Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/01718

 

 

 

 

 

 

Б.Н , П.Ц нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/01240 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Н , П.Ц нарын хариуцагч Э ББСБ , Д.Н нарт холбогдуулан гаргасан 2014 оны 06 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ, 2014 оны 11 сарын 11-ний өдрийн зээл авах эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нараас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б , хариуцагч Д.Н гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө , хариуцагч Э ББСБ -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Б.Н ийн хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгө байсан. Б.Н , П.Ц нар хамтран Д.Н гаас өмнө н.Олдохын зээлсэн 27 000 ам.долларын зээлийн баталгаа болгож, 2014 оны 06 сарын 11-ний өдөр 126 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, улмаар Б.Н ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203029213 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу гудамж 43 байр, 74, 75 тоот орон сууцыг зээлийн гэрээ төлөгдсөний дараа буцаан шилжүүлэх нөхцөлтэй хууль бусаар дүр үзүүлэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор 2014 оны 06 сарын 11-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, тухайн үеийн үнэлгээгээр 500 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг Д.Н гийн өмчлөлд шилжүүлсэн. Д.Н гаас зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээн аваагүй, худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөгдөөгүй. Маргаан бүхий хөрөнгө одоог хүртэл Б.Н ийн эзэмшилд байгаа бөгөөд гэрээний үнэ болох 30 000 000 төгрөгийг болон орон сууцыг шилжүүлж өгөөгүй, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм. Гэтэл 2014 оны 11 сарын 11-ний өдөр Б.Н д мэдэгдэлгүйгээр Д.Н , П.Ц нар зээл авах, эд хөрөнгө шилжүүлэх хэлцэл байгуулж, улмаар 2014 оны 11 сарын 10-ны өдөр уг байрыг барьцаалан 120 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдийг байгуулж зээлдэгч, хамтран зээлдэгчээр Д.Н , П.Ц , П.Пүрэвням нар гарын үсэг зурсан байсан. Гэрээ байгуулагдах үед энэхүү хууль бус хэлцлүүдийг Э ББСБ мэдэж байсан.

Улмаар Э ББСБ -ийн зүгээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар Д.Н г татаж, талууд эвлэрсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж Б.Н , П.Ц нарын хуулиар хамгаалагдсан өмчлөх эрх, ашиг сонирхлыг хөндөж хууль бус эвлэрлийн гэрээ байгуулж улмаар шүүх захирамж гаргаж уг үл хөдлөх эд хөрөнгийг Э ББСБ -ийн өмчлөлд шилжүүлсэн байна. Энэхүү зээлийн гэрээний төлбөрт П.Ц нийт 50 000 000 төгрөг төлсөн байхад хасалгүйгээр шууд 220 000 000 төгрөгт хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан байсан.

Э ББСБ -д зээлийг төлж орон сууцаа өөрийн өмчлөлд буцаан шилжүүлэн авахыг хүссэн боловч ББСБ өөрийн нэр дээр шилжсэн давуу байдлыг ашиглан шүүхийн албадан чөлөөлүүлэх шийдвэрээр өвлийн цагт 91 настай ээж, 5-16 насны 3 хүүхдийн хамт орон сууцнаас минь хөөж туйлын сэтгэл санааны хүнд нөхцөлд байна. Зээлийн гэрээний дагуу хамтран зээлдэгч учир шүүхэд хамтран хариуцагчаар татаж дээрх маргаан ердийн журмаар хянан шийдвэрлэсэн бол Иргэний хуулийн дагуу хамтран үүрэг хүлээж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дуудлага худалдаанд оруулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах байсан.

Анхнаасаа хууль бусаар хийгдсэн зээлийн гэрээнээс үүдэлтэй хэлцлүүдийг Иргэний хуулийн дагуу хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүргийг хуулийн дагуу шийдвэрлүүлж, хөндөгдсөн эрхийг сэргээлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э ББСБ -ийн тал хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх зорилгоор огт үндэслэлгүй шаардлага гаргасан байна. Учир нь нэхэмжлэгч Иргэний хуулийн аль зүйл, заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан нь тодорхойгүй буюу үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байх тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Зээл олгох үед маргаан бүхий орон сууц нь Д.Н гийн өмчлөлд шилжээд 5 сарын хугацаа өнгөрсөн байсан. Зээлийн судалгаа хийж орон сууцанд очиход нэхэмжлэгч П.Ц амьдарч байсан бөгөөд тэрээр зээл болон барьцааны гэрээтэй танилцаж гарын үсгээ зурсан, Б.Н гэгч хүн байгаагүй, өмчлөх эрхийн гэрчилгээнд нэр нь бүртгэлгүй байсан. Б.Н Э ББСБ нарын хооронд ямар нэг эрх зүйн харилцаа үүсээгүй тул зээлийн болон барьцааны гэрээ нь түүний эрх ашгийг хөндсөн гэх үндэслэлгүй юм.

Э ББСБ , Д.Н нарын хооронд байгуулсан 2014 оны 11 сарын 10-ны өдөр зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Э ББСБ нь 120 000 000 төгрөгийг зээлдэгч, орон сууцны цорын ганц өмчлөгч Д.Н д гэрээ байгуулсан өдөр дансаар олгосон. Д.Н гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул гэрээний үүрэгт 220 224 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 10 сард гаргасан. Хариуцагч Д.Н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч бэлэн мөнгөөр төлөх боломжгүй тул барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон өгөх санал гаргасныг нэхэмжлэгч тал зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Дээрх захирамж гарсны дараа тухайн орон сууцыг суллаж өгөхийг удаа дараа шаардсан боловч П.Ц , н.Олдох нар нь суллаж өгөөгүй тул Э ББСБ нь уг орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шүүхийн шийдвэр гарсан. Хариуцагч тал хугацаа авах байдлаа хандсан. Иймд ББСБ-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Н гийн тал хариу тайлбартаа: Э ББСБ , Б.Н нарын хооронд ямар нэг эрх зүйн харилцаа үүсээгүй учир Б.Н шаардах эрхгүй. Тэрээр зээл чөлөөлдөг хүний хувьд 126 000 000 төгрөгөөс 30 000 000 төгрөгийг авснаар тус харилцаанаас гарсан. Д.Н гийн хүсэл зоригийн илэрхийлэл нь хавтаст хэргийн 33 дахь талд авагдсан. Д.Н гийн хүсэл зориг нь П.Ц аас нууцаар уг орон сууцыг Э ББСБ -д өгөх хүсэл зориг байгаагүй гэдэг нь тус баримтаар үгүйсгэгдэж байна. Энэхүү хэлцлүүд нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж тусгай хугацаа тогтоож өгсөн. Иймд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардах эрхгүй гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эд хөрөнгийг барьцааны зорилгоор шилжүүлж өгсөн боловч талуудын бичгээр гаргасан баримтаас тодорхой харагддаг. Аливаа маргааныг шийдэхэд эрх зүйн харилцааг зөв тодорхойлох нь чухал талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. 126 000 000 төгрөг бэлнээр бүрэн бодитоор гаргуулж авсан. Мөн хүүг төлж байсан үйл баримт харагдаж байна. Мөнгийг хүлээж аваагүй гэдэг нь 06 сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж байгаа гэрээгээр үгүйсгэгдэж байна. Зээлийн гэрээний харилцаа үүссэн учир барьцаалах зорилгоор өгсөн нь харагдаж байна. Худалдах худалдан авах гэрээ боловч агуулгын хувьд барьцаалах зорилготой байсан. Нэгэнт талуудын хооронд зээлийн гэрээ үүссэн учир талуудын хооронд эрх үүрэг үүссэн. Нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Д.Н гийн хувьд 2 жил гаруй хугацаанд мөнгөө авч чадахгүй байгаад П.Ц тай харилцан тохиролцсоны үндсэн дээр Э ББСБ -аас 126 000 000 төгрөгийн зээлээс гаргуулж авч П.Ц төлж орон сууцыг буцааж авахаар 2014 оны 11 сарын 11-ний өдөр зээл авах эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг хийсэн. Талуудын хооронд байгуулагдсан бүх хэлцлүүдэд тодорхой хугацаа заагаагүй. Зээлийг төлж барагдуулсны дараа орон сууцыг буцааж өгөх нөхцөл тавьсан байдаг.

Нэхэмжлэгч нар Д.Н гаас авсан мөнгийг хүүгийн хамт бүрэн төлж дуусгасны дараа буцаан шаардах эрхтэй. Нэгэнт зээлийн гэрээнд Б.Н , П.Ц нар гарын үсэг зурсан учир хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дахь хэсэгт заасны дагуу хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ноогдох хэсгээр шаардах эрхтэй гэж заасан байдаг. П.Ц нь Б.Н д ноогдох үүргийн гүйцэтгэлийг шаардахгүй. Э ББСБ , Д.Н нарын хооронд байгуулагдаж байгаа гэрээнд ганцаараа хамтран зээлдэгчээр орж байгаа асуудлыг анхаарч үзэх хэрэгтэй. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авснаар үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна. Д.Н гийн орон сууцыг буцаан шилжүүлэх үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасныг баримтлан 2014 оны 06 сарын 11-ний өдөр Б.Н , Д.Н нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах хэлцэл, 2014 оны 11 сарын 11-ний өдөр Д.Н , П.Ц нарын хооронд байгуулагдсан хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Б.Н , П.Ц болон хариуцагч Д.Н нарын хооронд 2014 оны 06 сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу гудамж, 43 дугаар байрны 74, 75 тоот хаягт байрлах 112.32 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг Б.Н ийн өмчлөлд шилжүүлэхийг Э ББСБ -д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 166 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 378 150 төгрөгийг хуваан гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Э ББСБ -ийн зүгээс гаргасан давж заалдах гомдолд: Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хамтран гаргасан бөгөөд шаардлагадаа ...маргаан бүхий орон сууц анх Б.Н ийн өмч байсан бөгөөд П.Ц т өмчлөлийг шилжүүлэхээр тохиролцсон.... хэмээн дурдаж, өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг Б.Н бус харин П.Ц нь удаа дараа мэдүүлээд байхад шүүх анхаараагүй. Мөн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэсэгт ...хамтран Д.Н гаас миний нөхөр н.Олдохын зээлсэн байсан 27 000 ам.долларын зээлийн баталгаа болгож 2014 оны 06 сарын 11-ний өдөр 126 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, Б.Н ийн өмчлөлийн орон сууцыг Д.Н гийн өмчлөлд шилжүүлсэн, н.Олдохоос Б.Н д төлөх ёстой байсан мөнгийг Б.Нямдаваа зээл авч төлж дуусгасан... /хх 2/ хэмээн дурдсан нь Б.Н сайн дураар гэрээ байгуулж, орон сууц худалдаж, бусдын өмчлөлд шилжүүлсэн, Б.Н нь н.Олдох, П.Ц нараас авах ёстой байсан орон сууцны үнийг бүрэн хүлээж авсан болох нь тогтоогдож байна.

Талуудын тайлбар, ялангуяа П.Ц ын тайлбар мэдүүлгээс Б.Н эдгээр хэлцлүүдээс огт хохироогүй, ямар нэг ашиг нь хөндөгдөж байгаагүй, орон сууцны үнийг бүрэн хүлээж авсан нь тогтоогдсоор байхад түүнийг өмчлөгчөөр тогтоож, эдгээр хүмүүсийн хоорондын тохиролцоо, хуйвалдаанаас болж Э ББСБ -д учирсан хохирлын асуудлыг орхигдуулсан. Б.Н , П.Ц , Д.Н , н.Олдох нарын хооронд өмнө нь ямар гэрээ хэлцэл хийгдэж, хэн нь хэнээс хэдэн төгрөг авсан, хэдийг авах ёстой, хэн нь хэндээ ямар үүрэгтэй байсан зэргийг Э ББСБ нь огт мэдэх боломжгүй байсан бөгөөд тухайн үеийн хууль ёсны өмчлөгч байсан Д.Н болон эрх ашиг нь зөрчигдөж магадгүй гэж үзсэн П.Ц нартай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ хэлцлийг байгуулж, зээл олгосноор буруудах ёсгүй.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлтэй Д.Н д холбогдох хэрэг маргаанд Э ББСБ нь эрх ашиг нь хөндөгдөж буй гуравдагч этгээд бөгөөд тухайн маргааны орон сууцны шударга өмчлөгч тул Д.Н нь П.Ц ыг үнэхээр хохироосон хэмээн үзвэл тухайн байрны үнийг Д.Н нь П.Ц т төлөх үүрэгтэй байхаар хуулийн зохицуулалтай байсан ч хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Зээл олгох үед маргаан бүхий орон сууц нь Д.Н гийн өмчлөлд шилжээд 5 сарын хугацаа өнгөрсөн байсан, зээлийн судалгаа хийж орон сууцаар очиход нэхэмжлэгч П.Ц тухайн орон сууцанд амьдарч байсан, түүнчлэн П.Ц нь зээл болон барьцааны гэрээтэй танилцаж гарын үсэг зурсан, Б.Н ийн хувьд тухайн орон сууцны эзэмшил болон өмчлөлд хамааралгүй байсан тул түүний эрх ашгийг хөндсөн гэх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нар нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх, хугацаа хожих зорилгоор үндэслэлгүй шаардлага гаргаснаа хүлээн зөвшөөрдөг юм.

Анхан шатны шүүх нь хэргийн бодит үнэн байдал, үйл явдлын он цагийн дараалал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, үйл баримтууд хоорондын уялдаа холбоо зэрэгт үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй, Б.Н болон Э ББСБ нь ямар нэг эрхзүйн шууд харилцаанд ороогүй байхад шударга өмчлөгч ББСБ-ын хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироож, хүчин төгөлдөр эрхзүйн актууд дээр үндэслэж гарсан шүүхийн болон эрх бүхий байгууллагуудын шийдвэр, захирамж, тогтоолуудыг үгүйсгэсэн.

Дээрх шүүхийн шийдвэр гарснаар Э ББСБ болон Д.Н нарын хооронд байгуулсан 2014 оны 11 сарын 10-ны өдрийн 14/116 тоот зээлийн болон барьцааны гэрээ хүчинтэй эсэх, уг гэрээнүүдийг хүчинтэй хэмээн дүгнэж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 183/ШШ2017/00050 дугаар захирамж хүчинтэй эсэх, Э ББСБ -ийн нэхэмжлэлтэй, орон сууцыг н.Олдох, П.Ц нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/01294 дугаар шүүхийн шийдвэр хүчинтэй эсэх, П.Ц , н.Олдох нарыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 02-ны өдрийн гүйцэтгэх хуудас, захирамж, хүчинтэй эсэх, уг захирамжид үндэслэн явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчинтэй эсэх, гэрээний дагуу 120 000 000 төгрөгийг зээлдэгч, тухайн орон байрны тухайн үеийн цорын ганц өмчлөгч Д.Н д 2014 оны 11 сарын 10-ны өдөр дансаар олгосон банк бус санхүүгийн байгууллагын хохирлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгч Б.Н , Д.Н нарын хооронд орон сууцны төлбөрийн асуудал байдаггүй, тиймдээ ч өмчлөлийг Б.Н д биш зөвхөн П.Ц т шилжүүлэхийг талууд удаа дараа тохиролцсон нь нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдсон байхад шүүх өөрөөр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч П.Ц ын нэхэмжлэлийн шаардлагад ...П.Ц 50 000 000 орчим төгрөг Э ББСБ -д төлсөн, настай ээж 5-16 насны 3 хүүхдийн хамт орох оронгоос хөөж туусан... гэх мэтээр дурдсан байдаг нь тухайн маргаан бүхий орон сууцанд Б.Н биш П.Ц анхнаасаа амьдарч байсныг нотолдог.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Н гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Маргаан бүхий орон сууцыг П.Ц ын нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрч нотариатаар баталгаажуулсан баримт хэргийн 10 дахь талд авагдсан байхад тус баримтыг шүүх хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь авч үзсэнгүй. Мөн Б.Н ийн хувьд П.Ц болон түүний нөхөр н.Олдох нараас авах авлагаа авахын тулд орон сууцаа Д.Н гийн нэр дээр шилжүүлэн зээл авсан төдийгүй зээлдэгч П.Ц нь уг төлбөрийг хариуцан төлж барагдуулах талаар нэхэмжлэгч нар Д.Н д илэрхийлсэн байдаг. Иймээс П.Ц орон сууцыг Э ББСБ -д барьцаалж мөнгийг нь бүрэн төлж барагдуулах талаар Д.Н д санал гаргаж зээл авч төлбөрийг төлсөн. Нэхэмжлэгч Б.Н ийн хувьд П.Ц ыг Д.Н тай хуйвалдаж орон сууцыг Э ББСБ -д барьцаанд тавьсан гэж маргах байтал түүнтэй хамтран нэхэмжлэгч болж байгаа нь орон сууцыг Б.Н ийн нэр дээр бүртгэлтэй байсныг ашиглаж байгаа нэхэмжлэгч нарын зохиосон овжин арга, шударга бус үйлдэл юм.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 00050 дугаар захирамжаар нэхэмжлэлд дурдсан орон сууцыг Э ББСБ -ийн нэр дээр бүртгэсэн. Энэхүү хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаад түр хугацаагаар түдгэлзсэн байгаа болно. Нэхэмжлэлд дурдсанаар Д.Н г дээрх захирамжийг П.Ц д мэдэгдэлгүйгээр гаргуулсан гэж дурдсан байх боловч энэ тухай П.Ц мэдээгүй байх ямар ч боломжгүй. Учир нь зээлийн эргэн төлөлтийг П.Ц өөрөө хариуцан төлдөг байсан тул зээл төлөгдөөгүй нөхцөлд барьцаагаар хангагдахыг мэдэх ёстой. Мөн тухайн үед Д.Н нь ББСБ-ыг шүүхэд хандсан байгааг П.Ц т удаа дараа танилцуулж шүүхэд хамтран хариуцагчаар татуулах хүсэлт гаргаж байсан талаар баримт хэрэгт авагдсан. Үүгээр хариуцагч Д.Н г нууцаар уг орон сууцыг банк бус санхүүгийн байгууллага руу шилжүүлсэн гэх нэхэмжлэгч нарын тайлбар үгүйсгэгдэнэ. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн учраас хэн алинд нь эрх үүргийн харилцаа үүссэн. Иймээс зээлдэгч Б.Н зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. Харин П.Ц нь хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Н ийн үүргийг гүйцэтгэсэн нь хууль зөрчөөгүй. Мөн Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар үүрэг дуусгавар болохоор зохицуулсны дагуу Д.Н г буруутгах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Хэргийн баримтаас үзвэл, Д.Н болон Б.Н , П.Ц нар 2014 оны 06 сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, Д.Н нь 126 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, Б.Н , П.Ц нар шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамт буцаан өгөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээний харилцаанд хамаарах ба уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байна. /хх 10/

 

Мөн өдөр Б.Н болон Д.Н нар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Б.Н нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, бага тойруу гудамж, 43-р байрны 74, 75 тоот хаягт байрлах 112.32 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 30 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон, улмаар 2014 оны 06 сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх Д.Н гийн нэр дээр шилжсэн байна. /хх 11, 28/ Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч Д.Н нь зээлдэгч Б.Н тэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг түүний үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах замаар хангуулах барьцааны гэрээний агуулгатай гэрээ байгуулжээ.

 

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хуульд заасан арга хэрэгслээр хангуулах ёстой байтал тухайн хэлцлийн үр дагаврыг бодитоор бий болгох хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хийгдсэн хэлцэл байх тул дээрх Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

 

Уг хэлцлийн үндсэн дээр Д.Н , П.Ц нарын хооронд хийгдсэн 2014 оны 11 сарын 11-ний өдрийн Зээл авах эд хөрөнгө шилжүүлэх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар мөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Учир нь дээрх хэлцэл нь 2014 оны 06 сарын 11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний үндсэн дээр хийгдсэн буюу хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл байна. /хх 12/

 

Харин Э ББСБ болон Д.Н , Д.Пүрэвням, П.Ц нарын хооронд 2014 оны 11 сарын 10-ны өдөр байгуулагдсан 14/116 тоот Зээлийн гэрээ, 14/116А тоот Зээлийн барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл эдгээр гэрээ байгуулагдах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Н бүртгэлтэй байсан, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар Э ББСБ -ийн хувьд бүртгэл үнэн зөв тул тэдгээрийн хооронд хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна. /хх 17-22, 23-25, 28/

 

Анхан шатны шүүх 2014 оны 06 сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 11 сарын 11-ний өдрийн Зээл авах эд хөрөнгө шилжүүлэх хэлцэл-ийн хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн атлаа хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг буюу үл хөдлөх эд хөрөнгийг Б.Н ийн өмчлөлд шилжүүлэхийг Э ББСБ -д даалгаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Учир нь, Э ББСБ нь дээрх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн нэг тал биш бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар нь тухайн хүчин төгөлдөр бус хэлцлийг байгуулсан талуудад бий болохоос гадна Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, бага тойруу гудамж, 43-р байрны 74, 75 тоот хаягт байрлах 112.32 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хуулийн дагуу буюу хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шилжүүлэн авчээ. /хх 46, 49-50/

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, хариуцагч Э ББСБ -ийн давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/01240 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...56.1.3... гэснийг ...56.1.2... гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан өөрчилж, хариуцагч Э ББСБ -ийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Д.Н гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ББСБ -аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 06 сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Д.Н гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 937 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР