Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 737

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч Э.Гэрэлмаа,

хохирогч Ц.Оюунцэцэг,

шүүгдэгч С.О/өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт С.О-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0203 30446 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт С.О, 1963 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 54 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, 2 хүүхэд, 1 зээгийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Булгачны 14-207 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

-Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн газрын анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 852 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, /РД:ЦИ63112608/,

Шүүгдэгч С.О нь 2017 оны 6 дугаар сард өөрийн хүүг Баянзүрх дүүргийн газрын албанд ажилладаг гэж хуурч мэхлэн иргэн Ц.Оюунцэцэгт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, эмийн ургамал гэх газарт 3 айлын газар, иргэн Э.Уянгад усан сан гэх газарт төв зам дагуу 2 айлын газар зарна гэж 6.200.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч С.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнөх хэрэг дээрээ би нэг хүнээс мөнгө авсан байсан. Нөгөө хүн маань мөн өөр хүмүүсээс мөнгө авсан байсан учраас хүнээс зээлсэн мөнгөө өгөхийн тулд 6 сард 6.500.000 төгрөг надад хэрэг болсон. Тухайн мөнгийг 07 дугаар сарын 01-ний дотор өгөх ёстой байсан. Тухайн үед би Ц.Оюунцэцэгийн хашаанд хүүхдүүдтэйгээ очсон. Уг нь би эмийн ургамлын газрыг зарна гэсэн ойлголттой байсан учраас Уянгаас мөнгө авч нөгөө хүндээ өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.

Хохирогч Ц.Оюунцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2017 оны 5 сарын сүүлээр би охиндоо Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран хороололд байрлах хоосон хашаандаа хүмүүс хашааны мод аваад байхаар нь 1 сарын 10.000 төгрөгөөр айл буулгая гэсэн зар тавиулсан. Тэгтэл О охин Өнөржаргал мөн зар тавьсан байсан. Би энэ хүмүүстэй өөрөө бол яриагүй. Манай нөхөр лүү энэ хүмүүс яриад танайх газраа заагаад өгөөч хашаанд чинь бууя гэж ярьсан байсан. Тэгээд 4-5 хоногийн дараа хашаанд чинь бууж байна гэж ярихаар нь би очсон. Тэр үед О хоёр хүүтэйгээ ирсэн байж байсан. Тухайн үед би банз ачиж ирээд цуг хашаа барилцъя хоол унд хийгээрэй гээд энэ хүнд 40.000 төгрөг өгсөн. Энэ хүнийг ерөөсөө худлаа, үнэн ярьдаг гэдгийг мэдээгүй. Хохирлоо авах хүсэлтэй байна” гэв.

Хохирогч Ц.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр О гэх хүүхэнтэй танилцсан. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо 1-6 тоот хашаандаа зар өгч айл буулгасан. О 2 хүү, бэр, ач нартайгаа ирж буусан. Тэр үеэс эхлэн О өөрийнхөө хүүхдийг Баянзүрх дүүрэгт газрын албанд ажилладаг гэж хэлсэн. О гэх хүүхэнд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамал гэх газарт 3-н айлын газар худалдаж авахаар 2.700.000 төгрөг өгч залилуулсан. Хаан банкны Оын Мягмар гэх дансаар шилжүүлсэн 400.000 төгрөгийг авсан одоо үлдэгдэл 2.300.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг. /хх8-9, 39/,

Хохирогч Э.Уянга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр танилцсан эгч Ц.Оюунцэцэгийн хашаанд хүүхдийн хамт ирж буусан байсан. О өөрийнхөө хүүхдийг Баянзүрх дүүрэгт газрын албанд ажилладаг гэж хэлээд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Усан санд төв зам дагуу 2 айлын газар зарна гэж Оюунцэцэг эгчид хэлсэн байсан. Би худалдаж авахаар 3.500.000 төгрөг О хаан банкны дансаар 454.000 төгрөгийг хийгээд бусдыг бэлнээр өгсөн. 260.000 төгрөгийг авсан ба одоо 3.240.000 төгрөгийн үлдэгдэлтэй. Үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /хх10-11/,

Яллагдагч С.О мэдүүлэхдээ: “...би Оюунцэцэгт газрын албанд танил байгаа Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо эмийн ургамалд 3-н айлын газар авч өгий гэж худлаа хэлж залилаад 2.700.000 төгрөгийг охин Мягмарын картыг ашиглаж Хаан банкны дансаар нь авсан...Мөн Оюунцэцэгийн дүү Уянгаас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Усан санд төв зам дагуу 2 айлын газар авч өгнө гэж худал хэлээд 3.500.000 төгрөгийг авсан. Мөн бэлэн 150.000 төгрөгийг газрын гэрчилгээ одоо гарах гэж байна гээд авсан...” гэх мэдүүлэг. /хх12-13/,

Хохирогч Ц.Оюунцэцэгийн мэдүүлэг /хх8-9, 39/, хохирогч Ж.Уянгын мэдүүлэг /хх10-11, 38/, гэрч Ө.Өнөржаргалын мэдүүлэг /хх14-15/, гэрч О.Мягмарын мэдүүлэг /хх16-17/, яллагдагч С.О-н мэдүүлэг /хх12-13, 36-37/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч С.О нь 2017 оны 6 дугаар сард өөрийн хүүг Баянзүрх дүүргийн газрын албанд ажилладаг гэж хуурч мэхлэн иргэн Ц.Оюунцэцэгт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, эмийн ургамал гэх газарт 3 айлын газар, иргэн Э.Уянгад усан сан гэх газарт төв зам дагуу 2 айлын газар зарна гэж 6.200.000 төгрөгийг залилсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

  1. Шүүгдэгч С.О-н гэм буруугийн талаар:

Улсын яллагч Э.Гэрэлмаа нь шүүгдэгч С.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэм буруутай болохыг нотолсон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргасан ба шүүгдэгч С.О нь гэм бурууд маргахгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн болно.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааний явцад цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтаар шүүгдэгч С.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж шийдвэрлэв.

  1. Хохирлын талаар:

Шүүгдэгч С.О нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй байх тул түүнээс нийт 5.540.000 төгрөгийг гаргуулж үүнээс хохирогч Ц.Оюунцэцэгт 2.300.000 төгрөг, Э.Уянгад 3.240.000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч шүүгдэгч С.О-г бусдыг хуурч мэхлэн залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул хуульд заасан ял шийтгэх нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасны дагуу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3-т зааснаар шийдвэрлэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай талаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал гаргасан болно.

Шүүх шүүгдэгч С.О-т эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Бөөдийчүүд овогт С.О-г бусдыг хуурч мэхлэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар С.О-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 852 дугаар шийтгэх тогтоолоор С.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, С.О-н бүгд биечлэн эдлэх хорих ялыг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.О-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.О-н урьд цагдан хоригдсон 187 /нэг зуун наян долоо/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.О-аас нийт 5.540.000 төгрөгийг гаргуулж, үүнээс 2.300.000 төгрөгийг хохирогч Ц.Оюунцэцэгт, 3.240.000 төгрөгийг хохирогч Э.Уянгад тус тус олгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.О-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР