Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2017/0695/З |
Дугаар | 221/МА2018/0230 |
Огноо | 2018-04-12 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2018/0230
2018 оны 04 сарын 12 өдөр | Дугаар 221/МА2018/0230 | Улаанбаатар хот |
Б.Ө-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.П, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0124 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Ө-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0124 дүгээр шийдвэрээр: “...Газрын тухай хууль /1994 оны/-ийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, Газрын тухай хууль /2002 оны/-ийн 2 дугаар зүйлийн 2.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.4, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ө-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжийн Х.Ц-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Б.Ө нь энэхүү маргаантай асуудлыг шийдвэрлүүлэхээр дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба тус шүүх хэргийг шийдвэр гаргаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг гуравдагч этгээдээс хавтаст хэрэгт хавсаргах тухай хүсэлт гаргаж шүүх түүнийг хангасан боловч нэхэмжлэгч талын шүүхийн шийдвэр биш захирамж гарган өгсөн байхад түүнийг нотлох баримтад тооцсон нь өөрийн гаргасан захирамжийн агуулгыг шүүх өөрөө зөрчсөн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргаан бүхий уг газрын 2001 онд дүүргийн Засаг даргын 361 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн мэтээр дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үндэслэсэн, уг газрыг 2001 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн гэх боловч уг захирамжийг холбогдох байгууллагаас гаргуулан авахад газар эзэмшүүлэх тухай үг үсэг байхгүй, 2005 онд маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг дарга өмчлүүлсэн нь хуурамч захирамжаар өмчлүүлсэн тухай гуравдагч этгээдийн төлөөлөгчийн тайлбарыг сонсоогүй зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэсэн. Мөн маргаан бүхий уг газар нь нэгж талбарын дугаарын сүүлийн 4 орон нь өөр өөр байхад нотлох баримтыг үндэслээгүй, хэргийн оролцогчийн аман тайлбараар хэрэгт авагдаагүй зүйлээр хууль буруу хэрэглэн нэгж талбарын дугаарын сүүлийн 4 дугаар өөр байгаа нь хэрэгт хамааралгүй зүйл мэтээр дүгнэсэн байна.
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1/2302 дугаартай албан бичиг болон хавсралтад нэгж талбарын дугаарыг хэрхэн хэзээ ямар шалтгаанаар өөрчилсөн тухай дурдаагүй, энэ тухай ямар нэгэн тайлбар гаргаагүй байхад шүүх өөрт хамааралгүй асуудлыг дүгнэн гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Маргаан бүхий уг газарт гуравдагч этгээд 2009 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө барьсан ба тухайн үед нэхэмжлэгч нь өөрийн эрх хязгаарлагдсан тухай мэдсэнээс хойш гомдол гаргах хугацаандаа шүүхэд хандсан гэж үзэн тайлбарласан нь эргэлзээтэй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0124 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай зарим нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Ө Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаартай захирамжийн иргэн Х.Ц-д газар эзэмшүүлсэн хэсгийг болон газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...Ц.Ц-д хууль ёсоор 2005 онд өмчлүүлсэн газар дээр иргэн Х.Ц-д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гарч давхардуулан гэрчилгээ олгосон” гэж, хариуцагчаас “...газрын кадастрын мэдээллийн санд одоогийн байдлаар 12 дугаар хороо, Чулуутын АОС гудамжны 8 тоот 520 м.кв газар нь иргэн Б.Ө-ийн нэрээр бүртгэлтэй байна. Иргэний хүсэлтийн дагуу дүүргийн Засаг дарга нь газар эзэмшүүлсэн” гэж, гуравдагч этгээдээс “...Одоогийн бодит байдалд бидний газар ямар нэгэн давхцал байхгүй” гэж тус тус тайлбарлан маргасан байна.
Нийслэлийн Засаг даргын 2005 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр захирамжаар иргэн Ц.Цэрэндоржид Баянзүрх дүүргийн Чулуут АОС 2-5 тоот хаягт байрлах 590,38 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн бөгөөд Ц.Цэрэндорж нь 2008 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан тул 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн өвлөх эрхийн 002 дугаар гэрчилгээгээр уг газрыг Ц.Батбаярт өвлүүлж, 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000259743 дугаар гэрчилгээг олгожээ.
Нэхэмжлэгч Б.Ө болон Ц.Батбаяр нар 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Газар худалдах, худалдан авах” тухай гэрээг байгуулсан бөгөөд 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 259790 дүгээр гэрчилгээгээр Б.Ө-д Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут амины орон сууц гудамж, 8 тоот хаягт байршилтай нэгж талбарын 18647310794352 дугаартай 520 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлснийг бүртгэсэн байна.
Захиргааны хэргийн шүүх нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэдэг бөгөөд нэхэмжлэгч нь Ц.Цэрэндоржийн 2005 онд өмчилж авсан газрыг худалдан авсан, газар өмчлөх эрх гуравдагч этгээдээс түрүүлж үүссэн гэх боловч Ц.Цэрэндоржид 2005 онд өмчлүүлсэн нэгж талбарын 18647310792327 дугаартай газар нь Б.Ө-д өмчлүүлсэн нэгж талбарын 18647310794352 дугаартай газар нэг газар болох нь хангалттай баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл Ц.Цэрэндоржид 2005 онд өмчлүүлсэн газар нь одоогийн Б.Ө-ийн газар мөн гэдгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас тодруулж тогтоогоогүй, нэгж талбарын дугаар, заагийн цэгүүд зөрүүтэй, мөн эдгээр 2 кадастрын зургаар газрын байршил өөр байгааг анхаараагүй байхын зэрэгцээ Ц.Цэрэндорж /хавтаст хэргийн 35, 52 дугаар хуудас, зүүн урд байрлалтай/, Б.Ө /хавтаст хэргийн 93-100, 107 дугаар хуудас зүүн хойно байрлалтай/ нарт өмчлүүлсэн нэгж талбарын дугаартай кадастрын зураг газрын мэдээллийн санд хэзээ бүртгэгдсэн болон байршлын хувьд нэг газрыг шилжүүлж авсан эсэх талаар баримт авагдаагүй байхад шүүхээс гуравдагч этгээд Х.Ц-д тус дүүргийн Чулуут-Овоот АОС 7-8 тоот хаягт байршилтай 497 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй юм.
Мөн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 65 дугаар тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...маргаан бүхий газарт 2007 онд гуравдагч этгээд, нэхэмжлэгч 2010 онд байшин барьсан бөгөөд ...тухайн үед нэхэмжлэгч гуравдагч этгээдтэй мөнгөө хувааж төлөөд газраа худалдаж авъя гэхэд дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлсэн захирамжтай гээд татгалзсан” гэх тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч Б.Ө маргаан бүхий актыг хэзээ мэдсэн, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх талаар холбогдох баримтыг цуглуулж, дүгнэлт хийх шаардлагатай.
Б.Ө Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаартай захирамжийн иргэн Х.Ц-д газар эзэмшүүлэхтэй холбогдох хэсэг болон газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гаргасныг анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн буюу 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр /ням гарагт/ “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжийн Х.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Чулуут” амины орон сууцны 8 тоот хаягт байрлах газрын өмчлөх эрхийг баталгаажуулах” тухай нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0124 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт “...дүүргийн Засаг даргын маргаан бүхий 276 дугаар захирамжийн Х.Ц-д холбогдох хэсэг хууль бус байх тул уг захирамжийн Х.Ц-д холбогдох хэсэг болон газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзсэн атлаа уг шийдвэрийн тогтоох хэсэгт “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 276 дугаар захирамжийн Х.Ц-д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бичгээр өөрчилж, тодруулаагүй байхад анхан шатны шүүх дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг зөрүүтэйгээр бичиж, шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээрх ажиллагаа хийгдээгүй байхад Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг хариуцагч зөрчиж, Х.Ц-гийн хүсэлт гарган эзэмшиж буй газар нь Ц.Цэрэндоржоос Ц.Батбаярт өвлүүлж, Б.Ө-д шилжүүлсэн газартай давхцалтай талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА