Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 750

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Номин,                            

улсын яллагч Э.Гэрэлмаа,

хохирогч Н.Ядамжав

шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө овогт Н.Д-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0255 70633 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ө овогт Н.Д, 1962 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачны 1-100 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, МЗ62060202 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Н.Д нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Ядамжавд “Түнхэл” гэх газраас байшин барих хямдхан мод авчирч өгнө гэж хуурч мэхлэн 1.350.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Н.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед хүнээс мөнгө авсан нь миний буруу. Анх Хонхорын буудал дээр явж байгаад бид хоёр танилцсан. Тэгээд би эмнэлэгт ажиллаж байсан гэхэд Ядамжав гуай тэгвэл хамт эмийн сан ороод эм аваад өгөөч гээд байхаар нь хамт яваад эмийг нь авалцсан. Тэгээд манайд очъё гээд байхаар нь очоод хэд хоносон. Тухайн үед би энэ хүнд мөнгийг нь өгчих боломжтой байсан. Тэгэхэд намайг шууд луйварчин залилан минь гээд байсан. Би хүнийг залилж байгаагүй. Би насаараа сувилагч хийж байсан хүн. Би хэзээ ч худлаа хэлж байгаагүй. Манай нөхөр цагдаа байж байгаад бурхан болсон юм. Энэ хүн миний утасны дугаарыг мэдэж байж намайг эрэн сурвалжлуулсан. Би тэр үед итгэсэн учраас өнөөдөр ийм байдалд ороод байна. Хохирол төлбөрийг нь төлж барагдуулсан” гэв.

Хохирогч Н.Ядамжав шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Хонхорын автобус хүлээгээд 2 пирошки аваад идэж байтал энэ хүн нэг пирошкигоо өгөөч гэхээр нь би тухайн үед нэгийг нь өгсөн. Тэгтэл намайг дуудаад баахан их юм яриад тэгээд цаашаа нэг гуанз ороод хоол авч өгөөд гэрээ зааж өгчихөөд явсан юм. Тэгээд 2-3 хоногийн дараа энэ хүн торонд хувцасаа бариад ирсэн. Тэгээд би эмнэлгийн талын хүн болохоор нь өөртөө нэг дусал хийлгэсэн. Тэгсэн чинь тэр үед манай охин хүргэн 2 ирээд манай аавыг тарьж өгсөнд баярлалаа гээд буцаад явсан. Тэгтэл манай нэг танил надад дугтуйтай мөнгө өгөхөөр нь надад мод олоод өгөөрэй гээд бүх мөнгөө өгсөн. Гэтэл удалгүй манай дүү 500.000 төгрөг өгөхөөр нь би бас шууд л энэ хүнд өгсөн. Бас би 200.000 төгрөгөөр ээмэг авч өгсөн. Тэгээд би үлдэгдэл мөнгөө өгтөл гэнэт энэ хүн гэрлүүгээ явсан юм. Түнхэл рүү явахаар нь араас нь зогсоо зайгүй утасдсан. Одоо хохирол төлбөрөө авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Н.Ядамжав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны дунд үед Хонхорын эмнэлэг дээр биеэ үзүүлж яваад автобусны буудал дээр анх танилцсан. Тухайн үед хашаандаа жижиг урлангийн байшин барих санаатай ажил хийлгэж байтал манай хүүхэд Түнхэлд цагдаа ажилтай чамд мод оруулж өгье гэж яриа өдсөн...надад 1 ээмэг хэрэгтэй байна гээд хотын төв рүү намайг дагуулж яваад улмаар 1 дэлгүүр дээр ирээд удахгүй мөнгийг чинь өгнө гээд надаас бэлэн 200.000 төгрөг аваад 1 хос ээмэг авсан. Маргааш өдөр нь манай дүү Баясгалан надад бэлэн 500.000 төгрөг авчирч өгсөн. Энэ нь 5 ханатай гэр зарсан мөнгө байсан. Удалгүй миний найз Бямбаа Д бид хоёрыг машинаараа хүргэж өгөх дөө надад манай хамт олноос таньд өгч байгаа юм шүү гээд 300.000 төгрөг өгсөн. Маргааш нь гэнэтхэн Д зүүн хараа явлаа гэхээр нь модоо аваад ажлаа хурдан бүтээгээд ирээрэй гээд өөрт байсан бэлэн мөнгийг өгсөн. Тэгээд Түнхэл яваад алга болсон. Би өөрөө байшингаа барьж дуусгасан байгаа. Д гэгчээс 1.350.000 төгрөгөө л авна...” гэх мэдүүлэг. /хх-9-12, 25-27/,

 

Яллагдагч Н.Д мэдүүлэхдээ: “...2018 оны 8 сарын дундуур миний бие нь Түнхэл явлаа гэж хэлсэн юм. Урьд нь би Ядамжавд Түнхэлд мод байдаг гэж хэлж байсан. Ингээд би явах үедээ бэлнээр Ядамжаваас 680.000 төгрөг авч явсан. Түнхэлд би очоод мод суртал 7 хоногийн хугацаатай цахилгааны хязгаарлалттай байгаа тог ирэхээр нь мод бүтнэ гэхээр нь би 7 хоног хүлээсэн. Гэтэл цахилгаан нь болохгүй болохоор нь би утсаар Ядамжавд бүтэхгүй байгаа талаар хэлтэл. За хүлэээж байя гэж хэлж байсан. Энэ хооронд би мөнгөө ав гэж хэлтэл хүлээж байя гээд л байсан юм. Энэ хооронд би Ядамжавтай байнга утсаар холбоотой л байсан намайг мөнгөө аваад хүрээд ир цуг амьдарна гээд байхаар нь би татгалзсан. Удалгүй утсаар нь мессэж ирсэн, цагдаад өргөдөл гаргасан гэж байсан...” гэх мэдүүлэг. /хх-31-32/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Н.Д нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Ядамжавд “ Түнхэл” гэх газраас байшин барих хямдхан мод авчирч өгнө гэж хуурч мэхлэн 1.350.000 төгрөгийг залилсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Д-н бусдыг хуурч мэхлэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Д нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ө овогт Н.Д-г бусдыг хуурч мэхлэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Дыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Д-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР