| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2312001240329 |
| Дугаар | 2025/ДШМ/15 |
| Огноо | 2025-03-13 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/15
М.Дт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Ж.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М
Шүүгдэгч: М.Д
Нарийн бичгийн дарга: Г.Г нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/10 дугаартай цагаатгах тогтоолтой шүүгдэгч М.Дт холбогдох 2312001240329 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ж.Уийн эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч М.Д нь “Б” барилгын материалын дэлгүүрийн 4 давхарт өргөтгөлийн ажил хийж байх явцдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус барилга дээр ажиллаж байсан хохирогч А.М нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Э сумын 0-р багийн нутаг дэвсгэрт тус барилгын 4 давхраас унасны улмаас түүний биед баруун богтос ясны дээд үзүүрийн ил хугарал, шарх, өсгий ясны хугарал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас М.Дт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/10 дугаартай цагаатгах тогтоолд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А овогт Мын Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн 2312001240329 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц М.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Шүүгдэгч М.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд энэ тогтоолд, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ ... А аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.У би, тус аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/10 дугаартай цагаатгах тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 22- ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Яллагдагч М.Д нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Э сумын 0-р багийн нутаг дэвсгэр “Б” барилгын материалын дэлгүүрийн 4 давхарт өргөтгөлийн ажил хийж гүйцэтгэж байх явцдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус барилга дээр ажиллаж байсан хохирогч А.Мөнх- Эрдэнэ нь барилгын 4 давхраас унасны улмаас түүний биед баруун богтос ясны дээд үзүүрийн ил хугарал, шарх, өсгий ясны хугарал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Тус прокурорын газраас М.Дт холбогдох эрүүгийн 2312001240329 дугаартай хэрэгт 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Дийг цагаатгаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгахдаа “... Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна гэж заасан. Шүүгдэгч тухайн барилгын ажлыг Жавзандорж гэх хүн хариуцан ажиллаж байсан, хэнд хэдэн төгрөгийн цалин өгөх, хэнийг ажиллуулах ямар ажил хийх зэргийг Жавзандорж мэддэг байсан. Тухайн осол болсон шалтгаан нь стандартын дагуу ажиллаагүй ажилчдын буруутай үйл ажиллагаатай холбоотой талаар мэдүүлдэг боловч энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн гомдлыг үндэслэлтэй талаар дурдсан байгаа болно. Мөн прокурорын 2023 оны 12 сарын 15-ны өдрийн 325 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт хохирогч А.Мийн нэрийг А.М гэж буруу бичигдсэн, мөн 2024 оны 12 сарын 06-ны өдрийн 255 дугаартай яллах дүгнэлтэд дээрх алдааг засаагүй, хохирогчийн нэрийг зөрүүтэй буюу буруу бичиж ирүүлсэн байна. Мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч М.Дийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж хангалттай нотолж чадахгүй байх ба Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр А аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Э сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бэлэг” барилгын материалын дэлгүүрийн өргөтгөл 4 давхарт кранаар өргөсөн үнсийг буулгах ажлыг хийж байсан А.М нь краныг суурь хэсэг дарж хүндрүүлсэн эд зүйлээс мултарч суурь хэсгийн труба төмөрт тээгэлдэн өргөгчтэй хамт 4 давхраас газарт унасан ба тухайн үйлдлийн улмаас А.Мийн эрүүл мэндэд “баруун богтос ясны дээд үзүүрийн ил хугарал, шарх, өсгий ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байна. Э сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бэлэг” барилгын материалын дэлгүүрийн өргөтгөл 4 давхар барилгыг М.Д нь бариулжээ. Тухайн барилгыг бариулах ажлыг Жоор гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд бичгээр гэрээ байгуулаагүй байна. Бичгээр байгуулсан хэлцлийг гэрээ гэж иргэний хуулиар тодорхойлсон. Тодруулбал бичгээр гэрээ байгуулах нь эрх үүргээ хуваарилсан буюу хожим учрах эрсдэлийг тооцоолж хариуцах үүргээ нарийг зааглаж хуваарилахыг хэлнэ. Бичгээр байгуулах гэрээг амаар болон бодит үйлдлээр байгуулж болохгүй юм. Барилга дээрээс хүн унаж гэмтвэл чи хариуцна гэдэг асуудлыг амаар тохиролцох боломжгүй. Гэрээний эрх зүйд харш үйлдэл юм. Барилгын ажил гүйцэтгүүлж байгаа үйлдэл нь эрх зүйн үр дагавар ихтэй буюу эрсдэл учирч болзошгүй орчин юм. Тэр ч утгаараа ажил гүйцэтгүүлж байгаа бол хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангах нь зүй ёсны хэрэг. Энийг зөвхөн бичгээр гэрээ байгуулж эрх үүргээ хуваарилах нь хууль, хуульд нийцүүлэн гаргасан журамд нийцнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ёстой эрх бүхий этгээд үүргээ эс биелүүлснээр гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцно. Тухайн үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй талаар гэрч, хохирогч нар мэдүүлсэн байна. Уг үүргийг хэрэгжүүлэгч этгээд нь Д гэж тодорхойлжээ. Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана.” гэж хуульчилсан байна. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т "барилгын ажлын захиалагч" гэж барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг ойлгоно. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т "барилгын ажил гүйцэтгэгч" гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг ойлгоно гэж тус тус хуульчилсан байна.
Дээрх хууль зүйн ойлголтыг хэргийн үйл баримттай уялдуулан дүгнэвэл М.Д нь А аймгийн Э сумын 0-р багийн нутаг дэвсгэр “Б” барилгын материалын дэлгүүрийн 4 давхарт өргөтгөлийн ажлын хувьд захиалагч мөн бөгөөд уг ажлыг иргэн А.Жоор хийж гүйцэтгүүлсэн боловч М.Д, А.Ж нарын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй, аман байдлаар харилцан тохиролцож М.Д нь А.Жоор ажил гүйцэтгүүлсэн. Иймд Хөдөлмөр, аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч М.Д нь тухайн барилгын ажлын хувьд захиалагч, ерөнхий гүйцэтгэгч гэж үзэхээр байна. Энэ нь шинжээч Ч.Мын “... тухайн үед иргэн Ж барилгын эзэн Д нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй байсан. Иймд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэн М.Д нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцна” гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна. Мөн давж заалдах шатны шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэл болох “Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т шинжилгээ хийлгэх шийдвэрт шинжилгээ хийх байгууллагын нэр, шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр шинжилгээ хийлгэх бол байгууллага, шинжээчийн нэрийг тусгахаар заасан. Гэтэл дээрх шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоолуудад шинжилгээ хийх байгууллагын нэрийг тусгаагүй, шинжээч Ч.Мөнхбаяр нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэх нь тодорхойгүй байна” гэх үндэслэлийн хувьд шинжээч Ч.Мөнхбаярын Хөдөлмөрийн хяналтын мэргэжилтний албан тушаалд томилогдсон тушаалыг хэрэгт хавсаргаснаар давж заалдах шатны шүүхийн магадлал биелэгдсэн байна гэж үзлээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын болон шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-г цагаатгах тогтоолд тусгана гэж заасан хуулийн шаардлагад шүүхийн шийдвэр нийцээгүй байна. Тодруулбал улсын яллагчийн гэм бурууг нотлох талаар гаргасан дүгнэлтийг болон хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг бусад нотлох баримттай харьцуулан нэг бүрчлэн няцаан үгүйсгээгүй, ямар учраас шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогчийн мэдүүлгийг үнэлээгүй, үгүйсгэж байгаа талаараа тодорхой тайлбарлахгүйгээр хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн. Энэ нь шүүхийн “мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч М.Дийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэж хангалттай нотолж чадахгүй байна” гэсэн дүгнэлтээр илэрхийлэгдэж байна. Дээрх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдал”-ыг тогтоох зарчимд нийцэхгүйн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1 2-т заасан “шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, ...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан...” гэх үндэслэлүүд хамаарч байх тул А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно ... гэжээ.
Прокурор Ж.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүдэгчийн гэм буруутай байдал нь эцсийн байдлаар эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэж, хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
Шүүгдэгч М.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Энэ хэргийг эцэслэн шийдвэрлэж өгөөч, үндсэндээ 2 жил явж байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Дийг “Б” барилгын материалын дэлгүүрийн 4 давхарт өргөтгөлийн ажил хийж байх явцдаа хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус барилга дээр ажиллаж байсан хохирогч А.Мөнхбаатар нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр А аймгийн Э сумын 0-р багийн нутаг дэвсгэрт тус барилгын 4 давхраас унасны улмаас түүний биед баруун богтос ясны дээд үзүүрийн ил хугарал, шарх, өсгий ясны хугарал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэж, М.Дт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай магадлалд шүүгдэгч М.Дт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах тодорхой ажиллагааг хийлгэхээр хэргийг буцааж шийдвэрлэсэн ба уг магадлалд заасан ажиллагааг хийгээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэж, улмаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч М.Дт холбогдох хэргийг магадлалд заасан ажиллагааг хийсний эцэст шийдвэрлэх нь зүйтэй байна.
Барилгын тухай хуулийн 4.1.12-т … барилгын ажил гүйцэтгэгч гэж захиалагчтай гэрээ байгуулсаны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг … хэлнэ гэж, мөн хуулийн 4.1.13-т … барилгын ажлын захиалагч гэж барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг … ойлгоно гэж, мөн хуулийн 18.1-т … Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ ... гэж, мөн хуулийн 37.1.9-т ... захиалагч нь барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах чиг үүрэгтэй … гэж, мөн хуулийн 41.2.3-т … барилгын ажлын талбайд аюулгүй байдлыг хангах зорилгоор захиалагч байнгын хяналт тавьж, шалгалт хийх ... гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч М.Д А.Ж нарын хооронд гэрээ байгуулагдсан эсэх, А.Ж нь барилгын ажлын бүртгэл, зөвшөөрөлтэй эсэх, хуулийн этгээд мөн эсэх, тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсан бол хөдөлмөр аюулгүй ажиллагааг гэрээний талуудын хэн хариуцахаар харилцан тохирсон эсэх, эсхүл хуульд зааснаар захиалагч хариуцах эсэх, захиалагч дээрх хуульд заасан хяналтыг хэрэгжүүлж байсан эсэх, А.Ж хуульд заасан ямар үүрэг хэрэгжүүлэх байсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай, дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийсний эцэст хэргийг шийдвэрлэх нь хэргийн бодит байдал, хуульд нийцэхээр байна.
Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсэгт заасан алдаанд хамаарах бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, М.Дт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Дт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/10 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Дт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Т.ГАНЧИМЭГ