| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2022/06120/И |
| Дугаар | 192/ШШ2025/07819 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/07819
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, тоот хаягт байрлах, “С б м” ХХК /РД:, утасны дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, тоот хаягт байрлах “М х” ХХК /РД:, утасны дугаар:/-д холбогдох,
Гэрээг цуцалж, газар, газрын хэвлийг чөлөөлүүлэх, хохирол 10,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,
Ажлын хөлс 322,029,996 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, Г.О, хариуцагчийн төлөөлөгч Я.М, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “С б м” ХХК нь хариуцагч “М х” ХХК-д холбогдуулан гэрээг цуцалж, газар, газрын хэвлийг чөлөөлүүлэх, хохирол 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 “Нэхэмжлэгч “С б м" ХХК нь хариуцагч “М х" ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №01 дугаартай N хотхоны төсөл дээр амины орон сууцны барилга, байгууламж барьж хамтран ажиллах гэрээг талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан.
Хариуцагч “ММ х" ХХК нь нэхэмжлэгч “С б м" ХХК-ийн хууль ёсны эзэмшлийн газруудад 100 хувь өөрийн хөрөнгөөр 30 ширхэг амины орон сууцыг 2 үе шаттай 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн.
Гэтэл хариуцагч "М х” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.
Нэхэмжлэгч “С б м” ХХК-нь үүрэг гүйцэтгэгч “М х” ХХК-д гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, 04 дүгээр сарын 14-ны өдөр, 05 дугаар сарын 18-ны өдрүүдэд гэрээ цуцлах, хамтын ажиллагаагаа дуусгавар болгох, мэдэгдлийг тус тус албан бичгээр хүргүүлсэн боловч тодорхой хуулийн хугацаанд хариу ирүүлэхгүй, хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, үл тосоор өнөөдрийг хүрсэн байна.
Иймд хариуцагч “М х" ХХК-тай байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №01 дугаартай “N” хотхоны төсөл дээр амины орон сууц барилга, байгууламж барьж хамтран ажиллах гэрээ-г цуцалж, хүчин төгөлдөр бусад тооцуулах; Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, 02 дугаар гудамж, 2-3 тоот хаягт байрлах нэгж талбарын *дугаар бүхий 3974 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэлийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү.” гэжээ.
1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс болох 10,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах" шаардлагыг нэмэгдүүлж байна. ИХШХШтХ-ийн 32.4-д гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлж болно гэсний дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр энэхүү хэрэгт өмгөөлөгчөөр төлөөлүүлсэн. Хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй санаатай гэм буруутай үйлдэл болоод манай компанид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагадаа “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс болох 10,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах" гэх шаардлагыг нэмэгдүүлэх хүсэлтэй байна.
Хан-Уул дүүргийн 14-р хороо, тоот хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 3974 м.кв газар /Э- /”-ыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухайд: Хариуцагч нь гэрээнд заасан газрын хөрсөн доор стандартын шаардлага хангаагүй цэвэр, бохир усны хоолой тавьсан байх ба энэ нь зураг төсөлгүйгээр хийгдсэн, гэрээнд заасны дагуух гүйцэтгэл биш. Хан-Уул дүүргийн 14-р хороо, 02 дугаар гудамж, 2-3 тоот хаягт байрлах нэгж талбарын *дугаар бүхий 3974 м.кв газрын гадаргуу дээр хариуцагчийн эд зүйл байхгүй ч газрын хөрсөн доор хариуцагчийн тавьсан стандартын шаардлага хангаагүй цэвэр.бохирын хоолой байсаар байна. Газрын тухай хуулийн 3.1.1-т “газар” гэж газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг хэлнэ гэжээ. Иймд газар гэдэгт мөн газар доорх эд зүйлс орох тул газрын хөрсөн доорх эд зүйлийг хариуцагчаар чөлөөлүүлж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч “М х” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Талууд гэрээ байгуулж, гэрээгээр тохирсон. Нэхэмжлэгч олон толгойтой барилгын зургийг зуруулаагүй. Гэрээ цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Газрын хэвлийд хийгдсэн ажлыг хүлээн зөвшөөрөхгүй. Шинжээчийн дүгнэлтээр 90 сая төгрөгөөр үнэлгээ тогтоогдсон.
Талууд гэрээгээр төслийн өмчлөгч буюу А тал гэх “С б м” ХХК нь гэрээний 1.1-т заасан газар, түүний эзэмших эрх, түүн дээр төлөвлөгдсөн барилга, байгууламжийн төсөл төлөвлөлт, холбогдох ажлын зураг төсөл, хүчин төгөлдөр техникийн нөхцөл, стандарт шаардлага, зөвшөөрлүүдийг эзэмшиж, эдгээрээр төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой байсан. Тус гэрээгээр төслийн хөрөнгө оруулагч буюу Б тал гэх “М х” ХХК нь төсөлд шаардагдах бух хөрөнгийг 100 хувь өөрийн хөрөнгөөр хариуцахаа зөвшөөрсөн. Гэрээ талуудын сайн дурын, хууль ёсны дагуу илэрхийлсэн хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан цагаас эхлэн хөрөнгө оруулагч төслийн бэлтгэл хангах, бараа материал татах зэрэг төлөвлөгөөт ажлуудыг гүйцэтгэж, түүнд шаардлагатай бүх хөрөнгийг үе шаттай шийдвэрлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж эхэлсэн.
“М х” ХХК нь зөвхөн “N” хотхон дээр хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчээр ажилладаггүй гэдгийг талууд бүрэн сайн мэдэж байсан. “М х” ХХК гэрээ байгуулагдсан цагаас эхлэн барилгыг холбогдох норм стандарт, чанар шаардлагын дагуу шуурхай явуулах ажилдаа өөрийн хүн хүч, техник хэрэгсэл, хөрөнгө санхүүжилт, цаг хугацаагаа зарцуулж эхэлсэн. Ийнхүү цаг хугацаа. хөрөнгө мөнгө, хүн хүч, техник хэрэгсэл гээд бүхий л зүйлээ оруулсан төслөө удаан, ашиггүй, зориудаар гацаах сонирхол манай компанид огтхон ч байх боломжгүй. Учир нь бид ажилтнуудынхаа хөлс хүч, цалин мөнгө, компанийнхаа ашиг өгөөжийг оруулсан.
“М х” ХХК бол бизнесийн компани бөгөөд бид аливаа төсөл хэрэгжүүлэхдээ ашгийн төлөө ажиллана. Энэ утгаараа төслийн зураг төсөл, төсвийг боловсруулж ашиг, алдагдлаа тодорхойлж байсан. Харин нэхэмжлэгч гэх “С б м” ХХК бидний ажлын зохион байгуулалт, ажлын явц, хурдыг харж, түүний дотор бидний төсөв, ажил хийх зохион байгуулалт, төслийг ашигтай байлгах хэтийн төлөвийг харсны дараа бидний ажлыг зүйл бүрээр татаж, чангааж, удаашруулж эхэлсэн. Гэрээ байгуулагдсан цагаас эхлэн төслийн өмчлөгч Б тал буюу “С б м” ХХК аливаа хэлбэрээр 1 төгрөгийн зардал гаргаагүй бөгөөд гэрээнд тусгаснаар хяналтын инженерийн зардлыг л хариуцах байсан. Б тал буюу “С б м” ХХК нь “М х” ХХК-ийн залуу удирдлагын баг, эрч хүчтэй, туршлагатай хамт олны ажлын зохион байгуулалт, явц, далайцыг харсан даруйгаас тус төслийг унагаах замаар өөрсдөө хэрэгжүүлэх гэсэн сонирхол ажил эхлүүлж, биднийг хөрөнгө гаргаж эхэлсэн мөч бүрээс мэдрэгдэж, зарим тохиолдолд үнэртэж эхэлсэн.
Тодруулж хэлбэл гэрээнд огт заагдаагүй, төслийн зураг төсөл, төсвөө өөрөө гаргаж, санхүүжилтээ өөрөө шийдэх замаар Б тал буюу “С б м” ХХК-д гэрээгээр тохиролцсон хөрөнгүүдийг шилжүүлэх ёстой төсөл дээр бидний барьж, ашиглалтад оруулж, худалдан борлуулах барилгын байршил, өрөөний зохион байгуулалт, харууц, төсөв дээр хүртэл санал өгнө гэж, хотхоны буюу бидний барьж, худалдан борлуулах орон сууцны зургийг хүртэл өөрчил, зас гэх зэргээр оролцож, төслийн ажлыг гацааж, зарим тохиолдолд дайрч эхэлсэн. Эцэст нь төслийн хөрөнгө оруулагч Б тал буюу “М х” ХХК нь хотхоны зураг төслийг А тал болох “С б м” ХХК-ийг өөрсдөө зургийн компанитай ярилцаж, эцэслэн шийдэх боломжийг олгож, зураг төслийн ажлаас гарсан. Гэвч нэхэмжлэгч зургийн ажлыг удааж, барилга барих улирлын боломжит хугацааг өнгөрөөсөн.
“М х” ХХК яг энэ дагуу дээр нэг бүрчлэн дурдсан мөнгөн хөрөнгө, хүн хүч, техник, цаг хугацаа төдийгүй барилгын бизнесийн нэгэн онцлог болох барилгыг бүхэлд нь шуурхай явуулах бусад бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж эхэлсэн. Гэтэл нэхэмжлэгч “С б м” ХХК нь гэнэт бидний ажлыг гацааж, удаашруулж эхэлсэн байтал одоо бидний оруулсан хөрөнгийг зайлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь бизнесийн болон гэрээний, хувь хүний ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна.
Хариуцагчаар дуудагдсан “М х” ХХК-ийн тайлбар болон гэрээний дагуу хийгдсэн ажлуудыг шударгаар дүгнэж, манай компанийн оруулсан хөрөнгө оруулалтыг бүрэн бүтэн гаргаж өгнө гэж найдаж байна.” гэж маргажээ.
3. Хариуцагч “М х” ХХК-аас нэхэмжлэгч нэхэмжлэгч “С б м” ХХК-д холбогдуулан ажлын хөлс 322,029,996 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ:
“М х” ХХК-ийн хувьд барилга, хувийн орон сууц, бизнесийн салбарт өсөж, өндийх гэж яваа компанийн хувьд төдийгүй О.Ганзориг захирлын өөрийн хэлснээр санхүүгийн салбарт ид танигдаж яваа хүний дэмжлэг нөлөө нь цаашдын өсөлт, хөгжилд хувь нэмэр болох байх гэдэгт итгэж, түүнчлэн борлуулалтад дэмжлэг болох амлалтынх нь хувьд хэдий ашгийн хувь маш бага хэдий ч гэрээг байгуулах. төслийг гүйцэтгэх шийдэлд хүрсэн.
Ингээд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “N “хотхоны төсөл дээр амины орон сууцны барилга, байгууламж барьж хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан. Гэрээний агуулга, нөхцөл, зохицуулалт нь “О2 орон сууцны хотхон”-ы хотхоныг барьж ашиглалтад оруулах бүх хөрөнгийг 100 хувь гаргах хариуцагч “М х” ХХК-ийн хувьд ноцтой төөрөгдөж хийсэн хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлийг харуулж байгаа юм.
Хариуцагч “М х” ХХК нь гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т заасан эрх болон 6.4-т заасан үүргээ гэрээ байгуулсан цагаас эхлэн бүрэн биелүүлж эхэлсэн бөгөөд гэрээг цаашид хэвийн тогтвортой, тасалдалгүй үргэлжлүүлсэн тохиолдолд О2 хотхоны бүрэн ашиглалтад оруулах стандарт шаардлагын дагуу барих үүргээ ч сайн гүйцэтгэх байсан.
Тодруулбал зураг төсөлтэй танилцах гэрээний 1 дүгээр үе шатны ажлын санхүүжилтэй танилцана зэргээр хотын төвд их ажлын хажуугаар, их түгжрэлийн дундуур дуудах боловч бүтэн 8 цаг хүлээлгэх, уулзахгүй буцаах, гарсан зардал, санхүүжилтийг “М х” ХХК-ийн туслан гүйцэтгэгч нар руу холбогдож шаардах зэргээр сааруулсаар барилгын ажлыг гүйцэтгэх улирлыг дуусгаж, улмаар гэрээгээ зогсоох, цуцлах зэргээр албан бусаар шаардаж эхэлсэн. Гэтэл энэ үед төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс төслийг цаг хугацаанд нь амжилттай дуусгах бүхий л нөхцөл боломж, бэлтгэлээ өөрийн нөөц бололцоо, хамтрагч-түншлэгч нартайгаа бүрдүүлсэн байсан. Нэхэмжлэгчийн дээр зүй бус, тодорхойгүй, ойлгомжгүй шаардлага, үйлдэл нь хариуцагчийн ажлаа эрчим хурдаа сааруулах, нөхцөл байдлыг дүгнэж. цаашид хэвийн ажиллах боломжийг бүрдүүлэх нөхцөл байдал руу хөтөлсөн. Эдгээрээс үүдэн төсөл хэрэгжүүлэгч өөрийн маш их хөрөнгө оруулсан, хүн хүч, техникээ зарцуулсан. цаашид маш их хөрөнгө оруулалт хийх замаар эрсдэлд орж болзошгүй төслийнхөө ажлыг сааруулж эхэлсэн.
Хариуцагчийн зүгээс зуны улирал богино, барилга барих, цутгалт хийх тохиромжтой дулааны улирал дуусч байгааг сануулсаар байсан бөгөөд энэ бүхэнд Ө.Ганзориг хүлээлгэж бай гэсэн, хүлээн зөвшөөрөхгүй гэсэн зэргээр тайлбар хэлдэг байсан.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан “М х” ХХК-тай байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №01 дугаартай “N” хотхоны төсөл дээр амины орон сууцны барилга байгууламж барьж хамтран ажиллах гэрээ”-г илт зөрчсөн аливаа үйлдэл огт байхгүй бөгөөд гэрээт ажлыг хуваарийн дагуу гүйцэтгэх явцад тасалдуулсан үйлдлийг гэрчийн мэдүүлгүүдээр нотолно.
Иймд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Түргэний аманд байрлах “О2 амины орон сууцны хотхон" төслийн геодезийн хэмжилтийн төлбөрт 2.500.000 төгрөгийг гаргуулах, "О2 амины орон сууцны хотхон ” төслийн барилгын талбайн инженер геологийн судалгааны дүгнэлтийн төлбөрт 5.582.500 төгрөгийг гаргуулах, “О2 амины орон сууцны хотхон ” төслийн "Амины орон сууцны хотхон, спорт заал”-ны иж бүрэн ажлын зураг төсөл, төсөв боловсруулсны төлбөрт 134.595.439 төгрөг, "О2 амины орон сууцны хотхон” төслийн гадна цэвэр, бохир усны шугамын ажлын төлбөрт 178,152.057 төгрөг, бусад зардал 1.200.000 төгрөг, нийт 322,029,996 төгрөгийг "С б м ” ХХК-иас гаргуулж, гэрээг дуусгавар болгож өгнө үү.” гэж тайлбарласан.
4. Нэхэмжлэгч “С б м” ХХК хариуцагч “М х” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд: “...Далд ажлын актыг бидэнд 2022 оны 7 сард өгсөн гэтэл тус актыг 2022 оны 05 сарын 13-ны өдөр хийсэн байна. 2021 оны 09 сард хийж дууссан гэж буй гадна цэвэр бохир усны далд ажлын актыг яагаад 2022 оны 05 сарын 13-ны өдөр хийсэн, сүүлд нөхөж хийсэн акт тул үнэн зөв гэж хэлэхэд эргэлзээ төрүүлж байна. Бид тус актыг 2021 оны 09 сараас хойш буюу 10-н сарын турш авах хүсэлтэй байгааг илэрхийлж ирсэн.
Гэтэл тус далд ажлын актад хавсрагдсан фото зургийн зарим нь манай газар дээр хийгдсэн ажлын зураг /хөрсний өнгө, болон чулуулаг, усны хоолойны өнгө нь өөр байснаас гадна, зурагт багтсан хашаа болон хашааны цаана байгаа барилга байгууламж нь манай газарт байдаггүй өөр газрын зураг/ биш өөр газар хийгдсэн ажлын фото зургийг хавсаргасан, бодит газар дээр хийгдсэн ажлууд нь далд ажлын актад тусгасан тоо мэдээтэй илтэд зөрсөн, үнийн хувьд тухайн үед борлуулагдаж байсан ижил төстэй материалаас хэт өндөр дүнтэй байсан.
Мөн гадна шугам сүлжээг ашиглах боломжтой эсэх нь эргэлзээтэй, Монгол улсад мөрдөж байгаа барилгын нором нормативын дагуу хийгдээгүй нь илтэд байна гэдгийг бидний зүгээс хийлгэсэн хөндлөнгийн барилгын инженерийн дүгнэлтээр батлагдсан. Цэвэр бохирын шугам маш ойрхон зэрэгцэж байрлуулснаас гадна лотки хийгээгүй нь ашиглалтын явцад, гадна шугамын зарим хэсэг газрыг ухаж янзлах шаардлага гарахад газар ухах үед лотки хийгээгүй учир тэр хэсэгт байгаа цэвэр бохирын усны шугам бүхэлдээ гэмтэх эрсдэлтэй байхаар хийсэн байсан.
Хөндлөнгийн барилгын инженерийн дүгнэлтээр 40-50 сая төгрөг байхаар гарсан нь “М х” ХХК нь биднийг барилга барьж байсан туршлагагүйг далимдуулан их хэмжээний мөнгө нэхэмжил байгааг харуулж байна.
Мөн гэрээ цуцлах үед барилгын зураг зурагдаагүй байсан байтал биднээс зургийн мөнгө нэхэмжилж байгаа нь: “С б м"ХХК болон “М х” ХХК-ын хооронд байгуулсан гэрээнд заасан үүргийг зөрчсөн. “Р к” ХХК болон “М х” ХХК-уудын хооронд байгуулсан зургийн ажил гүйцэтгэх гэрээнд 50% хөнгөлсөн нөхцөл байхгүй. Энэхүү албан бичгийг "Р к” ХХК болон “М х” ХХК-ууд үгсэн хуйвалдаж биднийг санаатайгаар хохироох гэсэн үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд "Р к” ХХК болон “М х” ХХК хооронд байгуулсан гэрээний төлбөр гэрээний хугацаанд төлөгдөөгүй нь бидэнд хамаагүй болно.
Хамтын ажиллагааны гэрээ зурагдахаас өмнө бидэнд “N” төслийн эхний үе шатыг 2021 онд барьж дуусгах санхүүгийн чадвартай 3,0 тэр бум төгрөгтэй бөгөөд төслийг 2021-ээс 2022 онд богино хугацаанд хийж гүйцэтгэх боломжтой гэж бидэнд худлаа хэлж итгүүлсэн.
Гэрээний дагуу Барилга байгууламжийн төслийн үйл ажиллагааны үе шатууд түүний гүйцэтгэх хугацааг хавсралтаар батлах ёстой байсан боловч хавсралтуудыг батлалгүй барилгын ажлыг эхлүүлсэн нь Монгол улсын барилгын хууль дүрэм журам болон Хамтын ажиллагааны гэрээг зөрчсөн үйлдэл болсон байна. Бидний хувьд төслийг хурдан хийж гүйцэтгэх нь чухал, гэтэл "М х" ХХК нь биднийг зургийн ажилд орсон, зориудаар төслийг гацаасан, манай талыг зургийн ажлыг хариуцахаар тохирсон мэтээр тайлбарлаж байгаа нь өөрөө энэхүү гэрээгээр хүлээсээ үүргээс зугтааж хариуцлагаас бултах гэсэн увайгүй үйлдэл байна. Учир нь үүнийг нотлох ямар ч баримт байхгүй бөгөөд гэрээнд өөрчлөлт ороогүй хавсралт гэрээ байгуулаагүй.Барилгын зургийг 2021 оны 02 сарын 10-ны өдөр гэрээ цуцлах албан бичиг хүлээлгэн өгөх үед зурагдаагүй, бэлэн болоогүй байсан учир нь манай талд батлагдсан зураг өгөөгүй, үзүүлээгүй. Харин “М х” ХХК нь гэрээ цуцлах бичиг өгснөөс хойш шүүхэд өгөх хүртэл хугацаанд энэхүү зургийг дуусгасан байж магадгүй бөгөөд 2022 оны 02 сард тус барилгын зургууд бэлэн байсан мэтээр нэхэмжилж байгаа тул бид энэ төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зургийн компани нь 50%-ийн хөнгөлөлт өгсөн гэдэг нь эдгээр талуудын хооронд байгуулсан барилгын ажлын иж бүрэн зураг боловсруулах гэрээнд байхгүй заалт бөгөөд 2022 оны 04 сарын 13-ны албан бичигт байгаа нь хууль бус бөгөөд тус зардлыг манай талаас нэхэмжилж байгаа нь мөн л хуулийн үндэслэлгүй юм.
Хамтын ажиллагааны гэрээ зурагдсанаас хойш хамтран ажиллах биш биднийг үл тоон, хэл амаар доромжлох мөн төслийн явцын талаар ямар ч мэдээлэл өгөхгүй байх, барилгын ажлын төлөвлөгөө болон хийсэн ажлын талаар баримт материал танилцуулахгүй 10 сар болсон, ирүүлсэн далд ажлын акт нь бодит байдал дээр хийсэн ажлаас илтэд зөрүүтэй, барилгын стандарт норм нормативыг мөрдөж ажиллаагүй, гадна цэвэр бохир усны шугамын далд ажлын актад хавсрагдсан фото зургийн зарим нь манай газар дээр хийгдсэн ажлын зураг биш өөр газар хийгдсэн ажлын фото зургийг хавсаргасан, бодит газар дээр хийгдсэн ажлууд нь далд ажлын актад тусгасан тоо мэдээтэй илтэд зөрсөн, үнийн хувьд тухайн үед борлуулагдаж байсан ижил төстэй материалаас хэт өндөр дүнтэй байгаа нь “М х ” ХХК нь “С б м" ХХК-ны хууль ёсны эрх ашгийг илтэд зөрчиж байна. Хуурамч фото зураг далд ажлын актад хавсаргасан нь хөрсний чулуулаг нь өөр, хөрсний өнгө нь өөр, цэвэр бохир усны хоолойны өнгө нь өөр байгааг харж болох боловч “М х" ХХК нь далд ажлын актыг шүүхэд өгөхдөө хар цагаан зураг болгож өгсөн нь Монгол улсын шүүхийн байгууллагыг үл хүндэтгэж, зориуд хуурамч материал өгч байгаагаа нуун дарагдуулж байгааг үүгээр цохон тэмдэглэмээр байна. Дээрх сөрөг нэхэмжлэлд гаргаж өгсөн баримтууд нь илтэд зөрүүтэй, зарим нь хуурамчаар бүрдүүлсэн байж болохоор байгаа тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй гэж үзэж байна.
М х ХХК нь энэхүү гэрээг Иргэний хуулийн 57-60 дугаар зүйлд заасан “ноцтой төөрөгдсөн”, “хууран мэхэлсэн”, “хүч хэрэглэсэн” зэрэг аль ч шинж чанарыг агуулаагүй гэсэн мөртөө “М х” ХХК-ийн эрх ашгийг ноцтой хязгаарласан гэрээ болсон гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь энэхүү гэрээг талууд сайн дурын үндсэн дээр байгуулсан, гэрээнд талууд бүгд саналаа оруулж харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан. Дахин дурдахад “М х” ХХК нь бидэнд 3,0 тэрбум төгрөгтэй санхүүгийн хувьд эхний үе шатыг 2021 онд хийх бүрэн боломжтой, “N” төслөөс өөр ажил байхгүй учир 2021 болон 2022 онд энэ төслийг бүрэн дуусгана гэж бидэнд бүрэн итгүүлсэн нь иргэний хуулийн 59-д заасны дагуу хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж няцаасан.
5. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “С б м” ХХК -ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Итгэмжлэл, Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, N хотхоны төсөл дээр амины орон сууцны барилга, байгууламж барьж хамтран ажиллах гэрээ, Гэрээ цуцлах тухай мэдэгдэл, Хамтын ажиллагааг дуусгавар, Мэдэгдэл, Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах тухай, Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, Дотоод шилжүүлгийн баримт, Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах тухай, Итгэмжлэл, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Итгэмжлэл, Хариу тайлбар, Сөрөг нэхэмжлэл, “М х” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөл, “М х” ХХК-ийн дүрэм, “Х и” ХХК-ийн геологийн үнийн санал, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн хороо, Түргэний ам амины орон сууцны зориулалттай барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлт, Б ХХК-ийн Тооцоо нийлэх тухай, Гадна цэвэр бохир усны шугамын ажлын ил далд ажлын акт фото зураг, баримт бичгийн бүрдэл, “Р к” ХХК-ийн Мэдэгдэл, Дансны дэлгэрэнгүй хуулга, Итгэмжлэл, Шилжүүлгийн мэдээлэл, “Р к” ХХК Төлбөр шилжүүлэх тухай, Төлбөрийн баримт, Бэлэн мөнгөний орлогын баримт, Нэхэмжлэх, “Х и” ХХК-ийн тооцооны үлдэгдлийн баталгаа, “Р к” ХХК-ийн Төлбөр шилжүүлэх тухай, Шилжүүлгийн мэдээлэл, Нэхэмжлэх, Шилжүүлгийн мэдээлэл, Дансны хуулга, 140 м.кв Амины орон сууцны барилгын бүтээцийн зураг зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн баримт, Нийслэлийн Хан-уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн баримт, нэхэмжлэгчийн хүсэлтээр хийсэн үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн хүсэлтээр гэрч М.Тг асуусан тэмдэглэл, шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх зохигчийн гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “С б м” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Хан-Уул дүүргийн 14-р хороо, 02 дугаар гудамж, 2-3 тоот хаягт байрлах 3974 м.кв газрын гадаргуу дээр хариуцагчийн эд зүйл байхгүй ч газрын хөрсөн доор хариуцагчийн тавьсан стандартын шаардлага хангаагүй цэвэр бохирын хоолой байсаар байна. Хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй, санаатай гэм буруутай үйлдлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс болох 10,000,000 төгрөгийг төлсөн. Иймд гэрээг цуцалж, газар, газрын хэвлийг чөлөөлөхийг хариуцагчид даалгаж, хохирол 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
3. Хариуцагч “М х” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Гэрээ цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Газрын хэвлийд хийгдсэн ажлыг чөлөөлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Шинжээчийн дүгнэлтээр 90 сая төгрөгөөр үнэлгээ тогтоосон. “М х” ХХК нь гэрээнд дурдсан мөнгөн хөрөнгө, хүн хүч, техник, цаг хугацаа төдийгүй барилгын бизнесийн нэгэн онцлог болох барилгыг бүхэлд нь шуурхай явуулах бусад бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж эхэлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь гэнэт бидний ажлыг гацааж, удаашруулж эхэлсэн байтал одоо бидний оруулсан хөрөнгийг зайлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь бизнесийн болон гэрээний, хувь хүний ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна...” гэж маргажээ.
4. Хариуцагч “М х” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...Хариуцагч “М х” ХХК нь гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т заасан эрх болон 6.4-т заасан үүргээ гэрээ байгуулсан цагаас эхлэн бүрэн биелүүлж эхэлсэн. Нэхэмжлэгч нь ажлыг сааруулсаар барилгын ажлыг гүйцэтгэх улирлыг дуусгаж, улмаар гэрээгээ зогсоох, цуцлах зэргээр албан бусаар шаардаж эхэлсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй гэрээг илт зөрчсөн аливаа үйлдэл огт байхгүй бөгөөд гэрээт ажлыг хуваарийн дагуу гүйцэтгэх явцад тасалдуулсан үйлдлийг гэрчийн мэдүүлгүүдээр нотолно. Иймд төслийн геодезийн хэмжилтийн төлбөрт 2.500.000 төгрөгийг гаргуулах, төслийн барилгын талбайн инженер геологийн судалгааны дүгнэлтийн төлбөрт 5.582.500 төгрөгийг гаргуулах, төслийн "Амины орон сууцны хотхон, спорт заал”-ны иж бүрэн ажлын зураг төсөл, төсөв боловсруулсны төлбөрт 134.595.439 төгрөг, төслийн гадна цэвэр, бохир усны шугамын ажлын төлбөрт 178,152,057 төгрөг, бусад зардал 1.200.000 төгрөг, нийт 322,029,996 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, гэрээг дуусгавар болгож өгнө үү” гэж тайлбарласан.
5. Нэхэмжлэгч “С б м” ХХК хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “...Гэрээний дагуу Барилга байгууламжийн төслийн үйл ажиллагааны үе шатууд түүний гүйцэтгэх хугацааг хавсралтаар батлах ёстой байсан боловч хавсралтуудыг батлалгүй барилгын ажлыг эхлүүлсэн нь Монгол улсын барилгын хууль дүрэм журам болон Хамтын ажиллагааны гэрээг зөрчсөн үйлдэл болсон байна. Бидний хувьд төслийг хурдан хийж гүйцэтгэх нь чухал, гэтэл "М х" ХХК нь биднийг зургийн ажилд орсон, зориудаар төслийг гацаасан, манай талыг зургийн ажлыг хариуцахаар тохирсон мэтээр тайлбарлаж байгаа нь өөрөө энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээс зугтааж хариуцлагаас бултах гэсэн увайгүй үйлдэл байна. Учир нь үүнийг нотлох ямар ч баримт байхгүй бөгөөд гэрээнд өөрчлөлт ороогүй хавсралт гэрээ байгуулаагүй. Барилгын зургийг 2021 оны 02 сарын 10-ны өдөр гэрээ цуцлах албан бичиг хүлээлгэн өгөх үед зурагдаагүй, бэлэн болоогүй байсан учир нь манай талд батлагдсан зураг өгөөгүй, үзүүлээгүй. Дээрх сөрөг нэхэмжлэлд гаргаж өгсөн баримтууд нь илтэд зөрүүтэй, зарим нь хуурамчаар бүрдүүлсэн байж болохоор байгаа тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй гэж үзэж байна…” гэж няцаасан.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1 Зохигчид 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 01 тоот “N хотхоны төсөл дээр амины орон сууцны барилга, байгууламж барьж хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан байх ба уг гэрээгээр “С б м” ХХК нь төслийн бүхий л баримт бичиг, газар эзэмших гэрчилгээ, барилга барих, хүлээлгэн өгөхтэй холбоотой зөвшөөрөл, хотхоны зохион байгуулалтаар төлөвлөн хашаа барьсан, харуулын байр, тоглоомын талбай, эрчим хүч татсан хөрөнгө оруулалт нийт 1,700,000,000 үнэлгээтэй бөгөөд хариуцагч “М х” ХХК нь дээрх төлбөрийг
-төслийн 1 дүгээр үе шатанд дутуу баригдсан 3 блокоос 2-5 метрийн зайд цахилгаан, цэвэр ус, бохир усны холболтыг холбох,
-төслийн 1 дүгээр үе шатанд Спорт заал тоног төхөөрөмжийн хамт 570 м.кв талбайтай түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 350,000,000 төгрөгөөр тооцож хүлээлгэн өгөх,
- төслийн 1 дүгээр үе шатанд 650 м.кв талбайтай амины орон сууцны суурь болон нэг давхрын цутгалтын ажлыг хийж гүйцэтгэх,
- төслийн 2 дугаар үе шатанд 650 м.кв талбайтай амины орон сууц /дотор засалгүй/-г барьж 1,000,000,000 төгрөгөөр хүлээн өгөх,
- төслийн 2 дугаар үе шатанд 145 м.кв амины орон сууц /дотор засалгүй/-г барьж 300,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид 2 жилийн хугацаанд 2 үе шаттайгаар хүлээлгэн өгөх үүргийг хүлээж, нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хариуцагч нь өөрийн хөрөнгөөр 30 ширхэг амины орон сууцны барьж захиран зарцуулах, мөн амины орон сууцны барилгын техникийн нөхцөл, барилгын талбай барилга байгууламж /явган хүний болон автомашины зам, ил ба далд зогсоол, амралт, зугаалгын бүс, тоглоомын талбай, орчны ногоон байгууламж/-ийг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцжээ. /хх12-18/
7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудад харилцан үүрэг үүсдэг бөгөөд нэхэмжлэгчийн 1,700,000,000 төгрөгийн үнэлгээтэй хотхоны зохион байгуулалтаар төлөвлөн хашаа барьсан, харуулын байр, тоглоомын талбай, эрчим хүч татсан эзэмших эрхтэй газарт хариуцагч нь цахилгаан, цэвэр ус, бохир усны холболтыг холбох, үл хөдлөх эд хөрөнгийг барьж хүлээлгэн өгөх хүсэл зоригоо илэрхийлсэн, талууд харилцсан тохиролцсон үйл баримт, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тогтоогдсон.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
8. Талууд 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 01 тоот “N хотхоны төсөл дээр амины орон сууцны барилга, байгууламж барьж хамтран ажиллах гэрээ”-г цуцлах талаар маргаагүй. Харин зохигчид уг гэрээнээс учирсан хохирол, мөн газрын хөрсийг чөлөөлөх эсэх талаар маргасан.
9. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Гэрээнээс татгалзахын тулд гэрээний нөгөө тал нь үүргээ ноцтой зөрчсөн байх, гэрээг цуцлах талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн байх явдал шаардах эрхийн урьдчилсан нөхцөл болно.
Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 01 тоот “N хотхоны төсөл дээр амины орон сууцны барилга, байгууламж барьж хамтран ажиллах гэрээ”-ний 2.2.1, 2.2.2, 2.2.3-т тус тус заасан ажлыг хариуцагч “М х” ХХК нь төслийн 1 дүгээр үе шат буюу энэхүү гэрээний 3.3-т зааснаар 2021 онд багтаан хийж гүйцэтгэх үүрэгтэй.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай ба мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр заасан тул хариуцагч дээрх гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгэж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон.
Улмаар хариуцагчаас дээрх гэрээний 6.1.1, 6.2.1-д зааснаар “Б” талыг төслийн ажлыг гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлэн ашиглалтад оруулахгүй байх, эсхүл төслийн үе шатыг эхлүүлэхгүй, үргэлжлүүлэхгүй, цаашид гэрээ хэрэгжихгүй нь илтэд тодорхой болсон бол гэрээг нэг талын санаачилгаар цуцлахыг хариуцагчаас шаардан 2022 оны 02 дугар сарын 10-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрүүдэд тус тус гэрээ цуцлах талаар мэдэгдэл хүргүүлж, албан бичгийг хариуцагчид хүргүүлж байжээ. /хх19-21/
10. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дах хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж зохицуулсан.
Өөрөөр хэлбэл, хариуцагч гэрээнд заасан хугацаанд үүргийг биелүүлээгүй, үүнтэй холбоотой нэхэмжлэгчээс хуульд заасны дагуу гэрээ цуцлах талаар хариуцагчид мэдэгдсэн байх тул хариуцагчийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон, эсхүл үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасантай нийцсэн.
Тиймээс гэрээний хугацаа дуусах өдрөөс өмнө нэг талын санаачилгаар буюу 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “Хамтын ажиллагааг дуусгавар болгох тухай” мэдэгдлээр талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй. /хх-20/
11. Нэхэмжлэгчээс “…хариуцагч нь нэгж талбарын дугаартай Хан-Уул дүүргийн * тоотод байрлах нэгж талбарын *дугаартай 3,974м.кв газрын хөрсөн доорх стандартын шаардлага хангаагүй цэвэр, бохир усны хоолой тавьсан. Батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгээгүй газар доор хийсэн ажлуудыг гаргуулах байдлаар газрын хэвлийг чөлөөлүүлэх…” гэх шаардлагыг хариуцагч “…Бижи гэрэг капитал” ХХК-аар гадна цэвэр ус, бохир усны шугамын угсралтыг хийж гүйцэтгэсэн, газар чөлөөлүүлэх шаардлыг зөвшөөрөхгүй…” гэж маргаж мэтгэлцсэн. Харин талуудын тайлбараар гэрээнд заасан нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр хариуцагчийн эд зүйл байхгүй болох нь тогтоогдсон. /2хх-27/
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “газар" гэж газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхарга гэж тодорхойлжээ.
Гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 14-р хороо, 02 дугаар гудамж, 2-3 тоот хаягт байрлах 3974 м.кв газрын хөрсөн доорх цэвэр, бохирын хоолойг авч газрын хөрсийг чөлөөлөх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах…, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт гэж заасны дагуу нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх хүрээнд газрын хөрсөн доорх эд зүйлсийг чөлөөлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ. Мөн шинжээчийн дүгнэлтэд “...Зохих эрх бүхий байгууллагаар хийлгэж, баталгаажуулсан ажлын зураг байхгүй, ажлын зураг байхгүй учраас уг бохир усны шугамын налуу /уклон/ худгуудын төвшин зэргийг хэмжих боломжгүй тул цаашид ажлын зураг гаргуулж, уг ажилд ажлын зургийн дагуу хэмжилт хийж, акт үйлдэж ажлыг бүрэн дуусгаагүй тохиолдолд ашиглах боломжтой гэж үзэх үндэслэлгүй…” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн дээрх шаардлага үндэслэлтэй гэж үзэхээр байна. /2хх-120/
12. Нэхэмжлэгч “С б м” ХХК-аас хариуцагч “М х” ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүй, санаатай гэм буруутай үйлдэл болоод компанид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой тул хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс 10,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэхдээ өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах зохигчийн буюу өөрийнх нь сонголт учир хохиролд тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
13. Дээр дурдсанаар талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 01 тоот “N хотхоны төсөл дээр амины орон сууцны барилга, байгууламж барьж хамтран ажиллах гэрээ”-г цуцалж, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо 2 дугаар гудамж 2-3 тоотод байрлах нэгж талбарын *дугаартай 3,974 м.кв талбайтай газрын хөрсөн доорх цэвэр, бохир усны хоолойг чөлөөлөхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж үзлээ.
14. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч “М х” ХХК-аас төслийн геодезийн хэмжилтийн төлбөрт 2,500,000 төгрөг, төслийн барилгын талбайн инженер геологийн судалгааны дүгнэлтийн төлбөрт 5,582,500 төгрөг, төслийн "Амины орон сууцны хотхон, спорт заал”-ны иж бүрэн ажлын зураг төсөл, төсөв боловсруулсны төлбөрт 134,595,439 төгрөг, төслийн гадна цэвэр, бохир усны шугамын ажлын төлбөрт 178,152,057 төгрөг, бусад зардал 1,200,000 төгрөг, нийт 322,029,996 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүхээс томилогдсон шинжээч “Б ” нь Хан-Уул дүүргийн тоотод байрлах нэгж талбарын *дугаартай 3,974 м.кв талбайтай газарт хариуцагчийн гадна цэвэр, бохир усны шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн бодит үнэлгээг тогтоосон дүгнэлтэд “...“М х” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын бодит үнэлгээ нь БНбД81-95-12*/2020-ийн дагуу төсөвт өртгийг тооцоход 95,267,416 төгрөг байна...” гэжээ. /2хх118-161/
Хариуцагч “М х” ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 01 тоот “N” хотхоны төсөл дээр амины орон сууцны барилга, байгууламж барьж хамтран ажиллах гэрээ”-ний 3.3-т заасан хугацаанд нэхэмжлэгчид цэвэр, бохир усны холбох ажлыг хүлээлгэн өгөөгүй хэдий ч тухайн нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт 95,267,416 төгрөгийн цэвэр, бохир усны шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт зааснаар хариуцагч гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын төсөвт өртөгт 95,267,416 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байна.
Зохигчдын хэн аль нь дээрх шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргаагүй болно.
15. Мөн хариуцагчийн амины орон сууц дээр геодезийн газрыг хэмжилт хийлгэхэд 2,500,000 төгрөгөөр улаан шугам тавиулсан, улаан шугам тавьсан газар дээр 5,582,500 төгрөгийн газрын өрөмдлөг хийгээд барилгын даацыг тодорхойлох буюу геологийн судалгаа, дүгнэлт хийлгэсэн гэх тайлбар нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Түргэний ам, амины орон сууцны зориулалттай барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлт болон Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт, мөн Хаан банкны Шилжүүлгийн мэдээллийн баримт, бэлэн мөнгөний орлогын баримт зэргээр тогтоогдож байна. /1хх51-61, 2хх81, 83-87/
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10.2.2-т “Талууд гэрээг хэрэгжүүлж тодорхой үр дүчд хүрсэн, их хэмжээний хөрөнгө оруулалт оруулсны дараа гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон, саатсан төслийн үйл ажиллагаа зогссон цаашид үргэлжлэхгүй нь илтэд тодорхой болсон шалтгаанаар талууд гэрээг цуцлах байдлаар дуусгавар болгоно. Энэ тохиолдолд төсөл нь А талын өмчлөлд хэвээр үлдэх ба гэрээг хэрэгжиж байх хугацаанд бий болсон буцаах боломжгүй үр дүн, оруулсан хөрөнгө оруулалтыг тэргүүн ээлжинд авах давуу эрхийн дагуу худалдан авч хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, мөнгөн хөрөнгө хэлбэрээр буцаан олгоно.” гэж зааж талууд хүсэл зоригоо илэрхийлж харилцан тохиролцсон бөгөөд хариуцагч уг гэрээнд заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ шаардсаныг буруутгах боломжгүй.
16. Нөгөөтэйгүүр, хариуцагч төслийн "Амины орон сууцны хотхон, спорт заал”-ны иж бүрэн ажлын зураг төсөл, төсөв боловсруулсны төлбөрт 134,595,439 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсан. Энэхүү шаардлагаа нотлохоор “Р к” ХХК-аас 140 м.кв Амины орон сууцны барилгын бүтээцийн зургийг гаргуулсан боловч уг зураг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасныг хангаагүй, нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч 134,595,439 төгрөгийн хохирол учирсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Гэрч М.Т ын “...зургийн ажил 95 хувьтай байгаа, одоо хөндлөнгийн барилга хөгжлийн төвөөр зургийн ажлыг батлуулах ажил үлдсэн...” гэх мэдүүлгээр дээрх Амины орон сууцны барилгын бүтээцийн зураг нь стандарт, барилгын норм, дүрэмд нийцсэн байдлаар бэлэн болоогүй болох нь тогтоогдож байна. /1хх-185/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Энэ зургаа хэдэн төгрөгөөр зуруулснаа өөрсдөө мэдэхгүй 2 зургийг 134,000,000 төгрөгөөр зуруулсан. 50%-ийн хөнгөлөлт эдлүүлчихсэн. Гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй учраас дотроо 100% төлөх гэж байгаа төлөгдсөн. Тэгэхээр энэ төлбөрөөсөө 20,000,000 төгрөг төлсөн гэдэг агуулга дурддаг. Барилгын бүтээцийн зураг зурсан гэх боловч эрх бүхий байгууллагаар батлагдаж хүчин төгөлдөр болоогүй. Хүчин төгөлдөр болоогүй зураг төслийн дагуу шугам сүлжээ хийсэн учраас энэ ажлыг манайх хүлээж авч, ашиглах боломжгүй...” гэх тайлбар гаргасан бөгөөд хариуцагчаас уг тайлбарыг баримтаар няцааж чадаагүй.
17. Хэргийн 2хх-205-211 талд авагдсан Хаан банкны Шилжүүлгийн баримтууд нь талуудын хооронд гэрээ байгуулагдахаас өмнөх буюу 2021.05.09, 2021.05.15-ны өдрийн баримтууд байх бөгөөд мөн Д.Нн дансруу мөнгөн шилжүүлгийн гүйлгээ хийсэн нь түүний хэн болох энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул тухайн баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үндэслэлгүй болно.
Мөн хариуцагч бусад зардал 1,200,000 төгрөгийн шаардлагаа нотолсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
18. Иймд нэхэмжлэгчээс төслийн геодезийн хэмжилтийн төлбөрт 2,500,000 төгрөг, төслийн барилгын талбайн инженер геологийн судалгааны дүгнэлтийн төлбөрт 5,582,500 төгрөг, төслийн гадна цэвэр, бохир усны шугамын ажлын төсөвт өртөг 95,267,416 төгрөг нийт 103,349,916 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 218,680,080 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315,350 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,768,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 674,699 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 01 тоот “N хотхоны төсөл дээр амины орон сууцны барилга, байгууламж барьж хамтран ажиллах гэрээ”-г цуцалж, Хан-Уул дүүргийн тоотод байрлах нэгж талбарын *дугаартай, 3,974 м.кв талбайтай газрын хөрсөн доорх эд зүйлсийг /цэвэр, бохир усны хоолойг/ чөлөөлөхийг хариуцагч “М х” ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдэх 10,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С б м” ХХК-аас 103,349,916 төгрөгийг гаргуулж хариуцагч “М х” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 218,680,080 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315,350 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,768,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 674,699 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ