| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2432001820162 |
| Дугаар | 2025/ДШМ/23 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/23
Г.*******, Б.******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Б.Хишигсувд /цахим/
Шүүгдэгч Ц.*******, Б.******* /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх, Ц.Ганболд /цахим/ нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж, шийдвэрлэн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/167 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Б.******* болон шүүгдэгч Г.*******ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Г.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай, 149/2024/0164/Э/208/2025/0015 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.******* овогт *******ийн *******, Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод *****оны **** дүгээр сарын ****-ны өдөр төрсөн, ****** настай, ****эгтэй, *******боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл ******** хамт Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл*********баг, *******тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ ************ажиллаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, (РД:*******)
-2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан.
2. овогт гийн *******, Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд ***** оны **** дүгээр сарын ****-ны өдөр төрсөн, *** настай, ***эгтэй, ******* боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл ********** хамт Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл ******** баг, ********** тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ **************** ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай (РД:********) урьд
-2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 01 жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан.
Шүүгдэгч Г.*******, Б.******* нар нь бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр Буянтын ам гэх газраас 1037.4 килограмм буюу 21 шуудай цайруулсан Сибирь хуш модны самар түүж бэлтгэн байгаль экологид 512.994.300 төгрөгийн хохирол учруулсан, уг түүж бэлтгэсэн 21 шуудай цайруулсан хуш модны самрыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоноос Киа бонго-3 маркийн 21-01 СБА улсын дугаартай П.*******ын эзэмшлийн тээврийн хэрэгслээр Сэлэнгэ аймгийн Мандал сум руу тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: Г.*******, Б.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, овогт гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох хуш модны самрыг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.*******ийг 01 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.*******ыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.*******, Б.******* нарт тус тус оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 21 шуудай буюу 1037,4 кг хуш модны самрыг улсын орлогод буюу Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулахыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, Г.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдан,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.*******, Б.******* нараас ургамалд учруулсан хохиролд 512.994.300 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 21-01 СБА улсын дугаартай Киа бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10000000 /арван сая/ төгрөгийг Г.*******, Б.******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын Төрийн сангийн 100130400952 тоот дансанд оруулахыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,
Энэ хэргийн улмаас П.*******ын эзэмшлийн 21-01 СБА улсын дугаартай Киа бонго-3 маркийн тэврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.*******, Б.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.*******ийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах гомдолдоо:
... Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 167 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг баримтлан давж заалдах гомдол гаргаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:
1.Г.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5-д заасныг анхаарч үзэлгүй шүүгдэгч нар нь нэг өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэн нь хуулийн заалтыг ноцтой гэж үзэхээр байна.
2.Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг бүрэн олж тогтоогоогүй нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг хариуцуулахад чухал ач холбогдолтой байх тул хэдэн хүн явсан, хэн ямар оролцоотой байсныг нэг мөр шалгаж тогтоолгох шаардлагатай байна.
3.Г.******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч бус иргэний нэхэмжлэгчийг тогтоосон шүүгдэгч нарын үйлдлийн улмаас байгаль орчинд бодит хохирол учраагүйг нотолж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д зааснаар ...байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, ...эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, 9-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр хэрэгжүүлэх гэж тус тус зааснаас үзэхэд Г.******* нарын үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийн асуудлыг тухайн сумын засаг дарга хуулийн байгууллагад нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийг тогтоогоогүй, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон этгээд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхгүй этгээд байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.
4.Эд мөрийн баримтаар хураагдсан самрыг үзэж жинлэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдаагүй гэж үзэж байна. Учир нь зориулалтын хэмжих багажаар хэмжиж самрын бодит жинг тогтоогоогүй, мөрдөгчөөс уг тэмдэглэлийг шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад ашиглуулсан, түүнчлэн 1037,4 кг бус гр-аар тогтоосныг бичиглэлийн алдаа гаргах зэргээр хэргийн бодит байдлыг тогтоох, эд мөрийн баримтын шинж чанар, хэмжээг бүрэн бодитойгоор тогтоогоогүйн улмаас миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй шийдвэр гаргахад хүргэсэн байна.
Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар:
1.Г.*******ийн үйлдлийн улмаас 512,994,300 төгрөгийн хохирлыг Б.*******тай хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Хохирол гэдэг нь хэмжиж, тооцож болохуйц эрх зүйн зөрчил болон үр дагаврын шалтгаант холбоотой байх ёстой. Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 “байгалийн ургамал” гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг, Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12. “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг хэлнэ гэж заасан.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/737 дугаартай тушаалаар 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаартай тушаалаар “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам” хүчингүй болсныг Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4/17 дугаартай дүгнэлтийг гаргахдаа үндэслэсэн ба 1037,4 кг самрын экологи эдийн засгийн үнэлгээг 102,598,860 төгрөгөөр тооцсныг байгаль экологид учирсан хохирол гэж тогтоосон нь ойлгомжгүй байна. Ойн тухай хууль нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас илүү нарийвчилсан зохицуулалттай, хууль зүйн хүчин чадлын хувьд Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоос илүү гэж үзэж байна. Ойн тухай хуулийн 3.1.12-т зааснаар ойн дагалт баялагт самар багтдаг. Ойн санд хохирол учруулсан тохиолдолд шууд болон ойг нөхөн сэргээхэд шаардагдах зардлын нөхөн төлбөр гэсэн хоёр хэлбэрээр хохирлыг тогтоодог. Гэтэл шууд хохирлыг тогтоохдоо тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр тооцохоор хуульчилсан байхад экологи эдийн засгийн үнэлгээгээр буюу 1 кг самрыг 98900 төгрөгөөр тооцож 5 дахин нэмэгдүүлсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хохироосон асуудал юм. Самрыг ховор ургамал гэж үзсэнээр Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан Хэрэв ойн тухай хуулийг баримталбал ургамлын аймагт хохирол учруулсан гэж үзэхгүй, хохирлын асуудал үүсэхгүй, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд зааснаар хариуцлага оногдуулах боломжтойг анхаарна уу.
Г.******* нарын үйлдлийн улмаас байгаль экологид хохирол учраагүй гэж иргэний нэхэмжлэгч мэдүүлэгтээ дурьдсан байхад хохирол учирсан гэж шүүхээс дүгнэлт хийж буруутгасан үндэслэлгүй тул шүүгдэгчээс экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон мөнгөн дүнгээр гаргуулан төрийн санд төвлөрүүлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 357 дугаар тогтоолд ...Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан Байгалийн ургамлын тухай хуульд ховор ургамлыг ...тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг ургамлын аймагт шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх, улмаар уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй болно” гэж заажээ.
Анхан шатны шүүх тэдний үйлдлийн улмаас ургамлын аймагт шууд хохирол учирсан мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж 512,994,300 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзвэл Г.*******ийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан Г.*******өд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсвэл нийгмээс тусгаарлахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 167 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б.******* давж заалдах гомдолдоо:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг Хараагийн 1-4-410 тоотод оршин суугч хаягтай, одоо Хорих 413 дугаар ангийн Цагдан хорих байранд хоригдож байгаа гийн ******* би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон тус сум дахь сум дундын шүүхээс 1 жилийн хорих ялаар шийтгэгдсэн болно.
Миний бие нь шүүхээс ял оногдуулсан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруутайгаа маргадаггүй. Би өөрөө хууль дүрмээ сайн мэдээгүйгээсээ болоод орон нутагтайгаа ярьж зохицоод болчихно гэж бодоод зөвшөөрөлгүй самар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Миний тухайд эхнэр, 09-13 насны 2 хүүхэд болон өвчтэй хадам эх нарынхаа хамт амьдардаг. Эхнэр Д.******* цэцэрлэгийн жижүүрийн ажил эрхэлдэг, хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулийн 3-9-р ангид суралцдаг.
Хадам эх Ч.******* өндөр настай, байнгын асаргаа, анхаарал халамж шаарддаг болно. Манай гэр бүлийн хувьд хөдөлмөрлөх, орлого олох, гэр бүлээ тэжээн тэтгэх гол үүрэг надад оногддог. Би хоригдсон үед ар гэрийн маань амьдралын чанар доройтох, хүүхдийн сурч боловсрох, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх зэрэг олон муу үр дагавар үүсэж болохоор байна.
Миний хувьд гэмт хэрэг үйлдэж байгаль орчинд хохирол учруулсандаа гэмшиж байгаа, надад оногдох хохирол төлбөрийг шүүхээс тогтоож өгсөн хугацаанд бүрэн төлж барагдуулах, дахин ямар нэг байдлаар гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байхаа илэрхийлж байна.
Иймд миний ар гэрийн болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө бүрэн барагдуулах хүсэлтээ илэрхийлж байгаа байдлыг харгалзан үзэж, давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хуулийн энэрэнгүй ёсны зарчмын дагуу надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Г.*******ийн өмгөөлөгч М.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Анхан шатны шүүх маань хуульд зааснаар баримтлавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, мөрдөн шалгах ажиллагаа хуульд хэрхэн нийцсэн талаар дүгнэлт хийгээгүй. Прокурор хяналт тавиагүй. Анхнаасаа хохирлыг буруу тогтоосон учир шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчим нь эргэлзээ төрүүлэхүйц болчихож байгаа юм. Гаргасангомдлоо дэмжиж байна гэв.
Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Шүүгдэгч Б.*******ын тухайд хохирол төлбөрийг төлнө. Нийгмээс тусгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.
Шүүгдэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхнаасаа 5 нугалж төлөх ёстой гэсэн хууль мэдэхгүйн улмаас ийм алдаа гаргасан. Ахиж ийм алдаа гаргахгүй. Хохирлоос минь багасгаж, хорих ялаас өөр ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монгол улсын хууль тогтоомжийг зөрчиж самар түүсэндээ маш их харамсаж байна. Эхнэр, хоёр хүү, өндөр настай хадам ээжийнхээ хамт амьдардаг. Хууль зөрсөндөө маш их харамсаж байна. Шүүхээс оногдуулсан хорих ялыг өөрчилж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгчийг тогтоосон байдаг. Мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 5-д зааснаар иргэний нэхэмжлэгч нь хохирогчийн статустай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж тухайлан заагаад өгчихсөн байсан учраас иргэний нэхэмжлэгчийг *******аар тогтоосон. Уг ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод харшлахгүй гэх байдлаар тайлбар хэлж байна.
Шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс маргаж байна. М.Гансүх өмгөөлөгчийн ярьж байгаагаар 450 дугаартай хүчингүй болсон тушаалыг яриад байх шиг байна. 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хараагийн сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт гаргах цаг хугацаанд дагаж мөрдөж байсан гэдгийг сайн хараарай. Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээчийн дүгнэлттэй, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар танилцсан байгаа. Уг танилцсан байдалдаа санал хүсэлт гаргаагүй. Шүүхэд санал хүсэлтээ гаргаад явах боломж нь байдаг. Өнөөдөр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад яриад байж байгаа нь үндэслэлгүй байна. Өмгөөлөгч нар хангалттай бүрэн гүйцэт тайлбар хэлэхгүй байна гэж үзэж байна. Хэргийн газарт нөхөн үзлэг хийхдээ шүүгдэгч нарыг хамт авч яваад бэлтгэсэн газар дээр нь авч очоод солбилцлын цэгийг тогтоосон. Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* болон шүүгдэгч Г.*******ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Г.*******, Б.******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Г.*******, Б.******* нар нь бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд Сэлэнгэ аймаг Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэр Буянтын ам гэх газраас 1037.4 килограмм буюу 21 шуудай цайруулсан Сибирь хуш модны самар түүж бэлтгэн байгаль экологид 512,994,300 төгрөгийн хохирол учруулсан, уг түүж бэлтгэсэн 21 шуудай цайруулсан хуш модны самрыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоноос Киа бонго-3 маркийн 21-01 СБА улсын дугаартай П.*******ын эзэмшлийн тээврийн хэрэгслээр Сэлэнгэ аймгийн Мандал сум руу тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
2.Шүүгдэгч Б.*******, Г.******* нар дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ийн өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Б.*******ын хамт Түнхэл тосгоны нутагт харьяалагдах 30 зм зайд байдаг Буянтын ам гэх газар луу самарт явж очоод самар түүсэн. 14 хоногийн хугацаанд унасан самар түүж цайруулаад өрт 1-2 шуудай цайруулсан самрыг уулнаас зөөж буулгаад замын унаанд дайгдаж Түнхэл ороод гэртээ авчирдаг байсан. Тэгээд маргааш нь буцаад алхдаг байсан. Нийт 21 шуудай цайруулсан самар амбаарт хурааж байгаад найзынхаа бонго-3 маркийн машинд ачиж Мандал суманд авчирч зарах гэж яваад Хэрх тосгонд цагдаад баригдсан” гэх мэдүүлэг
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн “....2024 оны 09 дүгээр сарын 10-наас 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд “*******ийн хамт Буянтын ам гэх газар луу очиж самар түүж цайруулж бэлтгэсэн. Бид хоёр нийт 21 шуудай самар бэлтгээд уулнаас самраа үүрээд буугаад замын унаанд дайгдаж Түнхэл рүү оруулж ирдэг байсан. Тэнд бас Хөвсгөлийн 3-4 хүн мотоциклтой самар түүж байсан учир мотоциклыг нь гуйж доошоо буулгадаг байсан. Хөвсгөлийн хүмүүсийн нэрийг мэдэхгүй танихгүй хүмүүс байсан. Тэгээд замын унаанд дайгдаад Түнхэл рүү оруулж ирээд *******ийн хашаанд бөөгнүүлж байгаад нааш нь хүний машинаар нь зөөж ирж яваад Хэрх тосгонд цагдаад баригдсан” гэх мэдүүлэг
-Иргэний нэхэмжлэгч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Би Мандал сумын байгаль орчны хяналтын тасгийн дарга байгаль орчны улсын байцаагчийн актаар тогтоосон хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-н 28 дугаар тал/
-Иргэний нэхэмжлэгч П.Г.*******, Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..... ******* миний найз байгаа юм. Өөрийн эзэмшлийн 21-01 СБА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг Г.******* надаас Мандал сум руу юм ачиж авах гэсэн юм гэж гуйгаад байхаар нь би машинаа өгсөн. Өөр ямар нэг шалтгаан байхгүй. Би машинаа 150,000 төгрөгийн хөлсөөр өгч явуулсан. Би түүнийг миний машинаар юу тээвэрлэсэн талаар мэдэхгүй. Би 2024 оны 03 дугаар сард Улаанбаатар хотоос 18,000,000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /хх-н 31 дүгээр тал/
-Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн № 2024/17 дугаартай “...Монгол улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Жагсаалт батлах тухай” /Ховор ургамлын жагсаалт/153 дугаар тогтоолоор ховор ургамлын төрөлд хамруулсан байдаг. ...Хуш модны самрыг болц нь гүйцээгүй буюу чийгтэй, давирхай салаагүй байх үед түүсэн бол хадгалалтын горимоосоо шалтгаалан чийгээ алдаж хатсан тохиолдолд жин буурна. ...Анх ямар байх үед нь түүснээс шалтгаалан ямар байдлаар нь хадгалах шаардлагатайгаас шалтгаална. Нойтон үед нь түүсэн бол чийгийг алдахгүй байх нөхцөлөөр хүйтэн, сэрүүн, хөлдөөгч зэрэгт хадгална. ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаал хавсралт “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ын 3.4 дэх хэсэгт хуш модны самрыг 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш түүж бэлтгэхээр заасан байдаг. ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 тоот тушаалын хавсралтаар “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ”-ээр 348 дугаарт Pinus sibirica Du Tour латин нэршилтэй Сибир хуш (самар) нь ховор ургамлын төрөлд багтсан бөгөөд 4 кг нойтон үрийн жингийн экологи эдийн засгийн үнэлгээ 98900 төгрөг, 1 кг хуурай үрийн жингийн үнэлгээ 176,600 төгрөг гэж заасан байдаг. Уг үнэлгээгээр 1037,4 кг хуш модны цайруулсан самар түүж бэлтгэсэн гэх ховор ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход: 1037,4 кг хуш модны самар /нойтон жин/ * 98900төгрөг = 102,598,360 төгрөг болно. .....Байгаль орчинд учирсан хохирлыг тогтоохдоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.9 дэх заалт, 49 дүгээр зүйл 49.4.3 дах заалтыг үндэслэн “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр;” гэж заасны дагуу тооцов. Нийт хохирлыг тооцоход: 102598860 төгрөг * 5 дахин = 512 994 300 төгрөг хохирол учирсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна”-т заасны дагуу хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна...” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар тал/
-Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №01-29-02/277-23 дугаартай “....Шинжээчийн тогтоосон ойн санд учруулсан 102,598,860 /нэг зуун хоёр сая таван зуун ерэн найман мянга найман зуун жаран төгрөг/-ний хохирлыг 5 дахин нэмэгдүүлж 512,994,300 /таван зуун арван хоёр сая есөн зуун ерэн дөрвөн мянга гурван зуун төгрөг/- ийг нөхөн төлүүлэх нь зүйтэй байх тул энэхүү актыг үйлдэв....гэх” дүгнэлт /хх-ийн 44 дүгээр тал/
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 03-07 дугаар тал/
-Эд хөрөнгө буюу 21 шуудай цайруулсан хуш модны самрыг битүүмжилсэн тэмдэглэл /хх-н 10 дугаар тал/
-21-01 СБА улсын дугаартай Киа бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл /хх-н 12 дугаар тал/
-21-01 СБА улсын дугаартай Киа бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг 10000000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ний үнэлгээ /хх-н 52-57 дугаар тал/
-Шүүгдэгч Б.*******ын иргэний үнэмлэхний мэдээлэл /хх-н 92 дугаар тал/
-Шүүгдэгч Г.*******ийн иргэний үнэмлэхний мэдээлэл /Хх-н 98 дугаар хуудас/
-Ховор ургамлын жагсаалт батлах тухай Монгол улсын засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн № 153 дугаартай дугаартай тогтоол болон хавсралтын хуулбар /хх-н 119-120 дугаар тал/
-Шүүгдэгч Л.Тогтохсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-н 101 дүгээр тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
3.Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгч нарын зүгээс маргаангүй байгаа ба тэднээс “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Хохирлын хэмжээг багасгаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж эрх зүйн байдлыг минь дээрдүүлж өгнө үү ” гэх агуулга бүхий гомдол гаргасан.
4.Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Г.*******, Б.******* нарт холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ялын хэмжээ хязгаарын хүрээнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн байна гэж дүгнэсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч нар нь өөрсдийн хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид хохирол учруулсан болохоо сайн дураар хүлээн зөвшөөрсөн, тэдний хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг өөрчилж 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялыг эдлэх нутаг дэвсгэрийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээр тогтоож өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.
5.Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын байгаль экологид учруулсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр 102,598,860 төгрөг гэж тогтоогдсоныг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулан улсын орлогод оруулах боломжтой гэж дүгнэсэн.
Учир нь: Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №01-29-02/277-23 дугаартай “нөхөн төлбөр оногдуулах тухай шинжээчийн: “...Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т /ургамлын аймаг учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин тэнцэх нэмэгдүүлсэнтэй хэмжээгээр/ тогтооно гэж заасны дагуу 102,598,860 x 5 = 512,994,300 төгрөгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй...” гэсэн улсын байцаагчийн акт нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст хандан гаргасан, түүнчлэн шүүгдэгч нар уг актын эрх зүйн байдлын талаар бүрэн ойлгосон эсэх нь эргэлзээтэй, уг актыг эс зөвшөөрсөн нөхцөлд гомдол гаргах эрхийг уг актанд тусгагдаагүй зэрэг байдлуудыг харгалзан шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэн шууд буюу бодит хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
6.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.
Иймд шүүгдэгч нарын давж заалдсан гомдлыг хангаж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/167 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 5 дахь заалтуудад өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/167 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
2 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.*******, Б.******* нарт 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******, Б.******* нарт оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээр тогтоож, тухайн бүс нутгаас гарах эрхийг хязгаарлаж, уг ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад дуулгасугай” гэж,
3 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч нарт анхааруулсугай” гэж,
5 дахь заалтыг:
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.*******, Б.******* нараас ургамалд учруулсан хохиролд 102,598,860 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 51,299,430 төгрөг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.
2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар тэдгээрийн өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангасугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Б.ЭРДЭНЭХИШИГ