Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 617

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Б.Энэрэл, шүүгдэгч (хохирогч) Т.Э, шүүгдэгч (хохирогч) Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газраас Т овогт Т.Э, Б овогт С.Э нарыг тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 01965 0640 дугаартай хэргийг 2018 оны 6 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалm:

1. Т овогт Т.Э, Монгол Улсын иргэн, .........урьд ял шийтгүүлж байгаагүй, ...регистрийн дугаартай.

2. Б овогт С.Э, Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар

Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 6-15 тоот хашаанд иргэн С.Энхмөнхийг өөрийнх нь хамтран амьдрагч С.Б-ийг алгадсан гэх шалтгаанаар маргалдаж, улмаар С.Э-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх,

Шүүгдэгч С.Э нь мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 6-15 тоот хашаанд иргэн Т.Э-тай маргалдаж, чулуугаар толгойн тус газар нь цохин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

- Т овогт Т.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 6-15 тоот хашаанд өөрийнх нь хамтран амьдрагч С.Б-ийг алгадсан гэх шалтгаанаар С.Э-ийг зодож, түүний бие махбодод “тархины доргилт хамар ясны хугарал 2 нүдний дээд, доод зовхи, хамар, цээж, бүсэлхий хэсгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

- Б овогт С.Э нь Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 6-15 тоот хашаанд иргэн Т.Э-тай маргалдаж, чулуугаар толгойн тус газар нь цохиж, Т.Э бие махбодод “толгойн шарх, зүүн мөрөнд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Т.Э шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

2. Шүүгдэгч С.Э шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

3. Хохирогч С.Э мөрдөн байцаалтад өгсөн ”...Би 2018 оны 4 дүгээр сарын 12-ны орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 6-15 тоотод эгчийн ажиллуулдаг PC тоглоомын газар очсон чинь эгч байхгүй байсн. Тэгээд би гарч явах гэсэн чинь эгч орж ирээд хамаагүй хүмүүс рүү “өчигдөр мөнгө алга болсон” гээд хэрүүл хийгээд байсан. Би эгчид “өчигдөр тийм тийм хүмүүс байсан” гээд ойлгуулаад хэлэх гэсэн боловч эгч намайг “чи 8000 төгрөг авсан, хулгайч” гэсэн. Тэгэхээр нь би эгчийг нэг удаа хацар луу нь зөөлөн алгадсан. ...Би тэндээс гараад хашааны үүдэнд очсон чинь Энхсайхан шууд ирээд намайг гараараа цохиход би газар унасан. Тэгээд миний нүүр лүү өшиглөсөн. Мөн 2-3 удаа цохисон. Тэр үед Б эгч ирээд Э-г дагуулаад цааш гүйгээд явахаар нь би газраас чулуу аваад, араас нь шидсэн чинь Э-ны толгойг оносон. ...Миний биед учирсан гэмтлийг Т.Э учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх- ийн 8-9 дүгээр хуудас),

4. Хохирогч Т.Э мөрдөн байцаалтад өгсөн ”...2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ...19 цагийн үед гэрээсээ гараад 1 дүгээр хорооллын хойно хадам дүү Б дээр очсон чинь манай эхнэр надад “манай дүү Э сая намайг алгадсан, ширээн дээр байсан 8000 төгрөг алга болсон байсан. Тэр үед Э найз нартайгаа байсан, түүнээс болж хэрүүл маргаан хийж байгаад гарч явсан” гэж хэлсэн. Тэгээд би гадаа гарсан чинь Э хашааныхаа хаалганы үүдэнд байхаар нь би очоод “чи яаж байгаа юм” гэж хэлсэн чинь өөдөөс маргалдаад байсан. Тэгэхээр нь би Э-ийн  нүүр лүү гараараа хоёр удаа цохисон. Тэр үед манай эхнэр ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд эхнэр бид хоёр машин руугаа явж байсан чинь Э миний араас чулуу шидэж миний толгойг оносон. Би тэр чигээрээ эхнэр Б-тэй хамт машиндаа суугаад явсан. ...Миний биед учирсан гэмтлийг С.Э учруулсан...” мэдүүлэг (хх-ийн 14-15 дугаар хуудас),

5. Гэрч С.Б-ийн “...гаднаас манай нөхөр Э орж ирэхээр нь би “Э миний нүүр лүү цохисон” гэж хэлсэн чинь “Э хаана байна” гээд гарч явсан. ...Э, Э дээр очоод маргалдаад зууралдсан. Тэгээд тэр хоёр дээр, доороо ороод унасан. Тэр үед нь би очиж салгасан. Тэгээд би Э-г дагуулаад явсан чинь Э намайг хүрмээрээр (куртик) бүтээсэн. Тэр үед Э-ны толгойноос цус гарч байсан.  ...миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21 дүгээр хуудас),

6. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ний өдрийн 4974 дугаартай “...Т.Энхсайханы биед толгойн шарх, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 26 дугаар хуудас),

7. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ний өдрийн 4979 дугаартай “...С.Э-ийн биед тархины доргилт хамар ясны хугарал 2 нүдний дээд, доод зовхи, хамар, цээж, бүсэлхий хэсгийн зөөлөн эдийн няцрал зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 27 дугаар хуудас),

8. Шүүгдэгч (хохирогч) Т.Э, шүүгдэгч (хохирогч) С.Э нарын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 45, 65 дугаар хуудас хуудас),

9. Шүүгдэгч Т.Э, С.Э нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаснууд (хх-ийн 46, 72 дугаар хуудас),

10. Шүүгдэгч Т.Э-ны яллагдагчаар өгсөн: ”...2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 19 цагийн үед ... Б “манай дүү Э намайг алгадсан” гэж хэлсэн. ...миний уур хүрээд хойноос нь гарч очоод Э-ийн нүүр лүү гараараа хоёр удаа цохисон. Э намайг зуурч, бид хоёр газар унасан. Б ирж салгасан. Бид хоёр машин руугаа явж байсан чинь Э-х араас чулуу шидэж миний толгойг оносон. Би уурандаа Э-ийг цохисон. Үүндээ гэмшиж байна, буруугаа хүлээж байгаа. Бид хоёр бие биеэсээ уучлал гуйж, учраа олсон. Одоо харилцан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 40-41 дүгээр хуудас),

11. Шүүгдэгч С.Э-ийн яллагдагчаар өсгөн: ”...эгч гаднаас орж ирээд “энд байсан мөнгө алга болсон” гэж уурлаад ... намайг 8000 төгрөг авсан гээд байхаар нь би түүний хацар луу нэг удаа алгадсан. ...Э ирээд шууд миний нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд намайг хойшоо унах үед миний нүүр лүү өшиглөсөн. Тэр үед Б ирээд Э-г дагуулаад цааш явсан. Би араас нь хагархай тоосго шидсэн... Э-ны толгойд оносон. ...Тэр үед би зодуулсан уурандаа араас нь тоосго шидсэн. Гэм буруугаа хүлээж байгаа. Бид хоёр харилцан учраа олсон. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 43-44 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг няцаан үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нар шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хөнгөн зэргийн гэмтлийг өөртөө багтаахын сацуу түүнээс үүдэх эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг агуулсан өргөн хүрээтэй ойлголт тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсоныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хөнгөн хохирол, хөнгөн гэмтэл хоёрын хооронд агуулгын зөрүү байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч Т.Э, С.Э нар харилцан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлгээр болон бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Т.Э, С.Э нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг шүүгдэгч тус бүртээ бүрэн хангаж байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Т.Э, С.Э нарын үйлдэл идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэд хүний эрүүл мэндэд хохирол учруулж хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүгдэгч Т.Э, С.Э нар нь бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, өөрсдийн гэм буруу болоод хэргийн үйл баримт, учирсан хор уршигийн талаар маргаагүй болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Э, С.Э нарыг тус бүрт нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн харицулага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Э, С.Э нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас нөхөн төлөх төлбөргүйг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн дүгнэлт: Шүүгдэгч Т.Э, С.Э нарт тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Т.Э, С.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй гэв.

Шүүх шүүгдэгч Т.Э, С.Э нарыг гэм буруутай болохыг тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э, С.Э нарыг тус бүрт нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, тэдний хувийн байдалд тохирсон бөгөөд ятнуудыг нийгэмшүүлэх болон цээрлүүлэх үр нөлөөтэй гэж үзэв. 

Улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, тэтгэвэр, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох санал гаргасныг хүлээн авах боломжтой байна.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Э, С.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Т овогт Т.Э, Б овогт С.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э, С.Э нарыг тус бүрт нь дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э, С.Э нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхөөр тогтоосугай.

4.Шүүгдэгч Т.Э, С.Э нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Э, С.Э нар цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлагүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Э, С.Э нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ШҮҮГЧ                                    Б.БАТАА