| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0103/Э |
| Дугаар | 00102 |
| Огноо | 2018-07-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 00102
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн Ө.Оюумаа,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Г.Ө , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2018/0103/Э индекстэй, 181500000099 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багт оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Б овогт Г.Ө
Холбогдсон хэргийн талаар:
Г.Ө нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 06 дугаар сарын 13-14ний хооронд Булган аймгийн Гурванбулаг сумын “Хайрханы ар” гэх газраас хохирогч Б.Б гийн гэрийн гадаа байсан DAYN маркийн мотоцклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ө ийн өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 13-14-ний өдөр 11 цагийн үед гэрээсээ үхэрт явна гэж гарсан. Тэгээд би үхрээ хайж байгаад эзгүй айлын гадна мотоцикль байхаар нь унаж авчирсан. Тэр орой нь намайг цагдаа дуудаж хүний мотоцикль авч явсан гэж би мотоциклийг нь аваачиж өгсөн гэв.
181500000099 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Б.Б гийн өгсөн: Би Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн нутаг Авзага хайрханы Сэдэдийн өвөлжөөний өтөг гэх нэртэй газарт айлын мал маллаж амьдардаг хүн байгаа юм. Би 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш энэ газарт айлын мал маллаж байгаа. Миний цагдаагийн байгууллагад хандах болсон шалтгаан нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн өглөөний 06 цагт гэрээсээ адуундаа явахаар гарсан юм. Ингээд би гэрийнхээ гадаа худалдан аваад 20 хонож байсан шинэ, цэнхэр өнгийн улсын дугаар авч амжаагүй байсан Даюун маркийн мотоциклийг нугасаар нь түгжээд гэрийн баруун талдаа тавиад явсан. Инэгээд би орой 21 цагийн орчимд байх гэртээ ирэхэд мотоцикьл маань байхгүй байсан. Тэгээд хулгайд алдлаа гэж бодоод сумын хэсгийн төлөөлөгчид хандан шалгуулсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,
Гэрч Б.Т өгсөн:...надад хэлэхдээ малдаа явж байгаад өөрийнх нь мотоцикль эвдэрсэн. Тэгэхээр нь найзындаа очоод мотоциклийг нь гуйх гэсэн чинь байхгүй болохоор нь авч явсан гэсэн. Тэгээд орой нь аваачаад өгнө гэсэн боловч чадаагүй, ийм асуудалд орсон гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай /хх-ийн 1-2 хуудас/,
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 хуудас/,
шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24 хуудас/
хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 10 хуудас/ болон бусад хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ө нь 2018 оны 06 дугаар сарын 13-14-ний хооронд Булган аймгийн Гурванбулаг сумын “Хайрханы ар” гэх газраас хохирогч Б.Б гийн гэрийн гадаа байсан DAYN маркийн мотоцклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан хууль зүйн факт, үйл баримт болжээ.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Б.Б гийн мэдүүлэг, тухайн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч Б.Түмэнжаргалын, 2018 оны 06 дүгээр сарын 18-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Г.Ө нь бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг шүүгдэгч Г.Ө т олгож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г.Ө нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө ийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө т эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсүгэй.
4. Шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг шүүгдэгч Г.Ө т олгож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ө урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН