| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2432000000085 |
| Дугаар | 2025/ДШМ/25 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/25
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Индра хөтөлж,
Прокурор Т.******* /цахим/
Хохирогч Г.*******
Хохирогч Г.******* өмгөөлөгч О.С******* /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д******* нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, шийдвэрлэн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн Г.******* давж заалдах гомдлоор А.*******ид холбогдох эрүүгийн 2433************ дугаартай, 150/2024/0053/Э/208/2025/0017 индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан, гагнуурчин мэргэжилтэй, Мод үржүүлгийн газар мод арчлагч ажилтай, ам бүл *, аймгийн сум **-р баг, , ** гудамж, ** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай. (РД:**************) урьд
- аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан.
Шүүгдэгч А.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр **** ОРБ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэр “Зараатын хөндий” гэх газар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Б эрүүл мэндэд хүндэвтэр, Г.******* эрүүл мэндэд хүндэвтэр, И.А эрүүл мэндэд хүнд, О.О эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: А.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар А.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар хохирогч Г.*******д 9,141,249 төгрөгийн шаардлага гаргаснаас 5,280,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгчийн төлсөн 500,000 төгрөгийг хасаж тооцон эмчилгээний болон шатахууны зардалд 3,361,249 төгрөг, Сэтгэцэд учирсан хохирол 15,173,400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Г.*******д олгож, шүүгдэгч А.*******оос эмчилгээний болон шатахууны зардалд 371,631 төгрөгийг гаргуулж хохирогч И.Ат, шатахууны болон ажилгүй байсан хугацааны зардалд 1,350,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.От, эмчилгээний болон шатахууны зардалд 968,322 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 17,820,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Бт олгож,
Эрүүл мэндийн даатгалын тухай 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ авсан И.А 3,734,501 төгрөг, О.О 37,082 төгрөг, Б.Б 4,322,917 төгрөг, Г.******* 207,728 төгрөгийг тус тус гаргуулж Сэлэнгэ аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгож,
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт дагалдаж ирсэн 1 ширхэг СД бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдан, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Хохирогч Г.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024.12.18-ны өдрийн 98 тоот шийтгэх тогтоолын зарим хэсэг буюу хохирогч Г.******* миний гэмт хэргийн улмаас хохирсон нэхэмжлэлийн шаардлагаас 5,280,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосныг би хүлээн зөвшөөрөхгүй байна.
Би энэ шаардлага Иргэний хуулийн 505.2-т заасан “гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэсэн заалтын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэж шаардлагаа гаргасан. ШҮүх хуралд ажилгүй, орлогогүй тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэслэн нэхэмжилж байгаагаа шүүгчийн асуултад хариулж хэлсэн.
Гэтэл шийтгэх тогтоолын 11 дүгээр талд хохирогч ямар учраас нөхөн төлбөр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй гэсэн нь ойлгомжгүй байна. Шүүгч хохирогч Г.******* намайг ажилгүй байсан нь тогтоогдож байна гэсэн хирнээ хуулинд заасан илт тодорхой /хэн ч уншаад ойлгох, нэмэлт тайлбар шаардлагагүй/ заалтыг шүүгдэгчид ашигтайгаар хохирогч надад хохиролтойгоор хэрэглэн нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй. Иймд шийтгэх тогтоолын 4 заалтанд бичигдсэн “...5,280,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож” гэснийг хүчингүй болгож, уг мөнгийг гаргуулахаар тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хохирогч Г.******* нь шүүгдэгчийн машинд сууж яваад эрүүл мэндэд нь хохирол учирсан. Шүүхээс зарим хэсгийг хангасан боловч шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Үндэслэл нь шаардаж байгаа нь тодорхойгүй байна гэж хэлсэн. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 8 сар хугацаагаар нэхэмжилж байна гэж тодорхой хэлсэн. Иргэний хуулийн 505.1 зааснаар нөхөн авах боломжтой байсан боловч хэрэгсэхгүй болгосон. Энэ хэрэгт өөр нэг хүн Г.*******тэй яг адилхан хүндэвтэр гэмтэл авсан байдаг. Шинжилгээний байгууллагаар тогтоолгох гэсэн. Нэг нь 3 дугаар зэрэглэл, 4 дүгээр зэрэглэл гэж гарсан. 40.2 дугаар заалтыг зөрчсөн. Хуулиас илүү хүчин чадалтай журмаар дүгнэлт хийж байгаа нь хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 39.8 дугаар зүйлийн 1.6 үндэслэлийг хангалттай хэлж чадаагүй гэж үзэж байна. Мөн хуулийн 36.3 дугаар зүйлийн 3-т зааснаар иргэний нэхэмжлэгчийн зохицуулалтууд байгаа. Хохирогч Г.******* иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгөөгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2024 оны 12 дугаар сарын 18-ны 98 дугаартай тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж дүгнэж байна. Хавтас хэргийн 133-141 дүгээр талд байгаа нотлох баримтыг нарийвчлан судалж, хэрэгсэхгүй болгосон. Учир нь ослын өмнө хөдөлмөр эрхэлж байгаагүй нь тогтоогдсон тул хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Хэрэгт ямар хөдөлмөрийн чадвараа алдсан тухай баримт огт байдаггүй. Сэтгэцэд учирсан хохирлыг яриад байна. Мөрдөгчөөс батлагдсан маягийн дагуу гаргасан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Хэргийн бодит байдалтай нийцсэн, биелүүлэхэд ойлгомжтой, хуулийн шаардлага хангасан байна гэж үзэж байна. Мөрдөгчөөс гаргасан хууль зөрчсөн тухай яриад байгаа дээр тайлбар хэлье. Дүгнэлт дээр хохирогч нь гэмт хэрэгт өртөхдөө ажилгүй болсон байсан нь тогтоогдсон байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2-т зааснаар ноцтой зөрчсөн гэх үндэслэл дээр тайлбар байхгүй байна. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.******* давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр А.*******ид холбогдох эрүүгийн 2433**************** дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Прокурорын газраас шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.
3.Шүүгдэгч А.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр **** ОРБ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэр “Зараатын хөндий” гэх газар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч А.*******ийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 04 сарын 09-ний өдөр найзтайгаа цуг явж байсан чинь манай найз хэлэхдээ миний машинд нэг хүн байна багтахгүй болчихлоо чи авчих гээд ******* дугаарыг өгсөн. ******* дугаарыг авчхаад өөр хүн олдохгүй болохоор нь Драгон оруулж өгөх гэж явж байхад 2 хүн яриад замаасаа Б эгчийг авсан. Хүмүүсээ аваад явж байхдаа Урьхан дээр нэг зогсож хүмүүсээ бие засуулаад дараа нь Дархан дээр зогсоод, Зараагийн хөндийн наад талд зогсож найзтайгаа тамхилчхаад цаашаа хөдлөөд явж байхад ******* дотор муухайраад байна паараа унтраа гэж хэлэхээр нь паараа унтраагаад харсан чинь машины гялбаанд ороод замын хажуу тал руу хальт орохоор нь эргүүлээд дарсан дугуй хагарчихсан юм шиг дайвалзаад болохгүй байсан. Тэгээд хажуу тийшээ дарсан замын хажуу руу гараад осол болчихсон. Замдаа олон зогсоогүй...” гэх мэдүүлэг,
-Хохирогч Д.Б анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...04 сарын 09-ний орой 11 цагийн үед орох замдаа осолд орсон. *******ийн ярьж байгаа бүгд үнэн зөв байна. 11 цагийн үед Зараагийн хөндийд осолд орсон. Хөтөлөөс цагдаа, эмч нар ирж бид нарыг ийн эмнэлэгт аваачсан. Рентген зураг авхуулаад, эмчдээ үзүүлээд ийн эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтээд 3 хоноод баруун хөлөндөө 2 том хагалгаанд орсон. Баруун хөл хугарсан. Зүүн талын 3 хавирга хугарсан. Хамрын ухархай яс хугарсан. Тархины ард талд 2 том цууралттай байна гэсэн. ийн эмнэлэгт хагалгаанд ороод 14,15 хоноод эмнэлгээс гараад хүүгийндээ 6 сар хүртэл хэвтэж байгаад хот руу гэртээ харьсан. Одоо хөлөндөө 3 том төмөртэй арван хэдэн хадаастай. Сая нэг төмрөө авхуулсан. Одоо хоёр төмөртэйгөө, хадаастайгаа байгаа. Шөнө маш их өвдөж янгинадаг. Би 2 охинтой 1 охин маань нялх хүүхэдтэй. 1 охин маань Вьетнамд ажилладаг байсан сая ээжийгээ асрах гээд ирчихээд байгаа юм. Одоо ингээд босож чадахгүй сууж шээж чадахгүй хоол ундаа ч идэж чадахгүй асаргаанд байж байна. Бие сэтгэлээрээ их хохирч байна. Би өөрөө оёдолчин хүн. Захиалгаар юм оёдог. Ерөөсөө ямар ч хөдөлмөрлөх чадваргүй болчхоод хөл элдэв хадаастай, хавирга хугарчихаад шөнө нэг талаараа унтахаар хавирга өвдөөд нөгөө талаараа унтахаар хөл өвдөөд дутуу хагас л нойртой хонож байна. Ажилгүй орлого байхгүй. Нэг охин маань Вьетнамаас ирсэн сахиуртай гэртээ байна. Гомдолтой байна. 10 хуруугаа, хөл гараа хөдөлгөж мөнгө олдог хүн ямар ч хөдөлмөрийн чадваргүй болчхоод байж байна. Охин маань ажлаасаа чөлөө аваад ирсэн. Намайг 2 сар сахиж байна. Нэг охин маань нялх хүүхэдтэй ингээд 2 охинтойгоо хамт амьдарч байна. *******оос эхлээд 500,000 төгрөг, сүүлд нь 200,000 төгрөгөөр 2 удаа нийтдээ 900,000 төгрөг авсан. Тэрнээс хойш мөнгө төгрөг аваагүй. Би өөрөө тэтгэвэрт байдаг. Тэтгэврийн мөнгө сард 540,000 төгрөг авдаг. Сая эмчилгээ хийлгээд төмрөө авхуулж, тархи толгойгоо авахуулаад тэтгэврийн 2 жилийн зээл авсан. Одоо ямар ч орлогогүй болчхоод байгаа тул хохирлыг барагдуулж өгөөч гэж хүсэж байна. Сая шүүх хуралдаан дээр 713,420 төгрөгийн баримт гаргаж өгсөн. ээс бас эмчлүүлсэн баримтуудаа шүүгчийн туслах руу явуулсан... ” гэх мэдүүлэг
-Хохирогч О.О анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би машины хойд талын голын суудалд сууж явсан. Жолоочоос 300,000 төгрөгөөр 2 удаа мөнгө авсан. Ажил хийж олон байсан 1,800,0 төгрөгийн цалинг нэхэмжилж байна. Үүнээс өөрөөр нэхэмжлэх зүйл байхгүй. А бид 2 хотоос орох гээд унаа хайгаад энэ жолоочтой А яриад драгон дээрээс суусан. орж тамхи татах хүртэл би унтаж байгаад сэрсэн. Тамхи татчихаад хөдлөөд удалгүй осолд орсон. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр шүд унасан, нуруу өвдсөн гэдгийг л бичсэн байсан. 3 сар хүнд юм өргөж болохгүй гэсэн. Ер нь одоо хүртэл ажил хийгээгүй байна. Саяхан 1 ажил хийсэн нуруу өвдөөд больсон. Шүүх шинжилгээгээр нуруу, шүд, хөл гэмтсэн гэж гарсан...” гэх мэдүүлэг
-Хохирогч Г.******* анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2024.04.08-ны өдөр болсон. Миний бие шүүгдэгч *******ийн найз гэх хүнийг таньдаг. Би уг нь дандаа баталгаат таксигаар явдаг боловч тэр өдөр 14 цагаас хойш тендерийн такси яваад дуусчихсан вокзал дээр байхгүй байсан. Вагоны билет бас дуусчихсан байсан. Тэгээд тэр найз руугаа залгаад явах уу гэж асуусан явна хүлээж бай гэж хэлээд намайг 4,5 цаг хүртэл хүлээлгэсэн. Би 14 цагаас явах боломжтой байсан. Тэр хүн утасдаад ачаатай болоод хүн авч явах боломжгүй болчихлоо. Манай нэг найз явж байгаа тэр хүний машинд дайгдчих гэхээр нь би машин тэргэнд өндөр шаардлага тавьдаг болохоор хэр удаан жолоо барьж байгаа вэ? Машин нь эвдрэл гэмтэлгүй боломжийн машин уу гэж асуусан санаа зоволтгүй сайн мэднэ гээд энэ хүнтэй холбогдоод бараг 17 цаг өнгөрч байхад уулзсан. Хүн авъя гээд удаан хүлээлгээд байхаар нь би өөрөө явчихъя гэсэн драгон хүргээд өгье гээд явж байсан энэ эмэгтэйтэй холбогдоод дараа нь 2 эрэгтэй суусан. 20 цаг өнгөрч байхад бензин колонкоос бензин авч байхдаа тэр дэлгүүрээс масло, тос аваад кобудаа онгойлгоод хийгээд байхаар нь би гайхаад өөрөөс нь хүртэл асуусан. Машин тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа юм уу? Яагаад хол замд явах гэж байж одоо тос масло солиод байгаа юм бэ гэж асуусан “Зүгээр зүгээр би хурдан хийчихнэ санаа зоволтгүй” гэж хэлж байсан. Би энэ үеэс жаахан сэрэмжилж эхэлсэн. Нэгэнт Улаанбаатараас гараад колонк дээр оччихсон байсан. Би цагаа хараад явж байсан колонк дээрээс 21 цаг болж байхад хөдлөөд явсан. Би замд хальт зүүрмэглээд явсан. Хамгийн сүүлд осол гарахаас өмнө эд нар тамхи татахад би машинд хүлээгээд сууж байсан. Энэ 4 хүн орж ирээд ард талын 3 хүн хурхираад унтаад өгсөн нь сонсогдсон. Тэгээд явж байгаад энэ хүн надад онгирч байгаа юм шиг би та нарыг унтаж байхад хурдан явсан 150 км/цагийн хурдтай явсан гэж хэлж байсан. Тэр үед 23 цаг 40 минут болж байсан. Тэгэхээр та нар бодож болно. 21 цагаас 23 цаг 40 минут хүртэл 2 цаг 40 минутын хугацаанд сумын Тариа бригад хүртэл ийм хурдтай явсан байгаа юм. Тэр үед нь би та юундаа яараад хурдан яваад байгаа юм бэ удаан яв л даа гэж 150 км/цаг гэдэг чинь өндөр хурд шүү дээ гэж шаардлага тавьж байсан. Би тухайн үед унтаагүй сэрүүн явж байсан болохоор осол аваар болсон үеийг маш сайн санаж байна. Өөдөөс ямар ч гялбаа, машин байгаагүй. Энэ хүн хурдан явж байсан. Яг явж байгаад рулиэ алдсан байх. Миний таамаглаж байгаагаар энэ хүний гарахын өмнө хийсэн масло нөлөөлсөн байж магадгүй гэж бодож байгаа. Масло олон төрөл байдаг. Яг ямар масло хийгээд байсан юм. Моторын тос хийгээд байсан уу? Юуны тос гэдгийг нь мэдэхгүй байна. Рулиэ алдаад хазайж эхлээд баруун тийшээ дарж замын шороотой хэсэг рүү ороод могой шиг гулзганаад нөгөө тийшээ дарах гэсэн хурдтай явж байсан болохоор машин тогтохгүй байсан. Би бүр айгаад яахаа мэдэхгүй байсан. Замын зүүн тийшээ ороод царцаа шиг пад пад гээд миний бөөр маш их доргисон. Хатуу юман дээр урагшаа явж байгаад урд талын хамраараа шороо руу ороод аймар хүчтэй зогссон. Машины багааж болон арын суудал хоёр алдаагүй машиных хаалттай байдаг. Гэтэл багааж ард талын суудал хоёр онгорхой зайтай байсан. Энэ машин буруу рультэй байсных юм уу намайг зүүн талд нь сууж байхад тэр хүмүүсийн цүнх, миний том цүнхтэй юмнууд, ард талын хүмүүс над руу орж ирсэн. Энэ хүн дээр нэг их юм орж очоогүй. Тэгээд чаг гээд миний нуруу дуугарсан. Тэр үед бүс жадайтал бариад гацчихсан. Хүмүүс орилоод байсан. Тэр үед А уушги гээд О туслаад аваад гарсан. Бүс гацчихсан болохоор би айж тэвдсэн. Кинон дээр гардаг шиг машин дэлбэрэх байх гэж айж байсан. Энэ эмэгтэй хөл хугарчихлаа гэж орилсон ******* туслаад машинаас аваад гарсан. Надад хэн ч тусламж үзүүлээгүй. Өөрөө оролдсоор байгаад уйлж байгаад бүсээ тайлаад гарсан хөл мэдээгүй болчихсон би шууд ойччихсон. Тэгээд нуруу аймар өвдөөд тэнийж чадахгүй ард талын багаажнаас би юмаа ч авч чадахгүй байсан. Тэр гялбаа, паар гээд байгааг нь ойлгохгүй байна. Ерөөсөө паар гэсэн шаардлага тавиагүй. Харин миний үзэж байгаагаар өндөр хурдтай явж байна өөрийгөө хурдан явлаа гэж саймшраад онгироод ярьж байна гэж шаардлага гаргасны төлөө энэ хүн миний нэр төрийг гутааж намайг худалч ёс зүйгүй болгож паар унтраа гэсэн энэ хүнээс л болж ийм байдалд хүрсэн гэсэн байдлаар өөрийгөө хаацайлж хамгаалж байна гэж үзэж байна. Тэр орой би тэргэнцэр дээр эмнэлэгт очоод хөдөлж чадахгүй байсан. Шүүх шинжилгээний дүгнэлтээр миний биед бүсэлхийн гуравдугаар нугалмын хугарал бүсэлхийн дөрөв тавдугаар нугалмын цагриган мөгөөрсний урагдал, тархи доргилт зүүн нүдний зовхи, баруун дал, баруун хөх, цээж, баруун зүүн ташаа, баруун зүүн шилбэ, баруун зүүн өвдөг цус хуралт гэмтэл тогтоогдсон. Би 4 сараас хойш гараа өргөж чадахгүй өөрийн ариун цэврээ сахиж чадахгүй ээж маань туслаад 2,3 сар явсан. Би хөдөлж чадахгүй толгойноос эхлээд хүндрэлтэй орондоо хэвтэхдээ хүнээр хэвтүүлж орноосоо босож чадахгүй байсан. Дээрээс нь дээшээ, доошоо харж унтаж чадахгүй. Зөвхөн зүүн талаараа хэвтдэг. Баруун тал бас өвдөлттэй байсан. Эмч намайг хэвтэрт байх хэрэгтэй юм байна битгий хөдөл битгий яв гэж хэлсэн. Гэвч хэцүү зүйл нь тийм ч эмнэлгийн бичиг аваад ир, шүүх эмнэлэгт үзүүл гээд янз янзын эмнэлэгт үзүүлээд эрүүл мэндийн хохирлоо нотолж шударга шүүхээр нотлох гэж зовж явсан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын гэмтлийн зэргийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж заасан. Маш их хэцүү байсан. Бүсэлхийн гуравдугаар нугалмын хугарал бүсэлхийн дөрөв, тавдугаар нугалмын цагариган мөгөөрсний урагдал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоохын журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж бичигдсэн байгаа. Дээрээс нь энэ багаажинд байсан төмөр халуун сав ийм байдалд орохоор хүчтэй байсан. Ард талын суудал багааж хоёрын дунд хаалтгүй хоосон байсан учраас бүх ачаанууд миний дээрээс ирсэн. Хүзүү гээд өвдөхгүй юм байгаагүй. Тодруулж хэлэхэд 2024.06.10-ны өдрийн прокурорын яллах дүгнэлт байна. Замын хөдөлгөөний дүрмийн 12-т тээврийн хэрэгслийн хурд 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарвал тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзсэн байна. Гэтэл 2024.05.16-ны дүгнэлтээр 2 зүйл заалт бичсэн байхаар нь хохирогчийн санал гэдэг дээр 12.2 дугаар заалт ороогүй байна гэж бичиж байсан. Тэр нь яагаад яллах дүгнэлтэд ороогүй байна гэдэгт гайхдаг. Үзэгдэлт хангалтгүй нөхцөл байдалд жолооч хурдаа тохируулна гэж заасан гэж санал дээрээ бичиж байсан. Тэрийг яллах дүгнэлтэд оруулж тэмдэглээгүй асуудалд би гайхаж байна. 12.2-т зааснаар үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож авна гэдэг дүрмийг би зөрчсөн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл шөнийн 00 цаг болж байсан харанхуй байсан үе. Энэ зүйлчлэлийг бас дутуу орхигдуулсан гэж санал гаргасан байхад миний саналыг яагаад авч үзээд яллах дүгнэлтдээ тусгаагүй юм бол. Энэ дүрмийг зөрчсөн нь илт бөгөөд өдрийн цагаар яваагүй харанхуй үед явахдаа илүү хашир самбаачлах хугацаа багассан, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Дээрээс нь өөртэй нь хамт 4 хүн явж байхад ерөөсөө хариуцлага байхгүй байсанд гомдолтой байна. Өнөөдрийн байдлаар 04 сарын 08-аас хойш олон эмнэлэгт үзүүлж явсан. Энэ хүн санаатай хохирогч нарын нөхөн төлбөрийг барагдуулахгүй байгаад маш их гомдолтой байна. Дээрээс нь ажилгүй байгаа. Эмчид үзүүлэх шаардлагатай байгаа. Одоо хүртэл бүрэн гүйцэт эмчлэгдэж дуусаагүй байж байгаа. 2024.05.15- ны өдөр эхлээд 300,000 төгрөг, дараа нь 200,000 төгрөг нийтдээ 500,000 төгрөг өгснөөс хойш надад өнөөдрийг хүртэл ямар ч мөнгөн төгрөгийн хохирол барагдуулаагүй явж байгаа. Өнөөдрийн байдлаар 9,141,249 төгрөг нэхэмжилж байгаагаас 500,000 төгрөгийг хасаад 8,641,249 төгрөг нэхэмжилж байна. Сэтгэцэд учирсан хохирол 3 дугаар зэрэглэлд заасны дагуу 14,885,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. 9,141,249 төгрөг дотор 2024.05.09-ний өдрийн байдлаар 2,313,064 төгрөгийн эм, эмчилгээний мөнгөний баримтыг мөрдөгчид гаргаж өгсөн хавтаст хэрэгт байгаа. Өнөөдөр шинээр гаргаж өгсөн баримтууд нь 2024.08.27-ны өдрийн эмчид үзүүлсэн 70,000 төгрөг, 2024.09.03-ний өдрийн бүсэлхий нурууны МР1 зураг авхуулсан 385,000 төгрөг, 2024.09.06, 2024.09.13, 11.27, 12.02, 12.18-ны өдрүүдийн шүүхэд ирсэн шатахууны зардал, шүүх шинжилгээний ерөнхий газар луу явсан замын зардал нийт 1,027,385 төгрөг болж байгаа юм. 2024.11.05-ны өдрийн эмчид үзүүлсэн 50,000 төгрөг, нотариат бичиг хэрэг 15,800 төгрөг гэсэн үнийн дүнгээс 500,000 төгрөг хасаад 8,641,249 төгрөгийг нэхэмжилж байна. Дээрээс нь сэтгэцэд учирсан хохирол 3 дугаар зэрэг 14,885,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Дээрээс нь би 12.02-ны хурлын өмнөхөн би *******оос яагаад миний хохирлыг өнөөдрийг хүртэл барагдуулахгүй байгаа юм бэ гэсэн хүнд, хөнгөн гэмтлээс нь эхэлж барагдуулж байгаа гэж хэлсэн. Гэтэл би хүнд гэмтэлтэй, От хөнгөн гэмтэл учирсан байхад өнөөдрийн байдлаар О гэж хохирогч 1,000,000 төгрөг авчихсан явж байна. Надад 5 сараас хойш 500,000 төгрөг өгснөөс хойш өнөөдрийг хүртэл дахиж нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй ялгавартай хандсанд бухимдалтай, гомдолтой байна. 4 хохирогчоос хамгийн бага авсан нь би байгаа юм. Яагаад ингэж хүнд хөнгөнөөр нь ялгаад хөнгөнд нь илүү мөнгө өгөөд хүндэвтэрт нь хохирлыг нь барагдуулаагүй байгаад гомдолтой байна...” гэх мэдүүлэг
-Хохирогч И.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би О гэх найзын хамт Улаанбаатар хотоос аймгийн сум орох зорилготой фэйсбүүк дээрээс хот хоорондын унааны зар харж байгаад *********** дугаарт холбогдож ******* гэх хүний ***** ОРБ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслээр тус өдрийн 20 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан. Тухайн тээврийн хэрэгсэлд 5 хүн зорчиж явсан. О найз маань арын суудлын голд сууж явсан, би О зүүн талд сууж явсан. Арын суудалд 3 хүн сууж явсан. Би замдаа унтаж байгаад сэртэл жолооч шороон зам дээр маш хурдтай явж байсан. Би хаана явж байгаа талаар мэдээгүй. Уулан дээр явж байгаа мэт замаар яваад байсан. Би жолоочийг замаа товчилж байгаа юм байхдаа гэж бодсон. Буцаж унтаж байтал О намайг сэрээгээд машиныхаа хаалгыг онгойлго гээд би машинаас буух гэтэл миний зүүн талын цээж хэсэг өвдөөд амьсгалж чадахгүй байсан. Машинаас буугаад дээшээ хараад хэвтэх үед хүмүүс ёолоод хөл өвдөж байна, болохоо байчихлаа гээд байсан, би юу болж байгааг нэг л ойлгож өгөхгүй шокын байдалтай байсан. О хүрч ирээд андаа зүгээр үү? сэрээрэй битгий нүдээ аниарай гэсэн би От хариу өгөх гэсэн чинь чадахгүй байсан. Тэгээд ухаан алдаад нэг сэртэл эмнэлэгт сэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 167-168 дугаар тал/,
-Хохирогч Г.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 123-126 тал/
-Хохирогч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 144-147 тал/
-Хохирогч О.О мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 155- 157 тал/
-Иргэний нэхэмжлэгч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би дээрх хэргийн хохирогч И.А биед гэмтэл учирсантай холбоотойгоор нийт 3.734.917 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ, хохирогч А.*******ийн биед гэмтэл учирсантай холбоотойгоор нийт 37.082 төгрөгийн, хохирогч О.О биед гэмтзл учирсантай холбоотойгоор нийт 37.082 төгрөгийн, хохирогч Б.Б биед гэмтэл учирсантай холбоотойгоор нийт 4.322.917 төгрөгийн, хохирогч Г.******* биед гэмтэл учирсантай холбоотойгоор нийт 207.728 төгрөгийн эмчилгээний төлбөрийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 120 дугаар тал/
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 373 дугаартай “...И.А биед цээжний хөндийн битүү гэмтэл, цээжний зүүн талын уушиг гэмтээж цээжний хөндийд хий ба шингэн хуралдалт үүсгэсэн олон хавирганы хоёрлосон хугарал, цээжний зүүн талын хөндийг нээж уушигны урагдалд оёдол тавих уушиг сэргээх цус тогтоох цээжний хөндий угаах урсгуур тавих мэс заслын дараах байдал, хоёр талын эгэм яс ба өвчүү ясны холбоосын салсан хугарал, зүүн талын эгэм ясны хугарал, цээжний баруун талын нэгдүгээр хавирганы хугарал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. Цээжний зүүн талын уушиг гэмтээж цээжний хөндийд хий ба шингэн хуралдалт үүсгэсэн олон хавирганы хоёрлосон хугарал, цээжний зүүн талын хөндийг нээж уушигны урагдалд оёдол тавих уушиг сэргээх цус тогтоох цээжний хөндий угаах урсгуур тавих мэс заслын дараах байдал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1 12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Хоёр талын эгэм яс ба өвчүү ясны холбоосын салсан хугарал, зүүн талын эгэм ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цээжний баруун талын нэгдүгээр хавирганы хугарал, нуруунд зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-28-р тал/,
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч. 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 384 дугаартай “....О биед дээд зүүн долоо дугаар шүдний хугарал, ганхалт, баруун хөлийн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, тус бүрдээ нэг, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. Дээд зүүн долоо дугаар шүдний хугарал, ганхалт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун хөлийн гуя, шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34-р тал/,
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын аймгийн шүух шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 377 дугаартай “...Г.******* биед бүсэлхийн 3-р нугалмын хугарал, бүсэлхийн 4,5-р нугалмын цагирган мөгөөрсний урагдал, тархи доргилт, зүүн нүдний зовхи, баруун дал, баруун хөх, цээж, баруун, зүүн ташаа, баруун, зүүн шилбэ, баруун, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх бүсэлхийн 3-р нугалмын хугарал, бүсэлхийн 4,5-р нугалмын цагирган мөгөөрсний урагдал гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх тархи доргилт гэмтэл нь дангаараа бусад гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 42-44-р тал/,
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч. 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 374 дугаартай “...Б.Б биед баруун хөлийн дунд чөмөгний ясны булуу хэсгийн далд хугарал, шаант ба тахилзуур ясны далд хугарал, цээжний зүүн талын дөрөв, тав, зургаа дугаар хавиргануудын далд хугарал, баруун талын хоншоор ясны хугарал, баруун хацар ясны нум хэсгийн хугарал, баруун нүдний доод зовхи, баруун талын цавь, бэлэг эрхтэн, хөлөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. Баруун хөлийн дунд чөмөгний ясны булуу хэсгийн далд хугарал, шаант ба тахилзуур ясны далд хугарал, цээжний зүүн талын дөрөв, тав, зургаа дугаар хавиргануудын далд хугарал, баруун талын хоншоор ясны хугарал, баруун хацар ясны нум хэсгийн хугарал нь тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Баруун нүдний доод зовхи, баруун талын цавь, бэлэг эрхтэн, хөлөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт оношлогдсон ба энэ хуучин гэмтэл байхаар байна....” гэх шинжээчийн дүгнэлт /хх- ийн 71-73-р тал/,
-2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээч Ч.Үнэнмөнхийн: “...Тоёота приус 20 маркийн *****РБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан А.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота приус 20 маркийн ****0РБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй юм. Учир нь осол болох үед асфальтан замын гадаргууд тээврийн хэрэгслийн тоормосны мөр үүсэх ёстой гэтэл хэргийн газрын үзлэг болон гэрчийн мэдүүлгээр тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй, асфальтан замын гадаргууд тоормосны мөр үүсээгүй байх тул осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Тоёота приус 20 маркийн ****ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан А.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 82-83-р тал/,
-2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 23 дугаартай Дархан жолоо ХХК-ны шинжээч Ш.; “....Тормозны систем нь эд анги, механизмын багц бөгөөд дугуйны эргэлтийг хурдан удаашруулж зогсоох зорилготой юм. Ажпын тормоз нь МЫ5-4598:2011 стандартын шаардлага үзүүлэлтийг хангаж ажиллаж байх ёстой. Тээврийн хэрэгслийн зогсолтын тоормоз нь тээврийн хэрэгслийн хурднаас шууд хамааралтай юм. Тоуота РГШ5-20 маркийн Саарал өнгийн **** ОРБ Улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормозны ММ5-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. Тээврийн хэрэгслийн тоормозны эд ангиудын элэгдэл битүүмжлэл нь шингэн алдаагүй, эвдрэлгүй хэвийн байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй. 4. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормозны системийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. Зөвхөн кабин доторх камерын тусламжтайгаар болон жолооч өөрөө тодорхойлох боломжтой. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 93-96-р тал/,
-2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн гэмт хэргийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 1-р тал/,
-2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-08-р тал/,
-2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 9-р тал/,
-Хохирогч Г.*******эс гаргаж өгсөн эмчилгээний, шатахууны болон бусад гэм хортой холбоотой баримтууд /хх-ийн 133-141 тал/,
-Хохирогч Б.Бээс гаргаж өгсөн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 152-153-р тал/,
-Хохирогч О.Оаас гаргаж өгсөн “СММ” ХХК-ийн тодорхойлолт, шатахууны зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 161-р тал/,
-Хохирогч И.Ааас гаргаж өгсөн “СММ” ХХК-ийн тодорхойлолт, эмчилгээний зардал, шатахууны болон бусад гэм хортой холбоотой баримтууд /хх- ийн 171-177-р тал/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, дээрх баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй байгааг дурьдах нь зүйтэй.
4.Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцүүлж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад үйл баримтыг зөв тогтоож, эрх зүйн дүгнэлтийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хийсэн, гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хасч, 02 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д “1.Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,
27.10 дугаар зүйлийн 2-д
2.Энэ гэмт хэргийг:
2.1.согтуурсан, мансуурсан үедээ;
2.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн;
2.3.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж;
2.4.их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангасан байна.
5.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
6.Хохирогч Г.******* зүгээс давж заалдах шатны шүүхэд хандан гаргасан “...Миний зүгээс шүүх хуралдаанд оролцохдоо өөрт учирсан хохирол болон ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан хугацааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 5,280,000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүхээс ямар учраас нэхэмжилж байгаа нь тодорхойгүй гэж хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй гомдолтой байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д заасны дагуу хохирлыг гаргуулж өгнө үү...” гэх гомдлыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн.
Учир нь: Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.
Анхан шатны шүүхээс хохирогч Г.******* ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй эмчилгээ хийлгэсэн 2024 оны 04 дүгээр сараас 11 сар хүртэлх 8 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгөөр тооцож 5,280,000 төгрөг нэхэмжилснийг Иргэний хуулийг буруу тайлбарлан үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар ханган шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
7.Иймд хохирогч Г.******* давж заалдах гомдлыг хангаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтанд өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн
4 дахь заалтыг:
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар хохирогч Г.*******д 9,141,249 төгрөгийн шаардлага гаргаснаас шүүгдэгчийн төлсөн 500,000 төгрөгийг хасаж тооцон эмчилгээний болон шатахууны зардалд 8,641,249 төгрөг, Сэтгэцэд учирсан хохирол 15,173,400 төгрөгийг шүүгдэгч А.*******оос гаргуулан хохирогч Г.*******д олгож, шүүгдэгч А.*******оос эмчилгээний болон шатахууны зардалд 371,631 төгрөгийг гаргуулж хохирогч И.Ат, шатахууны болон ажилгүй байсан хугацааны зардалд 1,350,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.От, эмчилгээний болон шатахууны зардалд 968,322 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 17,820,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Бт олгосугай” гэж өөрчлөлт оруулсугай.
2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Г.******* давж заалдах гомдлыг хангасугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ