Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/303

 

  2025             03             11                                      2025/ДШМ/303

 

Б.Б, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Бат-Амгалан,

яллагдагч Б.Бийн өмгөөлөгч Т.Баярцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/1133 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Баянжаргалын бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаар эсэргүүцэл болон яллагдагч Б.Б.Б өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2210000000883 дугаар хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х овгийн Б.Б, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл *, ** хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, *** дүгээр байрны ** тоотод оршин суух хаягтай, /РД: **00000000/;

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

2. Х овгийн Б.Б, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, хот төлөвлөлт мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, *** хамт Сүхбаатар дүүргийн * дугаар хороо, Ногоо урлан хотхон, ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: **00000000/;

Яллагдагч Б.Б, Б.Б нар нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зайсан гейт” зочид буудлын 310 тоот өрөөнд үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, улмаар Б.Б нь хүч хэрэглэн Б.Бийн биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн талын духны хөндийн өмнөд ялтас цөмөрсөн хугарал, хугарлаас доош үргэлжлэн зүүн талын ухархайн дээд ханын сэлтэрсэн хугарал, хамар ясны хугарал, зүүн хацар, бугалга, цээж, баруун гуя, цус хуралт, хүзүү, хэвлий, баруун шуу, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

яллагдагч Б.Б нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зайсан гейт” зочид буудлын 310 тоот өрөөнд хохирогч Б.Бтэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар Б.Б.Бг гараараа цохих, хөлөөр өшиглөх зэргээр зодсон ба улмаар уг буудлын 2 давхраас хутга авч ирж хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Б.Б.Бг орон дээр сууж байхад нь гарын шуунд 1 удаа, цээжин тус газарт нь 2 удаа хатгах, мөн түүнийг уг өрөөнөөс зугтаж гарахад араас нь хөөж зүүн өгзөг тус газарт нь 1 удаа хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь зүүн гарын шууны мэдрэлийн тасрал, зүүн бугалга, зүүн өгзөгт шарх, баруун гарын долоовор хуруу, зүүн чихний гэдсэнд шарх, баруун ташаа, зүүн хацар, нуруунд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулан хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүх хавтаст хэргийн материалтай танилцаад хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч нь хохирогчоос гаргаж өгсөн хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдол бүхий цагаан саарал өнгийн металл кулонтой гинжийг /сахиус гэх/ хүлээн авч шинжилгээнд өгсөн хэдий ч эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол үйлдэж хэрэгт хавсаргаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна. … Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.М “...тэгээд Б.Бтэй хамт байсан найз нь /гэрч Г.У/ болсон зүйлийн талаар ярихдаа чиний цээжин тус газарт хутгаар зоосон, гэхдээ орохгүй байсан, дараа нь өгзөг рүү чинь бас хутгалсан гэж яриад байхаар нь Б.Б футболкийг харахад цээжин хэсэгт зүсэгдсэн, Б.Б нь металл сахиус зүүсэн байсан бөгөөд сахиусыг нүдээрээ харахад ямар ч байсан хурц үзүүртэй зүйл ороод хэлбэр нь алдагдсан байсныг гараараа тэгшилж өгч байсан. Би тухайн үед энэ сахиус нь Б.Бг хамгаалсан юм байна гэж бодож байсан...” гэж мэдүүлжээ.

Харин хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд хамт байсан гэрч Г.Уын мэдүүлэгт энэ талаар огт дурдагдаагүй, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс харахад хохирогч Б.Б нь сахиус гэх металл эд зүйлийг зүүсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүх арга хэмжээг авч, мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, процессын зөрчилгүй зөвтгөн хийх нь зүйтэй байна.

Тухайлбал:

1. Хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдол бүхий цагаан саарал өнгийн металл кулонтой гинжийг /сахиус гэх/ хуульд заасан журмын дагуу эд мөрийн баримтаар тооцож, хавтаст хэрэгт тусгаж бэхжүүлэх.

2. Гэрч А.Мийн мэдүүлсэн яриа өгүүлэл болсон эсэхийг гэрч Г.Уаас нарийвчлан тодруулж, дахин мэдүүлэг авах, гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд хохирогч Б.Б цагаан саарал өнгийн металл кулонтой гинжийг /сахиус гэх/ зүүж явсан эсэх талаар тодруулах.

3. Хэргийн газрын үзлэг хийж гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн цагдаагийн алба хаагчаас хохирогч Б.Б нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд цагаан саарал өнгийн металл кулонтой гинжийг /сахиус гэх/ зүүж явсан эсэх талаар тодруулж мэдүүлэг авах.

… Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлээр яллагдагч Б.Б, Б.Б нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Б, Б.Б нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Баянжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад цагаан саарал өнгийн металл кулонтой гинж /сахиус гэх/-ийг мөрдөгч нь хохирогч Б.Бэс хүлээн авч, шинжээч томилон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Баясгалангийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1616 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан саарал өнгийн металл кулон доторх товгор гурвалжин дүрсний нүүр хэсэгт үүссэн олон тооны жижиг гэмтлүүд нь эдэлгээний явцад үүссэн хуучин гүн зураасан мөрүүд байна. Харин товгор гурвалжин дунд хэсэгт үүссэн 6,63мм, 5,4мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гүн зураасан мөрүүд байна. Цагаан саарал өнгийн гинж гэмтэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн цагаан саарал өнгийн металл гинжний кулонд үүссэн шинэ гүн зураасан мөрүүд нь зүссэн, зоосон, хатгагдсан эсэхийг тогтоох боломжгүй. Материалын нимгэн зузаан, эдэлгээ, үйлчилсэн хүчний хэмжээ зэргээс хамаарч, гүн зураасан мөрүүд хэзээ үүссэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй...” гэх дүгнэлт /хх 73-74/ гаргуулж, гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч хэрэгт хавсаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ.” гэж заасан бөгөөд тус шинжээчийн дүгнэлтийг шүүх шийдвэрийн үндэслэл болох эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.

Гэрч А.Мийн “...Б.Бтэй хамт байсан найз нь болсон зүйлийн талаар ярихдаа чиний цээжин тус газарт хутгаар зоосон, гэхдээ орохгүй байсан, дараа нь өгзөг рүү чинь бас хутгалсан гэж яриад байхаар нь Б.Б футболкийг харахад цээжний хэсэгт зүсэгдсэн, Б.Б нь металл сахиус зүүсэн байсан бөгөөд сахиусыг нүдээрээ харахад хурц үзүүртэй зүйл ороод хэлбэр нь алдагдсан байсныг гараараа тэгшилж өгч байсан...” гэх /2хх 232-234/,

Б.Б.Б хохирогчоор өгсөн “...удалгүй гэртээ хутга бариад ороод ирсэн. Тэгээд намайг ална гээд над руу дайрсан бөгөөд зүүн гарын булчингийн ар хэсэгт хутгаар зүссэн, дараа нь ахиад цээжрүү хутгаар хатгахад миний зүүлт урдуур нь таараад Ууганаа хутгыг булааж авсан...” гэх мэдүүлэг /хх 30-36, 2хх 146-147, 217/,

гэрч Ц.Бгийн “...тэгээд юу ч байсан хувцсыг нь цэвэрлэе гэж бодоод жинсэн өмд, хөх өнгийн футболк хоёрыг аваад цэвэрлэж байхдаа шалгаж үзтэл футболкны ханцуй доошоо нэвт урагдсан, цээжний гол болон зүрхэн тушаа газар гээд 2 урагдсан байсан...” гэх /2хх 237-239/ тус тус авагдсан мэдүүлгүүдээс үзвэл гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хохирогч Б.Б.Б өмсөж байсан гэх футболкны цээжин тус газар урагдалтай байсан болохыг нотлох бөгөөд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваасүрэнгийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 9214 дугаартай дүгнэлтээр “...Б.Бийн биед зүүн талын духны хөндийн өмнөд ялтас цөмөрсөн хугарал, хугарлаас доош үргэлжлэн зүүн талын ухархайн дээд ханын сэлтэрсэн хугарал, хамар ясны хугарал, зүүн хацар, бугалга, цээж, баруун гуя цус хуралт, хүзүү, хэвлий, баруун шуу, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдсон бөгөөд цээжин тус газарт ямар нэгэн шарх гэмтэл учраагүй.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Баясгалангийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1616 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан саарал өнгийн металл кулон доторх товгор гурвалжин дүрсний нүүр хэсэгт үүссэн олон тооны жижиг гэмтлүүд нь эдэлгээний явцад үүссэн хуучин гүн зураасан мөрүүд байна. Харин товгор гурвалжин дунд хэсэгт үүссэн 6,63мм, 5,4мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гүн зураасан мөрүүд байна. Цагаан саарал өнгийн гинж гэмтэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн цагаан саарал өнгийн металл гинжний кулонд үүссэн шинэ гүн зураасан мөрүүд нь зүссэн, зоосон, хатгагдсан эсэхийг тогтоох боломжгүй. Материалын нимгэн зузаан, эдэлгээ, үйлчилсэн хүчний хэмжээ зэргээс хамаарч, гүн зураасан мөрүүд хэзээ үүссэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй...” гэх дүгнэлт /хх 73-74/ зэрэг нотлох баримтуудаас хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд болсон үйл баримтыг дүрсэлвэл хохирогч Б.Бийн мэдүүлэгт дурдагдсан “дараа нь ахиад цээжрүү хутгаар хатгахад миний зүүлт урдуур нь таараад Ууганаа хутгыг булааж авсан” гэх, гэрч А.Мийн мэдүүлэгт тус тус дурдагдсан “...Г.Уын ярьж байсан гэх “чиний цээжин тус газарт хутгаар зоосон, гэхдээ орохгүй байсан” гэж яриад байхаар нь Б.Б футболкийг харахад цээжний хэсэгт зүсэгдсэн, Б.Б нь металл сахиус зүүсэн байсан...” гэж мэдүүлсэн нь хэргийг бодит байдалтай нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна” гэж,

3 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлэх” гэж хуульчилсан бөгөөд шүүх эргэлзээтэй гэж үзвэл эрх хэмжээний хүрээнд гэрчийг оролцуулах арга хэмжээ авч мэдүүлэг авах эрхтэй тул шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэх шаардлагагүй бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь бүхэлдээ үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.

Яллагдагч Б.Б.Б өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Б.Б нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Б.Бд гарын шуунд 1 удаа, цээжин тус газар 2 удаа, өгзөгөн тус газар нь 1 удаа тус тус хутгалуулсны улмаас зүүн гарын шууны мэдрэлийн тасрал, зүүн бугалга, зүүн өгзөгт шарх, баруун гарын долоовор хуруу, зүүн чихний гэдсэнд шарх, баруун ташаа, зүүн хацар, нуруунд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан байдаг.

Прокуророос Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүхээс өөрийн санаачлагаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж хохирогч Б.Б.Б тухайн үед зүүж явсан цагаан саарал өнгийн металл кулонтой гинж /сахиус/-ийг эд мөрийн баримтаар хураан авах нь зүйтэй, энэ ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх учир шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцаасан байна.

Өмгөөлөгчийн хувьд шүүхийн энэхүү захирамжийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж гомдол гаргаж байна.

Үүнд:

1. Уг гэмт хэрэг гарснаас хойш 3 жил өнгөрч байгаа бөгөөд хэргийг шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

2. Тухайн үед Б.Б.Б зүүж явсан цагаан саарал өнгийн металл кулонтой гинж /сахиус/-ийг мөрдөгч авч шинжилгээнд хамруулсан болно.

3. Шинжилгээгээр тухайн эд зүйл дээрх ул мөрийг фото зургаар бэхжүүлэн авч дүгнэлтээ гаргасан байгаа.

4. Тухайн эд зүйлийг заавал эд мөрийн баримтаар хураан авах шаардлагагүй.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/1133 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

Прокурор З.Бат-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Прокурор Ж.Баянжаргалын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах саналтай байна.” гэв.

Яллагдагч Б.Бийн өмгөөлөгч Т.Баярцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй, хууль ёсны гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад кулон гэх зүйлийг 1 жил 6 сарын дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шинжээч томилж, кулон дээр байгаа хоёр зураасан мөрөөс шалтгаалж Б.Бийн зүйлчлэлийг хүндрүүлж шийдвэрлэсэн. Эд мөрийн баримтаар тооцож, тогтоол үйлдээгүй. Хоёр удаа шинжээч томилсон боловч энэ талаарх дүгнэлт тодорхой гаргаагүй. Кулоноор хатгасан, хутгаар хатгасан эсэхийг тогтоох боломжгүй. Энэ асуудлаар өмгөөлөгчийн зүгээс маргасан боловч хүлээж аваагүй. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж оруулсан учраас шүүхийн шатанд шинжлэн судлах шаардлагатай байна. Мөн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх талаар Улсын ерөнхий прокуророос 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өмгөөлөгчийн гомдлын дагуу яллах дүгнэлтийг хүчингүй болгож, Б.Бийн биед үүссэн 12 тооны гэмтэл яагаад хөнгөн гэмтэл болох талаар прокурорын тогтоолд дурдсан байдаг. Энэ талаарх мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэл, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс “...1. Хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдол бүхий цагаан саарал өнгийн металл кулонтой гинжийг /сахиус гэх/ хуульд заасан журмын дагуу эд мөрийн баримтаар тооцож, хавтаст хэрэгт тусгаж бэхжүүлэх,

2. гэрч А.Мийн мэдүүлсэн яриа өгүүлэл болсон эсэхийг гэрч Г.Уаас нарийвчлан тодруулж, дахин мэдүүлэг авах, гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд хохирогч Б.Б цагаан саарал өнгийн металл кулонтой гинжийг /сахиус гэх/ зүүж явсан эсэх талаар тодруулах,

3. хэргийн газрын үзлэг хийж, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн цагдаагийн алба хаагчаас хохирогч Б.Б нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд цагаан саарал өнгийн металл кулонтой гинжийг /сахиус гэх/ зүүж явсан эсэх талаар тодруулж мэдүүлэг авах” гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаажээ.

Давж заалдах шатны шүүхээс “…цагаан саарал өнгийн металл кулонтой гинжийг /сахиус гэх/ хуульд заасан журмын дагуу эд мөрийн баримтаар тооцож, хавтаст хэрэгт тусгаж бэхжүүлэх, цагдаагийн алба хаагчаас хохирогч Б.Б нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд цагаан саарал өнгийн металл кулонтой гинжийг зүүж явсан эсэх талаар тодруулж мэдүүлэг авах” гэсэн ажиллагаануудыг мөрдөн байцаалтын шатанд хийх шаардлагагүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “...Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг... олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” зорилтыг хангах хүрээнд мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг хэрэгжүүлж, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмыг мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.

Иймд шүүгчийн захирамжид “гэрч А.Мийн мэдүүлсэн яриа өгүүлэл болсон эсэхийг гэрч Г.Уаас нарийвчлан тодруулж, дахин мэдүүлэг авах, гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд хохирогч Б.Б цагаан саарал өнгийн металл кулонтой гинжийг /сахиус гэх/ зүүж явсан эсэх талаар тодруулах” гэж заасан мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй.

Хохирогч Б.Б “...“ер нь яагаад байгаа юм” гэж хэлээд бид хоёр зодолдсон, зодолдож дуусаад уул нь “сайхан эр хүмүүс шиг зодолдлоо” гээд тэврэлдээд салсан боловч сууж байгаад Б.Б нь дахиад л оволзоод дүрэлзэж босож ирээд намайг нэг цохихоор нь би зөрүүлж нэг цохиод элгэдсэн чинь Б.Б газар атирч унаснаа гэнэт “пизда” гэж муухай орилж босож ирээд 2 давхар руу гүйгээд явсан. Тэгээд гэнэт баахан юм пижигнэх шиг болоод Б.Б орж ирсэн чинь гартаа хутгатай байсан...” /1хх 35/, гэрч Г.У “...тэр хоёр бие биедээ үг хаяад маргалдаад зодолдсон бөгөөд би салгаагүй, өөрсдөө салсан. Дахиад маргалдаад зодолдсон бөгөөд Б.Б Б.Бийн нүүр рүү нэг мөргөөд Б.Б тонгойход нь хэвлий рүү нь гараараа нэг удаа цохьсон. ...тэгээд салсан ба Б.Б хаалга онгойлгож өрөөнөөс гараад доошоо гүйсэн, ...шургуулга онгойлгож хутга аваад 3 давхар руу гүйсэн...” /1хх 44/ гэсэн мэдүүлгүүд өгчээ.

Тодорхой үйлдэл тус бүр нь Эрүүгийн хуульд тодорхойлогдсон шинжээрээ гэмт хэрэг болдог бөгөөд яллагдагч нарын “Зайсан гейт” зочид буудлын өрөөнд эхэлж зодолдсоны улмаас бие биедээ гэмтэл учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийн үйлдлийг зүйлчлэх эсэх, түүнчлэн яллагдагч Б.Б өөр санаа зорилго, орон зай, цаг хугацаанд хутгаар гэмтэл учруулсан нөхцөл байдал нь тусдаа өөр гэмт хэргийн шинжтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт зайлшгүй хийх шаардлагатай байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, яллагдагч нарын харилцан зодолдсон шалтгаан нөхцөл, уг зодооны улмаас Б.Б.Б эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, уг харилцан зодооны дараа Б.Б ямар санаа зорилгоор хутга авчирч, бусдын эрүүл мэндэд хэрхэн гэмтэл учруулсан талаар дүгнэлт хийх шаардлагатай байна.

Иймд прокурор Ж.Баянжаргалын бичсэн эсэргүүцлийг зарим үндэслэлийг, яллагдагч Б.Б.Б өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлын зарим үндэслэлийг тус тус хүлээн авч, зарим үндэслэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан дээрх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэлтэй байх тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/1133 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Баянжаргалын бичсэн эсэргүүцэл, яллагдагч Б.Б.Б өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлын зарим үндэслэлийг хүлээн авсныг дурдаж, зарим үндэслэлийг хүлээн аваагүй үндэслэлээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                М.АЛДАР

ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР