Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/00369

 

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/00369

 

С.Туяа, С.Жаргалмаа нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2017/03808 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Туяа, С.Жаргалмаа нарын нэхэмжлэлтэй хариуцагч С.Алтанцэцэгт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 273 328 920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Туяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Амарбаясгалан, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Заантогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч бид тус бүр 10 000 ам.долларыг нийлүүлэн нийт 20 000 ам.долларыг С.Алтанцэцэгт 2004 оны 7 сарын 24-ний өдөр 3 хувийн хүүтэй зээлдүүлж, түүнтэй С.Туяа зээлийн гэрээ байгуулсан. Зээл авснаас хойш үндсэн зээл, зээлийн хүүг огт төлөөгүй. Зээлийн 2004 оны 7 сарын 24-ний өдрөөс 2017 оны 6 сарын 24-ний өдөр хүртэл 155 сараар тооцож нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэл гаргах өдрийн ханш буюу 2 418 төгрөгийн ханшаар хөрвүүлж 273 328 920 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Алтанцэцэгийн гэр бүлийн хүн болох Г.Ганболд нь өөрийн мал бэлтгэлийн бизнест зориулан нийт 20 000 ам.долларыг ам тохиролцоогоор зээлж авсан байна. 2002 онд зээлж авсан 20 000 ам.долларын зээлийн хүү гэж 2003 оны 6 сарын 24-ний өдөр 4 680 ам.доллар, 2004 оны 7 сарын 22-ны өдөр 7 800 ам.доллар, 2005 оны 10 сарын 12-ны өдөр 2 450 ам.доллар, нийт 1 4930 ам.доллартой тэнцэх төгрөгийг зээлдэгч нарт буцаан өгсөн. Мөн 500 000 төгрөгийн үнэлгээ бүхий машины чиргүүл нэмж өгсөн байна. 2004 оны 7 сарын 24-ний өдөр зээлийн хүү төлөх тухай бичгээр зээлийн гэрээг нөхөн бичиж Г.Ганболдоор гарын үсэг зуруулсан байна. Мөн С.Алтанцэцэгээр дараа нь нөхөн гарын үсэг зуруулсан байна. Г.Ганболд нь 2010 онд нас барсан. С.Алтанцэцэг нь 2017 оны 9 дүгээр сард хувь тэнцүүлсэн хэмжээгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. С.Алтанцэцэгээр гарын үсэг зуруулсан баримтыг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд гэрч нь ирээд асуудал үүсгэсэн тул тэр бичгийг бичиж өгсөн гэж тайлбарладаг. Зээлээ буцааж өгөх хугацааны талаар баримт дээр заагаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч С.Алтанцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 273 328 920 төгрөг гаргуулах тухай С.Туяа, С.Жаргалмаа нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 542 594,60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүх зээлийн харилцаа нь Г.Ганболд болон С.Туяа нарын хооронд үүссэн гэж үзсэн нь илэрхий алдаатай дүгнэлт юм. С.Туяа нь Г.Ганболдтой гэрээ байгуулаагүй. Хэрвээ С.Алтанцэцэг нь зээлийн гэрээг Г.Ганболдыг төлөөлөн байгуулсан юм бол Г.Ганболдоос олгогдсон итгэмжлэл байх ёстой. Гэвч хэрэгт тийн нотлох баримт байхгүй. Анх байгуулсан зээлийн гэрээнд С.Алтанцэцэг нь нөхөр Г.Ганболддоо зээл авч өгч байгаа учраас түүний нэрийг оруулсан байдаг. Гэхдээ нэрийг нь оруулж бичээд гэрээ байгуулахаар гарын үсэг зураагүй этгээдэд үүрэг үүсээд байдаг бол бичгээр зээлийн гэрээ хийх, гэрээний харилцааг зохицуулсан хууль ч байх шаардлагагүй. Зээлдэгч С.Алтанцэцэг нь нэхэмжлэгчээс мөнгө зээлж, өөрөө хариуцахаа илэрхийлж, ямар ч маргаан гаргахгүй гэж гарын үсэг зурсан баримт байсаар байхад зээл авч, зээлийг эргэн төлөх үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч С.Туяа би эгч С.Жаргалмаагаас мөнгийг нь өөрөө авч С.Алтанцэцэгт зээлдүүлсэн тул нэхэмжлэлд нэрийг нь оруулсан. Гэхдээ зээлийн харилцаа С.Туяа болон С.Алтанцэцэг нарын хооронд үүссэн учраас нэхэмжлэл гаргах эрхтэй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн зээл 48 376 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Туяа, С.Жаргалмаа нар нь хариуцагч С.Алтанцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 113 000 ам.доллар буюу 273 328 920 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан Г.Ганболд нь 2004 оны 07 дугаар сарын 24-ний өдөр С.Туяа, С.Жаргалмаа нараас тус бүр 10 000 ам.доллар буюу нийт 20 000 ам.долларыг сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан. Хүүг сар бүр тооцож, зээлсэн мөнгөө хугацаанд өгч барагдуулна гэсэн агуулга бүхий бичгийн баримтад хариуцагч С.Алтанцэцэг гарын үсэг зурсан, хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан дээрх агуулга бүхий бичгийн баримтад Г.Ганболд нь гарын үсэг зурсан зэргээс үзэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ зохигчдын хооронд хийгдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Нөгөө талаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг ба шүүхэд уг үүргийн талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог.

Дээрх гэрээний агуулгаас үзэхэд талууд үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...зээлийн гэрээ байгуулснаас хойш өгнө гэсээр өнөөдрийг хүрч байна.. гэж тайлбарласан /хх-ийн 1/ тул зээлдэгчийг үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэх талаар зохицуулжээ.

Гэрээний хугацаа дээрх байдлаар дууссан 2004 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч 13 жил орчим хугацаа өнгөрсөн тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүргийн биелэлттэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хугацаа өнгөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Зээлдүүлэгч С.Туяа, С.Жаргалмаа нар нь дээрх зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч Г.Ганболд болон гэрээнд гарын үсэг зурсан С.Алтанцэцэг нараас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацаанд шаардаж байсан, уг хугацаа тасалдсан, түр зогссон гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэгч нар нь дээрх зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй.

Хариуцагч С.Алтанцэцэг зээлийн гэрээний оролцогч биш байхаас гадна баталгаа гэсэн баримтад тусгасан үнийн дүн нь эргэлзээтэй байх тул түүнийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар үүргийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2017/03808 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 399 840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Н.БАТЗОРИГ