| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/01097/И |
| Дугаар | 318/ШШ2025/01065 |
| Огноо | 2025-11-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 318/ШШ2025/01065
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Т овогт Г.Т ,
Хариуцагч: Б овогт Н.Г ,
Хариуцагч: Х овогт Н.Б нарт холбогдох,
17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2025 оны 2 дугаар сард Н.Г эхнэр Н.Б нарт 1 сарын хугацаатай хүүтэй 15,000,000 төгрөг зээлсэн. Мөнгө зээлж авахдаа хүүтэй нь өгнө гээд гуйгаад байхаар нь итгээд 2 дугаар сарын 28-нд өгнө гэж авсан дэлгүүртэй бараа аваад буцаагаад 750,000 төгрөг нэмнэ гээд авсан. Одоо 8 сар болж байгаа энэ хугацаанд хүү гэж 3,500,000 төгрөгийн хэрүүл болж байж авсан. Удахгүй өгнө гээд элдэв шалтаг тоочиж явсаар 8 сар болсон. Иймд Н.Г , Н.Б нараас 17,000,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.Г , Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Норовсамбуу овогтой Батнавч нь иргэн Г.Т ээс 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 5099434341 дансаараа дамжуулан түрээслэн ажиллуулж байсан Халиун хүнсний дэлгүүртээ цагаан сарын бараа татах зорилгоор 15,000,000 төгрөг авсан нь үнэн болно. Энэ хугацаанд нэхэмжлэгчид 1,000,000 төгрөгийг дансаар, 2,000,000 төгрөгийг бэлнээр, 500,000 төгрөгийг дансаар, нийт 3,500,000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн болно. Дэлгүүрийн худалдан авалт муудаж, тог цахилгаан дулаан өндөр өндөр мөн барааны хугацаа дуусаж орлого муу, ашиг биш алдагдал хүлээсэн тул дэлгүүрээ хаасан. Баруунтуруун, Тариалан сумуудад 2025 онд үр тариа 200 га, ногоон тэжээл хадлан 50 га, нийт 250га талбайд 240,000,000 төгрөгийн тариалалт хийгдсэн боловч байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөн ургацаа алдсан. Нэхэмжлэгчийн гаргаж буй 17,000,000 төгрөгийн нэхэмжлэлд маргах зүйл байхгүй. Одоогоор өр зээлээ төлж барагдуулахаар ажил хийж Улаанбаатар байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 17,000,000 төгрөгийг 4 сарын хугацаанд буюу 12 дугаар сараас 3 сарыг дуустал бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Г.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбартаа танилцлаа. 17,000,000 төгрөгийг 4 хувааж төлөх тайлбартаа танилцаад хүлээн зөвшөөрч байна. Хугацаандаа мөнгөө төлөхгүй тохиолдолд албадан гаргуулж авна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Н.Г , Н.Б нарт холбогдуулан 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Т ийн 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 3 дугаар сарыг дуустал буюу 4 сарын хугацаанд төлж барагдуулахыг хариуцагч Н.Г , Н.Б нар хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,950 төгрөгийн тал хувь болох 121,475 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 121,475 төгрөг, хариуцагч Н.Г , Н.Б нараас 121,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Т д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Т ийн 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Г , Н.Б нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,950 төгрөгийн тал хувь болох 121,475 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 121,475 төгрөг, хариуцагч Н.Г , Н.Б нараас 121,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Т д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР