Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 835

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Я.Х*******

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2б/2861 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г*******, Л.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Х******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын тариалан сум дахь, Цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ядам овогтой Х******* миний бие цагдаагийн байгууллагад 1990 онд Улаанбаатар хотын АДХГ захиргааны цагдан сэргийлэх газрын сэргийлэн хамгаалах гарнизоны тусгай тасагт сэргийлэгчээр орж одоог хүртэл нийт 26 жил ажиллаж байгаа бөгөөд ар гэрийн гачигдлын улмаас 2005-2008 онд 2 жил, 4 сар, 2015-2016 онд 7 сар завсардаж одоогийн байдлаар 22 жил 5 сар үүнээс сэргийлэн хамгаалах гарнизоны тусгай тасаг, Эргүүл хамгаалалтын 801-р хороо, Эргүүл хамгаалалтын газар, Нийслэлийн хөдөлгөөнт Эргүүлийн газарт сэргийлэгч цагдаа, эргүүлийн цагдаа, эргүүлийн офицер, эргүүлийн хэв журмын ахлах байцаагчаар 16 жил гаруй ажилласан. Одоогийн байдлаар Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Тариалан сум дахь цагдаагийн хэсгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд нойр булчирхай элэг цөс хавсарсан остры панкратит оноштой өвчний улмаас биеийн байдал эрс муудаж урт удаан хугацааны эмчилгээ шаардлагатай болсны улмаас цаашид цагдаагийн байгууллагад ажиллах боломжгүй болсон тул Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын газрын 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 13/375 тоот албан бичиг бүхий лавлагаагаар ажилласан жилээ тогтоолгож цэргийн байнгын тэтгэвэрт гарах хүсэлтээ Цагдаагийн Ерөнхий газарт тавьсан боловч Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсээс цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хугацааг хангахгүй байна гэсэн үндэслэлээр уг хүсэлтийг минь хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлээгүйд харамсаж байна. Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэг “Цагдаагийн алба хаагчийн албадан саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон эргүүл, харуул, жижүүрээр ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тооцно” гэсэн заалт байдаг. Тэгэхээр энэ хуулийн дагуу сэргийлэгч цагдаа, эргүүлийн цагдаа, эргүүлийн офицер, хэв журмын ахлах байцаагчаар ажиллаж байсан 16 жилийг Цагдаагийн ерөнхий газрын албан тушаалтнууд авч хэлэлцэхгүй 2014 оноос өмнө албан хааж байсан, удахгүй цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгохоор хүлээгдэж буй төдийгүй цагдаагийн нийт алба хаагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхолд чухал ач холбогдол бүхий асуудлыг авч хэлэлцэх гэж байгаа нь хууль зүйн хэрэглээний онол, практикийн үндэслэл муутайг харуулж миний төдийгүй залуу нас, эрдэм мэдлэг, эр зориг, оюун ухаанаа албандаа зориулсан олон мянган алба хаагчдын цаашдын нийгмийн хамгаалал, тэтгэвэр тэтгэмжийн асуудалд хохирол учруулахуйц нөхцөлийг бүрдүүлж байгаад харамсаж байна. Өмнө нь энэ асуудалтай холбоотой Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 328 тоот шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 281 тоот тогтоол гарч үүнтэй ижил асуудлыг шийдвэрлэж байсан тухай тухайн албан тушаалтнуудад хэлж ойлгуулж байсан боловч үл тоомсорлож байсан тул миний биед энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар тайлбартаа: “Я.Х******* нь цагдаагийн байгууллагад 23 жил 1 сар ажиллаж байгаа бөгөөд нийтийн хэв журам хамгаалах албанд 19 жил 11 сар ажилласан байна. Цагдаагийн байгууллагад ахлах офицерын албан тушаалд буюу цагдаагийн хошууч цолтой ажилладаг. Я.Х*******н хувьд алба хаасан хугацаа нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан хугацааг хангахгүй тул тэтгэвэр тогтоолгохоор албанаас чөлөөлөх боломжгүй байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтыг буцаан хэрэглэх талаар Цагдаагийн албаны тухай хуулийг Монгол Улсын Их Хурал 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр баталж, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн ... эргүүл, харуул, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцно.” гэсэн зохицуулалтыг хуульчилсан. Эргүүл, харуул, жижүүрээр ажилласан жилд нэмэгдэл хоног тооцох дээрх заалт нь 1994 оны 01 дүгээр сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуульд байгаагүй зохицуулалт юм. Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг буцаан хэрэглэх талаар Цагдаагийн албаны тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тус тус тодорхой хуульчлаагүй бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан. Хуулийг буцаан хэрэглэх шаардлагатай тохиолдолд хууль буцаан хэрэглэх тухай заалт, хуулийг дагаж мөрдөх журмын тухай хэм хэмжээг тусгах шаардлагатай талаар Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9-д заасан байна. Үүнээс үзэхэд Я.Х*******н 1990 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний хугацаанд Цагдаагийн байгууллагад эргүүл, харуул, жижүүрийн албан тушаал /ажлын байр/-д ажилласан хугацаа нь Цагдаагийн албаны тухай хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахааргүй байна.

 Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2б/2861 дугаар албан бичгийн талаар Хууль зүйн сайдын 2015 оны “Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц батлах тухай” А/89 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын бүтцэд Хүний нөөц, сургалтын хэлтсийн нэгжтэй байхаар баталсан. Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газраас 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 48/4-732 дугаартай албан бичгээр цагдаагийн хошууч Я.Х*******н гаргасан хүсэлтийн дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгож, нэг удаагийн тэтгэмж олгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст ирүүлсэн материалыг судалж, мөн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2б/2861 дугаартай албан бичгээр цагдаагийн хошууч Я.Х*******н ажилласан жил Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хугацааг хангахгүй байх тул материалыг судалж, мөн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2б/2861 дугаартай албан бичгээр цагдаагийн хошууч Я.Х*******н ажилласан жил Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хугацааг хангахгүй байх тул материалыг буцаан хүргүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол...”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 39.1-д заасан маргаантай холбогдсон гомдлоо төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 1 сарын дотор гаргана” гэж тус тус заасан.

Я.Х******* нь цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй талаар тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд болон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд хандаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй...”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар цагдаагийн хошууч Я.Х*******н нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана уу.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 484/732 дугаартай албан бичгээр Цагдаагийн хошууч Я.Х*******г тэтгэвэрт гарах хүсэлтийг ирүүлсэн. Үүний дагуу тус хэлтсээс албан бичигтэй танилцаж хянасан. Нэхэмжлэгч Я.Х******* нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасны хангахгүй байх тул материалуудыг нь буцаан хүргүүлсэн. Уг заалтад 25 доошгүй жил ажилласан эрэгтэй албан хаагчийг хамааруулсан байна. Үүний дагуу Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19.1-д “цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж заасан. Я.Х*******гийн хувьд 8 дугаар зүйлийн 8.1.1, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг хангаагүй тул албан бичгээр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг үндэслэн “эргүүл”-д ажилласан жилээ 1 жил 3 сарын хугацаагаар тооцуулахаар тусгасан байсан. Цагдаагийн албаны тухай хуулийн тус заалт нь 1994 оны 01 дүгээр сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл үйлчилж байсан Цагдаагийн байгууллагын тухай хуульд заагаагүй шинэ зохицуулалт юм. Цагдаагийн албаны тухай хуулийг буцаан хэрэглэх талаар хуульчлаагүй. Харин Цагдаагийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г*******ийн саналыг дэмжиж байна. Нэмж хэлэхэд Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан хэсгийг хуульд шинээр оруулсан. Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар эргүүл, харуул, жижүүрээр ажилласан өмнөх жилийг тооцох талаар зохицуулалтыг тодорхой болгож өгөөгүй. Нийгмийн даатгал дээр очиход алба хаагчийн тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэдэг хариу өгдөг” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Я.Х******* нь  нь шүүхэд “Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2б/2861 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий  нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Я.Х******* нь 2016  оны 10 дугаар сарын 19-ний өдөр өмгөөлөгч Г.Г*******тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байх тул шүүхээс өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.7-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх” үүрэг болон үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээгээ биелүүлэхгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болохыг тэмдэглэж байна. 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан нэмэлт тайлбар зэргийг үнэлж дүгнээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Я.Х*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоох, олгох асуудал нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн ерөнхий зохицуулалтаас гадна нарийвчилсан зохицуулалт бүхий Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулагддаг байна.

Уг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д цэргийн албан хаагчийн тэтгэврийг тогтоох, олгох ажлыг тухайн тэтгэвэр авагчийн ажиллаж байсан байгууллага гүйцэтгэхээр заасан байх ба үүнтэй холбоотой маргаан нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан Төрийн албаны салбар зөвлөлийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байх тул хариуцагчийн нэхэмжлэгч гомдлоо урьдчилан шийдвэрлүүлээгүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 Нэхэмжлэгч Я.Х******* нь цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн талаар Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын даргаар уламжлуулан Цагдаагийн ерөнхий газрын даргад 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өргөдөл  гаргасныг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын даргын зөвлөлийн гишүүдийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Я.Х*******д цэргийн албан хаагчийн байнгын тэтгэвэр тогтоолгохыг 100 хувийн саналаар дэмжсэн санал болон холбогдох материалын хамт Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлжээ. 

Тус хүргүүлсэн саналын хариуд Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2б/2861 тоот албан бичгээр Я. Х*******гийн ажилласан жилийн байдал нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хугацааг хангаагүй гэж хариу ирүүлснийг нэхэмжлэгч үндэслэлгүй гэж үзэж маргаж байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д “.Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллага мөн.” 5 дугаар зүйлийн 5.1.-д “Цагдаагийн байгууллага нь цагдаагийн төв байгууллага, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, харьяа нэгжээс бүрдэнэ.” гэснээс үзвэл Я. Х******* нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлж, цагдаагийн хэлтсийг удирдан ажиллаж, ажиллаж байх тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-ийн 5-д зааснаар цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох эрхтэй байна.

 Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгохын тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан шаардлагын аль нэгийг хангасан байхыг шаардахаар байх ба нэхэмжлэгч Я.Х*******гийн хувьд 8.1.1-д “25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй” гэх шаардлагыг хангасан тохиолдолд нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах боломжтой байна.

Иймээс нэхэмжлэгч нь цагдаагийн албанд ажиллаж байсан байдал, албан тушаал эрхлэлтийн талаар Цагдаагийн ерөнхий газрын төв архиваас гаргасан лавлагааг  үндэслэн өөрийн тооцоолж гаргаснаар цагдаагийн албанд нийт ажилласан жил 22 жил, Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6–д “Цагдаагийн алба хаагчийн албадан саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон эргүүл, харуул, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцно.” гэж заасныг үндэслэн ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцвол 26 жил болж, дээрх хуулийн заалтын дагуу тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж маргаж байна.

Хариуцагчаас нэхэмжлэгч Я.Х*******гийн цагдаагийн албанд ажилласан байдлын талаар маргаагүй бөгөөд харин Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн тул нэхэмжлэгчийн 2014 оноос өмнө Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан ажлыг эрхэлж байсан хугацааг нэмэгдүүлж тооцох талаар “хуулийг буцаан хэрэглэх боломжгүй”  гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.  

Нэхэмжлэгч нь Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг мөрдөж эхлэхээс өмнө Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан ажлыг эрхэлж байсан байхад хариуцагчаас уг заалт нь хуулийг дагаж мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш тус албан тушаалд ажилласан хугацаанд хамааралтай гэж хуулийг буруу тайлбарлан хэрэгжүүлж байгаа нь үндэслэлгүй юм. 

Иймд нэхэмжлэгч Я.Х*******гийн цагдаагийн албанд ажилласан байдалд Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан хугацааг нэмэгдүүлэн тооцохгүй байгаа цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоох эрх бүхий байгууллага болох Цагдаагийн Ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн үйл ажиллагаа буюу 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2б/2861 тоот албан бичиг хууль бус байх тул хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч Я.Х*******д цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоох шууд үр дагаврыг бий болгохгүй болохыг дурдах нь зүйтэй. Учир нь хариуцагчаас нэхэмжлэгч Я.Х*******гийн ажилласан байдал, ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцох хугацааг хянаж үзээгүй талаар шүүхэд тайлбарласан байх тул уг хугацааг нягталж шалгасны үндсэн дээр тэтгэвэр тогтоох эсэхийг шийдвэрлэх нь тухайн байгууллагын эрх хэмжээний асуудал болно. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэг, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 8 дугаар зүйлийн 8.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Х*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц,сургалтын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2б/2861 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гаалийн ерөнхий газраас 70200 төгрөг нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ОЮУНГЭРЭЛ