийг хууль ёсоор төлөөлөх эрх бүхий этгээд нь Г.******* биш байна. Үүний зэрэгцээ түүний гомдолд Г.******* нь хохирогчийн аав *******тай таарамжгүй харилцаатай талаар дурджээ. Гэр бүл, хувийн харилцааны асуудлаар таарамжгүй харилцаатай хүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа нь Э. эрх зүйн байдлыг дордуулсан, түүний эрх ашиг ноцтойгоор зөрчигдсөн байна. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчийн хувьд санал, гомдол, хохирол, иргэний нэхэмжлэл, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх асуудалд зайлшгүй нөлөөтэй юм.
Харин Н.*******г “...амь хохирогч Э.*******ын хүүхдүүд А.******* (14 настай), А.******* (12 настай) нарын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосугай” гэсэн мөрдөгчийн шийдвэр гарсан байна . (хэргийн 3-р хавтасны 103-р хуудас) Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Н.******* мэдүүлэхдээ (хэргийн 3-р хавтасны 105-р хуудас) “...хүүхдүүдийг том болоход нь сургалтын төлбөр гэх мэт зардлыг төлж чадахгүйд хүрсэн тул хадгаламж нээж дансанд нь байршуулж авах хүсэлтэй байна. Талийгч бусдын гарт амь алдсан гэдгийг мэдээд хуулийн дагуу гомдол гаргаж байна гэжээ.
Энэ мэдүүлгээр Н.******* нь гэм буруутай этгээдээс амь хохирогчийн хүүхдүүд А.*******, А.******* нарт учирсан гэм хор буюу хохирлыг нэхэмжилж, тэтгэмж тогтоолгох хүсэлтийг гаргасан байна. ЭХХШТХ-ийн 9.5-р зүйлд зааснаар Н.******* нь А.*******, А.******* нарын хууль ёсны төлөөлөгч бөгөөд тэднийг төлөөлж хохирол нэхэмжилсэн байхад энэ талаар мөрдөн байцаалтын ажиллагааг явуулаагүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирол нэхэмжилсэн талаар дүгнэлт хийгээгүй “...амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаар нэхэмжилсэн зардалгүй” гэж дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, амь хохирогчийн хүүхдүүдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдсөн байна.
Хоёр. Өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын талаар;
Өмгөөлөгч Т.Баасанжаргал, Э.Ганбат, М.Гансүх, Д.Алтангэрэл нарын давж заалдах гомдолтой танилцахад “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, амь хохирогч хэний цохьсон үйлдлээс учирсан гэмтлээс үхэлд хүргэсэн талаар мөрдөн байцаалтаар нотолж чадаагүй, тодорхой бус байгаа талаар гомдол гаргажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл дараах асуудлуудыг мөрдөн байцаалтаар шалгаагүй ЭХХШТХ-ийн 1.7-р зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа бүрэн явуулаагүй, мөн хуулийн 16.2-р зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй байна.
Хэргийн 1-р хавтасны 4-р хуудаст 2022.5.27-ны өдрийн 18 цаг 25 минутад “архи уусан татсан” гэж түргэн тусламж дуудсан тэмдэглэл, 1-р хавтасны 130-р хуудаст 2022.5.26-ны өдрийн 18 цаг 55 минутад “ дугаарын утаснаас гэх хүн *******ын *******ын гар хөл нь салганаад таталт өгөх гээд байна” гэсэн дуудлага өгсөн тэмдэглэл, хэргийн 1-р хавтасны 137-р хуудаст 2022.5.24-ний өдрийн 09 цаг 55 минутад “ дугаарын утаснаас гэх хүн *******ын *******ын гар хөл нь салганаад таталт өгөх гээд байна” гэсэн дуудлага өгсөн тэмдэглэл тус тус авагджээ. Энэхүү баримтаас үзвэл амь хохирогч нь 2022.5.24-ний өдрөөс эхлэн таталт өгч түргэн тусламж дуудсан нь тогтоогджээ. Тодруулвал Э.******* амь хохирогчийг 2022.5.26-ны өдөр гэртээ авч ирэхээс өмнө таталт өгч түргэн тусламж дуудаж байсан нь тогтоогдсон байна. Гэтэл түргэн тусламж дуудсан дугаарын утастай гэх хүнээс мэдүүлэг авч ямар шалтгаанаар түргэн тусламж дуудсан, биеийн байдал нь ямар байсан талаар мэдүүлэг аваагүй байна. Энэ нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой, Э.*******д зодуулсан гэх цаг хугацаанаас өмнө тархины гэмтэл авсан байж болох, нөхцөл байдлыг бүрэн шалгаж нотлоогүй.
Хэдийгээр шинжээчийн дүгнэлтэд Э.*******д зодуулсан гэх цаг хугацаанд гэмтэл авсан байж болно гэх боловч энэ нь ямар шинж тэмдгээр ийнхүү дүгнэлт хийсэн нь тодорхойгүй, гагцхүү шинжээч эмч Д.Ган-Эрдэнийн (Хэргийн 3-р хавтас 23-24-р хуудас) яг энэ цусан хураа үүссэн тохиолдолд 7-8 хоног амьд явах боломжтой юу гэсэн асуултад “боломжгүй" гэж хариулсан мэдүүлгээр уг гэмтлийг Э.******* учруулсан гэж дүгнэж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шинжээч томилж байгаа нь хэргийн бодит байдлыг тусгай мэдлэг, мэргэшлийн хүрээнд нарийвчлан тогтоох зорилготой ажиллагаа юм.
Гэтэл шинжээч эмчийн “...7-8 хоног амьд явах боломжтой юу гэсэн асуултад '‘боломжгүй" гэж хариулсан мэдүүлгээр" хэргийн бодит байдлыг нотолсон гэж үзэх үндэслэлгүй. Анагаахын шинжлэх ухааны онол, гэмтлийн шинж байдал, өвчтөний биеийн байдал, эд эсийн болон бусад шинжилгээний дүгнэлт, хариу зэрэг бүхий л нөхцөл байдалд үндэслэн үхлийн шалтгаан, үхэлд хүргэсэн гэмтлийн цаг хугацааг тогтоох ёстой. Дээрх нотлох баримт, дүгнэлтүүдээр хэргийн бодит байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие Э. *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэрэгт түүний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахаар өмгөөлөгчөөр оролцож, дараах тайлбарыг гаргаж байна. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.10-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.*******, өмгөөлөгч Т.Баасанжаргал, өмгөөлөгч Э.Ганбат, өмгөөлөгч Д.Алтангэрэл, өмгөөлөгч М.Гансүх нар “анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” тухай давж заалдах гомдол гаргасан байна. Өмгөөлөгч болон шүүгдэгч нарын гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлтэй байх тэдгээрийн гомдлыг бүрэн хэмжээнд дэмжин оролцохоос гадна, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр нэмэлт тайлбарыг шүүхэд хүргүүлж байна. Нэг: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болсон байна. Өмгөөлөгч М.Гансүх нь “хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаалгах”, өмгөөлөгч Д.Алтангэрэлээс “хэргийг шалгахдаа нотолбол зохих зүйлийг нотлоогүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн агуулгаар урьдчилан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.14-ний өдрийн 187 дугаартай шүүгчийн захирамжаар “шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг.явуулах”-аар шийдвэрлэсэн байна. Тус шүүхийн 2024.05.22-ны өдрийн урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар шүүгчийн 208 дугаартай захирамжаар “хэргийг прокурорт буцаах” захирамж гарсныг прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хэлэлцэж улмаар анхан шатны шүүхийн шүүгчийн 208 дугаартай захирамжийг “шүүх урьдчилан хэлэлцүүлэг явуулахдаа процессын алдаа гаргасан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болсон” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл захирамжид дурдагдсан хэргийн үйл баримтыг нэмж тодруулахтай холбоотой агуулгыг үгүйсгээгүй, зөвхөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хэргийн оролцогчид нотлох баримтыг үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзсэн байдаг. Тодруулбал давж заалдах шатны шүүхээс урьдчилан хэлэлцүүлэг явуулахдаа процессын алдаа гаргасан гэж дүгнэн анхан шатны шүүхийн шүүгчийн 208 дугаартай захирамжийг хүчингүй болгосон бөгөөд энэ нь хэргийн оролцогчдыг анхан шатны шүүхэд урьдчилан хэлэлцүүлэг дахин явуулж, санал хүсэлтээ гаргах эрхийг хязгаарлаагүй болно. Гэтэл анхан шатны шүүх дахин урьдчилан хэлэлцүүлгийг явуулахгүйгээр 2024.12.03-ны өдрийн 504 захирамжаар “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргаж 2024.12.10-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдааныг явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудал болон шүүгдэгч, тэдгээрийн гаргасан хүсэлтийг зөвхөн шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр заасан байна. Гэтэл шүүх ямар ч урьдчилан хэлэлцүүлэг явуулахгүйгээр 2024.12.03-ны өдрийн 504 захирамжаар “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай”, 2024.12.06-ны өдрийн 514 дугаартай захирамжаар “гэрч Б., Г., шинжээч эмч С.Бүрэнжаргал, гэрч Д.Ган-Эрдэнэ нарыг шүүх хуралдаанд оролцуулах шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасныг илтэд зөрчсөн байна.
Түүнчлэн анхан шатны шүүхийн 2024.12.10-ны өдрийн 29 дугаартай шүүхийн тогтоолоор тус шүүхийн шүүгчийн 2024.12.06-ны өдрийн 514 дугаартай захирамжаар гэрч Б., Г. нарыг шүүх хуралдаанд оролцуулах шүүгчийн захирамж хүчинтэй хэвээр байхад тухайн асуудлыг дахин хэлэлцэж гэрч Б., Г. нарыг шүүх хуралдаанд оролцуулахгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
-Мөн 2024.12.10-ны өдөр өмгөөлөгч М.Гансүх нь мөрдөн шалган ажиллагаа нэмж хийлгэх, шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргасан байхад тус шүүхийн 2024.12.10-ны өдрийн 29 дугаар тогтоолоор уг хүсэлтэд дурдагдсан агуулгыг хэрхэн шийдвэрлэсэн заалт тогтоох хэсэгт огт дурдагдаагүй байна.
-Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн гэм буруугийн шүүх хуралдаанаас өмнө хүсэлт гаргах эрхийг ноцтой зөрчсөн, яллагдагчийг шүүхэд шилжүүлснээс хойш гаргасан хүсэлтийг зөвхөн шүүх хуралдаанаар шийдвэрлэх ёстой байтал шүүгч дангаар буюу захирамжаар хүсэлт шийдвэрлэсэн, гэрч оролцуулах тухай захирамж хүчинтэй байсаар байхад шүүх хуралдаанд гэрч нарыг оролцуулах асуудлыг дахин авч тогтоолоор шийдвэрлэсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийг шийдвэр хүчингүй болох үндэслэлтэй байна.
Хоёр: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022.07.07-ны өдрийн 56, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2022.12.20-ны өдрийн 991, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.11.22-ны өдрийн 1058 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хууль зүйн үр дагавар, хуулийн дагуу гарсан эсэх, шинжээчийн дүгнэлт хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт болж байгаа эсэхийг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй байна.
Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022.07.07-ны өдрийн 56 дүгнэлтийг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. 1-р хавтаст хэргийн 176 дугаар талд Мөрдөгчийн 2022.06.05-ны өдрийн 56 дугаартай Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол хэн гэдэг шинжээчийг томилж байгаа заагаагүй. Уг тогтоолд шинжээч эмч С.Бүрэнжаргалыг томилсон тухай ямар ч шийдвэр тусгагдаагүй байхад С.Бүрэнжаргал нь шинжээчийн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.
Мөн 1-р хавтаст хэргийн 175 дугаар талд хэн гэдэг шинжээчид, ямар хууль сануулж, шинжээчид ямар эрүүгийн хууль сануулсан нь ойлгомжгүй бөгөөд, хууль сануулсан баримтыг цаас нааж тэмдэглэсэн байгаа нь хууль зөрчиж байна. Өөрөөр мөрдөгч шинжээч эмч С.Бүрэнжаргалыг шинжээчээр томилоогүй, эрх үүрэг тайлбарласан тэмдэглэл хуулийн шаардлага хангахгүй байгаа нь 56 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл болж байна.
Мөн шинжээч эмч С.Бүрэнжаргалын гаргасан дүгнэлт үндэслэлгүй байгаагийн зэрэгцээ талийгаачийн биед учирсан гэмтэл болгоныг дүгнээгүй, шинжээчид тавьсан асуултанд үнэн зөв бүрэн гүйцэт хариулаагүй, асуугаагүй асуултад сайн дураараа хариулт өгсөн, хавирганы хугарал, зүүн нүдний чамархайн хугарал, хамарны хугарал зэрэг гэмтлийг шинжээчийн дүгнэлтэд оруулаагүй байдаг.
1 -р хавтаст хэргийн 187 тал №4 зураг, хх-ийн 188 тал № 10 зураг, хх-ийн 189 тал № 16 зураг, хх-ийн 191 тал № 17 зурагнуудын тайлбарт засвар оруулсан, бичсэн тайлбарыг зориуд арилгасан, цээжний хөндийн задлан болон хэвлий хэсэгт байгаа хавирганы хугарал болон гэмтлийн зургийг оруулаагүй зэрэг нь тухайн шинжээчийн дүгнэлт хууль зөрчсөн, хууль заасан журмын дагуу гаргаагүй үндэслэлтэй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2022.12.20-ны өдрийн 991 болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.11.22-ны өдрийн 1058 дугаартай шинжээчийн дүгнэлт нь 56 дугаартай шинжээчийн дүгнэлт дээр суурилсан бөгөөд 1 -р хх-ийн 5 талд авагдсан 2022.05.27-ны өдрийн “толгойн тодосгогчгүй компьютер томиграфи шинжилгээ”-ний “зүүн талын нүдний ухархайн дотор хажуу хананы 1.5 см хэсэг, этмойд хөндийрүү 5 мм гүн цөмөрсөн”,... “Хамар ясны хугаралтай” зэрэг онош, 1-р хх-ийн 222 талд 2022.05.31-ний өдрийн “толгойн тодосгогчгүй компьютер томиграфи шинжилгээ”-ний “хамар ясны хугарал”-ыг шинжээчийн дүгнэлтэд тусгаагүй.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.11.22-ны өдрийн 1058 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нарийн мэргэжлийн эмчийг томилуулах хүсэлт гаргасаар байхад томилоогүй, хэргийн материалд авагдсан эмчлүүлэгчийн өвчний түүх, хагалгааны тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжилгээний хариу тэмдэглэл зэргийг бүрэн гүйцэт судлаж үзэхгүйгээр дүгнэлт гаргасан байгааг шүүх харгалзан үзээгүй байна. Тухайлбал 1-р хх-ийн 234 талд Гэмтлийн эмчийн үзлэг эмч Б.Баянбаатарын 2022.05.27-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл 23.08 мин “толгойн духны зүүн.талд жижиг шархтай, тав үүсч хатсан, биеийн бусад ил хэсгүүдээр олон тооны хөхрөлт няцралттай, толгойн СТ-зүүн дух чамархайн орчим хамарсан хатуу хальсан доорхи, цус хуралттай, зүүн чамархайн дотор хана цөморсон хугаралтай, хамар ясны хугаралтай”, “рентгенд-баруун талын 7-р хавирга хугаралтай”, 1-р хх-ийн 242 талын арын хэсэг “Мэс заслын өмнөх тэмдэглэл” хэсэгт авагдсан: КТГ (толгой) “зүүн чамархай орчим хамарсан хатуу хальсан доорхи цус хуралт, зүүн нүдний ухархай цөмөрсөн хугаралтай, хамар ясны хугаралтай” гэсэн эмчийн дүгнэлт нь шинжээчийн 56, 991, 1058 дугаарын дүгнэлтүүдийн алинд нь ч огт оруулаагүй байгаа нь эмчлүүлэгчийн үзлэгийн тэмдэглэл, хагалгаанаас өмнөх биеийн байдал, гэмтэл тус бүрт хийсэн үзлэг, рентген зураг зэргийг аль ч шинжээч нар үнэлэлт дүгнэлт хийгээгүй байхад шүүх уг дүгнэлтүүдийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гурав: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э. хууль ёсны эрх ашиг сонирхлыг илтэд зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1-т заасан хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг прокурорын саналгүйгээр авсан нь илт хууль бус үйлдэл юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 зугаар зүйлийн 1-т энэ хуулийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах хүсэлтийг шүүхэд гаргана. Мөн хуулийн 14.5 дугаар зүйлийн 1-т заасны дагуу хэрвээ шүүх бие даасан таслан сэргийлэх арга авах гэж байгаа бол энэ талаарх прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
Гэтэл хязгаарлалт тогтоох саналыг хэн ч гаргаагүй, улмаар 2-р хх-ийн 64-69 талд авагдсан 2022.11.04-ний өдрийн 302 дугаартай захирамжаар зөвхөн тус шүүхийн шүүгчийн 2022.11.01-ний өдрийн 38 дугаартай “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” захирамжийг хүчингүй болгох эсэх асуудлыг хэлэлцэх ёстой байтал шүүх өөрийн санаачилгаараа захирамжийн 4 дэх заалтаар “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
-Мөн 3-р хх-ийн 139 талд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ямар ч шүүчгийн шийдвэр захирамжгүйгээр яллагдагч Э. барьцаа хөрөнгө болгож 50.000.000 төгрөгийг 2024.05.02-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 100130005350 дугаартай дансад дахин байршуулж байгаа нь миний үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол, хүний эрхийг илтэд зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл нэгэнт барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагчид дахин 50.000.000 төгрөгийн барьцааг аливаа нэгэн шүүхийн шийдвэргүйгээр байршуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил юм.
Миний бие дээрх нэр бүхий өмгөөлөгчид, шүүгдэгч Э.******* нарын давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байгаа төдийгүй тайлбарт дурдсан үндэслэлээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.10-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг прокурорт буцаах саналтай байна. Хэрэв хэрэг прокурорт буцсан тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээнд өөрчлөлт анхаарч үзнэ үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг яаж зөрчсөн, нотлох баримтыг хэрхэн яаж бэхжүүлсэн, ямар нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон талаар өнөөдрийн хувьд хангалттай ярилцлаа. Ганцхан зүйлийг маш энгийнээр хэлье. Бид нар өнөөдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд ирэхдээ хохирогчоо тогтоогоогүй ирчихсэн байна. Хохирогчоо тогтоогоогүй, хэргийн оролцогчоо тогтоогоогүй, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг шийдэж ирээд энэ залуу 10 жилийн ял авчихсан. Давж заалдах шатны шүүх зөв үү, буруу юу, хуульч бид нарын хийсэн ажиллагаа хууль ёсонд нийцсэн үү гэдгийг өнөөдөржингөө хэлэлцлээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бодит үнэнд нийцсэн дүгнэлт болж чадаагүй учраас буцаах боломжтой эсэх асуудал дээр дүгнэлт хийнэ үү. Хэрэв гэмт хэрэгт холбогдолгүй, амь насыг хохироогоогүй нотлох баримтад нийцэж байна гэж үзвэл Э. цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлгүй болсон гэдэг нь нотлогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн талаар нотолбол зохих үүргээ биелүүлээгүй учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно. Нөгөө талаар оролцогчдын эрхийг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх оролцогчийн эрхийг хангах үүднээс процесс ажиллагаа явууллаа. Энэ нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нэг үндэслэл болно. Энэ үүднээс дан ганц шүүх дээр хийгдэх ажиллагаа биш учир хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй гэж үзэж байна. Хүчингүй болгохдоо Э. таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх бүрэн үндэслэлтэй байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд зааснаар Үндсэн хууль болон, бусад хуульд нийцэж байх ёстой. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн асуудлууд байна. Нөгөөтэйгөөр нотлох баримт дээрээ тодорхой хэлсэн. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа хэзээ вэ гэдэг асуудал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д заалтаар зайлшгүй тогтоож байж гэм бурууг тогтоох ёстой. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг аваад түүнийг хүчингүй болгоод барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцаалгаж өгнө үү гэсэн саналтай байгаагийн зэрэгцээ таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж нэгэнт хоёр ч удаагийн 50,000,000 төгрөгийг шүүхийн шийдвэрийн санд байршуулчихсан байгаа учраас таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлд заасны дагуу барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ болгож өөрчилж өгнө үү гэсэн шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 276 дугаар захирамж болон 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 208 дугаартай захирамжуудад уг хэрэг дээр заавал нэмэлт ажиллагаа хийлгэх ийм нөхцөл байдлыг анхан шатны шүүх олж тогтоосон. Анхан шатны шүүхийн аль ч захирамжийн биелэлт бүрэн гүйцэт хангагдаж ирээгүй байгаа учраас үүнтэй холбогдуулан шинжээч томилох зайлшгүй шаардлага байгааг магадлалд дурдаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Шүүгдэгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч нарынхаа саналыг дэмжиж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э. яриаг сонслоо. Хоёр хүүхэд нь миний асрамжинд байгаа. Аавыг нь нас барахад гудманд гаргаад хаясан. Түүнээс хойш миний асаргаанд байгаа. Өөрийнхөө чадлынхаа хэрээр өсгөөд явж байна. Хэргийн талаар сайн мэдэхгүй учир шүүх үнэнг тогтоож өгнө үү. Хоёр хүүхэд нь хичээлдээ яваад дажгүй байгаа. Би өөрийн нэг хүүхэд дээр нэмээд ам бүл 4-лээ амьдардаг. Гэм буруутай хүнийг олоод өгөөч. Хоёр хүүхэд нь тодорхой хэмжээнд сурч боловсроход тус дэм болж өгөх байх гэж бодож байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Давж заалдах шатны шүүх гэдэг нь анхан шатны шүүхийн хууль зөрчсөн, нийцсэн эсэхт бүрэн хяналт тавих чиг үүрэгтэй шүүх байдаг. Миний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил шууд байна гэж үзэж байна. Гэм буруугийн талаар дүгнэлт өгөх шаардлагагүй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл прокурор яагаад хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн эрхийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлгүй байгаа Г.*******ийг төлөөлөгчөөр томилсон талаар маш их гайхаж байна. Нөгөөтэйгөөр нийтийн албан тушаалтан прокурор яагаад уг хэрэгт ингэж хандаж, сөрөг үр дагавар яригдаад байгааг, шүүх хуралдааны процесс сонсоод гайхаж байна. Хохирогч гэдэг нь Эрүүгийн хуулийн 8.2-д заасан эрхийг хэрэгжүүлэх ёстой. Уг тогтоолыг прокурор хүчингүй болгосноор шүүх хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Тухайлбал хохирогчийн тайлбар мэдүүлэг, хохирогч шүүх хуралдаанд өөрийн хохирсон зүйлийн талаар баримт мэдээллээ гаргаж өгөх, тусгуулах, 8.2 дугаар зүйлийн 1-д заасан эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Эрхээ хязгаарлуулсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах байр суурьнаас хандаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг маань өнөөдөр хэт нэг талыг барьсан. Цагдаагийн мөрдөн байцаагч хүний амьдралаар тоглож, гэрчээс мэдүүлэг хөтөлж асуусан. Төрсөн ах маань нас барсан. Оршуулгын зардлыг гаргах нь бид нарын журамт үүрэг. Талийгаачийг өнгөрсний дараа хоёр охиныг нь асарч байгаа асран хамгаалагчтай нь очиж уулзаж байсан. Сургалтын төлбөр, хувцсыг нь бэлдэнэ. Өнчин өрөөсөн өссөн зовлонг нь мэддэг учраас татгалзах зүйл байхгүй. Үргэлж тусалж явна гэдгээ илэрхийлээд 500,000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Цаашид ч энэ хоёр хүүхдийн асуудал дээр тусалж дэмжиж явна. Уг хэрэг үнэхээр харамсалтай хэрэг. Өнөөдөр бид нарын гэр бүлд маш том зовлон болсон. Миний дүү хэзээ ч төрсөн ахыгаа санаатайгаар алахгүй. Анхан шатны шүүх рүү хэргийг буцааж эрхээ эдлэх боломжоор хангаж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Давж заалдах гомдолтой танилцлаа. Гомдолд тайлбар хэлэхэд нэгдүгээрт тухайн хэрэгт 3 хүн шалгагдсан. Гомдолдоо дурдаж өнөөдрийн шүүх хуралдаанд мөн яригдаж байна.
Эхний хүн бол гэх хүн байгаа. нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр амь хохирогчийн биед халдсан болох нь тогтоогддог. Анх мөрдөн шалгах ажиллагаа гэх хүн рүү чиглэж явж байсан. ...Шинжээчийн дүгнэлтээр ийн үйлдэл амь хохирогчид учирсан гэмтэлтэй хамааралгүй болох нь тогтоогдсон байдаг.
Хоёр дахь хүн нь амь хохирогчийн төрсөн аав буюу ******* гэж хүн байгаа. *******ыг амь хохирогчийн толгой тус газар нь цохисны улмаас буюу 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэж яригддаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан түргэн тусламжийн хуудсаар 05 дугаар сарын 24-ний өдөр гэх айлынд очсон байдаг. Ингээд аас дахин мэдүүлэг авахад 05 дугаар сарын 22-ны өдөр манайд ирсэн. 05 дугаар сарын 23-ны өдөр аав ******* нь цохисон. 05 дугаар сарын 24-ний өдөр түргэн тусламж дуудсан талаар мэдүүлдэг. Нотлох баримтаар ч тогтоогддог.
...05 дугаар сарын 26-ны өдөр Э. ажил буюу блокны үйлдвэрт ирсэн байдаг. Уг үйлдвэрт ирэхдээ архи үнэртүүлсэн байдалтай ирсэн. ... Э.******* уг хүний биед халдсан. Уг хүнийг зодож байсан. Амь хохирогч тодорхой хэмжээнд гараараа хааж байсан гэдэг. ...Ямар ч байсан Э.******* чирч гаргаад модоор цохисон гэдгийг гэрч нар хангалттай мэдүүлсэн. Уг баримтуудаар шүүх шинжилгээний байгууллагын 3 удаагийн дүгнэлт гарсан. 1-2 хоногийн хугацаанд үүссэн гэмтэл байна. Уг гэмтлийг авснаараа тодорхой үг хэлж чадахгүй, ийм нөхцөл байдал үүссэн гэдэг. Шинжээчийн дүгнэлт маань өөрөө тусгай мэдлэгийн хүрээнд 3 шинжээчийн дүгнэлт гарсан. Хоёр нь бүрэлдэхүүнтэй. Тийм учраас шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх шаардлага байхгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Мөн анх 05 дугаар сарын 27-ны өдөр эмнэлэг дээр очоод үзүүлсэн эмчийн тэмдэглэл, эмчилгээний хуудсаар хуйхан доорх цусан хураа гэдэг зүйл яригддаг. Үүний хүрээнд цааш цаашдаа гурван удаагийн шинжээчийн дүгнэлтүүд гараад явсан байдаг. ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал, Э.Ганбат, М.Гансүх, Д.Алтангэрэл нар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Э.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.******* нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багт байрлах блокон хашааны үйлдвэрийн хашаан дотор төрсөн ах Э.*******ыг “архи ууж, гэрт өмдөндөө шээлээ” гэх шалтгаанаар толгой, цээжин тус газар нь цохиж, зодсоны улмаас гавал тархины битүү гэмтэл, тархины цус харвалт, тархи няцралт бүхий гэмтэл учруулж хүнийг санаатай алсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3.Анхан шатны шүүх шүүгдэгч Э.*******д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос хянавал зохих байдлыг хянаж шийдвэрлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн нагац эгч *******ийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан байх бөгөөд тэрээр анхан шатны шүүхэд “хохирогчоор оролцохгүй талаараа мэдэгдсэн байхад түүний шүүх хуралдаанд ирээгүй гэж түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчөөс амь хохирогч Э.*******ын хүүхдүүд А.******* (14 настай), А.******* (12 настай) нарын хууль ёсны төлөөлөгч Н.*******г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, улмаар хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Н.*******гаас хохирогчоор мэдүүлэг авсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос хуульд заасан тодорхой үндэслэл заалгүйгээр мөрдөгчийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Н.*******г тогтоосон тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Ингэснээр тус хэрэгт хохирогчоор тогтоогдсон амь хохирогчийн нагац эгч Г.******* нь хохирогчоор оролцохгүй гэж татгалзсанаар тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа хохирогчгүйгээр хянан шийдвэрлэгджээ.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно: үүнд өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг, хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг, хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтооно гэж тодорхойлсон байхад дээрхи хуульд зааснаар хохирогчийг тогтоогоогүй, хохирогчийн хуульд заасан эрхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад эдлүүлээгүй, хүний эрхийг хаасан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдож байна.
Аливаа хүний эрхийг дээдэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцэх юм.
5.Давж заалдах шатны шүүх амь хохирогч Э.*******ын төрсөн дүү Э.*******ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, амь хохирогчийн төрсөн хүүхдүүд болох А.******* (14 настай), А.******* (12 настай) нарын хууль ёсны төлөөлөгч Н.*******г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосон Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүх хуралдааныг явуулсан ба эдгээр оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх үүргийг эдлүүлсний эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Э.*******д холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон тул шүүгдэгчийн болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Г.ДАВААРЕНЧИН