| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2331000770188 |
| Дугаар | 2025/ДШМ/17 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 22.8.1.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/17
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Ч.Батзориг /цахим/
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Б.Онон
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Э.Оргил
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, Д.Тамир нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/234 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Б.*******т холбогдох эрүүгийн 2331000770188 дугаартай, 175/2024/0053/Э индекстэй, 4 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
овогт ы *******, Монгол улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, ***настай, ****эгтэй, **** боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сэлэнгэ аймгийн ********** ажиллаж байсан, **********, ам бүл *********** хамт Улаанбаатар хот ***** дүүрэг **** хороо, ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй (РД: *****)
Шүүгдэгч Б.******* нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/1539 дугаартай тушаалаар Төрийн тусгай албаны удирдах албан тушаалтан, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын дарга буюу төсвийн шууд захирагчаар томилогдон ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.4.2 “төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх”, 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт заасан “төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ”, 45.2 дугаар зүйлд заасан “төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн хэмнэлтэд тооцохгүй бөгөөд тухайн үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд төвлөрүүлнэ”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 ил тод байх, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1 “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” 35.1.7 “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ байгууллагын соёл, дэг журмыг сахиж төрийн албан нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай хөдөлгөөнт 4 цэгүүдийн үйл ажиллагааны зардал 70,000,000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын захирамжаар 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын төрийн сангийн 100130012401 тоот дансанд хүлээн авч, Тус гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төсвөөс 30,000,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг Ник ХХК-ийн Хаан банкны 5108168773 дугаартай данс руу шатахууны талон авахаар шилжүүлж, урамшуулалд нь 900,000 төгрөгийн шатахууны талоныг нэмж нийт 30,900,000 төгрөгийн шатахууны талон авсан, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шатахууны талоныг бэлэн мөнгө болгон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах Цагдаагийн газрын албаны байрны өрөө тасалгааны завсарт 16,520,000 төгрөг, хурлын заалны сандалд 200,000 төгрөг, Цагдаагийн газрын үүдний хүлээлгийн сандал, ширээнд 1,180,000 төгрөгөөр тус тус худалдан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж төсөвт нийт 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас: Б.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
овогт ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч ы *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 / нэг / жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн торгох ялын биелэлтэд тус тус хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Б.*******ийн өмчлөлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Дөрвөлж хотхон 12 айлын Б байрны 2 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тухай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/234 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 7-д заасан “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргын Тамгын газарт 30,000,000 төгрөгийн хохирлыг, гэмт хэрэг үйлдэж олсон 900,000 төгрөгийг улсын орлогод тус тус Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас гаргуулж олгуулах” тухай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын дарга болон Сэлэнгэ аймгийн Засаг даргын шийдвэрээр тус аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэг бүхий хяналтын 5 постыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/99 дүгээр захирамжаар пост ажиллуулж байгаатай холбогдон гаргах зардлыг орон нутгийн төсвөөс буюу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын тамгын газрын төсвөөс гаргаж шийдвэрлэхийг даалгасан атал Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газраас тус зардлыг шийдвэрлэхгүй байсаар 2022 оны 07 дугаар сар хүргэсэн байдаг.
Ингээд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/145 дугаар захирамжаар мөн сумын 4 байршилд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын 4 цэг ажиллуулах, холбогдох зардлыг шийдвэрлэх талаар захирамжийг нөхөж гарган санхүүжилтэд 70,000,000 төгрөг шийдвэрлэсэн ба тус захирамжаар дээрх хяналтын 4 цэгийн үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Гэтэл уг хяналтын цэг нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байсан бөгөөд Ерөө сумаас 70,000,000 төгрөгийн санхүүжилт Цагдаагийн газрын нэмэлт төсвийн санхүүжилтийн дансанд орж ирэх хүртэлх хугацааны хяналтын цэг ажиллаж буйтай холбогдох зардлууд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын төсвөөс урьдчилан гарч байсан нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсоноос гадна Ерөө сумын нутаг дэвсгэрт ажилласан нийт 5 хяналтын цэгийн үйл ажиллагаанд 63,000,000 орчим төгрөгийг зарцуулсан нь баримтаар тогтоогдсон байгаа.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй бөгөөд түүнчлэн шийдвэр гаргахдаа Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газраас мөн аймгийн цагдаагийн газрын 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын шалгалтаар санхүүгийн зөрчил заагдаагүй талаарх дүгнэлтийг үнэлээгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын тамгын газар нь тус сумын нутаг дэвсгэрт ажиллаж буй хяналтын 5 цэг болон түүнд ажиллах алба хаагчдын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх үйл ажиллагааны зардалд зарцуулахаар нийт 70,000,000 төгрөгийн санхүүжилтийг гаргасан бөгөөд тус санхүүжилтийн хөрөнгөнөөс 63,000,000 төгрөг нь тухайн үйл ажиллагаанд зарцуулагдсан байгаа ба одоо Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын тамгын газар нь тус сумын нутаг дэвсгэрт ажиллаж буй хяналтын 5 цэг болон түүнд ажиллах алба хаагчдын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх үйл ажиллагааны зардалд зарцуулахаар нийт 70,000,000 төгрөгийн санхүүжилтийг гаргасан бөгөөд тус санхүүжилтийн хөрөнгөнөөс 63,000,000 төгрөг нь тухайн үйл ажиллагаанд зарцуулагдсан байгаа ба одоо Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын төрийн сангийн дансанд үлдэгдэл 17,000,000 гаран төгрөг үлдэгдлээр хадгалагдаж байна.
Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэхэд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар нь тус аймгийн Ерөө сумын Засаг даргын үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүй, үйл ажиллагааны зардлыг цаг тухайд нь шийдвэрлэж өгөөгүйгээс шалтгаалж өөрийн төсөвтөө зохицуулалт хийж, хяналтын цэгийн үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг урьдчилан гаргаж хууль сахиулах чиг үүргээ хэрэгжүүлснээр цагдаагийн байгууллагын төсөвт хохирол учирсан гэж дүгнэхээр байна.
Гэтэл Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрыг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй бөгөөд харин тус байгууллага нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих этгээд байсан нь харагдаж байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгч Б.*******ийн зориулалтын бусаар захиран зарцуулсан гэх 30,000,000 төгрөгийг цагдаагийн газарт эд хогшил авч зарцуулсан гэх агуулгаар уг мөнгийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас гаргуулахаар шийдвэрлэж буй атлаа 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдаагийн газрын төсвөөс хяналтын цэг ажиллуулахтай холбогдон гарсан зардлыг үнэлж, харгалзан үзээгүйд гомдолтой байна.
Иймд шүүгдэгч Б.*******т холбогдох Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах гомдолдоо:
Миний бие ...анхан шатны шүүхийн 2024.11.12-ны өдрийн 2024/ШЦТ/234 тоот шийтгэх тогтоолыг 2024.11.27-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. ... Өмгөөлөгчийн зүгээс өөрийн үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийн талаар дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:
1-рт: Миний үйлчлүүлэгч Б.******* нь ЦЕГазрын даргын 2021.12.31-ний өдрийн Б/1539 тоот тушаалаар 2022.01.04-ний өдрөөс Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдон ажилласан байх бөгөөд түүнийг ажлаа хүлээн авсны дараахан буюу 2022.02.14-ний өдөр тус Цагдаагийн газрын 3-р давхрын ариун цэврийн өрөөнд гал гарсны улмаас тухайн барилга байгууламжид ажил үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид төдийгүй тухайн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд, шалгагдаж байгаа хэргийн холбогдогч нарын амь нас, эрүүл мэнд, төрийн байгууллагын өмч хөрөнгөнд эрсдэл үүсэх өндөр магадлал байгааг мэргэжлийн байгууллага тогтоож дүгнэлтээ гаргасан байна.
Б.******* нь тухайн байгууллагын удирдлагаар томилогдон ЦЕГазрын даргатай байгуулсан гэрээ, албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлж, байгууллагынхаа алба хаагчдын болон бусад иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс барилгын засварын ажлыг эхлүүлсэн байдаг. Үүний зэрэгцээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн үүргийнхээ хүрээнд Экологийн цагдаагийн газрын хийж хэрэгжүүлж байсан хяналт шалгалтыг үргэлжлүүлэн ажиллахын зэрэгцээ Аймгийн Засаг даргад мэдээлэл хүргүүлсний үндсэн дээр хэд хэдэн сумдад хяналтын пост ажиллуулахаар шийдвэрлүүлж, шаардлагатай санхүүжилтийг тухайн сумаас гаргуулахаар болсон байна.
Эдгээр сумдын нэг нь Ерөө сум бөгөөд Аймгийн Засаг даргын захирамж гарсан атал Ерөө сумын Засаг дарга нь шаардлагатай санхүүжилтийг шийдэж өгөлгүй удаашруулсаар 2022.07.27-ны өдөр буюу 4 сарын дараа л шийдвэрлэсэн байдаг. Энэ хүртэлх 4 сарын хугацаанд хяналтын постнуудын шаардлагатай санхүүжилтийг өөрийн байгууллагын нөөц бололцоонд тулгуурлан шийдвэрлэж байсан байх бөгөөд Ерөө сумаас шаардлагатай санхүүжилт орж ирсний дараа өөрийн байгууллагаас зарцуулсан шатахууны зардлыг суутган байгууллагынхаа эхлүүлсэн дотор засвар үйлчилгээ, тохижилтын ажилд 30,000,000 төгрөгийг зарцуулсан байдаг. Сангийн Яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга П.Бат-Эрдэний мэдүүлснээр дээрх 30,000,000 төгрөг нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дансанд шилжин орсноор захиран зарцуулах эрх нь Б.*******т үүссэн байдаг. Нэгэнт тухайн 30,000,000 төгрөгийг захиран зарцуулах эрх нь Б.*******т үүссэн тохиолдолд түүнийг өөрийн байгууллагын төсвийн нэгэн адил захиран зарцуулсны төлөө Ерөө сумын Засаг даргын Тамгын газарт хохирол, хор уршиг учрах боломжгүй байна.
Учир нь Б.******* нь гэмт хэрэг үйлдэж дээрх 70,000,000 төгрөгийг байгууллагынхаа дансанд аваагүй бөгөөд Ерөө сумын Засаг дарга нь дээд шатны буюу Аймгийн Засаг даргын шийдвэрээр дээрх мөнгийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дансанд хууль ёсны дагуу шилжүүлсэн болно. Гэтэл Ерөө сумыг энэ хэрэгт хохирогчоор тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд миний үйлчлүүлэгчийг хэлмэгдүүлэх, зохиомол хэрэг үүсгэх эх үүсвэрээ болгон ашиглаж байгаад харамсаж байна. Мөн тухайн 30,000,000 төгрөгийг байгууллагынхаа засвар, тохижилтод зарцуулснаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын шатахууны төсөвт ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй төдийгүй худалдан авсан хөрөнгөө тухайн байгууллагынхаа үндсэн хөрөнгөд бүртгэж авсан тул Б.******* нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй байна.
2-рт: Прокурорын яллах дүгнэлт болон давж заалдах шатны шүүхийн магадлал, танай магадлалыг үндэслэн гарсан анхан шатны шүүхийн 2024.11.12-ны өдрийн 2024/ШЦТ/234 тоот шийтгэх тогтоол зэргээс үзэхэд миний үйлчлүүлэгчийг Авлигын эсрэг хуулийн 7-р зүйлийн 7.1.4-т заасныг зөрчсөн учраас гэмт хэргийн шинжийг хангаж байгаа мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн 22.8-р зүйл нь Авлигын гэмт хэргийн бүлэгт багтдаг хэдий ч Авлигын эсрэг хуулийн 3-р зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.1-д “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ гэж хуульчилсан байна.
Мөн хуулийн 3.1.2-3.1.4-т ашиг хонжоо, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах, давуу байдал гэх нэр томъёонуудыг тодорхойлсон байх бөгөөд Б.*******ийн үйлдэл нь эдгээрийн алинд нь ч хамаарахгүй байна.
Авлигын эсрэг хуулийн 7-р зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-7.1.8-д заасан хориглолтууд нь хувийн ашиг сонирхлын үүднээс ханддаг, илтэд гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд эдийн болон эдийн бус ашигтай байдлыг өөртөө бий болгож байдаг онцлогтой байна, Өөрөөр хэлбэл: Авлигын эсрэг хуулийн 1 дүгээр зүйлд заасан зорилтын хүрээнд эдгээр хориглолтуудыг зөрчсөнөөр тухайн этгээд өөртөө болон хамаарал бүхий этгээддээ давуу байдал бий болгох, хувьдаа ашиг хонжоо олох санаа зорилготой байхаар хуульчилжээ.
Тэгвэл Б.******* нь бусдад давуу байдал олгоогүй, хувьдаа ашиг хонжоо олоогүй, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаагүй байна. Харин төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг хангах, төрийн үйлчилгээ авах иргэдийн ая тухтай байх нөхцөлийг хангах замаар ард түмэндээ үйлчлэх Төрийн албаны тухай хуульд заасан зарчмыг хэрэгжүүлэхэд тус тус чиглэгдсэн байна.
3-рт: Б.*******ийн төсвийн хөрөнгийг төрийн байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан нь Төсвийн тухай хуулийг зөрчсөн Санхүүгийн зөрчил бөгөөд түүнд Төрийн албаны тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх боломжтой болохоос Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна. Эдгээр нөхцөл байдлаас харахад түүний дээрх үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...нийгэмд аюултай”, 2 дахь хэсэгт заасан “...хохирол, хор уршиг учирсан” гэх шинжүүд тогтоогдохгүй байна.
Харин 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасны дагуу гэмт хэргийн шинжгүй байна. Анхан шатны шүүх өмнө нь энэхүү нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан боловч танай давж заалдах шатны шүүх нь хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр миний үйлчлүүлэгчийн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн улмаар түүнд ял халдаахыг анхан шатны шүүхэд тулгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байсан болно.
Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.12-ны өдрийн 2024/ШЦТ/234 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Б.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөлөөгч Б.Батцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Ерөө сум өнөөдөр хохирогч биш. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт хохирол учирсан зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-д заасан хохирол, хор уршиг аль ч талдаа байхгүй байна. Прокуророос Сэлэнгэ аймгийн Цагдаагийн байгууллагын төсвийн хүрээнд хольж, сольж, зориулалтыг нь зөв тавих ёстой байсныг зөрчсөн гэсэн агуулгаар тайлбарлаж байгаагаас нь харахад Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын төсөвтэй л холбоотой асуудал. Ерөө суманд огт хамаа байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар Б.******* нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрыг хохироогоогүй учраас бодитой нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол хор уршиг байхгүй учраас уг гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
…Б.Батцэнгэл өмгөөлөгчийн хамт давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давхардуулахгүйгээр нэмэлт тайлбар хэлье. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг харахад уг хуулийн шаардлага хангагдаагүй зүйлүүд харагддаг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхэд гэмт хэрэгтний сэдэл зорилго, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоосон талаар нөхцөл байдлыг тодорхой тусгана гэж заасан боловч шийтгэх тогтоолд шүүх дүгнэхдээ шийтгэх тогтоолын 23 дугаар талд Цагдаагийн газрын албаны байрны өрөө тасалгааны засварт 30,900,000 төгрөгийн шатахуун авч зарцуулсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, санхүүгийн баримт, засвар хийсэн өрөө тасалгааны зураг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.ын өгсөн мэдүүлгээс иш татаад уг нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж товч дүгнэлт хийсэн.
Уг гэмт хэргийг онолын талаас болон хэлбэрийн бүрэлдэхүүний талаар дүгнэлт хийх шаардлагатай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинж нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй. Эдийн болон эдийн бус ашиг олох зорилготой шунахай сэдэлтээр үйлдэгддэг онцлогтой гэмт хэрэг. Обьектив шинжийн тухайд төсвийн захирагч, төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан энэ зүйлд заасан үйлдлээр илэрдэг. Заавал үлэмж хэмжээний хохирол учирсан байхыг хуулиар шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэсэн тайлбарууд байдаг. Улсын дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаартай тогтоол байгаа. ...төсөв захирагчийн үйлдэл нь төсвийн хөрөнгийг өөрийн эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд бүр мөсөн шилжүүлэн завших, төсвийн хөрөнгөнд өөрсдийн хууль бус өмчлөлийг тогтоох гэсэн шунахай зорилгыг агуулаагүй. Өөртөө эсхүл хамаарал бүхий бусад этгээдэд хууль бусаар бусдад ашигтай байдал бий болгох санаа зорилготой байсан бол төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах гэмт хэргээр зүйлчилнэ гэсэн тайлбар байгаа.
Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхээс шинжлэн судалсан нотлох баримтуудаар авч үзэхээр миний үйлчлүүлэгч нь ард иргэдийн, төрийн байгууллагын сайн сайхан таатай нөхцөлийг бүрдүүлж байсан. Уг барилга нь ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан ба байгууллагад засвар үйлчилгээ хийсэн. Хүмүүс үйлчлүүлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ширээ, сандлыг сольсон. Ажилчин алба хаагч нарын тэр хүйтэн өрөө тасалгаа, ямар ч сандал, ширээ байхгүй байгаа нөхцөлийг сайжруулахын тулд 30,900,000 төгрөгийг зарцуулсан. Ингэж зарцуулахдаа байгууллагын дансанд бүгд бүртгэгдчихсэн. Хувьдаа болон хэн нэгэнд давуу байдал олгож хэн нэгэнд ашиг олох зорилго агуулагдаагүй нөхцөл байдал байхгүй гэдэг нь шалгалтын явцад тогтоогдсон. 30,000,000 төгрөгийг өсгөж байгууллагад эд хөрөнгө авсан. Өсгөсөн гэдгийг юу гэж тайлбарлаж байна гэхээр 30,000,000 төгрөгийн талоныг авснаар 900,000 төгрөгийн урамшууллын талон авсан. Энэ нь байгууллагын хэдэн ширээ сандлыг нэмье гэсэн байдлаар байгууллагад ашигтай байдлыг бий болгосон.
Мөн тухайн үед хэлж байсан боловч шалгагдаагүй орхигдсон нь Б.******* дарга анх Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар ирээд 5 пост ажиллуулж байхад Цагдаагийн байгууллагаас постонд ажиллаж байгаа алба хаагч нарт хоол хүнс, ахуйн хэрэглээний хангамж байхгүй байхад нь хувиасаа 2,000,000 төгрөгийн эд зүйлийг аваачиж өгсөн. Үүнийг огт авч хэлэлцдэггүй. Ширээ, сандал буюу үйлчилгээтэй холбоотой 30,900,000 төгрөг дээр мөнгө нь дутахад хувиасаа 700,000 төгрөг шилжүүлж ширээ сандал авахад хувь нэмрээ оруулсан. Ийм нөхцөл байдлууд байдаг. Өмгөөлөгч нарын зүгээс юу гэж үздэг вэ гэхээр шалгасан ч бай, шалгаагүй ч бай ямар ч байсан 30,900,000 төгрөгийн талоныг мөнгө болгоод байгууллагын бүртгэл дансанд оруулаад эд хөрөнгө, засвар үйлчилгээ хийчихсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинж нь субьектив болон обьектив талын шинжээрээ миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэдэг нь холбогдох нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Тийм учраас нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй юм байна. Гэмт хэргийн шинжгүй учир эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах боломжтой гэсэн агуулгаар тайлбар гаргаж байна гэв.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Э.Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Давж заалдах гомдлыг товчхондоо тайлбарлаад хэлэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хангаагүй зөрчсөн гэж үзэж байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвхөн 30,000,000 төгрөгийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байдаг. Иргэний хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хурал дээр хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудаас үзэхэд Цагдаагийн байгууллагын дансанд нийтдээ 63,000,000 төгрөг тухайн үйл ажиллагаанд зарцуулагдсан гэдгийг анхан шатны шүүхэд нотлох баримтаар шинжлэн судалсан. Математик аргачлалаар аваад үзэхэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргаас 70,000,000 төгрөг орж ирсэн. Үүнээс 63,000,000 төгрөгийг зорилтод үйл ажиллагаанд нь зарцуулчихсан. Зөрүү 7,000,000 төгрөгийг Ерөө суманд буцааж өгөх ёстой байтал Цагдаагийн байгууллага өөрөөсөө нэг ч төгрөг гаргах үүрэггүй. Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар бүх санхүүжилтийг Ерөө сумаас гаргах ёстой байсан.
Цагдаагийн байгууллага өөрөөсөө мөнгө гаргачихаад, уг мөнгийг ямар төсвөөс ямар зориулалтаар яаж гарсан гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоогоогүй. Ерөө сумын зорилтод үйл ажиллагаанд өөрсдийнхөө зардлаар явуулчихаад дээрээс нь нэмж 30,000,000 төгрөг өгнө гэдэг нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Цагдаагийн байгууллагаас гарсан зардлыг хэрхэх талаар шийдвэртээ тусгаагүй.
Цагдаагийн газрын дансанд 17,600,000 төгрөг 2022 оноос хойш хадгалагдаад байж байна. Зарцуулж болдоггүй, буцааж өгч болдоггүй. Үүнийг хэрхэх талаар анхан шатны шүүх шийдвэртээ тусгаагүйгээс ойлгомжгүй байдал үүсэж байна. Цагдаагийн байгууллага иргэний хариуцагч биш иргэний нэхэмжлэгчээр уг хэрэгт оролцох байсан гэсэн байр суурийг илэрхийлж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний хариуцагчтай холбоотой асуудлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Шүүгдэгч Б.*******т холбогдох хэргийг анхан шатны шүүх нь хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн. Шүүхийн шийтгэх тогтоол нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Ерөө сумын Засаг даргын Тамгын газраас хөрөнгийг оруулж ирэхдээ хугацаа алдаж оруулж ирсэн. 4 сар гэж байхад мөнгөө өгөхгүй байсан. Тэр хугацаанд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын төсвөөс тухайн байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа, хяналтын пост ажиллуулахтай холбоотой үйл ажиллагаанд өөрийн хөрөнгөөс хөрөнгө гаргаж зарцуулж байсан юм гэж яриад байгаа юм. 4 сарын хугацаанд өөрийн батлагдсан төсвөөс хөрөнгүүдийг гаргаж байсан болохыг үгүйсгэхгүй. Хяналтын постыг ажиллуулахад шатах тослох материал, албан хаагчийн тоноглол, албан хаагч нарын хоол, хүнстэй холбоотой зардал гарсныг үгүйсгэхгүй.
Гэхдээ Ерөө сумын Засаг даргын Тамгын газраас 70,000,000 төгрөг орж ирсэн тохиолдолд хэрхэн яаж шийдвэрлэх ёстой байсан бэ?. Мэдээж Ерөө сумын 5 хяналтын пост ажиллахад уг асуудлыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төсвөөс зарцуулахгүйгээр шийдвэрлэсэн байсан. Ерөө сумын Засаг даргын Тамгын газраас 70,000,000 төгрөг орж ирсэн тохиолдолд уг байгууллага өөрийнхөө тухайн 4 сарын хугацаанд зарцуулсан төсөв рүүгээ уг мөнгийг Төсвийн тухай хуульд заасны дагуу авах ёстой байсан. Төсвийн тухай хуульд заасны дагуу шатах тослох материалд хэдийг зарцуулсан, томилолтын зардалд хэдийг зарцуулсан, эд хогшил, хоол ундтай холбоотой асуудлаар тухайн төсвөөс хэдэн төгрөг гарахыг ялгаж салгаж өөрийнхөө төсөв рүү шингээж авах ёстой байсан үйл баримт байгаа юм. Гэтэл тухайн байгууллага маань тэгэхгүйгээр нэмэлт санхүүжилтын дансанд аваад шатах тослох материалын мөнгөн дүнг байгууллага руу шилжүүлж шатах тослох материалын талон болгож ирээд эргээд бэлэн мөнгө болгож хувиргаж байгаа асуудал байгаа юм.
Тэгэхээр шүүгдэгч Б.*******ийн субъектив санаа зорилго нь үүгээр харагдаж байна хэмээн прокурорын зүгээс үзэж байна. Учир нь ямар субъектив зорилго агуулагдаад байна гэхээр тухайн 30,000,000 төгрөгийг байгууллагын төсөвт оруулах ёстой байтал шатах тослох материалын дансанд авчихаад тухайн мөнгийг шатах тослох материалд зарцуулах ёстой байтал байгууллагын эд хогшил авахаар бэлэн мөнгө болгож байгаа асуудал маань өөрөө өөрийнхөө үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж байсан ч хүсэж үйлдээд байгаа нөхцөл байдал маань субъектив санаа зорилго сэдэлтийг агуулж байна. ...шүүгдэгч Б.*******ийн үйлдэл маань өөрийнхөө ажиллаж байгаа байгууллагад давуу байдал бий болгож төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах үйлдлийг гаргаад байгаа юм. Зүй нь яах ёстой байсан бэ гэхээр уг 70,000,000 төгрөг орж ирсэн тохиолдолд 4 сарын хугацаанд өөрийнхөө байгууллагын төсвөөс ийм хөрөнгүүдийг зарцуулсан, ийм хөрөнгүүдийг зарцуулсан учраас төсөвтөө шингээж орууллаа. Гэхдээ уг мөнгийг байгууллагаас гарах, засвар үйлчилгээний төсвийг тусад нь ангилаад өгчихсөн байгаа. Тэр төсөв рүү шингээж, зориулалтын дагуу гаргах бүрэн боломжтой байсан. Барилгын материал авахад тухайн байгууллагаас нэхэмжлэл гаргуулж мөнгөн дүнг нь тооцож, тухайн байгууллагын засвар үйлчилгээний төсвийн зориулалтаас нэхэмжлэлээр төрийн сангийн гүйлгээ хийх бүрэн боломжтой байтал уг асуудлыг хувиргаж гаргаж ирээд байгаа нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд иргэний хариуцагчийг тодорхой тусгаж өгсөн. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно гээд заачихсан. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын төсөвт орж ирж байгаа зүйл нь зориулалтын дагуу урсгал зардлын данс руугаа уг асуудлыг шингээж аваад хууль ёсны дагуу гаргасан бол уг асуудал яригдахгүй байсан. Гэтэл Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар маань Ерөө сумын гаргах ёстой постны үйл ажиллагаанд тухайн мөнгийг зарцуулаагүй, мөн дээрээс нь шатах тослох материалын санхүүжилт рүү оруулж авчихаад бэлэн мөнгө болгож хувиргаад барилга, засварын үйл ажиллагаанд зарцуулаад байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан хөрөнгийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар зарцуулсан байна. Зарцуулсан учраас иргэний хариуцагчаар татагдах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Уг мөнгийг хариуцах этгээд мөн байна гэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж дүгнэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.*******т холбогдох эрүүгийн 2331000770188 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
3. Шүүгдэгч Б.******* нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/1539 дугаартай тушаалаар Төрийн тусгай албаны удирдах албан тушаалтан, Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын дарга буюу төсвийн шууд захирагчаар томилогдон ажиллаж байхдаа:
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай хөдөлгөөнт 4 цэгүүдийн үйл ажиллагааны зардал 70,000,000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын захирамжаар 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын ...тоот дансанд хүлээн авч, тус гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төсвөөс 30,000,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг “Ник” ХХК-ийн Хаан банкны 5108168773 дугаартай данс руу шатахууны талон авахаар шилжүүлж, урамшуулалд нь 900,000 төгрөгийн шатахууны талоныг нэмж нийт 30,900,000 төгрөгийн шатахууны талон авч улмаар 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шатахууны талоныг бэлэн мөнгө болгон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлах Цагдаагийн газрын албаны байрны өрөө тасалгааны завсарт 16,520,000 төгрөг, хурлын заалны сандалд 13,200,000 төгрөг, Цагдаагийн газрын үүдний хүлээлгийн сандал, ширээнд 1,180,000 төгрөгөөр тус тус худалдан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болох нь
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.ын “...Анх 2022 оны 04 дүгээр сарын үед манай Ерөө сумын Засаг даргын захирамжийн дагуу Ерөө сумын нутаг дэвсгэрт 4 пост байгуулж, цагдаагийн алба хаагчид ажиллах юм байна, тэдний байр, хоол, бензин шатахуунтай холбоотой зардал манайхаас гарах юм байна...” гэж хэлсэн юм. ...сумын Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд буюу Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/107 тоот захирамж гаргаж, ...сумын Байгаль хамгаалах зардлыг 70,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. ...2022 оны 07 сарын 29-ний өдөр манай Ерөө сумын Засаг даргын тамгын газрын 100130255001 тоот төрийн сангийн данснаас Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын нэмэлт санхүүжилтийн 100130012401 тоот данс руу 70,000,000 төгрөг шилжүүлсэн юм. ...Энэ 70 сая төгрөгөөс 22,392,000 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулж, жилийн эцэст сангийн яамнаас 17,608,000 төгрөгийг нь татаж төвлөрүүлсэн юм байна. Тэгэхээр байгууллагын ажилчдын засвар хийхэд зарцуулсан 30,900,000 төгрөгийг буцаан гаргуулж манай сумын орон нутгийн төсвөөс гаргасан мөнгийг буцаан төлүүлэх, орон нутгийн төсвийг хохиролгүй болгох нь зүйтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-28-р хуудас/,
-Гэрч П.******* “...Ерөө сумын Засаг даргын тамгын газраас аймгийн Цагдаагийн газрын дансанд 70 сая төгрөг шилжин орсон цагаас хойш уг 70 сая төгрөгийг захиран зарцуулах эрх нь цагдаагийн газрын даргын бүрэн эрх болж байгаа юм. Энэ 70 сая төгрөг чинь өөрөө Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаас гарч байгаа. Тэгэхээр тэр 70 сая төгрөгийг байгаль орчныг нөхөн сэргээх хамгаалахтай холбоотой буюу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид Ерөө сумын нутаг дэвсгэрт хяналтын постод ажиллахад зарцуулах ёстой юм. Тэгэхээр цагдаагийн газрын дарга ******* нь 30,900,000 төгрөгөөр байгууллагын засвар үйлчилгээ хийж байгаа үйлдлийг зориулалтын бус гэж үзнэ, яагаад гэвэл байгаль хамгаалахтай холбоотой зардал учир өөр ямар нэгэн зүйл/ барилга засвар, машин засвар/ гэх мэт зүйлд зарцуулж болохгүй...Энэ 70 сая төгрөг бол төсвийн хөрөнгө мөн. 70 сая төгрөгийг тухайн сумын төсвөөс гаргаж байгаа, сумын Засаг даргын бүрэн эрхийн хэмжээнд шийдвэрлэж байгаа, сумын үйл ажиллагаатай холбоотой хөрөнгө мөнгө нь бүхэлдээ төсвийн хөрөнгө шүү дээ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-83-р хуудас/,
-Гэрч Б.*******гийн “...Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас хэрэгжүүлэх, Ерөө сумын нутаг дэвсгэрт байгуулсан 4 пост дээр үүрэг гүйцэтгэж, Байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор ажиллах цагдаагийн алба хаагч нарын томилолт буюу хоол хүнс, бензин шатахуунд зарцуулахаар баталж 70,000,000 төгрөгийг өгсөн юм. ...Цагдаагийн газар дээрх 70,000,000 төгрөгийг яг л манай Ерөө суманд байгуулсан 4 пост дээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарын хоол хүнс, бензин шатахууны зардалд зарцуулах ёстой...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36-р хуудас/,
-Гэрч Н.*******ын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Дээрх 70,000,000 төгрөгөөс тасгийн дарга нарт албан хаагч нарын өрөөний засварт мөнгө өгснийг мэдэж байна. Гэхдээ мөнгөн дүнг нь мэдэхгүй байна. Би 7 өрөөний 3,500,000 төгрөг авсан. Мөн дэд хурандаа Б.******* Улаанбаатар хот руу сандалд явсныг мэдсэн. Гэхдээ хэдэн төгрөгөөр сандал худалдан авсан эсэхийг мэдэхгүй. Сандал худалдаж аваад ирэхэд нь хүлээн авч хурлын зааланд сандал байрлуулсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 71-74-р хуудас/,
-Гэрч Б.*******ийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би мөнгө авах үедээ ямар учиртай мөнгө болохыг мэдээгүй, газрын дарга хэлээгүй, Сүүлд сонсоход Ерөө сумаас байгаль хамгаалах зардал буюу постод ажилласан алба хаагч нарт зориулагдсан мөнгө байсан гэж сонссон...Надад өгсөн мөнгө нь 14,380,0000 төгрөг өгсөн. Би энэ мөнгөөр дээрх мэдүүлэгт дурдсан 110 ширхэг сандал, сандал ширээний ком авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-80-р хуудас/,
-Гэрч Б.*******ын: “...2,500,000 төгрөг би хүлээн авсан. Огноог нь нарийн сайн санахгүй байна. Ямар ч байсан тухайн үед цагдаагийн газрын зөвлөлийн өрөөнд тасгийн дарга нарыг дуудаж газрын дарга ******* уулзалт хийсэн юм. ...******* дарга өөрөө тасгийн дарга нарт хандаж “энэ мөнгөөр тасаг тус бүр өрөөнүүддээ засвар хийнэ, тасаг бүр өрөөнийхөө тоогоор 500,000 төгрөг авч, өрөөнүүддээ засвар хий” гэж хэлээд мөнгийг тасгийн дарга нарт тарааж өгөх үүргийг нягтлан Наранжаргалд өгсөн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 85-86-р хуудас/,
-Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 15/70 дугаартай албан бичгээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.*******ид “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох зорилгоор хяналтын 4 постыг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс ажиллуулах, үүрэг гүйцэтгэх алба хаагч нарын томилолт, шатахууны зардлыг шийдвэрлэн хамтран ажиллах” талаар албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 101-р хуудас/,
-Сэлэнгэ аймгийн нутагт 2022 онд хяналтын постод үүрэг гүйцэтгэх алба хаагчдын 105,182,280 төгрөгийг зардлын тооцоо гэх хүснэгтэн мэдээлэл /1-р хх-ийн 102-р хуудас/,
-Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 44/1-4046 дугаартай “70,000,000 төгрөгийг манай байгууллагын нэмэлт санхүүжилтийн 100130012401 дугаарын дансанд шилжүүлж хамтран ажиллахыг хүсье” гэх албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 103-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай хөдөлгөөнт 4 цэгүүдийн үйл ажиллагааны зардал 70,000,000 төгрөгийг хүлээн авч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төсвөөс 30,000,000 төгрөгийг шатахууны талон болгон улмаар шатахууны талоныг бэлэн мөнгө болгон байгууллагынхаа албаны байрны өрөө тасалгааны завсар, эд хөрөнгө худалдан авахад зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1-д заасан “Төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.
4.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д зааснаар ...“төсөв” гэж төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг,
Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35. “төсвийн захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг, 16 дугаар зүйлийн 16.4.18-т “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна” гэж,
Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж “хуульд заасан төсвөөс гадуур зардал гаргахыг” гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Б.******* нь төрийн тусгай албаны удирдах албан тушаалтан бөгөөд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын дарга буюу төсвийн шууд захирагчийн хувьд төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй.
Гэтэл тухайн байгууллагын үйл ажиллагаанд зарцуулах төсвөөс шатахууны зардал гэж гарган шатахууны талон болгож улмаар бэлэн мөнгө болгож буй үйлдэл нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нь өөртөө ямар нэгэн ашиг хонжоо олоогүй, байгууллагынхаа зайлшгүй хэрэгцээнд зориулж тухайн үйлдлийг хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй харин шүүгдэгчийн хийсэн үйлдэл нь санхүүгийн зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч төсвийн захирагчийн хувьд төсвөөс гадуур зардал гаргахыг хуулиар хориглосон гэдгийг мэдсээр байж хийсэн тул төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдэлд хамаарна.
Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.******* нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасан “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.4.2 “төрийн болон орон нутгийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэгт ...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглахыг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд дагаж мөрдөх болон хориглосон эрх зүйн хэм хэмжээг зөрчин, эрхээ мэдлээ урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг буруутгах үндэслэлгүй байх тул түүний өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
5.Иргэний хариуцагч болон түүний өмгөөлөгч нар нь анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэсэн гомдлыг гаргасан.
Хэрэгт авагдсан баримтаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай хөдөлгөөнт 4 цэгүүдийн үйл ажиллагааны зардал 70,000,000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын захирамжаар 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын төрийн сангийн 100130012401 тоот дансанд хүлээн авч дээрх 70 сая төгрөгийг шилжүүлсэн байх ба Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар нь тус 70,000,000 төгрөгийг хүлээн авч Ерөө сумын нутаг дэвсгэрт байнгын ажиллагаатай хөдөлгөөнт 5 цэгүүдэд үйл ажиллагаа явуулж түүний зардалд 63,000,000 төгрөгийг зарцуулсан, 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Аудит шалгалтын тайлангаар санхүүгийн зөрчил гараагүй байна.
Дээрхи баримтуудаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас 2022 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай хөдөлгөөнт 4 цэгүүдийн үйл ажиллагаа шүүгдэгч Б.*******ийн үйлдлийн улмаас тасалдсан, үйл ажиллагаа явуулаагүй байдал тогтоогдоогүй, тус хэрэгт хохирогчоор тогтоогдсон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын тамгын газар нь үйл ажиллагаа явуулаагүй талаар маргаагүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдлийн улмаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын тамгын газарт 30,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл 30,000,000 төгрөгийг бензин талон болгож, түүнийгээ бэлэн мөнгө болгон байгууллагадаа барилгын засварын ажил хийх, тавилга авах гэх мэтээр төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэм буруутай үйлдэл болохоос биш дээрх үнийн дүнгийн хэмжээгээр Ерөө сумын төсвийн орлогод хохирол учирсан гэж дүгнэх үндэслэлгүй, Ерөө сумын нутаг дэвсгэрт дээрх хугацаанд 5 цэгт хөдөлгөөнт эргүүл ажиллаж үүргээ бүрэн гүйцэтгэсэн байна.
Иймд Ерөө сумын засаг даргын тамгын газраас шилжүүлсэн 70,000,000 төгрөгөөс зарцуулагдаагүй үлдсэн 17,700,000 төгрөгийг гаргуулан тус сумын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэж, иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийтгэх тогтоолын 7 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/234 дугаартай шийтгэх тогтоолын
7 дахь заалтыг:
“Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас 17,700,000 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг даргын Тамгын газарт олгож, хохирогч болон иргэний хариуцагч нь буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо гаргуулахаар иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.” гэж өөрчлөлт оруулсугай.
2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Г.ДАВААРЕНЧИН