| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0088/э |
| Дугаар | 00104 |
| Огноо | 2018-07-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 00104
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
хохирогч Д.Г ,
шүүгдэгч Ч.Б , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б ид холбогдох 163/2018/0088/э индекстэй, эрүүгийн 1715001450071 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Булган суманд 2 дугаар багт оршин суух, Г овогт Ч.Б
Холбогдсон хэргийн талаар:
Ч.Б нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Туулын гүүрны хажууд байрлах алтны уурхайд ажиллаж байхдаа Д.Г ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Г ын өгсөн: Шүүгдэгч Ч.Б ийн үйлдлийн улмаас миний хамрыг хугалсан, байнга даралт ихэсдэг болгосон. Мөн би ажилгүй гэмтлийн улмаас 5 сарын хугацаанд буюу тухайн зун 11 сар хүртэл хугацаанд огт ажил хийгээгүй, цалингаа авч чадаагүй. Шүүгдэгч Ч.Б нь мэдүүлэгтээ худал ярьж байна. Тухайлбал тухайн үед би түрүүлж ирээд унтаж байсан байтал Ч.Б намайг араас нь чангаасан гэж байгаа нь худлаа ба би Ч.Б ийн араас чангаагаагүй. Уурхайн зөвшөөрөөгүй байсан. Мөн би Ч.Б ийг машин авч яв гэж хэлээгүй ба тэр машин нь манай дүүгийн машин байсан ба манай дүү тэр машиныг надад хүлээлгэж өгсөн байсан бөгөөд Ч.Б нь тэр үед смейн жолооч байсан. Намайг өгөхгүй гээд буцаж явах гэж байтал миний хамар руу цохисон. Хэрвээ миний араас цохисон гэж бодоход би бултах байсан гэтэл гэнэтхэн цохисон. Ч.Б ид түлхүүр өгч явуулахгүй гээд шороо давуулж шидсэн ба тухайн үед хамт байсан Д.Г болон Ч.Б 2 нилээн их согтолттой байгаад зогсохгүй машины түлшийг зарж мөнгийг нь хэрэглэж машиныг түлшгүй болгож, мөн шөнийн турш архи согтууруулах ундааны уусан. Миний хувьд шүүгдэгч Ч.Б ид гомдолтой байна. Би түүнээс хохиролд 5 сая төгрөг нэхэмжилж байгаа ба үүнээс илүү мөнгө нэхэмжлэх боломж надад байсан гэхдээ шүүгдэгч Ч.Б оос 5 сая төгрөгийг нэхэмжилж байна. Би Ч.Б ийг согтуу байсан талаар хэлээгүй байсан бөгөөд Ч.Б нь тухайн үед нилээн их согтолттой хурд хэтрүүлж байсан. Гэтэл Ч.Б мэдүүлэгтээ архи уугаагүй гэж байгаа нь мөн адил худлаа бөгөөд тэрээр нилээн их архи уусан согтолттой байсан. Ч.Б миний хамар руу цохисны дараа хамарнаас их цус гарч Ч.Б ийг ус аваад ирээч гэтэл ус авчирч өгөөгүй, уучлалт гуйгаагүй, унасан машиныг ч босгож өгөхгүйгээр зугтааж явсан. Би хамартаа гэмтэл авчихаад тэр дор нь цагдаагийн байгууллагад хандаагүй. Учир нь Ч.Б той уулзаад болох байлгүй гэж бодсон. Тэгээд би Ч.Б оос 2 сая төгрөг өгчих гэтэл намайг 7 хоног хүлээлгэсэн Ч.Б нь гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхдаа очих уулзаагүй. Тиймээс би цагдаад өргөдөл бичсэн. Хэрвээ Ч.Б надтай уулзаж ярилцсан бол цагдаагийн байгууллагад хандахгүй байсан. Дахин хэлэхэд Ч.Б ийг машин авч яв гэж хэлсэн хүн байхгүй ба Ч.Б нь худал ярьж байна. Биеийн эрүүл мэндийн хувьд байнга даралт ихэсч, хамар мурийлгаж одоо арай гаагүй болж хамрын салт гэмтэж толгой өвдөж байгаа. Ажилд орох гэтэл даралт ихэсдэг учраас ажил хийж чадахгүй байна.
17150001450071 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Гэрч Р.Н өгсөн: Би Ч.Б гэдэг хүнийг танина миний төрсөн хүү байгаа юм. Би 3 хүүхэдтэй бөгөөд манай дунд хүүхэд байгаа юм. Ч.Б эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд энэ жил буюу 2017 оны 7 дугаар сард Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг алтны уурхайд ажилна гээд явсан бөгөөд 7 хоног том машин барьж байгаад машинаа унагаасан гэж байсан. Тэгээд ажиллахаа болиод Улаанбаатар хот руу явсан байсан. Гэртэй ирээгүй надтай холбоо бариагүй над руу наадмын дараахан хот руу явахаасаа нэг хоногийн өмнө аав руугаа машин унагаачихлаа гэж ярьсан гэж байсан. Надтай хот руу ороод 7 хоногийн дараа ярьсан нуруугаа гэмтээсэн бариулах гэж байна гэж ярьсан. Тэрнээс хойш яриагүй. Тухайн үед надтай ярихдаа 95229008 гэсэн дугаараас ярьсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа 99313271 гэсэн дугаараас нэг хүүхэн ярьсан байгаад Ч.Б нуруугаа бариулах гэж байна гэж ярьсан Ч.Б той би өөртэй нь яриагүй ямарч байсан нэг хүүхэн байсан ямар учиртай хүүхэн гэдгийг нь мэдэхгүй байна. Түрүү жилээс хойш холбоотой байгаа хүүхэн шиг санагдаад байгаа юм. Манай хүүгийн дугаар холбогдохгүй байсан бөгөөд би тэр хүүхэн рүү залгахаар бас холбогдохгүй байгаа юм. Тэрнээс хойш одоог болтол холбогдож чадахгүй байна. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Ямар уурхайд ажиллаж байгаа гэдгийг бас мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/
Гэрч Н.Амгаланбаатарын өгсөн: Би Ч.Б гэдэг хүнийг танихгүй. Өнөрбилэг гэдэг хүүхэн манай багийн иргэн бөгөөд одоо манай баг ддээр бүртгэлтэй байгаа. Ямарч байсан бүртгэлээрээ шилжээгүй байна. Миний мэдэхийн Өнөрбилэг гэдэг хүүхэн манай багийн Мөнгөнхуяг гэдэг залуутай гэр бүл болоод хамт амьдарч байгаад Ч.Б гэж залуутай суугаад явсан гэж сонссон, Мөнгөнхуяг гэж нөхөрөөсөө салсан гэж сонссон. Одоо хаана байгаа талаар сайн мэдэхгүй байна. Ч.Б манай багийн хүн биш бөгөөд хаана байгааг нь мэдэхгүй байна. Өнөрбилэгтэй хамт хотод амьдарч байгаа байхаа ямарч байсан манай багийн нутагт байхгүй байхаа. Өнөрбилэг нь Булган хүн биш юм шиг байсан. Миний сонссоноор Өнөрбилэг Ч.Б 2 дундаасаа нэг хүүхэдтэй болсон юм шиг байсан. Бүртгэлээс үзэхэд манай багийн хуучин амьдарч байсан хаяган дээрээ Өнөрбилэг овогтой Тэмүүлэн гэдэг хүүхэд бүргэлтэй байгаа юм одоо хаана байгаа нь хэлж мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,
Гэрч Д.Өнөрбилэгийн өгсөн: Би Ч.Б гэдэг хүнийг танина. Анх 2015 онд Булган аймагт танилцсан. Тэгээд бид 2 хамт 7-8 сар хамт байсан. Бид 2-ын дундаас 1 хүүхэдтэй. Намайг төртөл хамт байсан. Анх танилцахдаа уурхайд ажилладаг гэж байсан. Би тэр үед нарийн боовны цех ажиллуулдаг байсан. Нэг хэсэг хамт байж байгаад яваад өгсөн. Хамт байсан хугацаа нь 1 жил орчим хугацаанд хамт байсан. Бид 2 одоо тусдаа байгаа. Ч.Б нь одоо хамт байхгүй байгаа. Харин сая 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр ирчихээд явсан. Одоо хаана байгаа нь мэдэхгүй байна. Хамгийн сүүлд барьж байсан дугаар нь 86229007 гэсэн дугаар дээр байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 522 дугаартай дүгнэлтэнд: Дашнямын Д.Г ын хамар ясны хугарал бүхий гэмтэл учирсан байна. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэн. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 36/,
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-34 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Туулын гүүрны хажууд байрлах алтны уурхайд ажиллаж байхдаа Д.Г ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ч.Б ийн холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Ч.Б нь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б оос хохирогч Д.Г нь эрүүл мэндийн хохиролтой холбоотой 5 сая төгрөг нэхэмжлэгч байгаа хэдий ч энэ талаархи баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ч.Б ид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Ч.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б ийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б ийн 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Б ийн 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Ч.Б ийн 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Булган сумын Тохижилт үйлчилгээний газарт “хог цэвэрлэгээ”-ний ажил хийлгүүлэхыг Булган аймаг дах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН