| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Энхзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/04061/И |
| Дугаар | 192/ШШ2025/08479 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/08479
| 2025 оны 10 сарын 21 өдөр | Дугаар 192/ШШ2025/08479 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ..................... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............................-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 144,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь 2019 оноос эхлэн барилгын материалын худалдаа, цахилгаан бойлерийн суурилуулалт, орон сууцны сантекникийн чиглэлээр өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. "......” ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр АГ-33 дугаартай “Сантехникийн угсралтын ажил гүйцэтгэх” гэрээ байгуулсан. Тус гэрээгээр манай компани ........ дүүргийн .........тын аманд баригдаж байгаа "......" хотхоны цэвэр, бохир ус, дотор халаалтын шугам угсралтын ажлыг 2021 оны 08 дугаар сарын 01- ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр болсон. Энэхүү гэрээний үнийн дүн 1,135,000,000 төгрөг түүний 35% болох 397,250,000 төгрөгийг бэлэн мөнгөөр, 65% болох 737,750,000 төгрөгийг бартераар тооцохоор харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагч компанийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, гэрээнд заасан төлбөрийн хуваарийг удаа дараа зөрчсөнөөс болж дотоодын ба импортийн бараа материалын үнэ өсч манай компани 1,135,000,000 төгрөгөөр "..........” хотхоны сантехникийн угсралтын ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон. Ингээд 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр "....."ХХК-д АГ-33 тоот гэрээг цуцлах тухай хүсэлт явуулж, тус хүсэлтээр АГ-33 тоот гэрээг цуцалж, үлдсэн ажлыг шинэчилсэн гэрээ хийж хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлсэн. Мөн хүсэлтэд "Уэльс Яард" хотхоны гадна, дотно сантехникийн ажилд нийт 194,620,000 төгрөгийн ажил гүйцэтгэснээс танай компаниас урьдчилгаа 50,000,000 төгрөгийг манай /Хаан банк- 562716409/ тоот дансанд шилжүүлсэн. Өнөөг хүртэлх хугацаанд өөрийн компанийн санхүүжүүлэлтээр хийж гүйцэтгэн өдийг хүрлээ. Ажил гүйцэтгэлийн үлдэгдэл 144,620,000 төгрөг санхүүжилтийн 65% буюу 94,000,000 төгрөгийг бэлэн бартераар, 35% болох 50,620,000 төгрөгийг бэлнээр авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэвч манай компаниас "......"ХХК-д явуулсан АГ-33 тоот гэрээг цуцлах тухай хүсэл өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй, "Уэльс Яард" хотхоны гадна, дотно сантехникийн ажилд зарцуулсан нийт 144,620,000Т төгрөгийг буцаан төлөхгүй байгаа. Иймд "......"ХХК-аас "........." хотхоны гадна, дотно сантехникийн ажил гүйцэтгэх гэрээг цуцалсны үр дагаварт 144,620,000 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
.... ХХК болон ....... ХХК нарын хооронд 2021 оны 08 дугаар 01-ний өдөр АГ-33 дугаартай 1,135,000,000 төгрөгийн /НӨАТ, бартер 65%, бэлэн төлөлт 35%/ үнийн дүнтэй Сантехникийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.
......... ХХК-аас 2022 оны 08 дугаар 04-ний өдөр байгуулсан гэрээг өөрийн талаас цуцлах тухай албан бичиг, мөн нэхэмжлэл хүргүүлэх тухай албан бичиг тус тус ирүүлсэн.
Гүйцэтгэгч нь гэрээний дагуу хийж гүйцэтгэх ёстой байсан ажлаас бохир цэврийн ерөнхий шугам, газар доогуур татсан худгийн хоолой, 3 айлын барилгын доторх сангийн ажил хийсэн боловч тус ажлыг акт үйлдэн хүлээлгэж өгөөгүйгээс гадна тухайн ажил гүйцэтгэсэн ил далд актууд, тоног төхөөрөмжийн пасспорт, ажиллагаа шалгасан акт, ашиглах заавар, бараа материалын гарал үүслийн бичиг баримт, ашиглагдсан бараа материалын нэр төрөл, тоо хэмжээ, гэрээнд тусгагдсан бараа материал ашигласан эсэх талаар нотлох бичиг баримт, баталгааны бичиг баримт, фото акт, ажлын гүйцэтгэлийн баталгаажсан зураг, гүйцэтгэсэн ажилбар тус бүрийн үнэлгээ, задаргаа зэрэг бичиг баримтыг хүлээлгэн өгөөгүй тул хоёр талын төлбөр тооцоо эцэслэгдэн шийдэгдээгүй.
Нэхэмжлэгч ......... ХХК-ийн хийж гүйцэтгэсэн бохир цэврийн ерөнхий шугам, газар доогуур татсан худгийн хоолой, 3 айлын барилгын доторх сангийн ажил нь нийт 105,000,000 төгрөгийн өртөг бүхий ажил хийсэн гэж үзэж байна.
...........ХХК нь нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нь тодорхой болсон, санхүүжилтийн болон хугацааны алдагдал нэмэгдсээр байсан тул 2023 оны 7 сараас эхлэн өөр гүйцэтгэгчид хүсэлт гарган Галт цоохор уул ХХК -ийн дутуу орхисон ажлуудыг гүйцэтгүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд мөн хийж гүйцэтгэсэн ажлууд дунд гарсан доголдол тус бүрийг дахин засварлан хийж гүйцэтгэсэн.
Иймд манай байгууллагын зүгээс ......... ХХК-ийг дутуу бичиг баримтын бүрдлийг гүйцээн төлбөр тооцоог эцэслэн нарийвчлан шийдвэрлэх, ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хохирлыг манай байгууллагын зүгээс эцэслэн гаргаж, хохирлыг барагдуулсны дараа хоорондын өглөг эсвэл авлагыг хэлэлцэн шийдвэрлэх хүсэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгч талаас шүүхэд сантехникийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /хх4-15/, ажил гүйцэтгэх 33 тоот гэрээг цуцлах тухай албан бичиг /хх16/, нэхэмжлэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-17-18/, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 30г1-3/2056 тоот албан бичиг /хх-20/ зэрэг нотлох баримтуудыг хэрэгт өгсөн байна.
4. Хариуцагч талаас итгэмжлэл /хх-27/, хэрэгт хариу тайлбар /хх36-37/, нотлох баримт өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ......... ХХК нь хариуцагч .......... ХХК-д холбогдуулан 144,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч ............ ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...хариуцагч .............. ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 33 дугаартай Сантехникийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээг манай компанийн зүгээс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөр цуцалсан бөгөөд гэрээг цуцлах хүртэл хугацаанд манай компани нийт 194,620,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэснээс хариуцагч тал 50,000,000 төгрөгийг төлж, үлдэх 144,620,000 төгрөгийг төлөөгүй гэх агуулгаар тайлбарласан.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх бөгөөд үндэслэлээ ...нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах тухай хүсэлтийг 2022 оны 08 дугаар 04-ний өдөр ирүүлсэн бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч тал нь гэрээнд заасан ажлаас бохир цэврийн ерөнхий шугам, газар доогуур татсан худгийн хоолой, 3 айлын барилгын доторх сангийн ажил хийсэн боловч тус ажлыг акт үйлдэн хүлээлгэж өгөөгүйгээс гадна холбогдох бичиг баримтуудыг хариуцагч талд хүлээлгэж өгөөгүй. Мөн нэхэмжлэгчийн хийсэн дээрх ажлын нийт үнэлгээг тооцвол 105,000,000 төгрөг орчим болох боловч эдгээр хийсэн ажлууд нь доголдолтой байсан тул хариуцагч тал өөр гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулж нэхэмжлэгчийн хийсэн ажлын доголдлыг арилгуулснаас гадна дутуу ажлыг хийж гүйцэтгүүлж хохирсон гэх агуулгаар тайлбарлан мэтгэлцсэн.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1 Талууд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сантехникийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тус гэрээгээр нэхэмжлэгч ............ ХХК нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд баригдаж буй “............” төслийн цэвэр бохир усны системийн иж бүрэн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч ......... ХХК нь нэхэмжлэгчид ажлын хөлс 1,135,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.
3.2 Хариуцагч нь нэхэмжлэгч талд гэрээнд заасан ажлын хөлснөөс 50,000,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй бөгөөд нэхэмжлэгч талаас 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах тухай мэдэгдэл ирснээр нэхэмжлэгчийн гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлыг өөр этгээдээр хийж гүйцэтгүүлсэн гэх үйл баримын талаар талууд маргаагүй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
4.1 Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр цуцлагдсан гэж тайлбарлан, гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд 194,620,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаа боловч ямар, ямар нэр төрлийн ажлыг хийж гүйцэтгэсэн болох, уг ажлыг хариуцагч талд хэрхэн хүлээлгэж өгсөн талаарх нотлох баримтыг хэрэгт өгөөгүй.
4.2 Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсон гэх үйл баримтын талаар маргаагүй, харин гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь 105,000,000 төгрөг орчим үнийн дүнд тооцогдох бохир цэврийн ерөнхий шугам, газар доогуур татсан худгийн хоолой, 3 айлын барилгын доторх сангийн ажил хийсэн боловч тэдгээр нь доголдолтой байсан гэх тайлбараа нотолсон баримтыг хэрэгт өгөөгүй байна.
5. Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч талд талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсний дагуу хариуцагч талаас тус гэрээнд заасан ажлыг өөр гүйцэтгүүлэгчээр хийж гүйцэтгүүлсэн байх тул нэхэмжлэгч нь гэрээг цуцлах хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг хариуцагч талд хүлээлгэн өгөх, хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, хийсэн ажилд нь тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл болно.
Нэхэмжлэгч нь гэрээний дагуу нийт 194,620,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байх боловч уг ажлыг хийж гүйцэтгэж, хариуцагч талд хүлээлгэн өгсөн гэх байдлаа нотлох баримтаар нотолж чадаагүй хэдий ч хариуцагч нь нэхэмжлэгчийг бохир цэврийн ерөнхий шугам, газар доогуур татсан худгийн хоолой, 3 айлын барилгын доторх сангийн ажил хийсэн болохыг хүлээн зөвшөөрч, тэдгээр ажлын үнийг 105,000,000 төгрөг орчим гэх тайлбарыг гаргасан.
7. Иймд хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийг талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нийт 105,000,000 төгрөгийн үнэ бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч нь уг ажлыг хүлээн авснаа зөвшөөрч маргаагүй гэж үзнэ.
Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчид талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан ажлын хөлснөөс 50,000,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
8.Хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн 105,000,000 үнийн дүн бүхий ажил нь доголдолтой байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбараа нотлох баримтаар нотлоогүй тул, хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзэхээр байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч ............. ХХК нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нэхэмжлэгч талд 105,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс 50,000,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 55,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Дээрх үндэслэлээр нь хариуцагч ............ ХХК-аас 55,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ......... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 89,620,000 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч.......... ХХК-аас 55,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “..............” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 89,620,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 881,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........... ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 432,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА