| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2405000001525 |
| Дугаар | 2025/ДШМ/302 |
| Огноо | 2025-03-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Хонгорзул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/302
2025 03 11 2025/ДШМ/302
Б.Эд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Хонгорзул,
шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Эд холбогдох эрүүгийн 2405000001525 дугаар хэргийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Б.Э, 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “***” караокед зөөгч ажилтай, ам бүл *, *** хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** байрны ** тоотод оршин суух хаягтай, /РД: **00000000/;
урьд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар зан үйлээ засах сургалтанд хамрагдах, оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан,
Дархан-Уул аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 38 дугаартай магадлалаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Дорноговь аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 704 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн;
Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрт байхдаа хохирогч О.Зын эзэмшлийн Хаан банкны картыг хулгайлж, улмаар уг картнаас 810.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Эий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эий Дорноговь аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 214 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаас тусад нь эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх түхай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Эд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Э нь өмнө энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан боловч хуульд заасан ялыг тухай бүр шударгаар эдэлсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасныг анхан шатны шүүх харгалзалгүйгээр нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан.
Шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ эхнээсээ шууд хүлээж гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч О.Зд учруулсан хохирол 810.000 төгрөгийг шууд тэр даруй буцаан хүлээлгэн өгч хохиролгүй болсон, хохирогч нь ямар нэгэн гомдолгүй, хохирол төлбөрөө бүрэн авсан талаар илэрхийлж мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлд хамаарч байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа бөгөөд уг заалтыг хэрэглэн “…хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” боломж байна.
Гэхдээ зайлшгүй хорих ял хэрэглэх шаардлагатай гэж үзвэл гэм буруугийн талаар маргаангүй, хохирол төлбөргүй болон гэмт хэргийн хор аюулын хэр хэмжээ, хохирогчийн гомдолгүй болсон байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг үндэслэн мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэх бүрэн боломжтой байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Эрүүгий хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хорих ялыг хөнгөрүүлэн зургаан сарын хорих ялаар шийтгэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Б.Э тус шүүх хуралдаанд: “хэлэх тайлбаргүй” гэв.
Прокурор Д.Хонгорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Эий өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага тохирсон, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, сэдэл, санаа зорилго, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч Б.Э өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээр урьд нь хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан атлаа өөртөө дүгнэлт хийгээгүй, дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь хорих ял оногдуулах үндэслэл болсон. Мөн эрүүгийн хариуцлага хүлээж байх явцдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрт байхдаа хохирогч О.Зын эзэмшлийн Хаан банкны картыг хулгайлж, улмаар уг картнаас нь 810.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч О.З “...Б.Э гэх залуугийн хамтаар ажил үүрэг гүйцэтгэж байгаа ба 14 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “CU” дэлгүүрээр хамт орж үйлчлүүлээд гарч ирсэн. Орой ажлын цаг тарж, буугаад гэртээ харих гээд явж байтал миний данснаас 810.000 төгрөг уншуулсан. ...манай эхнэр аваагүй гэхээр нь өөрийн Хаан банкны виза картаа үзтэл миний карт байхгүй болсон байхаар нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. ...” /хх 8/,
шүүгдэгч Б.Эий яллагдагчаар өгсөн “...Би О.З ахын картыг аваад халаасандаа хийчихсэн. Би О.З ахын картны дугаарыг нь мэддэг байсан. О.З ахаас салж яваад Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ТБД андуудын Хаан банкны АТМ-ээс О.З ахын картнаас 810.000 төгрөгийг бэлнээр гаргуулж авсан...” /хх 31/ тус тус мэдүүлгүүд,
камерын бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэл /хх 14-17/, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 23-24/, хохирогч О.Зын Хаан банкны 5005374872 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 26/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Эийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Эий хохирогч О.Зын Хаан банкны картыг түүнд мэдэгдэхгүйгээр авч, улмаар АТМ ашиглан картнаас нь 810.000 төгрөг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү, эсхүл хорих ялын доод хэмжээ болох 6 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүх хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой зөв дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь /ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх/ шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) шинжтэй хэм хэмжээг хэрэглэх эсэхээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүх эрх хэмжээний асуудал болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ял оногдуулдаг бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн гурван төрлийн ялаас анхан шатны шүүх хорих ялыг сонгож, 6 сараас 5 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээнээс 1 жилийг шүүгдэгчид оногдуулсан нь түүний гэм буруугийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Эий шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 49 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эий өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эий шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 49 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР