Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/01597

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/01597

 

 

 

Хүнсний бирж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/01572 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хүнсний бирж ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хэтконстракшн ХХК-д холбогдох

Газар чөлөөлүүлэх, барилга угсралтын ажлын үр дүнгийн 51 хувийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг,

ХХХхсХариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Хүнсний бирж ХХК-ийн Баянзүрх дүүргийн 18-р хороо, Халдвартын эмнэлгийн хажууд 1120 м.кв тайлбай бүхий газар дээр Хэтконстракшн ХХК нь хамтран ажиллахаар Барилга угсралтын ажлын хөрөнгө оруулалт, хамтран ажиллах 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 01 тоот гэрээг байгуулсан. Хэтконстракшн ХХК нь 12 давхар 50 айлын орон сууцны барилга барих бүх хөрөнгийг 100 хувь хариуцах үүрэг хүлээсэн бөгөөд 2015 оны 08 сарын 01-ний өдөр ажлаа эхэлж 2016 оны 12 сарын 31-ний өдөр гэхэд барилгыг барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгснөөр гэрээ дуусах учиртай байсан боловч зохих ёсоор үүргээ гүйцэтгээгүй.

Хүнсний бирж ХХК нь гэрээнд заагдсан бүхий л үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн боловч Хэтконстракшн ХХК нь барилгын суурийн зоорийн хэсгийг бариад цаашид барилга барих хөрөнгөгүй болж, барилгын ажил нь бүрэн зогсоод даруй 1 жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Хэт констракшн ХХК нь барилгын суурийн ажилд нийтдээ 200 000 000 төгрөг зарцуулсан. Хэтконстракшн ХХК-тай зөвшилцөхөөр уулзалдаж, удаа дараа шаардах хуудас хүргүүлсэн боловч ямар нэгэн нааштай хариу өгөөгүй. Мөн хөрөнгө оруулах компани олж, уулзалт зохион байгуулахаар оролдсон боловч амжилт олоогүй.

Гэрээний А тал болох Хүнсний бирж ХХК нь Газар хугацаанд нь чөлөөлж өгсөн, барилгын иж бүрэн зургийг Зэт Эм И ХХК-иар гүйцэтгүүлж хүлээлгэж өгсөн, дулаан, ус, цахилгаан, холбооны техникийн нөхцөлийн зөвшөөрөл зэрэг холбогдох бүх зөвшөөрлүүдийг авч өгсөн. 2016 ны 04 сараас барилга үргэлжүүлэхийг удаа дараа шаардаж байсан. Мөн удаа дараагийн уулзалтаар Хэтконстракшн ХХК нь хөрөнгө оруулагч хайсаар байсан. 2016 оны өвөл, 2017 оны хавар болсон мөн л хөрөнгө оруулагч хайсаар аргагүйн эрхэнд "А" тал болох "Хүнснийбирж" ХХК нь хөрөнгө оруулах этгээдүүдийг олж зөвшилцөх санал тавихад "Б" тал болох Хэтконстракшн ХХК нь тус 56 айлын орон сууцнаас нийт 10 айлын орон сууц өгөхийг шаардсан. Нэхэж буй 10 орон сууцыг Хэтконстракшн ХХК-д өгөх нь хөрөнгө оруулагч болон захиалагчид ашиггүй санал байсан тул тохиролцох боломжгүй гэж хөрөнгө оруулагч нар татгалзсан. 2017 оны хавар, зун удаа дараа хөрөнгө оруулагч нартай уулзуулсан боловч мөн тохиролцохыг хүсээгүй. Хэтконстракшн ХХК-тай байгуулсан гэрээг нь цуцалж, гэрээний хариуцлагын дагуу 51%-ийн өмчлөгч болохоо шаардах доорх нөхцөлүүд үүссэн. Хөрөнгө оруулалт байхгүй болох нь тодорхой болсон. Удаа дараа гэрээгээ биелүүлэхийг шаардсан боловч үр дүнд хүрээгүй. Гэрээний "A" тал болох Хүнсний бирж ХХК нь удаа дараа хөрөнгө оруулагч олж, гэрээг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан боловч Хэтконстракшн" ХХК нь зөвшөөрөөгүй. Иймд Барилга угсралтын ажлын хөрөнгө оруулалт, хамтран ажиллах 2015 оны 07 сарын 29-ний өдрийн 01 тоот гэрээ" нь Хэтконстракшн ХХК-ийн буруугаас цуцлагдсан болохыг баталгаажуулан гэрээний 8.3-д зааснаар барилга угсралтын ажилд зарцуулсан хөрөнгийн 51%-ийн өмчлөгч Хүнсний бирж ХХК болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компани нь Хүнсний бирж ХХК-тай хамтран ажиллахаар Барилга угсралтын ажлын хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ-г 2015 оны 07-р сарын 29-нд байгуулсан. Гэрээ эхэлсэн цагаас эхлэн Хүнсний бирж ХХК-ийн захирал Ш.Гарамдоржийн хүсэлтээр бид хүлээцтэй хандан cap гаран хугацаанд буулгалт зөөвөрлөлтийн зардлыг гарган өгч, өөрийн байгууллагын туслах ажилчдыг өөрийн зардлаар ажиллуулсан. Улмаар барилгын суурь, зоорийн давхрын ажил эхлэх явцад газрын маргаан гарч ажлаа зогсоохыг Талст трейд ХХК-ийн зүгээс удаа дараа шаардаж байсан. 2015 оны 10-р сарын 30-н хүртэл ажилласан бөгөөд хүйтний улиралтай золгож барилгын норм стандартын дагуу түр зогссон. Газрын маргаан эхэлснээс үүдэн шүүхэд маргаан хэлэлцэж эхэлсэн нь үндсэн гэрээний дараах нөхцөлийг зөрчсөн. Үүнд: Тус гэрээний 2-ын А Талын эрх үүрэг-ийн 2.7, зааснаар барилгын түр хашаа татсанаас эхлэн Хүнсний бирж ХХК нь хөрш Талст ХХК-тай үүсгэсэн газрын маргаан 2017 оны 3 дугаар сард шийдвэрлэгдсэн. Мөн гэрээний 8 дугаар зүйлд заасан Хамтын үүрэг хариуцлага-ын 8.4-д зааснаар А нь Б талын хөрөнгө оруулалт хийгдсэнээс хойш тус газарт эд хөрөнгө, хувьцаа эзэмшлийн болон газар эзэмшлийн талаар болзошгүй маргаан гарч ажил саатахад хүрсэн тохиолдолд Б талын барилга угсралтын ажилд зарцуулсан зардлыг төсвийн гүйцэтгэлийн дагуу гарсан зардлыг Б талд 100 хувь төлнө гэжээ. Уг гэрээний Хамтын үүрэг хариуцлага-ын 8.3-д зааснаар барилга угсралтын ажил эхэлснээс хойш тодорхойгүй хугацаагаар буюу 1 жил ба түүнээс дээш, бөгөөд бараа материалын хомсдол, хүйтний улирал саатсан хоногт хамаарахгүй гэсэн нь Захиалагчийн саатуулсан болон, барилгын норм дүрэмд зааснаар хүйтний улирлыг хасахад барилга саатсан cap 7 нь байгаа нь гомдол гаргах хугацаанд хүрээгүй болно. Тус гэрээний 10 дугаар зүйлийн Гэрээний хугацаа-ны 10.2-т зааснаар дуусгавар болно.

Гэрээний 11 дүгээр зүйлд Бусад зүйл-ийн 11.1-д зааснаар гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар гаргасан маргаан, гомдол, шаардлага зэрэг нь талуудын хувьд хүчингүйд тооцно гэж тус тус заасан. Бидний байгуулсан Барилга угсралтын ажлын хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ нь газрын маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл ажил гүйцэтгэх боломжгүй болсон. Энэхүү газрын маргаан нь он дамжсаар 2017 оны 3 дугаар сарын 07 өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүгчийн №156 тоот захирамжаар эцэслэн шийдвэрлэгдсэн. Ийм маргааны үед бид ажлаа үргэлжлүүлэх ямар ч боломжгүй байсан бөгөөд захирамж эцэслэн гарснаас хойш бид ажлаа үргэлжлүүлэхийг хүссэн боловч Хүнсний бирж ХХК нь татгалзсанаар гэрээт ажил зогсонги байдалд орсон. Захиалагч байгууллага болох Хүнсний бирж ХХК нь дараах гэрээний үүрэг хариуцлагаа зөрсөн. Үүнд: Тус гэрээний 2-ын А Талын эрх үүрэг-ийн 2.1-т заасан А тал нь өөрийн эзэмшлийн газарт барилгын ажлыг Б талд эхлүүлж, барилга барихад саад учруулахгүй байх. Гэрээний 2-ын А Талын эрх үүрэг-ийн 2.5-д заасан Барилга барих явцад гарах бичиг баримт бүрдүүлэхэд шаардлагатай тодорхойлолт, албан бичгийг тухай бүрд цаг алдалгүй Б талд гаргаж өгөх. Мөн түүнтэй холбоотой асуудалд итгэмжлэл гарган өгөх үүрэгтэй.

Энэ заалтыг биелээгүйгээс: Цахилгаан эрчим хүчний техникийн нөхцлийн дагуу хийгдэх ажлын зураг болон төсөв байхгүй, трасын дагуу дайран өнгөрөх байгууллагуудаас дайран өнгөрөх зөвшөөрөл байхгүй нь барилга эрчим хүчээр хангах боломжгүйд хүрсэн, мөн адил барилгыг дулаанаар хангах дулааны техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэх ажлын зураг болон төсөв байхгүй нь ажил гүйцэтгэхэд трасын дагуу зөвшөөрлүүд жишээ нь авто зам сэтлэх зөвшөөрөл байхгүй байгаа нь барилга угсралтын ажил гүйцэтгэхэд эрсдэл дагуулж байсан. Бид өөрсдийн боломжоор Барилга угсралтын ажлын менежмент, ажил гүйцэтгэлийн графикийг гарган, бэлтгэл ажлаа хангасан тухайгаа 2017 оны 3 дугаар сарын 20 өдрийн 03\05 тоот албан бичгээр мэдэгдэж, биеэр уулзаж танилцуулж үргэлжлүүлэхийг хүссэн боловч Хүнсний бирж ХХК нь татгалзсанаар өнөөг хүрч байна. Тус барилгын өртөг, зардалд гол нөлөөлөх нөлөөлөл нь Хүнсний бирж ХХК-ийн тулгасан зах зээлийн ханшнаас давсан газрын үнэлгээ, бусад байгууллага, хувь хүмүүсийн эсрэг нөлөөнд автаж, хамтран ажиллах сэтгэл дутагдсан байдал, цаг хугацааны алдагдалд оруулж байгаа байдал нь цаашид гүйцэтгэх барилга угсралтын өртөг, зардалд ихээхэн нөлөөлж орон сууцны зориулалттай байрны борлуулалтад сөргөөр нөлөөлөхөөр байна. Мөн өнөөгийн төр засгийн тогтворгүй байдал, ипотекийн зээлийн хязгаарлалт, барилгын материалын хомсдол, ам.доллар, юанийн ханшийн өсөлтөөс хамаарч экспортоор оруулж ирэх барилгын материалын үнэ зэрэг нь бидэнд ихээхэн хүндрэл учруулж байна. Бидний хувьд хөрөнгө оруулагч олж хамтран ажиллахаар ярилцаад одоогийн байдлаар 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулагч олж хэлэлцээний шатанд яваа тул гэрээний үүргийг цаашид биелүүлэх боломж, нөхцөл бүрдэж байгаа гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримлан, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, ХСҮТ-ийн ард байрлах газар дээр Хэтконстракшн ХХК-ийн барьсан барилгын суурийн ажлын үр дүн буюу хөрөнгийн 51 хувийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Хүнсний бирж ХХК-ийг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5 дах хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Хүнсний бирж ХХК-ийн газар чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 738 200 төгрөгийг улс-орон нутгийн төсөвт үлдээж, мөн Хүнсний бирж ХХК-аас 682 407 төгрөг нөхөн гаргуулж, улс-орон нутгийн төсөвт оруулж, хариуцагч Хэтконстракшн ХХК-аас 1 420 607 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хүнсний бирж ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээний харилцааг Ажил гүйцэтгэх гэрээ-ний харилцаа гэж дүгнээд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлага болох барилга угсралтын ажлын үр дүнгийн 51 хувийг захиалагчид учирсан хохирол гэж үзэж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. /Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалт/ Талуудын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан гэрээний зорилго, хүсэл зоригийн илэрхийлэл нь Хүнсний бирж ХХК-ийн газар дээр түүний эрх бүхий байгууллагуудаас авсан зөвшөөрөл, зураг төсвийн дагуу Хэтконстракшн ХХК өөрийн хөрөнгө оруулалтаар барилга барьж гүйцэтгээд хүрсэн үр дүн болох барилга байгууламжаас гэрээгээр тохирсон хэмжээгээр хуваан авах тохиролцоо байсан. Энэ тохиролцоонд ажлын үр дүн буюу барилгыг Хэтконстракшн ХХК өөрийн хөрөнгөөр гүйцэтгээд Хүнсний бирж ХХК-аас хөлс авах зохицуулалт нэгээхэн ч үгуй. Ажил гүйцэтгэх гэрээний онцлог бол гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээн авч, тохирсон хөлс төлөх зохицуулалтыг хуульчилж өгсөнд оршдог.

Харин талуудын энэхүү тохиролцоо бол Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан харилцан үүрэг хүлээсэн ба гэрээний хэрэгжилтийн эцэст нь хүрсэн үр дүн болох барилгынхаа өөрт ноогдох хэсгийг авч буй шинжээрээ "Хамтран ажиллах гэрээ" гэж дүгнэх учиртай юм. Шүүх хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь нэхэмжлэлийн шаардлага болох барилга угсралтын ажлын үр дүнгийн 51 хувийг гэрээ цуцалснаас захиалагчид учирсан хохирол гэж үзэж байна гэж ойлгогдож байна. Гэтэл энэ гэрээ цуцлагдсанаас нэхэмжлэгчид учирсан хохирлын талаарх баримт огт байхгүй. Учир юу вэ гэвэл газар эзэмших эрх Хүнсний бирж ХХК-д бүхлээрээ байгаа, түүний зураг төслөөс өөр юу ч үгүй байсан газар дээр Хэтконстракшн ХХК-ийн хөрөнгөөр 495 гаруй сая төгрөгийн өртөг бүхий барилгын карказ боссон байгаа. Энэ хэмжээний хөрөнгөөр Хэтконстракшн ХХК хохирох болохоос Хүнсний бирж ХХК хохирохгүй.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт хохиролд тооцогдох зардал, гэмтэл, алдагдал, орлого зэргийг тодорхойлсон байна. Шүүхийн шийдвэрээр тооцогдож байгаа барилга угсралтын ажлын үр дүнгийн 51 хувь нь хохирол гэхээсээ түүнд ашиг болж очиж буйг анхан шатны шүүх анхаарсангүй.

Хамтран ажиллах гэрээний үүргээ ноцтой зөрчсөн талыг гэрээнээс гаргаж болох зохицуулалт Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.5 дах хэсэгт бий. Гэхдээ гэрээний ноцтой зөрчил гэж юуг ойлгох талаар талуудын байгуулсан гэрээний тодорхой заалтуудад тусгагдсан. Тухайлбал гэрээний 8.3-д барилгын ажил эхэлж, цаашид тодорхойгүй хугацаагаар саатсан хугацаа нь 1 жил ба түүнээс дээш байхаар талууд тохирсон бөгөөд энэ хугацаанд материалын хомсдол, хүйтний улиралд саатсан хоног хамаарахгүй байхаар байна.

Барилгын ажил эхэлснээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд барилгын ажил саатахад нэхэмжлэгч талын буруутай аливаа хүчин зүйлс нөлөөлснийг анхан шатны шүүхэд удаа дараалан тайлбарласан, холбогдох баримтуудыг ч шүүхийн журмаар гаргуулсан. Тухайлбал барилга угсралтын ажил эхлэх, цаашид хэвийн үргэлжлэхэд эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл бүхий газар байх хэрэгтэй бөгөөд бусадтай тухайн газар дээр аливаа маргаан үүсээгүй байх нь энгийнээр хэнд ч ойлгомжтой. Өөрөөр хэлбэл бусдын газар дээр барилга барихаар хөрөнгө гаргаж байгаа этгээд нь аливаа эрсдэлээс зайлсхийхийн тулд тухайн газартай холбоотой шүүхийн маргаан гарч, 2015 оны 9 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сарыг хүртэл үргэлжилж байхад шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг мэдэхгүй атлаа өөрийн хөрөнгөө тухайн газарт барилга болгох байсан гэж үү.

Гэтэл Хүнсний бирж ХХК-ийн гэрээний хэрэгжилт шаардсан мэдэгдлүүдийн огноог узвэл 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 5 удаагийн мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Энэ хугацаа нь Хүнсний бирж ХХК-ийн эзэмшил, Хэтконстракшн ХХК-ийн хөрөнгө оруулалтаараа барилга барьж эхэлж байсан газрыг олгосон Нийслэлийн засаг даргын захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэж дуусаагүй байсан хугацаа юм. Хэдийгээр тухайн газар дээр барилга барих үйл явцыг шүүхээс аливаа шийдвэр гарч зогсоогоогүй ч гэлээ бусдын эзэмшил газар дээр өөрийн их хэмжээний хөрөнгөөр барилга барих гэж буй хэн ч тухайн газартай холбоотой маргааны шийдвэрлэлтийг харахгүй, хүлээхгүй байна гэдэг маш их эрсдэлтэй алхам гэдгийг эрхэм шүүгчид та бүхнийг ойлгоно гэж найдаж байна.

Харин энэ хугацаанд Хэтконстракшн ХХК-ийн зүтээс Хүнсний бирж ХХК-тай хамтарч зарим төрлийн шаардлагатай барилга барих, эхлүүлэх, үргэлжлүүлэх, дуусгаж улсын комисст шаардлагатай дутуу байсан техникийн нөхцлүүдийг эрх бүхий байгууллагуудаас нь хөөцөлдөж, тухайн техникийн нөхцөл. холбогдох баримт бичгийн бүрдлийг хангах ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Энэхүү бичиг баримтын бүрдэл хангах үүрэг нь гэрээгээр Хүнсний бирж ХХК-д хамааралтай болно.

Хууль зүйн энэ үндэслэлээр Хэткоэстракшн ХХК нь гэрээг ноцтой зөрчсөн зүйл үгүй болох нь нотлогдох бөгөөд өөрийн хөрөнгөөр бий болгосон барилгын 51 хувийг хэн нэгэн шуналтай этгээдэд алдах хэмжээний гэм буруугүй. Иймд Хүнсний бирж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ ямарч хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Хүнсний бирж ХХК нь хариуцагч Хэтконстракшн ХХК-д холбогдуулан газар чөлөөлүүлэх, барилга угсралтын ажлын үр дүнгийн 51 хувийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж, нэхэмжлэгч эрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзсан.

Хүнсний бирж ХХК болон Хэтконстракшн ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Барилга угсралтын ажлын хөрөнгө оруулалт, хамтран ажиллах 01 тоот гэрээг байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 18-р хороо, Халдвартын эмнэлгийн хажууд 1120 м.кв тайлбай бүхий газар дээр 12 давхар 50 айлын орон сууцны барилга барих бүх хөрөнгийг 100 хувь хариуцан, 2015 оны 08 сарын 01-нээс 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл барилгыг барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг хүлээж, улсын комисс хүлээн авсны дараа Хүнсний бирж ХХК өөрийн өмчлөлд орон сууцны зориулалттай талбайгаас 9 ба 10 дугаар давхрын орон сууцны байр, зоорийн давхарт автозогсоолын зориулалтын талбайгаас 6 зогсоолыг хүлээн авах эрх эдэлэхээр заажээ.

Иймд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна. Түүнчлэн хариуцагч тал гэрээнд заасан хугацаанд барилгыг барьж дуусгаагүй зэрэг үйл баримт тогтоогджээ. /1 хх-ийн 17-21 дүгээр тал/

Уг гэрээний захилагч тал нь нэхэмжлэгч Хүнсний бирж ХХК, ажил гүйцэтгэгч нь хариуцагч Хэтконстракшн ХХК байх бөгөөд гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэгч барилгыг ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ гүйцэтгэхийг удаа дараа сануулж байсан, хариуцагч 2016 оны 04 дүгээр сараас 2017 оны 04 дүгээр сарыг дуустал түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд хандах хүртэл буюу 1 жил ба түүнээс дээш хугацаанд барилга угсралтын ажлыг үргэлжлүүлээгүй, дуусгаагүй, улсын комисст хүлээлгэн өгөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд,талуудын тайлбар зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогджээ. /1 хх-ийн 17-21, 212, 215-219 дүгээр тал/

Иймээс хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд ажил дуусгах үүргээ биелүүлээгүй, зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэрээний 8.3-т Б тал нь А талын газар дээр барилга угсралтын ажил эхэлж, цаашид тодорхойгүй хугацаагаар саатсан /1 жил ба түүнээс дээш/ тохиолдолд А тал Б талын барилга угсралтын ажилд зарцуулсан хөрөнгийн 51%-иас дээш хувийг эзэмших эрх эдэлнэ гэжээ. Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлон хэлцэл хийсэн, тэдний тохиролцооны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх маргааныг шийдвэрлэсэн байна.

Барилга угсралтын ажлын үр дүн буюу зарцуулсан хөрөнгө, зарлын дүн 495 159 636 төгрөг болох нь шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. /1 хх-ийн 184-185 дугаар тал/

Нэхэмжлэгч талын буруугаас хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний үүргийг зөрчсөн гэх болон хариуцагч гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйд гадны хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Хариуцагч ... барилга угсралтын явцад газрын маргаан гарч ажлаа зогсоохыг Талст трейд ХХК-ийн зүгээс удаа дараа шаардаж байсан, энэ талаар захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэж байсан нь ажилд саад учруулсан гэх тайлбар, гомдол гаргасан байх боловч уг тайлбарыг нотолсон баримт хэрэгт байхгүй байна.

Нэхэмжлэгчийн хувьд газар чөлөөлүүлэх, барилгын талбайг чөлөөлүүлэх нэхэмжлэлээсээ татгалзсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь зөв болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2018/01572 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 420 607 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Б.НАРМАНДАХ