2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/07315

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,   тоот хаягт байрлах “Н к” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Баянгол дүүрэг, 20 дугаар хороо,   тоот хаягт оршин суух О овогт Цн Э/РД: /,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,  тоот хаягт оршин суух, О овогт Ц н А/РД: / нарт холбогдох,

 

83,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хулан нар оролцов.

(Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхийг бичгээр мэдэгдсэн, хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул түүнийг эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Н к” ХХК нь хариуцагч Ц.Э, Ц.А нарт холбогдуулан 83,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:“Н к ХХК нь 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр №22-09/02 дугаар бүхий түрээсийн гэрээг Ц.А, Ц.Энартай байгуулсан. Уг гэрээгээр ут Хан-Уул дүүргийн   дүгээр хороо, Тхудалдааны төвийн доторх кофе шопыг бүх тавилга, тоног төхөөрөмж, тохижилтын хамт түрээслүүлж, гэрээнд заасан түрээсийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэтэл гэрээнд заасан түрээсийн төлбөрийг удаа дараа хожимдуулан төлөхөөс зайлсхийж, талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5.2.1, 6.2.1, 6.2.2 дахь заалтуудыг удаа дараа зөрчиж байна. Уг зөрчлийг арилгах талаарх шаардлагыг манай компанийн зүгээс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01/79 тоот, 2025 оны 01 сарын 06-ны өдрийн 25/28 тоот албан бичгүүдээр удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Компанийн зүгээс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01/79 тоот, 2025 оны 01 сарын 06-ны өдрийн 25/28 тоот албан бичгүүдээр удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Ц.А, Ц.Энар нь гэрээний дагуу cap бүрийн түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөг төлөх байсан боловч, 2024 оны 10, 11, 12 дугаар cap, 2025 оны 1-4 сарын түрээсийн төлбөрөөс нэг ч төлбөр төлөөгүй болно. Тиймээс манай компанийн зүгээс 2025.04.01-ний өдрийн 25/84 тоот албан бичгээрээ бидний хооронд байгуулсан 2022.09.02-ны өдрийн №22-09/02 дугаар гэрээг 2025.04.01-ны өдрөөр тасалбар болгож цуцалж байгаагаа мэдэгдэж, чөлөөлүүлэх тухай мэдэгдсэн. Түрээсийн нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төлөгдөөгүй байгаа. Найман сарын түрээсийн төлбөр болох 80,000,000 төгрөг, гэрээний 7.1-д заасны дагуу алдангид 32,200,000 төгрөг, нийт 83,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч Ц.Э, Ц.Анар хариу тайлбартаа: “Тус шүүхэд “Н к” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Э, Ц.Анарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан. Бид 2022 оны 9-р сарын 02-ны өдрийн №22-09/02 тоот “Түрээсийн нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээ”-г “Н к” ХХК-тай байгуулж байсан. Өөрсдийн эдийн засгийн боломжгүй нөхцөл байдлын улмаас уг гэрээний дагуу түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байгаа болно.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрч, түрээсийн төлбөр болох 80,000,000 төгрөгийг тодорхой хэмжээнд бууруулж, үнийн дүнг хувааж төлөх боломжтой гэдгээ илэрхийлж байна.” гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгчээс Түрээсийн нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээ, Шаардлага хүүргүүлэх тухай, Мэдэгдэл хүргүүлэх тухай, Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай, Улсыг тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н к” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Итгэмжлэл зэрэг  баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Итгэмжлэл, Хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч “Н к” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Хариуцагч нар талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний заалтуудыг удаа дараа зөрчиж, гэрээний дагуу cap бүрийн түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөг төлөх байсан боловч, 2024 оны 10, 11, 12 дугаар cap, 2025 оны 1-4 сарын түрээсийн төлбөрөөс нэг ч төлбөр төлөөгүй. Иймд №22-09/02 дугаар гэрээг 2025.04.01-ны өдрөөр тасалбар болгож цуцалж, 8 сарын түрээсийн төлбөр болох 80,000,000 төгрөг, гэрээний 7.1-д заасны дагуу алдангид 32,200,000 төгрөг, нийт 83,200,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

3. Хариуцагч Ц.Э, Ц.Анар нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “... “Түрээсийн нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээ”-г “Н к”ХХК-тай байгуулсан. Өөрсдийн эдийн засгийн боломжгүй нөхцөл байдлын улмаас уг гэрээний дагуу түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байгаа болно. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрч, түрээсийн төлбөр болох 80,000,000 төгрөгийг тодорхой хэмжээнд бууруулж, үнийн дүнг хувааж төлөх боломжтой гэдгээ илэрхийлж байна.” гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 “Н к” ХХК, Ц.Э, Ц.Анарын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 22-09/02 дугаартай Түрээсийн нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээг байгуулж, түрээслүүлэгч “Н к” ХХК нь Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, “Тцентр” худалдааны төвийн доторх кофе шопын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл төлбөргүй, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч Ц.Э, Ц.Анар нь 12 сарын хугацаатай буюу 1 сарын түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөгийг сар бүрийн 10-ны өдрийн дотор хөрөнгө ашигласны төлбөрийг түрээслүүлэгчид төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

4.2 Улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хариуцагч нар гэрээнд заасан зориулалтаар ашигласан нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

5. Хариуцагч нар дээрх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсан, мөн гэрээ цуцалсан талаар талууд маргаагүй, харин гэрээнд заасан түрээсийн төлбөр болон алдангийг төлөх эсэх нь маргааны зүйл болжээ. 

 

6. Талууд гэрээний зүйлийг үйл ажиллагаа явуулах зориулалтаар эзэмших, ашиглахаар тохиролцон, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэх боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, 318.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 22-09/02 дугаартай түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна.

 

7. Хэлцэл хүчин төгөлдөр бус тохиолдолд хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй ба хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигласан хугацааны төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй.

 

8. Мөн хэргийн 3-7 дугаар талд авагдсан Түрээсийн нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээ, Шаардлага хүүргүүлэх тухай, Мэдэгдэл хүргүүлэх тухай, Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай гэх баримтуудыг нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасныг хангаагүй байна.

 

9. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасан.  “Хөрөнгө олж авсан этгээд” гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг ойлгох бол “үүрэг гүйцэтгэгч этгээд” гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлнэ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц.Э, Ц.Анараас үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигласан 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр 80,000,000 төгрөг /10,000,000*8сар=80,000,000/-ийг нэхэмжлэгч “Н к” ХХК шаардах эрхтэй гэж үзнэ.

 

10. Харин хариуцагч нарын төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...гэрээнд заасан алдангийг төлөх боломжгүй...” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан тайлбар гаргасныг буруутгах боломжгүй юм.

 

Учир нь талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 22-09/02 дугаартай Түрээсийн нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч уг гэрээний 7.1-т заасны дагуу алданги 3,200,000 төгрөгийг хариуцагч нараас шаардсан нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт заасантай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй.  

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

12. Иймд хариуцагч Ц.Э, Ц.Анараас 80,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н к” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 573,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 557,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Э, Ц.Анараас 80,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н к” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 573,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 557,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ