| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/04386/И |
| Дугаар | 191/ШШ2025/08563 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/08563
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** дугаар нээлттэй хорих ангид хүмүүжигч, ******* овогт ******* ******* /рд:*******/-т холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Х.******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2016 оноос 2022 он хүртэл Х.*******той хамтран амьдарсан. 2017 оны 01 сарын 26-ны өдөр гэдэг охинтой болсон. 2019 оны 10 сарын 24-ний өдөр гэдэг хүүтэй болсон. Би хариуцагчтай маргалдаад 2 жил хорих ял аваад 1 жилийн хугацаанд хоригдсон. 2022 онд хариуцагчийг цагдаад өгч шалгуулсан, 2023 оны 12-р сард Говьсүмбэр аймагт шүүх хурал болоод Х.******* хоригдож эхэлсэн. Үүнээс үүдэн салах болсон. Би одоо нөхөртэй болсон, миний хүүхүүдэд сайн хандаж, тэжээж байгаа. 2 хүүхэддээ эцэг *******оос тэтгэлгийг тогтоолгоно гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 2022 оны 12 сараас эхлээд хоригдсон. 2022 оны 12 сард намайг цагдаад өгсөн байсан. Гэр бүлийн хүчирхийлэл маягаар өөрийгөө хорих анги руу явах юм болов уу гэж бодоод санахгүй байна гээд байцаалт өгсөн. Би О.*******эс гайхаад асуусан. Тэгсэн гайгүй байх байцаагчтай ярьсан гэсэн. Би ийм юм болно гэж бодоогүй, надад тийм юм хэлээгүй. 23 сая төгрөгийн хохиролтой учир магадланд орж чадахгүй яс сууж байна. Одоо надад 3 жил үлдсэн. Би хэцүү байна, 2024 оны 02 сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүх хуралд оролцоход өөрөө ирээгүй, надад хүлээхээс өөр ямар ч арга байгаагүй. Би 2024 онд О.*******тэй ярьсан чинь өөр хүнтэй болчихсон гэсэн. Хүүхдүүдийн эрх зүйн байдал дордож байгаа ч ю уу үгүй ч юм уу би мэдэхгүй байна. Манай найз хөндлөнгийн хүн над руу зургийг нь дараад явуулсан байсан. Хүйтэнд аргал үүрээд явж байсан. 8 болон 6 настай 2 хүүхэд байгаа. Би өндөр настай ээжтэй хүн. Би шоронд хэцүү байна. 2 хүүхэд миний хүүхэд тул би тэтгэлэг төлнө... гэв.
Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: хавтаст хэргийн 2-10-р тал.
Хариуцагч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: байхгүй.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 сарын 16-ны өдрийн ЕГ0325/4893 дугаартай шинжээчийн дүгнэлт 4 хуудас.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч О.******* хариуцагч Х.*******т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаж байна.
4. Хариуцагч Х.*******, нэхэмжлэгч О.******* нар 2016 онд танилцан гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч байсан байх ба тэдний дундаас 2017 оны 01 сарын 26-нд охин *******ийн , 2019 оны 10 сарын 24-нд хүү *******ийн нар төрсөн болох нь Г., Г. нарын төрсний гэрчилгээний хуулбар, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 сарын 16-ны өдрийн ЕГ0325/4893 дугаартай шинжээчийн дүгнэлт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
4.1. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг бөгөөд хүүхдүүдийг эх нь өсгөж байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
4.2. Нэхэмжлэгч нь хариуцагчтай цаашид хамт амьдрахгүй гэж тайлбарлаж байх ба хариуцагч хорих ангид хоригдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг Х.*******оос хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д Тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
5.1. Үндэсний статистикийн хорооны даргын 2025 оны 01 сарын 15-ны өдрийн А/9 тоот тушаалаар 2025 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатар хотод 495,400 төгрөгөөр тогтоосон байх тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.
6. Охин Г., хүү Г. нарыг эх нь өсгөж байгаа нь эцэг Х.*******ийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүний хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх О.******* саад болох учиргүйг дурдав.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2017 оны 01 сарын 26-нд төрсөн охин *******ийн , /рд:УЦ17212682/, 2019 оны 10 сарын 24-нд төрсөн хүү *******ийн /рд:/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Х.*******оор тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,016 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 125,016 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ