Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/12

 

 

Д.Цад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Тулга

Хохирогч: А.Д

Хохирогчийн өмгөөлөгч :Х.Д

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Л.Д

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б

Шүүгдэгч: Д.Ц

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолтой шүүгдэгч Д.Цад холбогдох 2412001460159 дугаартай эрүүгийн хэрэгт хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймаг, И сум, Э баг, Х гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогтой Дийн Ц /РД:00000/

 

Шүүгдэгч Д.Ц нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн орчим А аймгийн И сумын Э багийн нутаг төв магистрал зам дээр 0-0 улсын дугаартай “Ниссан экстрал” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн тус дүрмийн 12.2-д заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган амь хохирогч Ц.Ж нас барсан, хохирогч А.Дын биед зүүн шуу ясны далд хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, биеийн олон хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

  А аймгийн Прокурорын газраас Д.Цад холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

 А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б овогт Дийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Д.Цыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цад оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс хугацааг тоолж, шүүгдэгч Д.Цад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 25 /хорин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1,  508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5-д тус тус зааснаар шүүгдэгч Д.Цаас 21,267,300 /хорин нэгэн сая хоёр зуун жаран долоон мянга гурван зуу/ төгрөг гаргуулан хохирогч А.Д, 105,455,777 /нэг зуун таван сая дөрвөн зуун тавин таван мянга долоон зуун далан долоо/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д нарт олгож, хохирогч А.Дын нэхэмжлэлийн шаардлагаас 8,054,050 /найман сая тавин дөрвөн мянга тавь/ төгрөгийн нэхэмжлэлийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Дийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,666,100 /нэг сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуу/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Д.Цаас 4,593,066 /дөрвөн сая таван зуун ерэн гурван мянга жаран зургаа/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 00000000000 тоот дансанд олгож, Шүүгдэгч Д.Цад холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч, хууль ёсны төлөөлөгч нар нь гомдолтой гэсэн болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Цад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Хохирогч А.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д нар давж заалдах гомдолдоо ... 2024 оны 05 сарын 04 ний өдөр болсон ослын үед шүүгдэгч Д.Ц жолоодож явсан 0-0 дугаартай “Ниссан экстрал” маркын тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь мөрдөн байцаалтын явцад Т.Жавхлансайхан мөн хэмээн тогтоогдсон ба иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон боловч тээврийн хэрэгслийн үнэлгээг өөрийн нөхрөөс нэхэмжлэхгүй хэмээн нэхэмжлэлээсээ татгалзсан байдаг. Харин шүүхээс иргэний хуулийн 499.1.5-д заасны дагуу Т.Жавхлансайханыг иргэний хариуцагчаар тогтоож бидэнд учирсан хохирлыг хариуцуулан төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байгааг харгалзан үзэж Т.Жыг иргэний хариуцагчаар татаж өгнө үү. Шүүгдэгч Д.Ц нь Эрүүгийн хуулийн 27.10-4.1-д зааснаар 3-н жил 6-н сарын хорих ялаар шийтгэсэн ял нь хөнгөдсөн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн 6.7-гийн 1.3-д зааснаар гэмт хэрэгтэн хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг заалтад заасан ялын дээд хэмжээ /8 жил/-ийн хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний /2 жил/ хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэсэн заалтыг зөрчиж байна хэмээн үзэж байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэх хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэсэн заалтыг харгалзан үзэж, дундаж наслалтын зөрүүгээр амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож өгнө үү. Гомдлыг товч бичлээ. Давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцож дэлгэрэнгүй тайлбар хийх хүсэлтэй байна. Дээрх гомдол хүсэлтийг минь харгалзан үзэж давж заалдах шатны шүүх хурал товлож өгнө үү ... гэжээ.

 

Прокурор Б.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Хүний нэг гэм буруу асуудалд нэг л хариуцлага хүлээлгэнэ. Хэргийн зүйлчлэлд өөрчлөлт орохгүй. Зөвхөн иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэх гэж хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэх шаардлагагүй, давж заалдах шатны шүүхэд залруулах боломжтой асуудал гэж харж байна. Гэм буруугийн асуудал дээр маргахгүй байна. Хэрвээ маргасан бол магадгүй шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдох юм бол анхан шатаар дахин хэлэлцэх асуудал гарах байсан байх. Шүүгдэгч Д.Цын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд харшлах зүйл алга гэж харж байна. Ийм учраас иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудалд тайлбар хэлэхгүй. Гомдлын ... анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж ... гэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Хохирогч А.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Гомдол  гаргасан тухайд би өөрөө ямар хуулийн хүн биш учраас сайн мэдэхгүй, гэхдээ иргэнийхээ хувьд өөрөө судалсан хүрээндээ л гомдол гаргасан. Тэрийг барьж авч буруу, зөв байна гээд над руу дайраад байх зохимжгүй байх гэж бодож байна. Мэдүүлэг өгсний хувьд хэн нэгнийг буруутгая, эсвэл өөрт ашигтайгаар өгье гэж бодоогүй. Тухайн болсон бүх процессыг юу ч нууж хаалгүйгээр хэлсэн. Тэрийг тэгж их буруугаар хүлээж авмааргүй байна. Зөвхөн хуулийн хүрээнд яриад явж болдоггүй юм уу. Баахан олон зүйл давтаж яриад байгааг ойлгохгүй байна. Гомдлоо би өөрөө судалж гаргасан болохоор өмгөөлөгчтэй санал нэг байгаа ... гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Х.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Прокурорын гаргасан дүгнэлтэд тайлбар хиймээр байна. Бид Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ягштал биелүүлэх ёстой. Гэтэл прокурор энэ 2 хүн гэр бүлийн гишүүн байсан эсэхийг тогтоосон юм уу, тогтоогоогүй. Прокурор Т.Жыг өмгөөлсөн байдалтай, өмгөөлөгчийн байр сууринаас хандаж байна гэж ойлгож байна. Т.Жыг иргэний хариуцагчаар татах ёстой. Жолооч байсан ч бай байгаагүй ч бай зүйлчлэлд өөрчлөлт орохгүй гэж байна. Тухайн зам тээврийн осол юунаас болж гарсан, хэн үйлдсэн, нотлох баримт байх ёстой. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан юм уу, жолоодох эрхтэй байсан уу, үгүй юу, мөрдөн байцаагчид даалгавар өгөөд лавлагаа гаргаад авчихгүй яасан юм. Тэгсэн бол өнөөдөр ийм маргаан гарах асуудалгүй. Прокурор шүүгдэгчийн өмгөөлөгчтэй санал нэг яваад байх юм. Энийг би ойлгохгүй байна. Прокурорын үүрэгт цагаатгах болон яллах талыг барих ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны явж байна уу гэдгийг хянах ёстой хүн чинь зүгээр гудамжинд хүмүүс ярьж байгаа юм шиг байж болохгүй. Дундын өмчлөл нь ямар, ямар юм байсан. Та тогтоосон юм уу, тогтоогоогүй. Дараагийн асуудал шүүгдэгчийн өмгөөлөгч ингэж яриад байна. Хохирогчийг 4 дүгээр зэргээр сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон нь буруу байна гэж яриад байна. Энэ чинь хүний сэтгэцэд учирсан хохирол. Эхний шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл гэсэн байсныг дахин шалгаад биед учирсан гэмтэл нь хүндэвтэр байна. Шүүхийн шинжилгээний хуульд заасан байгаа. 40.2.3 дээр хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмнэлгийн шинжилгээгээр тогтоосон байх ёстой. Энэ хуулийг бариад энэ хүний сэтгэцэд учирсан хохирол нь тэд дүгээр зэрэгт хамаарах юм байна гэж гаргасан байна. Хуулиас дээгүүр давсан журам гэж байхгүй. Түүнээс гадна энэ шинжилгээгээр сэтгэцэд учирсан хор уршиг гэдэг нь юу юм бэ гэдгийг маш тодорхой заагаад өгсөн байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нэг л байр суурьтай баймаар байх юм. Нэг болохоор буруу шийдсэн, нэг болохоор хэвээр үлдээж өгнө үү. Өнөөдрийн шүүх хуралдаанд мэтгэлцэж байгаа асуудлаас харахад гэм буруугаа хүлээхгүй байна гэж харагдаж байна. Энэ хүн биеэ даасан Монгол улсын иргэн, хүлж байгаад ам руу нь архи цутгасан бол өөр хэрэг, өөрөө би архи уухгүй гэж татгалзвал татгалзаж болох байсан. Хүн жолооны хүрдэн дээр суусан бол замын хөдөлгөөний бүх дүрэм журмыг биелүүлэх ёстой. Прокурор иргэний хариуцагчийн асуудлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой гэж байна. Давж заалдах шатны шүүх яаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах юм. Нотлох баримтууд нь хэрэгт байхгүй байна. Би энэ хэргийн зүйчлэлд өөрчлөлт оруулах асуудлыг яг тавиагүй. Ингээд хэргийг анхан шатны шүүхэд буцааж, дахин хэлэлцүүлж өгнө үү ... гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Жолооны эрх шилжүүлсэн гэж байна. Миний хүү жолооны эрх шилжүүлээгүй. Шүүгдэгч болон шүүгдэгчийн гэр бүл надтай нэг удаа ирж уулзаагүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулна гэсэн амлалт байгаа боловч хэзээ нэг цагт өгөх байх. Миний хүү цаанаа өр төлбөртэй байсан. Одоо банк цаг тухайдаа надаас өр төлбөрөө нэхэж авдаг. Миний хүүг байхгүй болгосон хүн надад төлбөр өгөхгүй байна би өр төлбөрийг чинь өгч чадахгүй гэх үндэслэл байхгүй. Тэгэхээр хоосон амлалтаа болиочээ. Чиний зунжингаа цуглуулж байсан мөнгө чинь хаана байгаа юм. Чи Г дансаа өгчих шилжүүлье гэж хэлж байсан гэсэн, шилжүүлэхгүй яасан юм. Г одоо 30-иад сая төгрөгийн өрийг төлөөд явж байгаа. Би таны урдуур орж тэр мөнгийг нь аваад яах вэ гээд тань руу ч юм уу авга эгч рүү нь шилжүүлэхгүй яасан юм гээд хэлж байсан гэсэн. Түүнээс би өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Т.Жыг иргэний хариуцагчаар татах бүрэн үндэслэлтэй байгаа. Тэрийг яагаад үгүйсгээд байгаа юм. Энэ нь хуулийн хаагуур яваад байгаа юм. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар шууд татах үндэслэлтэй байна гэж хараад байна ... гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч С.П давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Давж заалдах шатны шүүхэд яригдаад байгаа асуудал иргэний хариуцагчийн асуудал мөн иргэний нэхэмжлэгчтэй холбоотой асуудлыг хэрэгсэхгүй болгосон тал байгаа. Иргэний хариуцагчаар Т.Ж гэдэг хүн орж ирэх ёстой гэдэг байр сууринаас хэргийн анхан шатны шүүхэд буцаахыг дэмжиж оролцож байна. Нэг гэр бүлийн хүмүүс гэж прокурорын саналтай нийлэхгүй байна. Гэрлэгсэд гэдгийг тогтоогүй байна ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Гомдолд хууль эрх зүйн үүднээс шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа учраас мэтгэлцэж байгаа. Түүнээс та нарыг буруу бичлээ гэж яриагүй юм шүү. Миний үүрэг хариу тайлбар гаргах үүрэгтэй. Дыг буруутгаагүй, тэр архи уусан асуудал гэмт хэрэг гаргах үндсэн шалтгаан байсан юм шүү. Гэмт хэрэг гарсан үйл процессыг сэргээн дүрслэх үүрэгтэй. Сэргээн дүрслээд ирэхээр яг болсон үйл явдал нь ийм байгаа. Тухайн архи ууж байсан архины тоо, өгч байсан асуудлыг ярьсан. Түүнээс чамайг буруутгаагүй. Дараагийн асуудал сэтгэцэд учирсан хохирлыг хуулиар гаргана, хүснэгтээр тогтоохгүй гэж байна. Уучлаарай. Сэтгэцэд учирсан хохирлыг энэ хүснэгтийн дагуу гаргаж байгаа. 4 дүгээр зэрэг гэдэг нь хүнд гэмтэл учирсан сэтгэцийн эмгэгийг тогтоож байгаа. Өмгөөлөгч Х.Д шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн буруу шийдсэн, нэг болохоор хэвээр үлдээж өгнө үү гэж ярьсан. Бид энэ сэтгэцэд учирсан хохирлыг 4 дүгээр зэрэг гэж буруу тогтоосон гэж ярьсан. Гэм буруутай ерөөсөө маргаагүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр Л.Д, Д хоёрын өөдөөс юу ч яриагүй. Шүүгдэгч уучлал гуйж байсан, би ч уучлал гуйсан, одоо ч уучлалт гуйж байна. Гэм буруу дээр маргаагүй, одоо ч маргаагүй, цаашид ч маргахгүй. Хүний амь нас хохирсон уу, хохирсон, үнэн үү, үнэн, хүний бие хохирол учирсан уу, учирсан. Гэр бүлийн 4 - н найз доргиол, дарвиал уусан. Түүнээс уухгүй байвал байх л байсан байх. Энэ байдал бас нөлөөлөөд байгаа. Хамгийн гол нь бид Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-г харах ёстой. Хамтран хариуцагчаар татъя гээд байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-ын шинж байгаа юм уу гэдгийг харж байж Т.Жыг хамтран хариуцагчаар татна. Ингээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

  А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Цыг согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн орчим А аймгийн И сумын Э багийн нутаг төв магистрал зам дээр 0-0 улсын дугаартай “Ниссан экстрал” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн тус дүрмийн 12.2-д заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган амь хохирогч Ц.Ж нас барсан, хохирогч А.Дын биед зүүн шуу ясны далд хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, биеийн олон хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэж,  Д.Цад холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад А аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч Д.Цад холбогдох хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.

 

Гэтэл  анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийн тогтоох хэсэгт шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага тодорхойгүй, дуу дүрсний бичлэгт уншиж сонсгосон асуудлуудын зарим хэсэг байхгүй байна.

2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгдэгч Д.Цад холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлийн тогтоох хэсэг шүүх хуралдаанд уншиж сонсгосон дуу дүрсний бичлэгээс зөрүүтэй болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8 дахь хэсэгт заасан алдаанд хамаарах бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Иргэний хуулийн 499 дүгээр  зүйлийн 499.1-т ... зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй ... гэж, мөн хуулийн 499.4-т ... тээврийн хэрэгслийн ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй ... гэж тус тус хуульчилжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад тээврийн хэрэгслийн гэрчилгээнд 0-0 улсын дугаартай “Ниссан экстрал” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу өмчлөгч нь Т.Ж болох талаар бичсэн байна.

 

Шүүгдэгч Д.Цад холбогдох хэрэгт Т.Ж иргэний хариуцагч болох эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй.

 

           Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Цад холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

             Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Цад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.  

           

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 

1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Цад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                     Т.ГАНЧИМЭ