Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 614

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Д.Ууганцэцэг, шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газраас Х овогт Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 01331 0407 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Г.Г, Монгол Улсын иргэн, .................................... регистрийн дугаартай урьд:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 212 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүгчийн захирамжаар 1 жил 1 сар 23 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 540,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч Г.Г нь 2017 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 9 дүгээр гудамжны задгай тоотод хамтран амьдрагч Б.Б-ыг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Х овогт Г.Г нь 2017 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 9 дүгээр гудамжны задгай тоотод “...гэр орондоо ирсэнгүй...” гэж хэлснийх нь төлөө хамтран амьдрагч, 6 сартай жирэмсэн Б.Баттуулыг зодож, түүний бие махбодод “баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун нүдний доод зовхи, хүзүү, баруун мөр, бугалгад цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Г нь шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, хэргийн үйл баримт, зүйл анги, учирсан хохирлын талаар маргаан байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...”

2. Хохирогч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байхаа, хамран амьдрагч Г бид хоёр гэр бүлийн асуудлаас болж маргалдсан бөгөөд маргалдаж байгаад Г гараад явчихсан. ...Түүнээс хойш 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ирээгүй. Би 2018 оны 8 дугаар сарын 22-ны шөнө 23 цаг өнгөрч байхад Г-ын ээж Ч-ийн гэрт очсон чинь Г ээжийнхээ гэрт орон дээр хэвтэж байсан бөгөөд би Г-д “чи яагаад гэр орондоо ирэхгүй байгаа юм” гэж хэлээд маргаан болсон. Маргалдаж байтал Г үснээс зулгаасан, бас миний нүүр лүү гараараа нэгээс хоёр удаа цохьсон бөгөөд баруун чих рүү нэг удаа алгадсан ... түүнээс хойш чих шуугидаг болчихоод байгаа юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-22 дугаар хуудас),

4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10833 дугаартай “...Б.Б-ын баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун нүдний доод зовхи, хүзүү, баруун мөр, бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 29 дүгээр хуудас),

5. Шүүгдэгч Г.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 56 дугаар хуудас),

6. Шүүгдэгч Г.Г- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шалгах хуудас (хх-ийн 57 дугаар хуудас),

7. Шүүгдэгч Г.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны  8 дугаар сарын 21-ний өдөр намайг бусадтай хардаад хэрүүл хийгээд гэрээс зүйл гэхээр нь би гэрээс гараад явчихсан юм. ...2017 оны 8 дугаар сарын 22-ны орой би аавынхаа гэрт унтаж байтал манай хамтран амьдрагч Б манай аавын гэрт согтуу орж ирээд надад “чи яахаараа утсаа авдаггүй юм бэ” гэж хэлээд намайг цүнхээрээ цохиод, элдэв янзаар хараагаад байсан. Манай ээж Ч босож ирээд “болиоч” гэж хэлсэн. Б ээжийн бурхан тахилыг нураачихсан. Тэгэхээр нь би Б-ын гарыг мушигаад нүүр лүү нь гараараа нэгээс хоёр удаа алгадсан байх, би сайн санахгүй байна. ...2017 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баттуул 5-6 сартай жирэмсэн байсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 97-100 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хөнгөн зэргийн гэмтлийг өөртөө багтаахын сацуу түүнээс үүдэх эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг агуулсан өргөн агуулгатай юм. Өөрөөр хэлбэл, хөнгөн хохирол, хөнгөн гэмтэл хоёрын хооронд агуулгын зөрүү байхгүй.

Хохирогч Б.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Г-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Б-ын биед гэмтэл учруулж хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно. 

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Г.Г нь хэргийн үйл баримт, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, мэтгэлцээгүй бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүх шүүгдэгч Г.Г-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

Шүүх шүүгдэгч Г.Г-ыг гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд ялтныг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Х овогт Г.Г-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Г-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА