Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 795

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Номин,                            

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Х.С, түүний өмгөөлөгч Ш.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Х.С-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0044 60789 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн М овогт Х.С, 1991 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 3 дугаар хэсэг Их Дарь-Эхийн 3-106  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:УЛ91070731/,

Шүүгдэгч Х.С нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тайга зочид буудлын гадна Г.Тулгабаатарыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Х.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм   буруугаа хүлээн зөвшөөрч байна. 4.500.000 төгрөгийг хохирогчид төлсөн. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч Г.Тулгабаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн...23 цагийн орчим баарны үүдэнд тамхи татаад зогсож байтал...нэг мэдсэн баахан залуучууд гарч ирэн бүгдээрээ бид 3 руу агсарч зарим нь Ганбаатар, Ганзориг хоёртой маргалдаж зууралдаад Наранбаатар гэгчтэй маргалдаж харилцан заамдсан байхад жижигхэн биетэй С гэгч залуу ирэн хажуунаас намайг мөн хэл амаар доромжилж энэ үед хэн нэгэн ирж салгаад би хашааны үүдэнд ирэхэд С гэгч ирэн шууд гараараа заамдаж аваад дугтарч би тонгойтол хөлөөрөө нүүр рүү хэд хэд өшиглөөд баруун нүд манас гээд өвдөж, баруун нүд орчмоос цус гарч юм харахгүй байсан...” гэх мэдүүлэг. /хх17-19/,

Гэрч Б.Ганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хашааны гадаа үл таних залуу миний нүд юм харахаа больчихлоо гээд орилохоор нь би очтол тонгойчихсон би мөрнөөс нь татаж зүгээр үү гэтэл босч ирээд нүүрнээсээ гараа автал нүүр нь цус болчихсон цустай гараа сэгсэрээд миний нүд юм харахаа больчихлоо гэхээр нь миний сэжиг хүрээд дээрх залуугаас найз охин Ууганжаргалын хамт холдож...” гэх мэдүүлэг. /хх61-63/,

Гэрч Д.Даваабаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хохирогч нүд юм харахаа больчихлоо гээд орилсон. Ингээд эргээд хартал Наранбаатар, Ганбаяр, С3 хашааны үүдэнд зогсчихсон, С түрүүлж хойшоо гүйж хэн нэгэн Серикболыг бариарай наадах чинь цохьсон шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх47-48/,

Гэрч М.Наранбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тайга төвийн машин гарах хашааны хажууд нүд сохорчихлоо гээд нэг залуу нь орилж газраас босч харагдаж надтай барилцаж авсан, нөхөр манай найзыг цохьчихлоо гээд бид 2 хохирогч дээр ирэхэд нүд орчмоос нь маш их цус гарч гарны салаагаар нь цус гараад тогтохгүй С хохирогчтой хамт явсан нэг 2 залуу барьж ирэхэд С намайг тавиулаач гээд орилж Телевжан ажлын хувцастай залуугийн араас нь татаад би голоор нь орж гарын хальж тавиулж С зугтаасан...” гэх мэдүүлэг. /хх64-66/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1190 дугаартай дүгнэлт:

  1. Г.Тулгабаатарын биед баруун нүдний ухархайн дотор, доод ханын этмойд болон гайморовын хөндийрүү цөмөрсөн хугарал, баруун этмойд болон гайморовын хөндийн шингэн хуралдалт, ухархайн хана сэргээх мэс заслын дараах байдал, баруун хөмсөг, баруун дээд зовхи, зүүн сарвуунд шарх, баруун чамархайн хуйханд зулгаралт, баруун зовхи, хөмсөг, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-73/,

Яллагдагч Х.С мэдүүлэхдээ: “...би цааш хашаанаас гарч яваад буцаж иртэл хохирогч хашааны үүдэнд ирэн намайг дахин заамдаад нүүрэн тус газар шанаадаж би мөрөн дээрээс нь /хувцаснаас/ дугтартал хохирогч доош тонгойж би хөлөөрөө 1 билүү 2 удаа өшиглөөд хашаанаас цаашаа гүйтэл араас хохирогч Тулгабаатар миний нүд сохорчихлоо гээд чанга орилж намайг бариарай гэж орилсон...” гэх мэдүүлэг. /хх91-95/,

Хохирогч Г.Тулгабаатарын мэдүүлэг /хх17-19/, гэрч Б.Ганбаярын мэдүүлэг /хх61-63/, гэрч Д.Даваабаярын мэдүүлэг /хх47-48/, гэрч М.Наранбаатарын мэдүүлэг /хх64-65/, яллагдагч Х.Сын мэдүүлэг /хх-91-95/, шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн ¹1190 дугаартай дүгнэлт /хх73/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Х.С нь 2018 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тайга зочид буудлын гадна Г.Тулгабаатарыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Х.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Х.С-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.С нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Молхь овогт Х.С-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Х.Сыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Х.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Х.С-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР