2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/08480

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/08480

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..................-ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: ..................т холбогдох,

  Нэхэмжлэлийн шаардлага: Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулж, 25,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч .............,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мандхай,

Хариуцагч ................,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ............ миний бие иргэн .........аас 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ........... дүүргийн ....... дугаар хороо, ......... гудамжид байрлах 700 м.кв талбай бүхий гэр, орон сууцны хашааны зориулалттай газрыг 26,000,000 /хорин зургаан сая/ төгрөгөөр худалдах авахаар тохиролцож, тус өдөр ......ын Хаан банкин дахь ......... дугаарын данс руу 25,000,000 төгрөг шилжүүлж, тус өдөр ...... дүүрэгт байрлах нотариат дээр 0118 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хийж, нотариатаар батлуулсан.

Улмаар .... дүүргийн ......ын албанаас тус газрыг орц, гарц хаасан гэсэн шалтгаанаар газрын эзэмших эрхийг миний нэр дээр шилжүүлэх боломжгүй гэх хариуг өгсөн.

Иргэний хуулийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасныг зөрчиж эрхийн доголдолтой эд хөрөнгө буюу газар шилжүүлэх гэж оролдсон.

Энэ талаар ........т удаа дараа хэлж, тус газар ер нь асуудалтай юм байна, худалдаж авахгүй, мөнгөө буцааж авах талаар удаа дараа хэлсэн боловч удахгүй мөнгийг нь буцааж өгнө энэ тэр гэсээр байгаад өнөөдрийг хүрч, сүүлдээ утсаа авахаа больсон.

Мөн миний бие тус газрын талаар "Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт" гаргуулахаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хандаж дүгнэлт гаргуулсан. Тус дүгнэлтийн төлбөрт 150,000 төгрөгийг мөн төлсөн. Иймд 0118 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ээс татгалзсан тул газар худалдан авахтай холбогдуулан төлсөн төлбөр 25,000,000 төгрөг, дүгнэлт гаргуулахад төлсөн 150,000 төгрөг, нийт 25,150,000 төгрөгийг иргэн Б..........аас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Үүрдбаяр миний бие өөрийн нэр дээрх Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат гудамжид байрлах 700 м.кв талбайтай Зуслангийн зориулалттай газрыг иргэн А.Батгэрэлд 26,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, гэрээ байгуулан, нотариатаар батлуулсан.

А.Батгэрэл над руу газрын үнээс 25,000,000 төгрөгийг шилжүүлээд үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 14 хонгийн дотор өгье гэж тохирсон. Би тухайн газартай холбоотой өөрийн зүгээс шаардлагатай зүйлсийг хийсэн. Миний зүгээс хууль зөрчсөн зүйл байхгүй. Тус газар нь орц, гарц хаагаагүй, би газрын албаны байцаагчтай очиж уулзсан. Нэр шилжүүлэхэд ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. ................

 

4. Хариуцагч талаас нотлох баримт өгөөгүй байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ......... нь хариуцагч ...........т холбогдуулан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулж, 25,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа талуудын хооронд 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 0118 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ээс татгалзсан тул тус гэрээний дагуу шилжүүлсэн 25,000,000 төгрөгийг, мөн тус гэрээний зүйл болох газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт хийлгэхэд төлсөн 150,000 төгрөгийг, нийт 25,150,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 Хариуцагч .......тай 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 0118 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, түүний эзэмшлийн ....... дүүргийн ...... дугаар хороо, ...... байрлах 700 м.кв талбай бүхий гэр, орон сууцны хашааны зориулалттай газрыг 26,000,000 төгрөгөөр худалдах авахаар тохиролцсон.

1.2 Дээрх гэрээний төлбөрт 25,000,000 төгрөгийг хариуцагчид төлж, тус газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гаргуулж, төлбөрт 150,000 төгрөгийг төлсөн.

1.3 Улмаар дүүргийн газрын албанд хандаж, тус газрын эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэхээр холбогдох материалыг бүрдүүлэн өгсөн боловч тус газар нь орц, гарц хаасан тул эзэмших эрх шилжихгүй гэх хэлсэн.

1.4 Энэ талаар ......т хэлэхэд миний мөнгийг буцааж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч ........ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх бөгөөд үндэслэлээ ...би өөрийн эзэмшлийн ........дүүргийн .... дугаар хороо, ........ид байрлах 700 м.кв талбай бүхий гэр, орон сууцны хашааны зориулалттай газрыг нэхэмжлэгчид 26,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, гэрээ байгуулж, газрын үнэд 25,000,000 төгрөгийг хүлээн авсан. Тус газрын эзэмших эрх нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхэд өөрөөс шалтгаалах бүх зүйлийг хийсэн. Тухайн газар орц, гарц хаагаагүй. Би газрын албаны холбогдох хүмүүстэй очиж уулзахад нэр шилжих боломжтой гэж хэлсэн гэх агуулгаар тайлбарлаж, мэтгэлцсэн.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд.

3.1 Талууд 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 0118 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, хариуцагч .......ын эзэмшлийн ......... дүүргийн.  дугаар хороо, ........... гудамжид байрлах 700 м.кв талбай бүхий гэр, орон сууцны хашааны зориулалттай газрыг 26,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч ......... нь худалдах авахаар тохиролцсон байна.

3.2 Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ...... нь хариуцагч ......т 25,000,000 төгрөгийг төлсөн байна.

3.3 Нэхэмжлэгч нь тус маргаан бүхий газарт 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гаргуулж, төлбөрт 150,000 төгрөгийг төлжээ.

 

4.Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй, харин худалдах, худалдан авах гэрээний зүйл болох газар нь орц, гарц хаасан эсэх, уг газрын эзэмших эрх шилжих боломжтой эсэх талаар маргаантай байна.

 

5. Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх бөгөөд уг гэрээ байгуулагдсан эсэх болон хүчин төгөлдөр байдлыг талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт ...гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдан авахаар тохиролцсон .......... дүүргийн          .дугаар хороо, Бэлх хадат гудамжид байрлах 700 м.кв талбай бүхий гэр, орон сууцны хашааны зориулалттай газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахаар эрх бүхий байгууллагад хүсэлт гаргахад тус газар нь орц, гарцгүй, зөрчилтэй гэх шалтгааны улмаас эзэмших эрх нэхэмжлэгчийн нэр дээр шилжин бүртгэгдэх боломжгүй болох нь Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 07-17/1347 дугаартай албан бичгээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь энэхүү нотлох баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагчийн гаргасан ...гэрээний зүйл болох газар нь орц, гарцтай бөгөөд эзэмших эрх шилжүүлэхэд ямар нэгэн асуудалгүй гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэхээр байна.

 

6.Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг гэр, орон сууцны хашааны зориулалттайгаар эзэмших эрхийг шилжүүлэн авч ашиглах боломжгүй байх тул хариуцагчийг биет байдлын доголдолтой газрыг худалдсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох газрыг биет байдлын доголдолтой гэх үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзаж, нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

7.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь талуудын хоронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 25,000,000 төгрөгийг, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гаргуулсан зардал 150,000 төгрөгийг тус тус хариуцагчаас шаардсан нь дээрх хуульд нийцнэ.

 

8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчаас 25,150,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч .........аас 25,150,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ..........д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 353,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............аас улсын тэмдэгтийн хураамжид 283,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .д олгосуга.й.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.ЭНХЗАЯА