| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2333000620029 |
| Дугаар | 2025/ДШМ/20 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/20
С.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Т.Солонго /цахим/
Хохирогч Л.******* /цахим/
Хохирогчийн өмгөөлөгч Б.Баасанжав /цахим/
Иргэний хариуцагч Б.*******
Шүүгдэгч С.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шийдвэрлэн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор С.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 150/2024/0076/Э/208/2025/0010 индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* ******* овогт *******ы *******, Монгол Улсын иргэн, ***** оны ****дугаар сарын ***-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, *** настай, ***эгтэй, ***** боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл ****** хамт, Дархан-Уул аймгийн Дархан,сум, **** баг, ******тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, (РД:*********)
Шүүгдэгч С.******* нь “2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум 3 дугаар багийн нутаг, Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн төв асфальт засмал замын 48-49 дүгээр тэмдэгтэд 01-00 ДАН улсын дугаартай Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгалаар хөдөлгөөнд оролцож явсан П.******* жолоодож явсан 18-18 ОРБ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер Прадо 120 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарч хохирогч Л.Болд-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Н.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: С.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч ******* ******* овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.*******гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч З.*******д оногдуулсан 3,000,000 төгрөгийн торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөөлүүлэхээр тогтоон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч Б.*******оос 32,090,144 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, цаашид гарах гэм хорын хохирлыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирсэн хэргийн газрын үзлэг бүхий СD-ийг хэрэгт хавсарган, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч давж заалдах гомдолдоо:
Эрүүгийн ******* дугаар хэрэгт шүүгдэгч С.******* миний бие Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.28-ны өдрийн 2024/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч “ .. С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ... С.*******гийн тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай” гэж шийдвэрлэсэн. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэр дараах байдлаар үндэслэлгүй байна.
1.Шүүгдэгчийн гэм буруу бүрэн нотлогдоогүй талаар: Гэвч тус осол нь хохирогч, яллагдагч нарын хэн алиных нь буруугаас болж гарсан, хэн нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар эргэлзээтэй байсан тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хэд хэдэн удаагийн “Техникийн шинжээчийн дүгнэлт” гарсан байдаг. Гэвч анх ослын газарт үзлэг хийж, тэмдэглэлд тусгасан цагдаагийн алба хаагч нарын журам баримтлаагүй, бүрэн бус, алдаатай ослын газрын үзлэг, тэмдэглэлээс үүдэн тус шинжээчдийн дүгнэлтээр нэн шаардлагатай зарим зүйлсийг тодорхой болгох боломжгүй буюу зөвхөн яллагдагч С.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хохирогч Л.******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй гэсэн тун эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн дүгнэлтүүд гараад байна. Хэдийгээр энэхүү ослын хэрэгт нөхөн үзлэг хийгдсэн боловч ямар ч хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, мөн л журам зөрчсөн, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг хэвээр үлдээсэн ажиллагаа болсон. Сүүлийн байдлаар тус осолд холбогдуулан 2024.04.15-ны өдөр гарсан 07/26-1 дугаар “Техникийн шинжээчийн дүгнэлт”-д “ Хариулт
2.Хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн 2 автомашины хурдыг, үзэгдэх орчинг, автомашины гэрэлтүүлгийн нөхцөл ямар байсныг тогтоох боломжгүй байна. Хэмжилтийн бүдүүвч зурагт тоормосны мөр авагдаагүй байна. Хариулт 3. ... бусад шинжээчийн тоймлон харуулсан зурагт үндэслэн дээрх асуултад хариулт өгөх боломжгүй байна." гэх мэт бүрэн бус, эргэлзээтэй дүгнэлт гаргасан байна. Энэхүү дүгнэлт нь хөндлөнгийн гэрчгүй, журам зөрчин явуулсан нөхөн үзлэгийн тэмдэглэл болоод өмнөх шинжээчдийн дүгнэлтэд үндэслэсэн байдаг.
Энэ төрлийн гэмт хэргийн талаар хууль зүйн зөв дүгнэлт хийхэд осол гарсан үндсэн шалтгааныг үндэслэлтэй зөв тогтоох шаардлага тавигддаг бөгөөд хүний субъектив хүчин зүйл болон техникийн хүчин зүйлийн нөлөөллийг зөв тооцоолсны үндсэн дээр гэм буруугийн дүгнэлт хийгдэх ёстой. Гэтэл прокурорын зүгээс бүрэн бус, эргэлзээтэй шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн С.*******г яллагдагчаар татах тухай тогтоол үйлдсэн нь хэт нэг талыг барьсан, яллагдагчийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоолгүйгээр ЭХХШтХ-ийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д “1.1.гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/: 1.6.гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл" зэрэг нотолбол зохих байдлыг нотлолгүйгээр, мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоолгүйгээр эргэлзээ бүхий шинжээчийн дүгнэлтэд үндэслэн гарсан тогтоол байна. Энэ нь шүүхээс зам тээврийн осол гарахад С.*******гийн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэсэн атлаа Л.Болд-Эрдэнийн үйлдлийг тогтоох боломжгүй гэсэн үндэслэлээр гэм буруугүй гэж үзсэн нь С.*******гийн гэмт хэргийн шинжгүй үйлдлийг дан ганц объектив байдлаар дүгнэсэн шийдвэр болсон.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарахад Эрүүгийн хуулиар хамгаалагдсан үнэт зүйлд хохирол учирсан нөхцөл байдал нь хуулиар хориглосон ямар хэм хэмжээг хэн зөрчсөн, нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоож чадаагүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулах, түүний үндсэн дээр материалын буюу тээврийн хэрэгслүүдийн масс, эвдрэл, унасан болон зогссон чиглэл, хурд зэргийн эсэргүүцлийг бүхэлд нь дүгнэж, физик болон техникийн шинжлэх ухаанд тулгуурласан мэргэжлийн багаар дахин дүгнэлт гаргуулах, уг дүгнэлтийг гаргахад шаардлагатай ажиллагаа, нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт болон яллагдагчийн гэм бурууг тогтооход эргэлзээтэй гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг хүлээдэг. Ингэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор нь хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох учиртай.
Хэргийн бодит байдлыг тогтооно гэдэг нь гэмт хэрэг гарсан байдал, хэн үйлдсэн болох, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нэг бүрчлэн тогтоох тухай ойлголт юм. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирох, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад их хэмжээний хохирол, хор уршиг учирдаг ба энэ төрлийн гэмт хэргийг шалгах явцад хүний үндсэн эрх зөрчигдөх, хэлмэгдэх үр дагавар үүсгэдэг тул мөрдөгч, прокурор, шүүх гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нэг бүрчлэн тогтоож, учирсан хохирол, хор уршгийг арилгуулах талаар хуульд заасан бүхий л арга хэмжээг авах учиртай.
Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг тогтоохгүйгээр буюу шүүгдэгчийн гэм буруу нь бүрэн нотлогдохгүй байхад нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгүйгээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
3. Анхан шатны шүүх хуулийг буцаан хэрэглээгүй талаар: Тус осол нь 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гарсан байдаг. Харин ЭХТА-ийн 27.10 дугаар зүйлийг 2024.12.07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. Өөрөөр хэлбэл тус осол гарах үед ЭХТА-ийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн өөрчлөн найруулахаас өмнөх хариуцлагыг оногдуулахаар заасан байна.
Гэтэл анхан шатны шүүх гэмт хэрэг гарах үед үйлчилж байсан хуулиар бус гэмт хэрэг гарсны дараа өөрчлөн найруулагдсан хуульд заасан “Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн хариуцлагаас сонгож ял оногдуулсан нь үндэслэлгүй болсон байна. Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн гэм бурууг бүрэн нотлоогүй, эргэлзээ бүхий нөхцөл байдалд шүүгдэгчийг гэм буруутай гэж тооцсон, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Осол болсны дараа дахин үзлэгийг хийгээд өг гэж олон удаа хэлсэн. Огтоос авч хэлэлцээгүй. Би хоёр хүүхэдтэйгээ замд явж байхад миний урд болон хойно машин байгаагүй. Миний хажуу талаар нэг машин зөрөөд, дараагийн машин гэнэт орж ирээд, осол иймэрхүү маягаар болсон гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах хоёр үндэслэлээр гомдол гаргасан.
Авто тээврийн осол гарснаас хойш уг хэргийг шалгах явцад хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлт, мөн хэргийн газрын нөхөн үзлэг хийх ажиллагаанууд хийгдсэн. Уг ажиллагааг хийхдээ тодорхой хуулийн процессыг зөрчсөн гэж үзэж анхан шатны шүүх дээр гэм буруугийн тал дээр маргасан. Шинжээчийн дүгнэлтийг хэд хэдэн удаа гаргасан гол шалтгаан нь хэрэгт цугларсан баримтаар, хэргийн газрын үзлэгийн зургаар тодорхой хариулах боломжгүй гэсэн нөхцөл байдал яригддаг. ... Хамгийн сүүлийн байдлаар шинжээчийн дүгнэлт гараад уг дүгнэлтэд тулгуурлан шүүх миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэж үзээд байгаа боловч тухайн осол гарсан талаар тодорхой асуултад шинжээчийн дүгнэлт бүрэн дүүрэн хариулж чадаагүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаж гарч чадаагүй.
Гомдлын хоёр дахь агуулга маань хууль хэрэглээний асуудалтай холбоотой. Анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өөрчлөлт оруулсан хуулиар шийдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-д зааснаар жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог. Гэтэл цаг хугацааны хувьд авч үзвэл тухайн үед хэрэгжиж байсан хуулийг хэрэглэх боломжтой байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг журамлах ёстой байсан гэж үзэж байна. Мөн хуулийн 1.8 дугаар зүйлд “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан. Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан.
... Ийм хоёр үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс юу хүсэж байна вэ гэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Яагаад гэвэл учир дутагдалтай шинжээчийн дүгнэлтэд үндэслэж хүний хувь заяаны асуудал дээр гэм буруутай гэдэг дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Хохирогч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Уг хэрэг маань 2 жил болж байна. Эмэгтэй хүн байсан учир өөр зүйл нэхэмжлээгүй. Үнэлгээний компаниас гаргаж өгсөн машины мөнгийг л нэхэмжилсэн гэв.
Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бодит байдалд нийцсэн тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Иргэний хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тухайн осол болоход би Цагдаагийн байгууллагад очсон. Манай ажлын хажууд байсан осол. С.******* нь тэр замаар 7 хоногт 2-3 удаа зорчдог байсан. Хаана аваар осол болдог талаар мэднэ. Тухайн үеийн байцаагч асар их дутагдалтай дүгнэлтүүдийг гаргасан. Уг машин өөрөө банк бус дээр байсан. Надаас хүн шилжүүлээд авсан. Жишээ нь Болд гэх хүний талд Мянганбаяр гэх анхны байцаагч илт давуу байдлаар нөлөөлсөн гэж үзэж байна. Болд дээр би өөрөө очсон. Тухайн үед зам дээр ямар мөр гарсан талаар бүх бичлэг нь надад байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэмж шалгуулмаар байна гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Тухайн шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд бүрэн дүүрэн тогтоогдсон. Хэрэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх дүгнэлт хийсэн. Хууль буцаан хэрэглэх тал дээр ярьж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 болон 1.9 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхийг зүйлчилсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хуулийг буцаан хэрэглэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр С.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
Прокуророос шүүгдэгч ******* ******* овогт *******ы *******г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй талаар дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор нөхцөл байдлуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, шинжээчдийн гаргасан дүгнэлтүүд болон нотлох баримтуудын харилцан зөрүүтэй байдлаас аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан буюу жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын журам буюу Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж шүүгдэгч С.*******г дүгнэсэн учир дутагдалтай болжээ.
Тухайлбал дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос хянавал зохих байдлыг хянаж шийдвэрлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу юм.
3.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан ач холбогдол бүхий дараах баримтуудыг няцаан үгүйсгэх эсхүл баталсан дүгнэлтийг хийж чадаагүй байна. Үүнд:
-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3337 дугаартай “....Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материал, Тоёота Харьер маркийн 01-00 ДАН улсын дугаартай, Тоёота Прадо-12 маркийн 18-18 улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд үүссэн эвдрэл гэмтэлд үндэслэн Котыкийн арга ашиглан шинжлэхэд уг тээврийн хэрэгслүүд зүүн урд хажуу талаар хурц өнцөг үүсгэн шүргэлцэн мөргөлдсөн байх үндэслэлтэй байна. Жолооч нарын МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 77-85 тал/,
-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн багш Ч.Жамбалнямбуугийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн “.....Уг ослын газрын үзлэгийн тэмдэглэлд асфальтан зам эвдэрсэн байсныг осол гарсан цэгээр тогтоож “А1” үсгээр тэмдэглэв гэжээ. Гэрэл зургийн үзүүлэлтээс харахад зорчих хэсэг эвдэрсэн эсэх нь сайн мэдэгдэхгүй байна. Иймээс “А1” цэгийг хэрхэн тогтоосныг тодорхой болгох, гэрэл зургийн чанарыг сайжруулах шаардлагатай байна. Ослын газрын бүдүүвч зурагт “АГ цэгээс 1 гэсэн цэг хүртэл зайг хэмжээгүй, 1 цэгээс үргэлжилсэн тэмдэглэл хүртэл зай тодорхойгүй зэргээс дүгнэлт гаргах боломжгүй байна. Жолооч Л.Болд-Эрдэнийн мэдүүлгээс үзэхэд “...яагаад мурилзсан, тоормос гишгэх болсон талаар тодруулах шаардлагатай байна. Дээрх асуудлыг тодруулсны дараа дүгнэлт гаргах боломжтой...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 92-93 тал/,
-ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн 2024 оны 01 дүгээр сарын07/ 19-ны өдрийн 07/26 дугаартай шинжээчдийн “....Хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн, тээврийн хэрэгслийн гэмтэл зэргээс харахад 01-00 улсын дугаартай Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. 18-18 ОРБ улсын дугаартай Тоёота Ланд Крузер Прадо-120 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л.******* нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь шинжээчдэд ирүүлсэн материалаас тогтоогдохгүй байна. 01-00 улсын дугаартай Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна. Осол болсон гэх “А1” цэгийн байрлал, уг цэгээс цааш замын зорчих хэсэг дээр үүссэн мөр болон тээврийн хэрэгслүүд дугуйгаараа мөргөлдсөн зэргээс харахад жолооч С.*******гийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирсэн нь уг осол гарах шалтгаан болсон болсон байна. Хоёр тээврийн хэрэгсэл дугуйгаараа мөргөлдсөн учир мөргөлдсөн гэх А1” цэгийг тойрсон мушгих момент үүссэн, мөн явж буй чиглэлийн дагуух инерцийн хүчний нөлөөгөөр цааш эргэлдэн хөдөлж, улмаар эсрэг /урсгал/ тал руугаа гарч зогссон байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 105-106 тал/
-2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 07/26-1 дугаартай шинжээчдийн нэмэлт “....Хавтаст хэрэгт авагдсан хэмжилтийн бүдүүвч зураг, анх мөргөлдсөн гэх “А1” цэгийн байрлал, замын зорчих хэсэг дээр үүссэн мөр, тээврийн хэрэгслүүд анх дугуйгаараа мөргөлдсөн зэрэгт тулгуурлан 2024 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 07/26 дугаартай дүгнэлтийг гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн 2 автомашины хурдыг, үзэгдэх орчныг, автомашины гэрэлтүүлгийн нөхцөл ямар байсныг тогтоох боломжгүй байна. Хэмжилтийн бүдүүвч зурагт тоормосны мөр авагдаагүй байна. МУ-ын Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.1-д “Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байна.”, 17.2-д “Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна” гэж заасан байдаг. Тиймээс шинжээчид нь бусад шинжээчийн тоймлон харуулсан зурагт үндэслэн дээрх асуултад хариулах боломжгүй байна...” гэх дүгнэлтүүд /1-р хх-ийн 117-118 тал/ тус тус гаргажээ.
Дээрх шинжээчдийн дүгнэлтүүдээр хэргийн үйл баримт үнэн зөв хөдөлбөргүй тогтоогдоогүй, хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон А-1 цэг буюу осол болсон гэх эхлэл цэгийг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, 07/26 тоот шинжээчдийн “...Хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн, тээврийн хэрэгслийн гэмтэл зэргээс харахад 01-00 улсын дугаартай Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж байна” гэж дүгнэсэн нь яг ямар байдал, нөхцөлд хэрхэн ийм дүгнэлт хийх үндэслэл болсон талаар тодорхой заагаагүй байхад түүнийг шүүх хэрхэн шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгож буй талаар болон, бусад шинжээчдийн дүгнэлтийг хэрхэн яаж үгүйсгэж байгаа талаараа тус тус үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй гэж үзсэн.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж хуульчилсан.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, түүнийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээ бүхий байдал үүссэн гэж үзнэ.
5.Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгчийн “...шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон” гэсэн гомдлыг хангаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүхээс хэргийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул давж заалдах гомдлын бусад агуулга болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.
3.Шүүгдэгч С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Г.ДАВААРЕНЧИН