| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 181/2023/01204/И |
| Дугаар | 191/ШШ2025/08002 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2025/08002
| 2025 оны 09 сарын 25 өдөр | Дугаар 191/ШШ2025/08002 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, ..... дүгээр хороо, Энхтайваны гудамж 23, ...... тоотод байрлах, .... ХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, .....дүүрэг, ......дүгээр хороо, .... гудамж-16, ......байранд байрлах, Нийслэлийн ..... дэргэдэх ..... /РД:...../
Хариуцагч: Улаанбаатар хот, . дүүрэг,..... ....дугаар хороо, ..... өөрийн байранд байрлах, ..... дүүргийн Нэгдсэн эмнэлэг /РД:9120629/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 143,586,940 төгрөг гаргуулах тухай
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Эрүүл мэндийн газрын 185,640,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н
Хариуцагч .....газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ба
Хариуцагч ..... дүүргийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөгч Т.Э
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч .... ХХК нь хариуцагч Нийслэлийн ....., ..... дүүргийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нийслэлийн ..... 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Короновируст халдварын үеийн тусламж үйлчилгээ эрчимжүүлэх тухай ..... дугаар захирамж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-т заасныг үндэслэн Нийслэлийн ..... нь Ковид-19 цар тахлын тархалтыг бууруулах, мэдээллийн технологийг ашиглан зайнаас эрүүл мэндийн тусламж, зөвлөгөөг хүргэх ...... үйлчилгээ-г нэвтрүүлэхээр 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г .... ХХК-тай байгуулсан.
...... үйлчилгээ буюу ...... төв нь Короновируст халдвар авсан иргэдэд зайнаас интернэт, харилцаа холбооны хэрэгсэл ашиглан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх буюу анхан болон хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд 24 цагийн туршид цахимаар хурдан шуурхай авах боломжоор хангах үндсэн зорилготой юм.
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ...... үйлчилгээг хэрэгжүүлэхэд манай компани эрүүл мэндийн тусламж зөвлөгөөг цахимаар хүргэх эмч/оператор, тандалтын машинаар өвчтөнд гэрээр очиж тусламж үзүүлэх эмч буюу хүний нөөцөөр хангах, мэдээллийн технологи, программ хангамжийг хөгжүүлж, нэвтрүүлэх үүргийг хүлээсэн бол захиалагч тал буюу Нийслэлийн ..... нь ...... үйлчилгээ явуулах байр, кабин, тоног төхөөрөмж, интернэт, мэдээллийн технологи суурилуулж холбох, бусад газруудаас шаардлагатай мэдээлэл, зөвшөөрөл гаргуулах, ээлжийн эмч операторуудын цалин, шатахууны зардлуудыг хариуцахаар тохирсон. Энэхүү гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусах байсан боловч Захиалагч тал нь программ хангамжийг төрийн бусад системүүдтэй холбох шаардлагатай зөвшөөрөл, мэдээллийг гаргуулах, цахим хяналт хийхэд зориулсан тоног төхөөрөмжүүдийг худалдан авах, телемедицин төвийн бэлэн байдлыг хангах, бэлтгэх ажлуудаа цаг хугацаанд нь биелүүлээгүйгээс болж хугацаа алдан, төсөл сунаж хэрэгжсэн.
...... төвийг ..... дүүргийн Хангарьд-2 ордон дээр байрлах Ковид-19 цар тахлын үед ашиглагдаж байсан 145 ортой түр эмнэлгийн байранд анх байрлуулж ажиллуулахаар Захиалагч талтай тохирсон байсан боловч Нийслэлийн төр захиргааны байр буюу ...... ордон руу нүүх шийдвэр гарснаар ...... төвийг Хангарьд-2 ордон дээр байрлуулах боломжгүй болсон. .....газраас манай компанийг өөрсдөө ..... дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй ойр түрээсийн байр олж тохижуулан интернэт, программ хангамжаа бэлтгэж, гэрээний үүргээ хугацаа алдалгүй яаралтай биелүүлэхийг шаардаж байсан тул Хангарьд сити-2 хотхонд 450 м.кв талбай бүхий оффисийн зориулалттай байр түрээсэлж, өөрсдийн хөрөнгөөр засаж тохижуулсан.
Түрээс, барьцааны төлбөрт 70,000,000 төгрөг, уг түрээсийн байрыг ...... төв байдлаар буюу эмч нарын амрах, бие засах, хувцас солих өрөөтэйгээр засаж тохижуулахад 30,000,000 төгрөгийн засварын зардал гарсан, мөн гэрээр явж тусламж үзүүлэх, тоног төхөөрөмжүүд хүргэх, буцааж авах тандалтын машин гаргаж өгөөгүй тул компани төсөлд зориулж Тоёота приус маркийн автомашин худалдаж авсан. Мэдээллийн технологи, программ хангамжаа ажиллуулахын тулд .... ХХК-тай гэрээ байгуулан өндөр хурдны шилэн кабель татуулж, интернэт холболт хийлгэсэн, Юнител ХХК-иас утсаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд зориулж 10 гар утасны дугаар худалдаж авсан, дэлгэцийн суурилуулалт, камер, чихэвч, зай, хурууны хээ уншигч төхөөрөмж, пульс хэмжигч, даралтын аппарат, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зэрэг ...... төвийг ажиллуулахад шаардлагатай бүхий л урсгал зардал болон бусад үйл ажиллагааны зардалд нийтдээ 143,586,940 төгрөгийн зардал гаргасан.
Нийслэлийн .....тай 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээнд ажлын хөлсийг 305,831,700 төгрөгөөр тохирсон
нь зөвхөн эрүүл мэндийн тусламж зөвлөгөөг цахимаар хүргэх ээлжийн эмч/операторын урамшуулал, цалин, тандалтын машинаар өвчтөнд гэрээр очиж тусламж үзүүлэх машинтай эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, тусламж үйлчилгээнд ажиллуулах автомашины түрээс, шатахууны зардлууд байсан бөгөөд дээрх төсөвлөгдөөгүй зардлуудыг бид өөрсдөөсөө гаргаж санхүүжүүлсэн. Учир нь Телемедицин үйлчилгээ төслийн хугацаа сунаж, Нийслэлийн ....., ..... дүүргийн нэгдсэн эмнэлэг, .... ХХК-иуд хамтран ажиллах гурвалсан гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу манай компани Ковид-19 өвчний хөнгөн хэлбэрээр өвчилж гэртээ байгаа ..... дүүргийн иргэдэд цахимаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, Нийслэлийн ..... холбогдох зардлыг эрүүл мэндийн даатгалаас гаргуулахаар харилцан тохиролцсон. Энэхүү төсөл амжилттай хэрэгжиж, ..... дүүргийн нэгдсэн эмнэлэгт туршигдсаны дараа бусад дүүргийн эмнэлгүүд болон орон нутгуудад энэхүү Телемедицин тусламж үйлчилгээг бүрэн нэвтрүүлж, нутагшуулахаар тохиролцсон тул захиалагч талаас биднийг өөрсдөөсөө шаардлагатай санхүүжилтээ урьдчилан гаргаж төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгахыг шаардаж байсан.
Нийслэлийн ..... нь Телемедицин тусламж үйлчилгээ амжилттай хэрэгжсэн тохиолдолд бидний гаргасан зардлуудыг нөхөж олгох, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр цахим хяналт хийх ажлын санхүүжилтийг батлуулах, бусад эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн нэвтрүүлэхээр тохирсон тохиролцоогоо биелүүлээгүй, ..... дүүргийн Нэгдсэн Эмнэлэгтэй байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний хугацаа дуусахад гэрээг дахин сунгаагүй, бусад дүүргийн эмнэлгүүдэд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулаагүй, гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлынхаа нэмэлт төлбөрийг шаардсан боловч одоог хүртэл хариу өгөхгүй, төлбөр төлөхгүй биднийг хохироож байна.
Иймд гэрээний нэмэлт төлбөрт 143,586,940 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч Нийслэлийн ..... болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн ..... дүүргийн нэгдсэн эмнэлгийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн A/38 дугаар Үнэлгээний хороо байгуулах тухай даргын тушаалаар ...... төв дээр хамтран ажиллах компанийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.
Уг үнэлгээний хороо 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж .... ХХК-ийг сонгон шалгаруулсан. 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Үнэлгээний хорооны зөвлөмж гарч гэрээ байгуулж, хамтран ажиллах шийдвэр 100 хувийн саналаар гарсан. Ингээд 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ...... тусламж үйлчилгээ үзүүлэх танилцуулгын хурал болсон. 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Нийслэлийн ..... Коронавируст халдвар (ковид-19)-ын үеийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх ...... төвийг нээн ажиллуулах, шаардагдах зардлыг гаргах тухай захирамж гарсан.
Дээрх хурлын протокол, үнэлгээний хорооны зөвлөмж дээр үндэслэж тус газар нь .... ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ-г 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл байгуулсан. Гэрээнд заасан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, 34.1.7 дэх хуульд байхгүй заалтыг барьсан байна.
Гэрээгээр тохиролцсон ажлын /үйлчилгээний үнэ/ хөлс, үйлчилгээний төлбөр болох 305,831,700 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 5753166236 тоот ХААН банкны дансанд шилжүүлж гэрээний төлбөрийн нөхцөлөө биелүүлсэн байдаг бөгөөд нэмэлтээр .... ХХК-аас тус газарт Телемедицин төслийн туршилт, сургалт, судалгааны ажлын гүйцэтгэлийн төлбөр болох 42,531,000 төгрөгийн нэхэмжлэл ирж ДЭМБ-аас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дээрх тоот дансанд тус газраар дамжуулан 31,898,250 төгрөгийг шилжүүлсэн. Дахин 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хамтран ажиллах гэрээ-г тус газар, ..... дүүргийн нэгдсэн эмнэлэг, .... ХХК нар бүтэн жилийн хугацаагаар байгуулсан.
Гэтэл Нийслэлийн ..... захирамжид нийт ажилчдад тус бүр нэг сарын 420,000 төгрөг байхаар тусгасан байхад .... ХХК-ийн зөвлөгөө цахимаар хүргэх операторт 1,000,000 төгрөгийн урамшууллыг 17 эмчид, үзлэг орлогын 50 хувь байхаар тооцож 2 эмчид, гэрээгүй 15 эмчид, нийт 34 эмчид 151,983,000 төгрөгийн, машинтай тусламж үзүүлэх ажилчдад хоногийн 50,000 төгрөг байхаар 13 ажилтанд, мөн гэрээгүй 4 ажилтанд нийт 148,642,800 төгрөгийн цалин олгосон нь захирамж болон гэрээнд тусгасан урамшууллаас 219,985.000 төгрөгийг илүү олгосон байна.
Нэхэмжлэл дээр дурдсан 143,586,940 төгрөгийн зардлыг тус газраас гаргана гэж гэрээнд заасан зүйл байхгүй. Тодруулбал тус газар нь телемедицийн тусламж үйлчилгээний эмч нарын сургалт үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа тайлан 42,531,000 төгрөг, Эрүүл мэндийн тусламжийн зөвлөгөө цахимаар хүргэх операторын урамшуулал /3 ээлж, 1 ээлж 23 хүн/ 115,920,000 төгрөг, тандалтын машинтай хамт өвчтөнд тусламж үзүүлэх ажилтны урамшуулал 100,800,000 төгрөг, ковид-19 цар тахлын халдварын үеийн тусламж үйлчилгээнд ажиллуулах автомашины шатахууны зардал 89,111,700 төгрөг, нийт 348,362,700 төгрөг гэж заасныг гаргахаар тохиролцсон байна.
Иймд 143,586,940 төгрөгийн зардлууд нь .... ХХК-ийн хувийн буюу түрээс, Цахилгаан, халуун хүйтэн ус, интернэтийн зардал бусад засварын зардал, 10 гар утас, ахуйн хэрэглээний бараа зэрэг эдгээрийг санхүүжилтээр олгоно гэж гэрээнд тусгаагүй зардлуудыг нэхэмжилж байгааг манай зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2. Хариуцагч ..... дүүргийн нэгдсэн эмнэлэг, түүний төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн ....., ..... дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд .... ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гурвалсан гэрээ байгуулан хамтарч ажилласан болно.
Монгол Улсад дэгдсэн Ковид-19 цар тахлын өвчний үед яаралтай хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээг шаардлагатай тохиолдолд цахимаар үзүүлэх хүрээнд Нийслэлийн ..... Тамгын газар, Нийслэлийн ....., ..... дүүргийн Нэгдсэн эмнэлэг хамтран 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд Ковид-19 цар тахлаар өвчилсөн иргэдийн тандалт, хяналтыг цахимаар үзүүлэх төслийг хэрэгжүүлэн Телемедицин төв байгуулан 3000 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Төслийн гол зорилго нь Нийслэлийн хэмжээнд SARS-CoV-2 вирусын халдвараар өвчилсөн иргэдийн гэрийн хяналтыг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран эмч-өвчтөн хоорондоо дүрсээ харан зөвлөгөө авах замаар үзүүлэх цахим үйлчилгээг нэвтрүүлэх улмаар цар тахлыг хохирол багатайгаар даван туулах зорилготой юм.
Дээрх гэрээний хүрээнд тус эмнэлэг нь дор дурдсан үйл ажиллагааг хариуцах үүрэгтэйгээр ажиллаж байсан болно. Үүнд: 1. Гэрийн эмчилгээнд байгаа иргэнд цахимаар эмчийн хяналт тавих, эмнэлзүйн удирдамж боловсруулах,
2. Цахимаар өвчтөний үзлэгийг хийх, эмийн жор бичих, эмчлэх, эмчилгээний
хяналт тавих, хийх,
3. Эмчлүүлэгчид шаардлагатай зөвлөгөө өгөх, Өвчтөний историйн бичилт
4. Эмч нарт эмнэл зүйн сургалт зохион байгуулах,
5. Эмч нарын ээлжийн зохицуулалт хийх, ээлжээр ажиллах хүний нөөцийг
6. Өвчтөний биеийн байдал хүндэрсэн тохиолдолд нэгдсэн эмнэлэг руу Ковид-19 цар тахлын халдварын үед тус эмнэлгийн үзүүлсэн телемедицин тусламж үйлчилгээ нь урьд өмнө Монгол Улсад огт хийж байгаагүй эмнэлгийн тусламж үйлчилгээний төрөл байсан юм. Мөн түүнчлэн цар тахлын хүнд үед Монгол Улсын хэмжээнд эмч нарын хүртээмж бага, олдоц багатай байсан гэдгийг тодотгох шаардлагатай байна гэв.
4. Хариуцагч Нийслэлийн ..... нь нэхэмжлэгч .... ХХК-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай ..... нь ковид-19 цар тахал халдварт өвчинтэй тэмцэх, тархалтыг бууруулах чиглэлээр хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зайнаас буюу сүүлийн үеийн техник, технологийг ашиглан ...... үйлчилгээ-г нэвтрүүлэн зөвлөгөө өгөх ажлыг бусдаар гүйцэтгүүлэхээр .... ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан.
Энэхүү гэрээний дагуу .... ХХК нь ...... үйлчилгээ-г нэвтрүүлэн зөвлөгөө өгөх ажлыг хийж, хэрэгжүүлсэн боловч Нийслэлийн дотоод аудитын газраас Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу 2022 оны эхний хагас жилд манай Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаа, төсөв, санхүүд дотоод аудит, хяналт шалгалт явуулсан.
Дотоод аудит, хяналт шалгалтаар ...... үйл ажиллагааны талаар буюу корона вируст (КОВИД-19) халдварт өвчний үед мэдээллийн технологийг ашиглан зайнаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, зөвлөгөөг өгөх төсөл, арга хэмжээ, ажлыг хэрэгжүүлэхдээ Төсвийн тухай хуультай нийцүүлээгүй байна гэж дүгнэн, зөвлөмж гарган, 185,640,000 төгрөгийн улсын байцаагчийн төлбөрийн акт тогтоосон.
Иймд дотоод аудит, хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийн дагуу 185,640,000 төгрөгийн улсын байцаагчийн төлбөрийн акт тогтоосонтой холбоотойгоор .... ХХК-иас энэхүү төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгч .... ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: .... ХХК-иас 185,640,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нийслэлийн Дотоод аудитын газраас Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаа, төсөв, санхүүд дотоод аудит, хяналт шалгалт явуулж, .... ХХК-тай байгуулсан ...... үйл ажиллагааны талаар буюу корона вируст халдварт өвчний үед мэдээллийн технологийг ашиглан зайнаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Төсвийн хуульд нийцүүлээгүй гэдэг үндэслэлээр улсын байцаагч төлбөрийн акт тавьсныг .... ХХК-иас нэхэмжлэх нь үндэслэлгүй.
.... ХХК нь төрийн байгууллага биш, Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлдэг этгээд биш болохын хувьд энэ төлбөрийг хариуцах этгээд биш юм. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнг гэрээний талууд харилцан баталгаажуулсан, харин нэмэлт санхүүжилт олгохгүй байгаа асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар төрийн эрх бүхий албан тушаалтанд оногдуулсан хариуцлага, төлбөрийг .... ХХК нь төлж барагдуулах үүрэггүй гэж үзэж байна гэв.
6. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-8/, 2021.10.01-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /хх-9-10/, 2021.11.12-ны өдрийн хамтран ажиллах гэрээ /хх-11-13/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-14/, Нийслэлийн .....т хүргүүлсэн албан бичиг /хх-15/, нэхэмжлэх /хх-16/, .... ХХК-ийн телемидицин тусламж үйлчилгээ үзүүлэх, бэлэн байдлыг хангах гэрээт ажилд гаргасан зардлын жагсаалт /хх-17/, Тэнгэрийн шонхор ХХК-ийн .... ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-18/, 2021.11.01-ний Түрээсийн гэрээ /хх-19-21/, талбай хүлээлгэн өгөх акт /хх-22/, депозит дансны хуулга /хх-24-33/, Дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун усаар хангах гэрээ /хх-34-35/, Интернэт үйлчилгээний үндсэн гэрээ /хх-37-41/, хэрэглэгчийн үйлчилгээ, төхөөрөмж хүлээлцсэн акт /хх-42/, төлбөрийн төлсөн баримт хуулбар /хх-43-46, 49-72/, үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-47/, ..... дүүргийн Нэгдсэн эмнэлэг, .....төв, Эмчийн өргөө ХХК хамтарсан телемедицин төвийн үйл ажиллагааг хариуцсан Эмчийн өргөө ХХК-ийн гэрээг дүгнэх акт /хх-73-75/, Sars-Cov-2 вирусын халдвараар өвчилсөн иргэдийн тандалт, хяналтыг цахимаар үзүүлэх буюу телемедицин үйлчилгээ нэвтрүүлэх төсөл /хх-76-83/, Эрүүл мэндийн газраас .... ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх2-12/, Нийслэлийн ..... тамгын газраас .... ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх2-13/, ..... дүүргийн нэгдсэн эмнэлэгээс .....газрын санхүү эдийн засгийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг /хх2-14/, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх2-18-19/, Нийслэлийн дотоод аудитын албанаас .... ХХК-д хүргүүлсэн албан бичиг /хх2-20/, .... ХХК-иас .....газрын даргад хүргүүлсэн албан бичиг /хх2-35-37, 39/, .... ХХК-иас ..... дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн албан бичиг /хх2-38/, Нийслэлийн засаг даргад хүргүүлсэн албан бичиг /хх2-40-41/, Нийслэлийн дотоод аудитын газрын даргад хүргүүлсэн албан бичиг /хх-42-43/, төлбөр төлсөн баримтууд /хх2-44-145/, Тусгай зөвшөөрөлийн гэрчилгээ /хх2-182/, Нийгмийн даатгалын шимтгл төлөлтийн тайлан /хх2-183-196/, 2021.10.12-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /хх2-197-201/, Ажил гүйцэтгэх гэрээ дүгнэх акт /хх2-202/, Тэнгэрийн шонхор ХХК-ийн тодорхойлолт /хх-203/, 2021.11.01-ний өдрийн Түрээсийн гэрээ /хх2-204-206/, Талбай хүлээлгэн өгөх акт /хх-207/, фото зураг /хх2-209-218/
7. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Дотоод аудитын ажлын тайлан /хх-234-250, хх2-1-7/, Нийслэлийн дотоод аудитын Улсын байцаагчийн 2022.09.21-ний өдрийн 38/03-43 дугаар акт /хх2-8-9/
8. Хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн шүүхийн журмаар цуглуулсан баримт. Үүнд: ..... дүүргийн Нэгдсэн эмнэлгээс ..... дүүргийн Нэгдсэн эмнэлгээс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсонтой холбогдуулан ажил хүлээлцсэн акт, түүнтэй холбоотой тайлбар /хх-190-202/, Нийслэлийн .... албанаас тус байгууллагын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 38/03-42 дугаартай Үр ашиггүй зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай албан бичиг, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 38/03-43 тоот албан бичиг /хх-184-188/, ..... дүүргийн Нэгдсэн эмнэлгээс .....газраас хандсан Нэмэлт гэрээ хийх тухай 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 175 дугаартай албан бичгийг, хавсралтын хамт /хх2-146-155, 164-167/, ийслэлийн Эрүүл мэндийн газраас Телемедецин тусламж үйлчилгээг нэвтрүүлэх тухай .....газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/89 дугаартай тушаал, Телемедецин төвийн үйл ажиллагааны журмын загвар батлах тухай .....газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/88 дугаартай тушаал, түүний хавсралт /хх2-156-163/, ийслэлийн ..... Тамгын газраас Нийслэлийн ..... 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Коронавируст халдвар /ковид-19/-ын үеийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх тухай А/722 дугаар захирамж, түүний хавсралт, Нийслэлийн ..... зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 11 дүгээр хуралдааны тэмдэглэл /хх2-171-181/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч .... ХХК нь хариуцагч Нийслэлийн ....., ..... дүүргийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан ажлын нэмэлт зардалд 143,586,940 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн ..... нь нэхэмжлэгч .... ХХК-д холбогдуулан 185,640,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч .... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч .....газрын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч .... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Нийслэлийн ..... нь ...... үйлчилгээ явуулах байр, кабин, тоног төхөөрөмж, интернэт, мэдээллийн технологи суурилуулж холбох, бусад газруудаас шаардлагатай мэдээлэл, зөвшөөрөл гаргуулах, ээлжийн эмч операторуудын цалин, шатахууны зардлуудыг хариуцахаар тохирсон. Улмаар ...... төвийг ..... дүүргийн Хангарьд-2 ордонд байрлуулж ажиллуулахаар тохиролцсон боловч Нийслэлийн төр захиргааны байр буюу Хангарьд-1 оффис Хангарьд-2 ордон руу нүүх шийдвэр гарснаар боломжгүй болсон. .....газраас манай компанийг өөрсдөө ..... дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй ойр түрээсийн байр олж тохижуулан интернэт, программ хангамжаа бэлтгэж, гэрээний үүргээ хугацаа алдалгүй яаралтай биелүүлэхийг шаардаж байсан тул оффисийн зориулалттай байр түрээсэлж, өөрсдийн хөрөнгөөр засаж тохижуулсан.
Үүний улмаас ...... төвийг ажиллуулахад шаардлагатай бүхий л урсгал зардал болон бусад үйл ажиллагааны зардалд нийтдээ 143,586,940 төгрөгийн зардал гаргасан тул шаардах эрхтэй тайлбарлав.
3. Хариуцагч Нийслэлийн ..... нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...гэрээгээр тохиролцсон ажлын хөлс, үйлчилгээний төлбөр болох 305,831,700 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлж, нэмэлтээр .... ХХК-аас тус газарт Телемедицин төслийн туршилт, сургалт, судалгааны ажлын гүйцэтгэлийн төлбөр болох 42,531,000 төгрөгийн нэхэмжлэл ирснээр ДЭМБ-аас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус газраар дамжуулан 31,898,250 төгрөгийг шилжүүлсэн. Дахин 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хамтран ажиллах гэрээ-г тус газар, ..... дүүргийн Нэгдсэн эмнэлэг, .... ХХК жилийн хугацаагаар байгуулсан.
.... ХХК нь Нийслэлийн ..... захирамж болон гэрээнд тусгасан дүнгээс илүү цалин, урамшуулал олгож байсан.
Нэхэмжлэлд дурдсан 143,586,940 төгрөгийн зардлыг тус газраас гаргана гэж гэрээнд заасан зүйл байхгүй гэж маргажээ.
4. Хариуцагч ..... дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Талууд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гурвалсан гэрээ байгуулан хамтарч ажилласан.
Гэрээний дагуу тус эмнэлэг зөвхөн эмчилгээ, үйлчилгээний асуудлыг хариуцаж, иргэдийн эмнэл зүйн тал дээр ажиллаж байсан учир санхүүжилтийн асуудал манайд хамаагүй. Цар тахлын хүнд нөхцөлд ажиллах эмч олдохгүй, 2,000,000 төгрөгийн цалин амласан ч ажиллахгүй хүнд үе байсан гэж татгалзсан.
5. Хариуцагч Нийслэлийн ..... нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ .... ХХК нь ...... үйлчилгээ-г нэвтрүүлэн зөвлөгөө өгөх ажлыг хийж, хэрэгжүүлсэн боловч Нийслэлийн дотоод Аудитын газраас Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу 2022 оны эхний хагас жилд манай Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаа, төсөв, санхүүд дотоод аудит, хяналт шалгалт явуулсан.
Дотоод аудит, хяналт шалгалтаар төсөл, арга хэмжээ, ажлыг хэрэгжүүлэхдээ Төсвийн тухай хуультай нийцүүлээгүй байна гэж дүгнэн, зөвлөмж гарган, 185,640,000 төгрөгийн улсын байцаагчийн төлбөрийн акт тогтоосон тул актаар тогтоосон төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарласан.
6. Нэхэмжлэгч .... ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ....... ХХК нь төрийн байгууллага биш, Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлдэг этгээд биш болохын хувьд энэ төлбөрийг хариуцах этгээд биш байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнг гэрээний талууд харилцан баталгаажуулсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар төрийн эрх бүхий албан тушаалтанд оногдуулсан хариуцлага, төлбөрийг .... ХХК нь төлж барагдуулах үүрэггүй. Улсын байцаагч акт тавихдаа гэрээ хэрэгжсэн хугацааг харгалзаагүй гэж татгалзаж байна.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.1 Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг бууруулах, тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргаас 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр А/722 дугаар захирамж гарган, харилцаа холбоо болон мэдээллийн технологийг ашиглан зайнаас өвчтөнүүдэд эрүүл мэндийн тусламж, зөвлөгөөг хүргэх Телемедицины үйлчилгээг шинээр зохион байгуулж ажиллуулах,
шинээр байгуулагдах Телемедицины болон тандалтын хариу арга хэмжээний үйл ажиллагаанд шаардагдах 1,209,609,700 төгрөгийг Нийслэлийн ..... нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн ..... Тамгын газарт, гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Нийслэлийн ..... Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст зөвшөөрч, хавсралтаар Коронавируст халдвар (Ковид-19)-ын хариу арга хэмжээнд шаардагдах зардлыг нарийвчлан шийдвэрлэжээ. /2хх 172-174/
7.2 Монгол Улсад дэгдсэн Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын улмаас улсын хэмжээнд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед гэрээ шууд байгуулах хуульд заасан нөхцөл буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, 34.1.7-д заасан нөхцөлийг үндэслэн ..... дүүргийн Нэгдсэн эмнэлгийн үнэлгээний хорооны 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хурлын протокол, үнэлгээний хорооны зөвлөмжөөр .... ХХК нь нийт 3 хуулийн этгээдээс ижил төстэй ажлыг хийж байсан туршлагатай, программ хангамжийг оюуны өмчийн бүртгэлд бүртгүүлсэн, үндсэн 4, гэрээт 60 эмчтэй гэх үндэслэлээр хамгийн сайн гэж үнэлэгдэн Нийслэлийн .....тай 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ажлын гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээг байгуулсан байна. /1хх 9-10, 234-250, 2хх 1-5/
Гэрээний хугацаа нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 2.5 сарын хугацаатай байх ба гүйцэтгэгч буюу .... ХХК нь Коронавируст халдвар (Ковид-19)-аар өвчилсөн иргэдийн тандалт, хяналтыг иргэн өөрөө эмч мэргэжилтнүүдтэй интернэтээр холбогдон илэрч буй шинж тэмдэг, биеийн ерөнхий үзүүлэлтийг хэмжиж цаг хугацаа, орон зайнаас үл хамааран дүрсээ харан зөвлөгөө авах, шаардлагатай тохиолдолд дараагийн шатны тусгаарлах байр, нарийн мэргэжлийн төвүүдэд шилжүүлэх Телемедицины төвийн систем, үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг хөгжүүлж захиалагчид хүлээлгэн өгөх, ажлын шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хүлээлгэн өгснөөр гэрээт ажлыг хүлээлгэн өгсөнд тооцохоор, захиалагч буюу Нийслэлийн ..... нь төлбөр төлөх буюу ажлын хөлс, үйлчилгээний төлбөр болох 305,831,700 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцсон байна.
7.3 Гэрээний 1.5-т зааснаар Нийслэлийн ....., ..... дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон .... ХХК хоорондын хамтран ажиллах гэрээ нь энэхүү гэрээний салшгүй нэг хэсэг болно. Тус гурвалсан гэрээ нь байгууллага тус бүрийн үүрэг, оролцоо хамтын ажиллагааг зохицуулахаар заасан.
7.4 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр .... ХХК, Нийслэлийн ....., ..... дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь Коронавируст халдвар (Ковид-19)-ын хөнгөн хэлбэрээр өвчилсөн гэрийн эмчилгээнд байгаа иргэнд цахим хяналт хийхэд зориулан Телемедицины төв байгуулан ажиллуулахад хамтран ажиллах зорилгоор Хамтран ажиллах гэрээ нэртэй гэрээг байгуулж, талуудын эрх бүхий төлөөлөгч гарын үсэг зурж баталгаажуулснаас хойш 1 жилийн хугацаанд үйлчлэх, цаг үеийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй ажлын үр дүнг үнэлж, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний хугацааг сунгаж болохоор тохиролцжээ.
Уг гэрээгээр Коронавируст халдвар (Ковид-19) авсан нь батлагдсан тохиолдлын мэдээг Нийслэлийн ....., ..... дүүргийн Нэгдсэн эмнэлэгээс .... ХХК хүлээн авч цахим хяналт тавьж ажиллах ба өвчтөний биеийн байдлыг үнэлэн шаардлагатай тохиолдолд өрх, дүүргийн эмнэлэгт мэдээллийг хүргүүлэн эмнэлэгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхээр хамтран ажиллаж, .... ХХК-ийн бэлтгэсэн ажлын байр, системийн ачаалал, ажиллах хүчний болон тоног төхөөрөмжийн нөөц бололцоог тооцон нэг өдөр 200 ≤ 576 хүнд, нэг сард 6000 ≤ 17280 хүнд цахим хяналт тавьж ажиллах ба Нийслэлийн ..... болон ..... дүүргийн Нэгдсэн эмнэлэг нэг иргэнд цахим хяналт тавьж ажиллах батлагдсан зардлаар тооцон мэдээ тайланд үндэслэн тогтоосон хугацаанд шилжүүлэхээр тохиролцож, талуудын эрх, үүргийг нарийвчлан тусгасан байна.
7.5 Хариуцагч .....газраас гэрээнд заасан ажлын хөлс, үйлчилгээний төлбөр болох 305,831,700 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч .... ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна.
7.6 Талууд 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ..... дүүргийн Нэгдсэн эмнэлэг, .....төв, Эмчийн өргөө ХХК хамтарсан Телемедицины төвийн үйл ажиллагааг хариуцсан Эмчийн өргөө ХХК-ийн гэрээг дүгнэх акт үйлдэж, гэрээний үүргийн биелэлтийг 94 хувь гэж тохиролцжээ. /1хх73-75/
8. Талууд хэн аль нь гэрээ байгуулагдсан, хариуцагч .....газраас гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг нэхэмжлэгчид төлсөн талаар маргаагүй боловч нэхэмжлэгч .... ХХК нь нэмэлт зардал шаардах эрхтэй эсэх талаар маргаж, мэтгэлцсэн.
9. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ., 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж тус тус зохицуулсан.
Гэрээний нөхцөл, талуудын харилцан хүлээсэн үүргийн шинж чанараас үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байна.
10. Нэхэмжлэгч .... ХХК нь нэмэлт зардал шаардах болсон үндэслэлийг Телемедицины төвийн үйл ажиллагааг явуулах ажлын байрыг хариуцагч бэлтгэх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь ..... дүүргийн Нэгдсэн эмнэлэгтэй ойр талбай түрээсэлж, үйл ажиллагаа явуулсан, түүний улмаас төсөвлөгдөөгүй зардал гарах болсон гэж тайлбарлав.
10.1 Нийслэлийн ..... зөвлөлийн хурлын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 11 дугаартай тэмдэглэлийг үзвэл, Нийслэлийн Яармаг дахь Хангарди ордны шинэ байранд Коронавируст халдвар (Ковид-19)-ын үеийн Телемедицины үйлчилгээг шинээр нээж ажиллуулах төлөвлөлтийг нарийвчлан хийж, бэлтгэл ажлыг ханган 8 дугаар сард багтаан судалж танилцуулахыг Нийслэлийн ..... Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан 1 дүгээр орлогч, Нийслэлийн ....., Нийслэлийн Мэдээлэл Технологийн газар, ..... дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосныг баталсан байна.
10.2 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гурвалсан гэрээний 2.3.6-д .... ХХК нь үйл ажиллагаа явуулах түрээсийн байрыг зургийн дагуу шаардлагатай засвар тохижилтийг хийж ажил эхлэхэд бэлэн болгох үүрэг хүлээж, гэрээг дүгнэх актад үүргийн биелэлтийг Хангарьд Сити 2 хотхонд 450 м.кв талбайг түрээслэн 20 кабин, амралтын өрөө болон сургалтын хэсгийг тохижуулан ажлын орчинг бүрдүүлсэн гэж 100 хувь гэж дүгнэжээ.
10.3 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч ..... дүүргийн Нэгдсэн эмнэлгээс .....газрын санхүү эдийн засгийн хэлтэст тус эмнэлгийн тусламж үйлчилгээнд суурилж 145 ортой тасгийн дэргэд ...... төвийг байгуулахаар төлөвлөж зураг төслийг бэлэн болгож хийсэн болно. Харин Засгийн газрын тогтоол батлагдаж, Хангарьд-2 ордноос 145 ортой тасгийг нүүлгэх болсноор телемедицин төвийн байршлыг өөрчилсөн бөгөөд анх хийгдсэн зураг төслийн хэмжээнд бага зэрэг өөрчлөлт орсон болно. Иймд тус төвийн тохижилтийг хариуцсан ажлын хэсэгт дээрх мэдээллийг хүргүүлж бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү гэжээ.
10.4 Эдгээр баримт, талуудын тайлбараас үзвэл, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ажлын гүйцэтгэх гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч .... ХХК нь Телемедицины төвийн үйл ажиллагааг явуулах түрээсийн байр олох, тохижуулах үүрэг хүлээгээгүй, Нийслэлийн Яармаг дахь Хангарди ордны шинэ байранд Телемедицины төвийн үйлчилгээг шинээр нээж ажиллуулах төлөвлөгөөтэй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх ба уг гэрээний салшгүй хэсэг болох гурвалсан гэрээг байгуулснаар гүйцэтгэгчийн ажлын хөлсөд өөрчлөлт ороогүй тул нэмэлт зардал гарсан гэж үзэхээр байна.
11. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх газар өөрчлөгдсөнөөр ажлын төсөвт өөрчлөлт орох эсэх, гурвалсан гэрээг байгуулахад төсвийн тооцооллыг гарган, урьдчилан мэдэгдэх, нэмэгдсэн тооцооллыг үндэслэн захиалагч буюу хариуцагч нар ажил гүйцэтгэх газрыг өөрчлөх эсэх, ажлын байрыг түрээслэх үйл ажиллагаа явуулах эсэхийг шийдвэрлэх байжээ.
Хуульд зааснаар нэхэмжлэгч нь төсөвт өөрчлөлт орох эсэх талаар урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч нарт хүргүүлсэн албан бичигт нэмэлт зардлын талаар мөнгөн дүн дурдаагүй, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/23 дугаартай хариуцагч Нийслэлийн .....т хүргүүлсэн албан бичгийг хуульд зааснаар урьдчилан мэдэгдсэн гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч талаас захиалагчид урьдчилан мэдэгдэх үүргээ хугацаа хожимдуулж мэдэгдсэнээ Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын өвчлөлийн тархалт нэмэгдэж байснаас шалтгаалан ажил үүргийг хурдан хугацаанд хийж гүйцэтгэх, дараа нь санхүүжилтийг олгох талаар чиглэл өгч байсан учир ажлыг хийж гүйцэтгэсэн гэснийг шууд үгүйсгэх боломжгүй тул энэ тохиолдолд хуульд заасан урьдчилан мэдэгдэх үүргээ зөрчсөн нь нэмэлт зардал шаардах эрхийг үгүйсгэхгүй байж болох юм.
12. Хэрэгт авагдсан .... ХХК-ийн Телемедицины тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг хангах гэрээт ажилд гаргасан зардлын жагсаалт гэх баримтыг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагч нараас нэмэлт зардалд 143,586,940 төгрөг гаргуулахаар шаардаж байна. /1хх 17/
2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээний 2.1.3-т Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр цахим хяналт хийх ажлын санхүүжилтийг батлуулах, 2.1.5-д Цахим хяналт хийхэд зориулсан шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах эрх, үүргийг Нийслэлийн .....т,
Гэрээний 2.1.6-д Телемедицины төвийн шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийг тухай бүр шийдвэрлэн тогтоосон хугацаанд шилжүүлж, ажлыг тасалдалгүй явуулахад анхаарч ажиллахыг эрх, үүргийг ..... дүүргийн Нэгдсэн эмнэлэгт
Гэрээний 2.3.5-д А болон Б талаас олгох санхүүжилтэд тулгуурлан цахим хяналт тавих эмч нарыг бэлтгэх, ээлжээр ажиллах төлөвлөгөөг гаргах, хүний нөөцийг бүрдүүлэх, 2.3.15-д цахим хяналт хийж иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалтын талаар болон иргэнд тавих хяналтын чанарыг сайжруулах талаар санал, хүсэлт гарган шийдвэрлүүлэх эрх, үүргийн .... ХХК хүлээхээр талууд тохиролцжээ.
13. Шүүх хэрэгт авагдсан гэрээ, хэлцэл, төлбөрийн баримт, нэхэмжлэх, акт зэрэг баримтуудыг харьцуулан үзэж, түрээсийн төлбөрт бодитоор шилжүүлсэн 70,000,000 төгрөг, интернэт холболт, суурилуулалт, ашиглалтын төлбөр 4,183,903 төгрөг, ус дулаан болох хэрэглээний зардал 1,356,184 төгрөг, юнителийн 10 дугаарын төлбөр 1,320,000 төгрөг, дэлгэц суурилуулалт 2,930,000 төгрөг, камер, чихэвч, AUH-ийг USB рүү хувиргагч 1,870,000 төгрөг, хуруу уншигч 155,800 төгрөг, хуруу зай /том, жижиг/ 1,141,800 төгрөг, цонхны наалт 560,700 төгрөг, засварын ажил 20,000,000 төгрөг /2хх 197-202/ нийт 103,518,387 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин приус 30 маркийн тээврийн хэрэгсэл, ахуйн бараа, цэвэрлэгээний материал, бичиг хэрэг, сургалтын хүлээн авалтын ширээ засалтын хүнсний бүтээгдэхүүн, бусад зардал, засварын зарим зардал нийт 40,068,553 төгрөгт холбогдох зардлыг гэрээгээр хийж гүйцэтгэх ажилд зарцуулсан эсэх нь тогтоогдохгүй байх тул хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
14. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд
Хариуцагч Нийслэлийн ..... нь гэрээний үүргийн хохиролд 185,640,000 төгрөгийг нэхэмжлэгч .... ХХК-аас гаргуулахаар шаардахдаа, Нийслэлийн Дотоод аудитын газраас явуулсан Дотоод аудит, хяналт шалгалтаар Телемедицины үйл ажиллагааны талаар буюу Корона вируст (Ковид-19) халдварт өвчний үед мэдээллийн технологийг ашиглан зайнаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, зөвлөгөөг өгөх төсөл, арга хэмжээ, ажлыг хэрэгжүүлэхдээ Төсвийн тухай хуультай нийцүүлээгүй байна гэж дүгнэн зөвлөмж гарган, 185,640,000 төгрөгийн улсын байцаагчийн төлбөрийн акт тогтоосон гэж тайлбарлав.
Нийслэлийн Дотоод Аудитын албаны улсын байцаагчаас 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 38/03-42, 38/03-43 дугаартай Үр ашиггүй зарцуулсан мөнгийг төлүүлэх тухай актийг тус тус тогтоосон байна.
38/03-43 дугаартай актад НЗД-ын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Коронавируст халдварын үеийн тусламж үйлчилгээ эрчимжүүлэх тухай ...... дугаар захирамж болон гэрээнд заасан Эрүүл мэндийн тусламжийн зөвлөгөө цахимаар хүргэх операторын урамшууллыг нэг ээлжид 23 хүн өдрийн 3 ээлж, нийт 69 операторт сард хүн тус бүр 420,000 төгрөгөөр 4 сар нийт 115,920,000 төгрөг, тандалтын машинтай хамт өвчтөнд тусламж үзүүлэх ажилтны урамшууллыг 60 ажилтанд сард хүн тус бүр 420,000 төгрөгөөр 4 сар нийт 100,800,000 төгрөг байхаар тус тус тооцоолж тусгасан байна. .... ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 3 сарын хугацаанд нийт 35 операторт 14,700,000 төгрөгийн, машинтай тусламж үзүүлэх 39 ажилтанд 16,380,000 төгрөгийн нийт 31,080,000 төгрөгийн урамшуулал олгох ёстой байна. Гэтэл .....газрын дарга, нягтлан бодогч нар нь 216,720,000 төгрөгийг олгож, нийт 185,640,000 төгрөгийг илүү шилжүүлж, төсвийг үр ашиггүй зарцуулсан зөрчил илэрсэн гэжээ.
Талууд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хавсралтад гүйцэтгэх ажил, төсвийг Эрүүл мэндийн тусламжийн зөвлөгөө цахимаар хүргэх, операторийн урамшуулал /3 ээлж, 1 ээлж 23 хүн/ 115,920,000 төгрөг, тандалтын машинтай хамт өвчтөнд тусламж үзүүлэх ажилтны урамшуулал 100,800,000 төгрөг, Ковид -19 цар тахлын халдварын үеийн тусламж, үйлчилгээнд ажиллуулах автомашины шатахууны зардалд 89,111,700 төгрөг нийт 305,831,700 төгрөг байхаар тохиролцож, уг гэрээний дагуу ажлын хөлсийг .....газраас нэхэмжлэгч .... ХХК-д бүрэн төлсөн байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Хариуцагчаас гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг доголдолтой хийж гүйцэтгэсэн, бүрэн биелүүлээгүй гэж маргаагүй атлаа улсын байцаагчийн актыг үндэслэн гэрээгээр хүлээсэн ажлын хөлс төлөх үүргээс 185,640,000 төгрөгийг илүү шилжүүлж, үр ашиггүй зарцуулсан гэж сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.
Шүүх энэ үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15. Иймд хариуцагч Нийслэлийн ....., ..... дүүргийн Нэгдсэн эмнэлгээс 103,518,387 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .... ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 40,068,553 төгрөгийн шаардлага болон хариуцагч .....газраас нэхэмжлэгч .... ХХК-д холбогдуулан гаргасан 185,640,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
16. Нэхэмжлэгч .... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 875,885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн ....., ..... дүүргийн Нэгдсэн эмнэлгээс улсын тэмдэгтийн хураамжид 875,885 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .... ХХК-д олгож, хариуцагч .....газрын сөрөг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 188 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн ....., ..... дүүргийн Нэгдсэн эмнэлгээс 103,518,387 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .... ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 40,068,553 төгрөгийн шаардлага болон хариуцагч .....газраас нэхэмжлэгч .... ХХК-д холбогдуулан гаргасан 185,640,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч .... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 875,885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн ....., ..... дүүргийн Нэгдсэн эмнэлгээс улсын тэмдэгтийн хураамжид 875,885 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .... ХХК-д олгож, хариуцагч .....газрын сөрөг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ