Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/01876

 

 

 

 

 

 

 

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/01766 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н ХХК-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 49 351 080 төгрөг, алданги 24 675 540 төгрөг, үрэгдүүлсэн эд хөрөнгийн үнэ 1 741 000 төгрөг, засварын зардал 2 934 000 төгрөг, тээврийн зардалд 240 000 төгрөг, нийт 78 941 620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Батжаргал,

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Хатанбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Барилга угсралтын материал түрээслэх гэрээний дагуу нэхэмжлэгч Х ХХК-аас 1 ширхэг нь 45 000 төгрөгийн үнэ бүхий V6 төрлийн сапуд /тулгуур/ 425 ширхэгийг 30 хоног тутамд 3 825 000 төгрөгөөр, мөн 1 ширхэг нь 40 000 төгрөгийн үнэ бүхий V5 төрлийн сапуд 435 ширхэгийг 30 хоног тутамд 3 906 000 төгрөг, 1 ширхэг нь 60 000 төгрөгийн үнэ бүхий 5012 төрлийн 180 ширхэг пумыг 30 хоног тутамд 1 350 000 төгрөгөөр, 1 ширхэг нь 50 000 төгрөгийн үнэ бүхий 2012 төрлийн пум 10 ширхэгийг 30 хоног тутамд 75 000 төгрөгөөр, 1 ширхэг нь 30 000 төгрөгийн үнэ бүхий 1.2 метр гадна багана 120 ширхэгийг 30 хоног тутамд 594 000 төгрөгөөр тус тус түрээсэлсэн болно.

Хариуцагч Н ХХК нь эдгээр барилга угсралтын хэрэгслийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл эзэмшиж ашигласан бөгөөд түрээсийн төлбөрт 67 365 305 төгрөгийг төлөхөөс 23 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 44 365 305 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Талууд түрээсийн гэрээг дүгнэж, хариуцагч гэрээг үргэлжлүүлэх хүсэлт гаргасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дахин пум, сапуд, дотор булан зэргийг 6 585 775 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон, төлбөрт нь хариуцагч 1 600 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 4 985 775 төгрөгийг төлөөгүй байна.

Хүлээлгэн өгсөн барилга угсралтын хэрэгслийн бүрэн бүтэн байдал, тээврийн зардлыг хариуцагч хариуцах ёстой. Гэвч хариуцагч нь пумны панерыг их хэмжээгээр цөмөлсөн түүнийг засварлахад гарсан зардал 2 974 000 төгрөг, тээврийн зардал 160 000 төгрөг төлөөгүй V5 загварын 1 ширхэг нь 40 000 төгрөгийн үнэтэй 33 ширхэг буюу нийт 1 320 000 төгрөгийн сапудыг, мөн 1 ширхэг нь 35 000 төгрөгийн үнэтэй 11 ширхэг буюу нийт 385 000 төгрөгийн сапудыг, 1 ширхэг нь 36 000 төгрөгийн үнэтэй 100х200 хэмжээтэй 1 ширхэг дотор булан зэргийг үрэгдүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн зүгээс засварын зардалд 40 000 төгрөгийг зарцуулсан.

Иймд хариуцагч Н ХХК-иас барилга угсралтын материал түрээслэх гэрээний үүрэгт 49 351 080 төгрөг, алдангид 24 675 540 төгрөг, үрэгдүүлсэн эд хөрөнгийн үнэд 1 741 000 төгрөг, засварын зардалд 2 934 000 төгрөг, тээврийн зардалд 240 000 төгрөг, нийт 78 941 620 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа.

Нэхэмжлэгч Х ХХК болон Н ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Барилга угсралтын материал түрээслэх гэрээг байгуулсан. Д.Бат-Ирээдүй нь Н ХХК-д туслан гүйцэтгэгчээр ажилладаг. Х ХХК нь андуурч ойлгож гэрээ байгуулж өөр хүнд өгсөн материалынхаа түрээсийн төлбөрийг Н ХХК-аас нэхэмжилж байна.

Бараа бүтээгдэхүүнийг хүлээлцэж авсан талаар баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаадлага хангагдах боломжгүй юм. Талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр түрээсийн гэрээг дүгнэсэн акт байгаа. Уг актаар тооцоо нийлж, үлдэгдэл төлбөрөө 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төлж барагдуулахаар гэрээг хаасан. Уг актыг Д.Бат-Ирээдүйтэй хийсэн байдаг ба нэхэмжлэгч хоёулантай акт хийгээд яваад байсан байдаг.

Шүүхэд Н ХХК-д холбогдуулж нэхэмжлэл гаргаж байгаа хэдий ч Д.Бат-Ирээдүй болон Н ХХК-тай хоёулантай нь давхар гэрээ хийж байсан. Мөн тооцоо нийлсэн актад алдангийн асуудлыг тохироогүй байдаг. Тиймээс алдангийг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт түрээсийн төлбөрт 47 223 305 төгрөг, алдангид 23 611 652.5 төгрөг, нийт 70 834 957.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 106 662.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 553 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:.Н ХХК болон Х ХХК-ууд нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр барилгын угсралтын материал түрээслэх гэрээ-г байгуулсан бөгөөд уг гэрээгээр талууд алданги тохиролцоогүй болно. Учир нь, талууд гэрээ хэлэлцээр байгуулахдаа алданги тооцохгүйгээр тохирсон бөгөөд энэ утгаараа гэрээний төлбөр гүйцэтгэх хугацааг талууд тодорхойгүй үлдээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, гэрээний 5.3 дах заалтад алдангийн талаар заасан боловч энэ нь бодит байдал дээр хэрэгжих хугацаагүй, талуудын тохирсон зүйл биш буюу гэрээний загвар заалт байсан. Түүнчлэн, талууд тооцоо нийлэх замаар гэрээний үүргийг дуусгавар болгохоор 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тохирсон ба 47 223 305 төгрөгийн дүн бүхий тооцоог нийлж түрээсийн гэрээг дуусгавар болгосон. Уг тооцоо нийлсэн баримтад ...энэ хугацаанд дээрх тооцоог барагдуулаагүй тохиолдолд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс төлөгдөөгүй дүнгийн 0.5 хувиар алданги тооцох болно гэж заасан байдаг.

Тооцоо нийлэх үед талууд алдангийн талаар тодорхой хэлэлцэж, ярилцаагүй бөгөөд тооцоо нийлсэн баримтад заасан дээрх өгүүлбэр нь алдангийн нийт дүн, эсхүл хоног тутмын алдангийн хэмжээ аль нь болох нь тодорхойгүй юм. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд алданги тооцох, тэр нь ямар хэмжээтэй байх талаар тодорхой гэрээний үндэслэл байхгүй байхад хариуцагчаас алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад "... алданги 23 611 652.5 төгрөг ... гаргуулж нэхэмжлэгчид олгож гэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, зарим дүгнэлтийн хувьд залруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 49 351 080 төгрөг, алданги 24 675 540 төгрөг, үрэгдүүлсэн эд хөрөнгийн үнэ болох 1 741 000 төгрөг, засварын зардалд 2 934 000 төгрөг, тээврийн зардалд 240 000 төгрөг нийт 78 941 620 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрээний үүрэгт 38 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, шаардлагаас үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Х ХХК нь Н ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Барилга угсралтын материал түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч буюу Х ХХК нь V6 төрлийн сапуд 425 ширхэгийг 30 хоног тутамд 3 825 000 төгрөгөөр, V5 төрлийн сапуд 435 ширхэгийг 30 хоног тутамд 3 906 000 төгрөгөөр, 5012 төрлийн 180 ширхэг пумыг 30 хоног тутамд 1 350 000 төгрөгөөр, 2012 төрлийн пум 10 ширхэгийг 30 хоног тутамд 75 000 төгрөгөөр, 1.2 метр гадна багана 120 ширхэгийг 30 хоног тутамд 594 000 төгрөгөөр тус тус тооцож түрээслэгчид шилжүүлэх, түрээслэгч буюу Н ХХК нь түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээслэж, анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 23 000 000 төгрөг төлсөн талаар маргаагүй.

 

Талууд 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн ба уг актаар хариуцагч Н ХХК нь гэрээний үүрэгт 47 223 305 төгрөг төлөх үүргийг баталгаажуулжээ.

 

Гэрээний 5.3-т түрээсийн гэрээний төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон үүргийг мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй юм.

 

Түүнчлэн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тооцоо нийлсэн актад алданги төлөх талаар тэмдэглэж, хариуцагч гарын үсэн зарсан байгаагаас дүгнэвэл талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар гэрээгээр алданги тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй тул алдангийн талаар тохиролцоогүй, гэрээний загвар заалт байсан гэх хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Талууд тооцоо нийлэхдээ 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны алданги тооцоогүй, харин актаар түрээсийн гэрээний төлбөрийг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд төлөөгүй тохиолдолд алдангийг төлөгдөөгүй дүнгийн 0.5 хувиар тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Улмаар нэхэмжлэгч алдангийг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож, 24 675 540 төгрөгөөр тодорхойлсныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож хязаарласан нь зөв болжээ. Харин анхан шатны шүүх алдангийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн шаардах эрхийг тодорхойлсон зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт орхигдуулсныг залруулав.

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн засварын үнэ 2 934 000 төгрөг, үрэгдүүлсэн материалын үнэ 1 741 000 төгрөг, тээврийн зардал 240 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, заалтыг заах гэснийг зөрчсөн, үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгчийн энэ шаардлага нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол шаардах эрхэд хамаарах тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зохицуулагдсан байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/01766 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д гэснийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 гэж, олгож, гэсний дараа Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул гэж нэмж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276 008 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЗОЛЗАЯА