Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/00002

 

 

ХХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/02313 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХХХ ХХК-ийн хариуцагч ххх ОНӨААТҮГ, ххх газар нарт холбогдуулан гаргасан барьцаа мөнгө болох 7 341 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХ ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар Төмөр зам дагуух орон сууц, гэр хороололд амьдрагсдад зориулж дуу тусгаарлагч хана хийх зураг төслийн ажлыг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 000 тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн. Уг ажлын эхний тайланг 2014 оны 3 дугаар сарын 05-нд хүлээлгэн өгч 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр эхний санхүүжилт болох 28,631,850 төгрөгийг хүлээн авсан бөгөөд зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт ажлын зураг, төсөв хавсралтуудыг СД файлын хамт 2014 оны 6 дугаар сарын 05-нд хүлээлгэн өгч үлдэгдэл санхүүжилт болох 36 630 415 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан болно. Гэтэл 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 000 тоот гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу захиалагч болох Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь барьцаа болгон өөртөө үлдээсэн 7 341 500 төгрөгийг буцаан өгөхгүй байна. Манай компани нь зураг төслийн ажлыг хүлээлгэн өгч гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлсэн байхад захиалагч гэрээний үүргээ биелүүлээгүй, барьцаа хөрөнгийг буцаан өгөөгүй тул шүүхэд хандаж байна. Иймд бид маргааны эв зүйгээр шийдвэрлэхээр удаа дараа шаардаж, албан бичиг хүргүүлж байсан боловч гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгийг буцаан олгохгүй байгаа тул гэрээний дагүу барьцаа хөрөнгө болох 7 341 500 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ххх ОНӨААТҮГ-ын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХ ХХК нь ххх ОНӨААТҮГ-т холбогдуулан нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудад захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 000 дүгээр Худалдан авах ажиллагааг зохион байгуулах тухай захирамж, 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/747 дугаар Үнэлгээний хороо байгуулах тухай захирамжийг тус тус үндэслэн ХХХ ХХК-тай Төмөр зам дагуух орон сууц, гэр хороололд амьдрагсдад зориулж дуу тусгаарлагч хийх ажлын зураг, төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Нэхэмжлэлд дурдсан төсөл арга хэмжээ нь нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжсэн бөгөөд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн оролцох эрх, үүргийнхээ хүрээнд ажлын явцад хяналт тавьж, гүйцэтгэлийг баталгаажуулан ажиллах чиг үүргийг хэрэгжүүлсэн. Нэхэмжлэгч Цэц-Аптай ХХК-ийн зургийн дагуу хийгдсэн барилга, байгууламжийн угсралтын ажил хийгдэж улсан комисс ажилласан акт өнөөдрийг хүртэл хийгдээгүй. ХХХ газраас 2008-2015 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын хугацаа дууссан барьцаа хөрөнгүүдийг Төрийн сан дахь төсвийн орлогод төвлөрүүлэх 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дугаар 000 актын гарсан. Актын 2008-2015 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын хугацаа дууссан барьцаа хөрөнгийн 2 007 875 154 төгрөгийг төвлөрүүлсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ххх газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны санхүүгийн тайлангийн аудитаар ххх ОНӨААТҮГ-т 2008-2014 хооронд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлд заасан барьцааны хугацаа дууссан, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд буцаан олгоогүй барьцаа дансанд байршуулсан нийт 2 007 875 154 төгрөгийн төлбөрийн актыг тогтоосон нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.4 үнэн зөв байх Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д Энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ заалтуудыг зөрчсөн тул орон нутгийн төсвийн орлого болгож Төрийн сан дахь төсвийн орлогын 000 тоот дансанд төвлөрүүлсэн болно. Иймд Төрийн аудитын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д Монгол Улсын Ерөнхий аудитор, төрийн аудитын байгууллагын бусад албан хаагчийг албан үүргийнхээ дагуу гаргасан аудитын тайлан, дүгнэлт болон гүйцэтгэж байгаа аудитын талаар өөрийг нь холбогдуулан эрүүгийн, зөрчлийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж үл болно заалтыг үндэслэн нэхэмжлэлийн хариуцагчаар татсан ххх газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасныг баримтлан ххх ОНӨААТҮГ-аас барьцаа 7 341 500 төгрөгийг гаргуулан ХХХ ХХК-д олгож, ххх газарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ххх ОНӨААТҮГ-аас 132 414 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн херөнгө оруулалтын газар нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудал захиалагчийн хяналтыг хэрэгжууллэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. Нэхэмжлэлд дурдсан төсөл арга хэмжэз нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжсэн бөгөөд НХОГ нь захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн оролцох эрх, үүргийнхээхүрээнд ажпын явцад хяналттавьж, гүйцэтгэлийг баталгаажуулан ажиллах чиг үүргийг хэрэгжүүлсэн. ХХХ газраас 2008-2015 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын хугацаа дууссан барьцаа херөнгүүдийг Төрийн сан дахь төсвийн орлогод төвлөрүүлэх 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дугаар 000 актын гарсан. Актын 2008-2015 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын хугацаа дууссан барьцаа хөрөнгийн 2 007 875 154 төгрөгийг төвлөрүүлсэн ба үүнд нэхэмжпэгч Цэц-Аптай ХХК-ийн барьцаа хөрөнгө багтсан болно. Шүүх дээрх маргаан бүхий нэхэмжлэлийг шийдвзрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж чадаагүй буюу хэрзглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнзлж чадаагүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлзлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ХХХ ХХК нь хариуцагч ххх ОНӨААТҮГ, ххх газарт холбогдуулан барьцаа мөнгөнд үлдээсэн 7 341 500 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

ХХХ ХХК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төмөр зам дагуух орон сууц, гэр хороололд амьдрагсдад зориулж дуу тусгаарлагч хийх ажлын зураг, төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ-ний гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь төмөр зам дагуух орон сууц, гэр хороололд амьдрагсдад зориулж дуу тусгаарлагч хийх ажлын зураг, төсөл боловсруулах ажлыг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тооцож хуанлийн 90 хоногт буюу 2014 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч нь 73 415 000 төгрөгийн ажлын хөлс төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан худгийн ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй байна. /хх6-7/

 

Дээрх гэрээний талаар гаргасан хүсэл зоригийн илэрхийлэл талуудын хэн аль нь хүлээн авсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

 

ХХХ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ажил хүлээлцэх акт үйлдэж Төмөр зам дагуух орон сууц, гэр хороолод амьдрагсдад зориулж дуу тусгаарлагч хана хийх зураг төслийг боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын зураг төслийг захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 72 дугаар тал дах ажил хүлээлцсэн акт болон талуудын тайлбар зэрэг баримтаар тус тус тогтоогджээ.

 

Хэргийн 47 дугаар талд авагдсан ХХХ газрын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 01/73 дугаар 000 ажлын хавсралт, 2008-2015 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын хугацаа дууссан барьцаа хөрөнгийн жагсаалтад 2013 оны 52400 тоот дансны дүнгийн 289-т Төмөр зам дагуух орон сууц, гэр хороололд амьдрагсдад зориулж дуу тусгаарлагч хийх ажлын зураг төсөв 74 000 000 төгрөгөөс нэхэмжлэгчид нийт гүйцэтгэл буюу олгосон санхүүжилт 73 415 000 төгрөг бөгөөд дансанд 7 341 500 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцөлийн 6.4-д зөвлөх үйлчилгээний ажлын чанарын баталгаат хугацааг тухайн зураг төсвийн дагуу хийгдсэн барилга, байгууламжийн угсралтын ажил хийгдэж улсын комисс ажилласан актыг үндэслэн барьцаа хөрөнгийг зөвлөхөд буцаан олгоно гэж тохиролцжээ.

 

Хариуцагч байгууллагын ХХХ газраас 2008-2015 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын хугацаа дууссан барьцаа хөрөнгүүдийг Төрийн сан дах төсвийн орлогод төвлөрүүүлэх 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 01/73000 акт гарсан уг актаар 2008-2015 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын хугацаа дууссан тул барьцаа хөрөнгийн 2 007 875 154 төгрөгийг төвлөрүүлсэн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. Учир нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөс 10 хувийг хариуцагч байгууллага ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгч акт үйлдсэнээр өгөхөөр тохиролцож суутгасан атлаа гэрээгээр тохиролцсон ажлын гүйцэтгэлийг актаар хүлээн авсны дараа тогтоосон хугацаанд буцаан олгоогүй нь ажлын хөлсний уг хэсэгт төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Талууд гэрээгээр ажлын хөлсний 10 хувийг авч үлдэхдээ тухайн зураг төсвийн дагуу хийгдсэн барилга байгууламжийн угсралтын ажил хийгдэж улсын комисс ажилласан актыг үндэслэн буцаан олгохоор тохиролцсон, уг ажлыг нэхэмжлэгч тал хариуцагч байгууллагад хүлээлгэн өгсөн тул хариуцагч ххх ОНӨААТҮГ-аас ажлын хөлсний үлдэгдэл 7 341 500 төгрөгийг нэхэмжлэгч ХХХ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр шийдлийн хувьд зөв боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг дараах байдлаар зөвтгөх боломжтой.

 

Талуудын гэрээгээр суутгагдсан уг мөнгөн хөрөнгө нь барьцаа хөрөнгө гэж нэрлэгдсэн боловч ажлын хөлсний нэг хэсэг байх тул энэхүү ажлын хөлсний 10 хувийг авч үлдсэнийг барьцаа гэж үзэхгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь буруу байгааг шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...ХХХ газраас 2008-2015 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын хугацаа дууссан барьцаа хөрөнгүүдийг Төрийн сан дахь төсвийн орлогод төвлөрүүлэх акт гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/02313 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний 160 дугаар зүйлийн 160.3 гэснийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ