Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 20

 

“Ж-У” ХХК-ийн

нэхэмжлэлтэй,

Улсын бүртгэлийн ерөнхий газарт

холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

            Шүүгчид:                        Г.Банзрагч

                                                   Б.Мөнхтуяа

                                                   Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

            Нэхэмжлэлийн шаардлага: “З.Э-ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн Ү-220601779  дугаартай бүртгэл болон уг бүртгэлийг үндэслэн олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0418 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 545 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.О нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгч “Ж-У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0418 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5.4, 13.5.5, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ”Ж-У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, З.Э-ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн Ү-220601779 дугаартай бүртгэл болон уг бүртгэлийг үндэслэн олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус  хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 545 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0418 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн тухай хууль /2009 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2-т заасныг тус тус баримтлан “Ж-У” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан З.Э-ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн Ү-220601779 дугаартай бүртгэл болон уг бүртгэлийг үндэслэн олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3.  Нэхэмжлэгч “Ж-У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... уг магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, илт нэг талд ашигтайгаар нотлох баримтыг үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас магадлал “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” болж чадаагүй гэж үзэж байна.

4. Энэ хэргийн тухайд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан. Харин хариуцагч төрийн байгууллага, түүний удирдлагын зүгээс өмгөөлөгч авах хүсэлт гаргаагүй, угаасаа төрийн байгууллагад “өмгөөлөгчийн хөлс” гэж төсөв байдаггүй.

5. Иймд хариуцагчийг зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй гэж үзэж байгаа бөгөөд өмгөөлөгч гэх хүний гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх ёсгүй байсан. Өмгөөлөгч төлөөлөгчийн бүрэн эрх, төлөөлүүлж байгаа талын хүсэлтээр хязгаарлагдах ёстой. Нэгэнт өмгөөлөгч авах хүсэлт хариуцагч гаргаагүй, хариуцагч байгууллагатай байгуулсан гэрээ байхгүй нөхцөлд өмгөөлөгчийг “хариуцагчийн өмгөөлөгч” гэж үзэхгүй.

6. Итгэмжлэгдсэн төлөөлөгчид өмгөөлөгч авах эрх итгэмжлэлд тусгайлан зааж олгоогүй. Гэтэл шүүх давж заалдах гомдол гаргах эрхгүй этгээдийн гомдлыг хянаад улмаар зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн гэсэн магадлал бичигдсэн байгаа нь үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй харин ч хүлээн зөвшөөрч байсан. Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх “зөвхөн гомдолд дурдсан үндэслэл”-ээр хэргийг хянах ёстой. Гэтэл хэргийг бүхэлд нь хянаж үзсэн, давж заалдах гомдолд дурдаагүй үндэслэлээр хэргийг хянаж үзсэн байна. Хэн ч маргаагүй үйл баримтын тухайд дүгнэлт хийж, хэргийг шийдсэн. Өөрөөр хэлбэл талуудад “гэнэтийн бэлэг” барьсан шийдвэр гаргасан юм.

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгох үедээ хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын талаар огт дурдаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвхөн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан. Гэтэл бичигдсэн шийдвэр нь “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан” гэж бичигдсэн байна.

9. Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын чухам аль хэсэг нь хэрхэн хангагдаж байгааг одоо болтол ойлгохгүй байна. Хариуцагчийн өмгөөлөгч “хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн гомдол гаргасан болно.

10. Ийнхүү уншиж сонсгосон болон бичигдсэн магадлал 2 өөр байна шүү дээ. Үүнийг нотлох зорилгоор шүүх хуралдааны магадлалыг уншиж сонсгосон хэсгийн бичлэгийг гомдолд хавсарган өгөв. Бусад үндэслэлийг шүүх хуралдаанд тайлбарлах болно. Магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

12. Нэхэмжлэгч “Ж-У” ХХК-иас шүүхэд хандан “З.Э-ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн Ү-220601779  дугаартай бүртгэл болон уг бүртгэлийг үндэслэн олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... “Ж-У” ХХК-ийн хууль ёсоор ашиглаж байгаа газар дээр ...  хууль бусаар, ямар нэгэн зөвшөөрөл авалгүй, дур мэдэн өргөтгөл барьж, 17/10Б гэсэн хаягийг өөрөө зохиож, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан нь ... манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж маргасан, маргааны үйл баримтад холбогдох үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн талаар маргаагүй байна.

13. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зайсангийн аманд нэхэмжлэгч “Ж-У” ХХК-нд 2,0 га,  “К а т” ХХК-нд 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаатай ашиглуулахаар 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах” гэрчилгээ тус тус олгогдсон, эдгээр газрууд нь хил залгаа, уг хоёр компанийн нийт 3 га газар дээр “The Lights Residence” буюу Гэрэлт хотхон гэх амины орон сууцны хороолол баригдсан, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

14. Түүнчлэн, гуравдагч этгээд З.Э (З.М) нь нэхэмжлэгч “Ж-У” ХХК-иас уг хотхонд зэргэлдээ байршилтай, тус бүр нь 537.57 м.кв талбайтай, 2 тусдаа амины орон сууцыг 2014 онд худалдан авсан, уг 2 барилгын доорх газар нь анх 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 436 дугаар “улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах” гэрчилгээгээр “К а т” ХХК-нд ашиглуулахаар олгогдсон 1 га газрын хил хязгаарт багтаж байгаа нь хэрэгт авагдсан газрын кадастрын зургуудаар тогтоогдож байгаа, уг газар дээр баригдсан З.Э-ын өмчлөлийн барилга, түүнд хамаарах өмчлөх эрхийн асуудлаар, түүнчлэн, “газар ашиглах эрх зөрчигдсөн” гэх талаар “К а т” ХХК-иас аливаа байдлаар маргаагүй байна.

 15. З.Э нь 2014 онд худалдаж авсан хоёр тусдаа амины орон сууцны барилгыг нийлүүлэн өргөтгөж, 2016 онд 1584 м.кв талбайтай нэг барилгаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан, үүний дагуу маргаан бүхий бүртгэл хийгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-220601779  дугаар гэрчилгээ олгогдсон, үүний улмаас нэхэмжлэгч “Ж-У” ХХК-ийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргах, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “... захиргааны акт .../-ыг/ хүчингүй болгуулах ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн /талаар үндэслэл шаардах/”-аар, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт … хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох”-оор тус тус зааснаас үзвэл, З.Э-ын нэр дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн нь нэхэмжлэгч “Ж-У” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хөндсөн нь нотлох баримтаар тогтоогдох ёстой, түүнчлэн, уг бүртгэл, түүнийг үндэслэн олгосон Ү-220601779  дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг шүүх хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар  нэхэмжлэгч “Ж-У” ХХК-ийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь эргэж сэргэх үр дагавар үүсгэх учиртай.

17. Энэ тохиолдолд, З.Э-ын өмчлөлд, эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн 1584 м.кв талбайтай барилгын доорх газар нь “Ж-У” ХХК-ийн эзэмших, ашиглах эрхэд хамааралгүй, түүнчлэн, тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Ж-оос 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан, “... 2 ширхэг хаус худалдан авсан /З.Э/...нь өөрийн хөрөнгөөр өргөтгөл хийж дуусгасан тул ... өргөтгөлийн хэсгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө үү” гэх 16/049 дугаартай албан бичиг хүргүүлсэн нь хэрэгт авагдсан, уг баримт “хуурамч” болох нь эрх бүхий этгээдээс аливаа байдлаар тогтоогдоогүй байх тул “Ж-У” ХХК-ийн газар эзэмших, ашиглах эрх, эсхүл өөр бусад эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв, нэхэмжлэгчийн  “... хууль бусаар, ямар нэгэн зөвшөөрөл авалгүй, манай газар дээр дур мэдэн өргөтгөл барьсан” гэх тайлбар, үндэслэлийг хүлээж авахгүй.

18. Түүнчлэн, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Х.У-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд өөрөө давж заалдах гомдол гаргасан, түүнчлэн, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өмгөөлөгч Б.О-тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсны дагуу өмгөөлөгч Б.О мөн давж заалдах гомдол гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “... анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэснийг, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “...байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө”, 30 дугаар зүйлийн 30.1-д “хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно” гэснийг зөрчөөгүй байна.

19. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.У нь төлөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалах чиг үүргийн хүрээнд өөрөө хууль зүйн туслалцаа авах эрхтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй гэрээ байгуулан хууль зүйн туслалцаа авсан нь хууль болон нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ийн “… хариуцагчийг зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй гэж үзэж байгаа бөгөөд өмгөөлөгч гэх хүний гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх ёсгүй байсан, өмгөөлөгч төлөөлөгчийн бүрэн эрх, төлөөлүүлж байгаа талын хүсэлтээр хязгаарлагдах ёстой, нэгэнт өмгөөлөгч авах хүсэлт хариуцагч гаргаагүй, хариуцагч байгууллагатай байгуулсан гэрээ байхгүй нөхцөлд өмгөөлөгчийг “хариуцагчийн өмгөөлөгч” гэж үзэхгүй, ... шүүх давж заалдах гомдол гаргах эрхгүй этгээдийн гомдлыг хянаад улмаар зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээж авахгүй.

20. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “хөөн хэлэлцэх хугацаа”, “нэхэмжлэл гаргах эрх”, “нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол” зэргийг талууд маргасан эсэхээс үл хамааран шүүх заавал шалган тогтоох ёстой, эдгээр асуудлаарх анхан шатны шүүхийн буруу дүгнэлтийг давж заалдах шатны шүүх залруулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... давж заалдах гомдолд дурдаагүй үндэслэлээр хэргийг хянаж үзсэн” гэх гомдлыг мөн хүлээж авах боломжгүй байна.

21. Эдгээр үндэслэлээр, гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 545 дугаар магадлалыг хэвээр үлдээж нэхэмжлэгч “Ж-У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “Ж-У” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                   Д.МӨНХТУЯА