Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/01174

 

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2017/01174

 

 

Б.Сувдын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/06561 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Сувдын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Анхбаярт холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Сувд

Хариуцагч Н.Анхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 онд Н.Анхбаяртай танилцаж, хамтран амьдрах болсон бөгөөд жирэмсэн болсон. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2010 оны 10 дугаар сард тус тусдаа амьдрах болсон. 2011 онд охин Сувдын Энхрийлэн маань төрж миний асрамжид өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул С.Энхрийлэн охинд маань тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2009 онд Б.Сувдтай танилцаж, улмаар болж бүтнэ гэж үерхэж байгаад нэг гэрт хамт амьдарсан. Амьдарч байх хугацаанд залуу хосуудын адил жижиг зүйлс дээр үл ойлголцох зүйл байсан. Тухайн үед би эрхэлсэн тодорхой ажилгүй, амьдрал ахуй хүрэлцээ муутай байсны улмаас надаас салаад явсан гэж би ойлгодог. Одоо миний бие эхнэр, охин, ээжийн хамт амьдарч байгаа. Миний бие Англи хэлний сургалтын төвд багшаар ажиллаж байгаа бөгөөд цагийн 5000 төгрөгөөр хичээл заадаг. Сарын цалин заримдаа 500 000 - 600 000 төгрөг авдаг. Эхнэр тодорхой эрхэлсэн ажилгүй, ээж маань миний охин, мөн дүүгийн хоёр хүүхдийг асардаг. Иймээс одоогийн байдлаар Б.Сувдаагийн хүсэлтийг биелүүлэх боломж бага бөгөөд төлөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, охин Шарнууд овогт Сувдын Энхрийлэн /регистрийн дугаар: УК11212729/-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл уг түвшингийн хэмжээгээр cap бүр эцэг Н.Анхбаяраас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Анхбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Сувдад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байна. Миний бие осолд орж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед шүүх хурал болж, тэтгэлэг гаргуулах шийдвэр гарсан байна. Би хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж, ажил хийж чадахгүй болсон. Үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэх шаардлагатай учир зөвхөн халамжийн мөнгөөр эмчилгээ хийлгэж байгаа. Халамжийн мөнгөнөөс өөр орлогогүй байгаа тул хүүхдийн тэтгэлэг төлөх шийдвэр гарсныг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэж, хүүхдийн тэтгэлэг тогтоох асуудлыг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Сувд нь хариуцагч Н.Анхбаярт холбогдуулан 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, охин С.Энхрийлэнд хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Б.Сувд, Н.Анхбаяр нар 2009 онд танилцаж, хамтран амьдарч байсан боловч гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд тэдний дундаас 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр охин С.Энхрийлэн төрсөн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21 дүгээр зүйлийн 21.5 дах хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дах хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалж, тэжээн тэтгэн, эрүүл өсгөн бойжуулах, суурь боловсрол хүмүүжил олгоход тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж тус тус заажээ.

 

Хариуцагч Н.Анхбаяр нь С.Энхрийлэнг өөрийн хүүхэд мөн эсэх талаар маргаагүй тул түүнийг Н.Анхбаяр, Б.Сувд нарын хүүхэд гэж үзэх бөгөөд зохигчдын хэн аль нь хүүхдээ асран хамгаалж, тэжээн тэтгэх үүрэгтэй. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч гэрлэснээс үл хамааран эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдэд олгохоор заасан нь хүүхдийн эрх ашигт нийцжээ.

 

Хариуцагч Н.Анхбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ ...сарын 500 000-600 000 төгрөгийн цалин авдаг, эхнэр эрхэлсэн ажилгүй, одоогийн байдлаар тэтгэлэг төлөх боломж бага гэж тайлбарласан боловч энэ нь хүүхдийн тэтгэлэг төлөх үүргээс түүнийг бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүй ба Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дах хэсэгт заасан үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тохиолдолд анхан шатны шүүх хариуцагч Н.Анхбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ...анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй..., 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт ...энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж тус тус заасан тул хариуцагч Н.Анхбаярын гаргасан хөдөлмөрийн чадвараа алдсанаас хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэх гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2016/06561 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Анхбаяр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ

 

 

 

 

...........