| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2433000200032 |
| Дугаар | 2025/ДШМ/21 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 17.4.1., 17.12.2.1., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/21
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч З.Төмөрхүү, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Т.Солонго /цахим/
Хохирогч Ц.*******
Шүүгдэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, шийдвэрлэн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нарын давж заалдах гомдлоор А.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 150/2024/0085/Э/208/2025/0013 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, ***** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, ****эгтэй, **** настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ******хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ***** баг, ****** гэх газарт оршин суух хаягтай, урьд авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, (РД:*******)
Шүүгдэгч А.******* нь 2023 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт бэлчээрээс хохирогч Ц.*******гийн өмчлөлийн улаан халзан зүсмийн цоохор нүүртэй чихэндээ ээмэгтэй үнээг улаан халзан зүсмийн охин тугалтай нь, бөөр алаг зүсмийн үхрийг тугалтай нь 4 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг хулгайлан 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: А.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г бусдын олон тооны малыг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.*******д 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч А.******* , түүний өмгөөлөгч бид эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүхээс А.*******г бусдын олон тооны буюу хоёр тугалтай үхрийг хулгайлсан гэм буруутай гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч А.*******гийн хувьд төрөлхийн оюун ухааны хомсдол өвчний учир хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан сэтгэцийн эмгэг өвчтэй болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 665 дугаар дүгнэлтээр нотлон тогтоогдож байхад түүнийг мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчгүй мэдүүлэг авч ЭХХШТХ -ийн 5.3 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн тул хэргийг завсарлуулж нэмэлт ажиллагаа хийгдсэн болно. Хэрэгт цугларсан нотлох баримтанд хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч гэх Ц.*******гийн хүү Б.******* нь шүүгдэгч А.*******гийн төрсөн дүүгийнх нь нөхөр бөгөөд энэ утгаараа мал маллах, хадлан өвсөө бэлтгэх ажлаа хоршиж хийдэг байдал нь нотлон тогтоогдож байна. Гэрч Б.******* нь би намар 3 гэрийнхээ малын өвсийг бэлтгэхээр хадланд гарахдаа малаа хүргэн ахдаа захиж хариуцуулаад үлдээгээд явсан, манай аав ээж Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан байсан гэж мэдүүлдэг.
Эндээс 3 гэрийнхээ хадланг бэлтгэх ажилд Б.******* гарах үед хохирогч Ц.*******гийн болон Б.*******ы малыг А.******* нь хариулж маллах үүрэг хүлээгээд үлдсэн болох нь тогтоогдож байна. Энэ үйлдэл нь малчдын хөдөлмөрөөрөө хоршдог тогтсон зан заншлын хүрээнд харилцан итгэлцэлийн үндсэн дээр малыг харж хамгаалах маллах үүрэг А.*******д шилжсэн гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй байна. Тэрч бүү хэл малчид ээлжээр малаа хариулах байдлаар ч хөдөлмөрөө хоршдог. Гэрч Б.******* нь өөрийнхөө болон аавынхаа, хүргэн ах А.*******гийн малын хадланг бэлтгэхэд сар гаруй хугацаа зарцуулсан гэх ба энэ хугацаанд энэ 3 айлын малыг маллах үүргийг А.******* хүлээж байсан нь шүүгдэгчийн өөрийнх нь болон гэрч нарын мэдүүлэгээр нотлон тогтоогдож байгаа бөгөөд түүнд итгэмжлэн хариуцуулаад үлдээсэн малаас 1 тооны тугалтай үхрийг бусдад зарж завшсан үйлдэл нь тогтоогдож байхад түүнийг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж гомдолтой байна. Иймд ЭХХШ тухай хуулийн 39,9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү гэжээ.
Хохирогч давж заалдах гомдолдоо:
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1 д заасан гэмт хэрэг холбогдсон А.*******д холбогдох хэргийг хянан хэлэлцээд гаргасан 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолыг хохирогч Ц.******* би үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авна уу.
Шүүхээс А.*******г манай олон тооны буюу хоёр тугалтай үнээг хулгайлсан гэм буруутай гэж үзэж хорих ял оноосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайхны мал бэлчээрт хамт бэлчдэг, шаардлага гарсан үед хэн аль нэг нь бүх малаа нийлүүлээд малладаг ба манайхны үнээнүүд нэг эцэг малтай байдаг. Ийм болохоор хөгшин настай би малаа андуурсан байна. Би үүнийгээ мэдээд засаж залруулж мэдүүлсэн, манайхаас нэг л тугалтай үнээ алга болсон байсан, хохирлоо барагдуулж авсан, үнэ мөнгө нь төлөгдсөн учир надад гомдол санал байхгүй. Миний хүү Б.******* нь *******г малаа хариулж маллаж байгаарай гэж захиж үлдээгээд өөрийнхээсээ гадна *******гийн болон манай малын өвсийг бэлтгэхээр хадландаа гарсан байсан. Энэ хугацаанд ******* тэдний болон манай малыг өөрийнхээ малтай хамт маллаж, харж хандаж байх үедээ өөрийнхөө нэг угалтай үнээг манай нэг тугалтай үнээтэй нийлүүлж бусдад зарж үрсэн байна.
Ц.******* би өөрөө малаа гардаж малладаггүй болохоор мэдээгүй буруу зөрүү ярьсан байсан дараа нь мөрдөн байцаагчид бөөр алаг тугалтай үнээ нь манай үхэр биш байсан гэдгээ хэлсэн юм. Бид нэг нутгийн, худ ургийн хүмүүс болохоор би А.*******гийн биеийн байдал зан аашийг сайн мэднэ. Тэрбээр төрөлхийн оюун ухааны хомсдолтой, сэтгэцийн эмгэг өвчтэй, өвчин нь хавар намартаа хөдөлж энэ үедээ ухаан санаа нь орон гаран тогтворгүй болдог түүний энэ байдлыг зарим нэг хүмүүс ашиглаад малыг нь хуураад авах байдал нэг биш удаа гарч байсан гэж дуулддаг. Энэ намар ч гэсэн яг л ийм байдлаар малыг нь ******* гэгч нь авсан байна. Би өөрөө нас өндөр хараа, хөл гар муутайн дээр эхнэр маань хүнд өвчтэй тул малаа адгуулж маллаж чаддаггүй хүү ******* маань малладаг юм. Манай хүү Б.*******ых хүн бүл муутай учир мал маллах, хадлан өвсөө бэлтгэх ажлаа А.*******той хоршиж, хамжиж хийдэг, олон хоногоор ч бай цөөн хоногоор ч бай ийшээ тийшээ явах тохиолдолд *******д малаа захиж үлдээгээд л явдаг юм. Ингэхээс ч өөр аргагүй байдаг. Хүү Б.******* 3 гэрийнхээ малын өвс тэжээлийг бэлтгэх гээд хадланд гарах хугацаанд манай болон Б.*******ы малыг А.******* бүгдийг нь хариулж, маллаад үлдсэн нь үнэн тул манай 2 тугалтай үнээг хулгайлсан гэж үзэж А.*******д хорих ял оноосныг хохирогч би хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд А.*******гийн холбогдсон хэргийн зүйлчлэлийг өөрчилж, оногдуулсан ял шийтгэлийг нь хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдолдоо:
А.*******гийн хууль ёсны төлөөлөгч А.******* би Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолыг үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. А.*******г бусдын олон тооны буюу хоёр тугалтай үхрийг хулгайлсан гэм буруутай гэж үзэж хорих ял оноосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай хүргэн Б.******* нь хадланд гарахдаа малаа хариулж маллаж байгаарай гэж захиж үлдээгээд 3 гэрийнхээ малын амны өвсийг бэлтгэхээр хадландаа гарсан. Энэ хугацаанд хүү ******* тэдний малыг өөрийнхөө малтай хамт маллаж байсан. Миний хувьд өөрөө өндөр настай, бие чилээрхүү байдаг тул малын ажилд тэр бүр оролцож чадахгүй, ******* л малаа харж малладаг юм. Манай хүүгийн оюун ухааны хомсдолтой юмны үнэ цэнийг мэдэхгүй байдлыг нь далимдуулж хоёр зуун мянга хүрэхгүй төгрөгөөр 2 тугалтай үхрийг ******* гэгч нь хуурч авсан байна. Энэ 2 тугалтай үхрийн нэг нь манай өөрийн үнээ байсан. Үүнийг хүргэн Б.******* хадлангаас ирээд мэдсэн, харин Ц.******* нь өөрөө малаа малладаггүй болохоор мэдээгүй буруу зөрүү ярьсан юм билээ. Дараа нь мөрдөн байцаагчид нэг нь манай үхэр биш байсан гэдгийг хэлсэн байсан. А.*******гийн хувьд төрөлхийн оюун ухааны хомсдол өвчний учир хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан сэтгэцийн эмгэг өвчтэй, өвчин нь хавар намарт хөдөлж энэ үедээ ухаан санаа нь орон гаран, хэцүү байдалтай болдог юм. Хохирогч Ц.******* нь манай хүргэн Б.*******ы төрсөн эцэг бөгөөд өөрөө нас нь өндөр болсон эхнэр нь өвчтэй болохоор малыг нь манай хүргэн л малладаг. Хүү А.******* , хүргэн хүү Б.******* хоёр байнга мал маллах, хадлан өвсөө бэлтгэх ажпаа хоршиж, хамжиж хийдэг, ингэхээс ч өөр аргагүй байдаг. Хүргэн Б.******* 3 гэрийнхээ малын өвс тэжээлийг бэлтгэх гээд хадланд гарах үед Ц.*******гийн болон Б.*******ы малыг миний хүү А.******* бүгдийг нь хариулж маллаад үлдсэн нь үнэн тул Ц.*******гийн 2 тугалтай үнээг хулгайлсан гэж хорих ял оноосныг хууль ёсны төлөөлөгч би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хүүдээ маш их санаа зовж байна. Учир нь оюун ухааны хомсдолтой юмны цаад наад нарийн утга учрыг ойлгодоггүй , хүн өөрт нь сайн муу хандаж байгааг ч мэдэхгүй хүн бүрд итгээд байдаг муу талтай хүн байгаа юм. Хорих ял эдлээд явах нөхцөлд зөв хүнээ олж нөхөрлөхгүй, сайн муу хүнийг ч ялгаж танихгүй, муу хүмүүсийн нөлөөнд орж гарч ирээд тэр хүмүүсийн үгэнд хууртаж бусдын болон өөрийнхөө малыг өгч явуулаад байх болов уу гэж санаа зовж байна. Манай Орхонтуулд хүртэл намайг байх байхгүйд малыг хуураад аваад байдаг хүмүүс байдаг юм. Иймд миний гомдлыг хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэж, хүүд маань оногдуулсан ял шийтгэлийг нь хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бусдын итгэмжлэн хариуцуулсан малыг завшсан үйлдэл нь тогтоогдож байна гэж үзэж байна. Гэрч нар, хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байгаа учраас хэргийн зүйчлэлийг өөрчилж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч А.******* нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлтийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхэд ойлгомжтой, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байна гэж дүгнэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, оролцогч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нарын давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр А.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч А.******* нь 2023 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт бэлчээрээс хохирогч Ц.*******гийн өмчлөлийн улаан халзан зүсмийн цоохор нүүртэй чихэндээ ээмэгтэй үнээг улаан халзан зүсмийн охин тугалтай нь, бөөр алаг зүсмийн үхрийг тугалтай нь 4 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг хулгайлан 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
2.Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаж үзээд шүүгдэгч А.Баттогтоогийн үйлдлийг олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй, хохирогч Ц.*******гийн итгэмжлэн хариуцуулан үлдээсэн эд хөрөнгө буюу өөрийн дүүгийн нөхөр, түүний аавтай хамтран хоршиж малладаг байсан малаас зарсан болох нь хохирогч О.*******ийн “...Байнга хамт нутагладаг учраас ******* манай үхрүүдийг сайн мэднэ...” гэх /хх-ийн 20-21 тал/, гэрч Д.*******гийн “...өдөр 14 цагийн үед үхэр ачсан машин явж байсан...” гэх /хх-ийн 28-30 тал/, гэрч П.*******ийн “...Баттогтоогоос тэр өдөр 15 цагийн үед 2 тугалтай үнээ худалдаж авсан. Нэгнийх нь оронд адуу өгөхөөр тохирч, нөгөөгийх нь үнэд 1.200.000 төгрөг өгсөн. Мал худалдаж авахад тухайн үед эхнэр хүүхэд нь хажуу айлын залуу зэрэг хүмүүс байсан...” гэх /хх-ийн 45-46 тал/ зэрэг мэдүүлгүүдээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлогдсон.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “....Гэрч Б.******* нь өөрийнхөө болон аавынхаа, хүргэн ах А.*******гийн малын хадланг бэлтгэхэд сар гаруй хугацаа зарцуулсан гэх ба энэ хугацаанд энэ 3 айлын малыг маллах үүргийг А.******* хүлээж байсан нь шүүгдэгчийн өөрийнх нь болон гэрч нарын мэдүүлэгээр нотлон тогтоогдож байгаа бөгөөд түүнд итгэмжлэн хариуцуулаад үлдээсэн малаас 1 тооны тугалтай үхрийг бусдад зарж завшсан үйлдэл нь тогтоогдож байхад түүнийг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж гомдолтой байна...” гэх, хохирогч Ц.*******гийн “.... Хүү Б.******* 3 гэрийнхээ малын өвс тэжээлийг бэлтгэх гээд хадланд гарах хугацаанд манай болон Б.*******ы малыг А.******* бүгдийг нь хариулж, маллаад үлдсэн нь үнэн тул манай 2 тугалтай үнээг хулгайлсан гэж үзэж А.*******д хорих ял оноосныг хохирогч би хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд А.*******гийн холбогдсон хэргийн зүйлчлэлийг өөрчилж, оногдуулсан ял шийтгэлийг нь хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү...” гэх, Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч А.*******ийн “...Хүргэн Б.******* 3 гэрийнхээ малын өвс тэжээлийг бэлтгэх гээд хадланд гарах үед Ц.*******гийн болон Б.*******ы малыг миний хүү А.******* бүгдийг нь хариулж маллаад үлдсэн нь үнэн тул Ц.*******гийн 2 тугалтай үнээг хулгайлсан гэж хорих ял оноосныг хууль ёсны төлөөлөгч би хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх гомдлуудыг давж заалдах шатны шүүхээс хангах шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн.
Дээрх гомдлын агуулгууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч болон шүүгдэгч нар нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин сууж мал ахуйгаа маллан айл саахалт амьдардаг ба жилийн 4 улиралд хөдөлмөрөөрөө хоршин хадлан тэжээлээ бэлтгэх, мал маллах ажлаа итгэлцлийн үндсэн дээр явуулдаг болох нь нотлогдож байх ба тухайн үед малаа маллаж байсан шүүгдэгч А.Баттогтоог уг хорин амжилладаг хохирогч Ц.*******гийн малыг бусдад зарж борлуулсан үйлдлийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
3.Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн давж заалдах гомдлыг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д заасан буюу олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дээрх хуулийн зүйл заалтанд заасан хорих ялын доод хэмжээнээс доош татаж 01 жилийн хорих ял оногдуулсныг, зүйлчлэлийг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1-д заасан “хөрөнгө завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Ялтан А.*******д шүүхээс хорихоос өөр төрлийн ял оногдуулж байгаа тул магадлал хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийтгэх тогтоолын 1, 2 3 дахь заалтуудад өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
1 дэх заалтыг:
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г бусдын олон тооны малыг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
2 дахь заалтыг:
“Шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,
3 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.*******г оршин суугаа газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5д зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн давж заалдах гомдлыг хангасугай.
3.Шүүгдэгч А.Баттогтоод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД З.ТӨМӨРХҮҮ
Г.ДАВААРЕНЧИН