| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2403004960985 |
| Дугаар | 2025/ДШМ/332 |
| Огноо | 2025-03-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/332
2025 03 13 2025/ДШМ/332
Г.Эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Одонтуяа,
шүүгдэгч Г.Э,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/31 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2403004960985 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.Э нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарны зам, Говь хангай мебель дэлгүүрийн хойд замд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 18 цаг 40 минутын үед Тоёота приус-30 маркийн 26-92 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасны дагуу “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд...”, мөн дүрмийн 19.5-д “Энэ дүрмийн 19.1, 19.3, 19.4 заалтыг замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор мөн адил мөрдөнө. ...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Г.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд оногдуулсан 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Эд сануулж, шүүгдэгч Г.Эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 990.000 төгрөг, иргэний нэхэмжпэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 124.762 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Эгоос 8.580.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ат олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.Эгоос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Э давж заалдах гомдолдоо: “...Миний бие хохирогчийг мөргөж, хүндэвтэр гэмтэл учруулсан бөгөөд охины аав Билгүүнд зодуулж бие махбодиор хохирсон. Энэхүү үйлдэлдээ 2 жил жолоо барих эрх хасуулж, 3.000.000 төгрөгөөр торгуулсан. Би 2 жилээр жолоо барих эрхээ хасуулсан, мөн сэтгэл санааны хохирол 8.580.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогчийн аав, ээж нартай “хохирол гомдолгүй” гэж тохиролцож 700.000 төгрөгийг өгсөн. Тиймээс сэтгэл санааны хохирлын 8.580.000 төгрөг болон жолоодох эрх хасах ялыг цуцалж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид бодитоор гарсан эмчилгээний зардал, хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 3 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хамгийн доод хэмжээ буюу 8.580.000 төгрөгөөр тогтоож, анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн. Шүүгдэгч Г.Эг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзаж анхан шатны шүүхээс торгох ялын төрлийг сонгон хэрэглэж, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Г.Э нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарны зам, Говь хангай мебель дэлгүүрийн хойд замд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 18 цаг 40 минутын үед Тоёота приус-30 маркийн 26-92 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-д заасны дагуу “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд...”, мөн дүрмийн 19.5-д “Энэ дүрмийн 19.1, 19.3, 19.4 заалтыг замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор мөн адил мөрдөнө. ...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аийн “...Тухайн үед осол гарах үед бие засах гээд автомашинаасаа буусан гэсэн. Тэгээд эргээд машин руугаа явах үедээ өөр машинд мөргүүлж осол гарсан гэсэн...” /хх 29/,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Г “...2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр уг авто машиныг манай гэр бүлийн хүн маань жолоодож яваад осол гаргасан талаар тэр үедээ утсаар хэлэхэд нь мэдээд очсон байгаа. Тэндээ түргэн тусламж дуудахад ирээд түргэн тусламж дуудахад ирж үзлэг хийгээд “гайгүй байна” гэж хэлэхээр нь би өөрөө хамт явж хүүхдийг гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Манай нөхөр жолоодож явсан учир би хохирол нэхэмжлэхгүй. ...” /хх35, 38/ гэх мэдүүлгүүд
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 8863 дугаар “...Б.Н биед эгэм ясны хугарал, баруун хацар, эрүү, баруун тохой, зүүн шагай, тавхайд зулгаралт, зүүн гуя, зүүн шагайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх.51-52/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 52/34 дугаар “...Тоуоtа Рrius маркийн 26-92 УАК улсын дугаартай автомашины жолооч Г.Энх- Орчлон нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1 “...Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд...”, мөн дүрмийн 19.5 “...Энэ дүрмийн 19.1, 19.3, 19.4 заалтыг замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор мөн адил мөрдөнө...” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” /хх.97-98/ гэсэн дүгнэлтүүд,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1182 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.60-63/, Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх.71-77/, дуудлага лавлагааны хуудас /хх 12/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-16, 17-19/ , бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 25/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Г.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эгийн “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Шүүгдэгч Г.Э “...Би 2 жилээр жолоо барих эрхээ хасуулж, мөн сэтгэл санааны хохирол 8.580.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэсэн утга агуулга бүхий гомдол гаргасан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар заасан шийдвэрийн хувьд, хохирогчийн биед учирсан гэмтэлтэй холбоотой эм, тариа авч эмчилгээ хийлгэсэн 990.000 төгрөг, хохирогчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан төлбөрийн баримтаар нэхэмжилсэн 124.762 төгрөгөөр тус тус тогтоосон нь үндэслэлтэй.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ат сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 8.580.000 төгрөгийг шүүгдэгч Г.Эгоос гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг болон мөн зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан байна.
Тодруулбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), ... 27.10 дугаар зүйл /Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/, ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Дээр дурдсан хууль болон журмаар тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулсан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад сэтгэцэд учирсан хор уршгийг хүлээн зөвшөөрсөн мөрдөгчийн танилцуулсан маягт /хх 114/-аар анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 8.580.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй болно.
Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хууль болон журамд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 дахь заалтын хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд дээрх үндэслэлийн хүрээнд шүүгдэгч Г.Эгийн гаргасан давж заалдах гомдлын “сэтгэцэд учирсан хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн хэсгийг хүлээн авч, “...эрх хасах ялыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Г.Э дээрх гэмт хэрэгт холбогдсоны дараа өөр бусад этгээдийн үйлдлийн улмаас эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учирсан гэж үзвэл энэ талаарх гомдлоо эрх бүхий байгууллагад гаргаж, тусад нь шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/31 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
8 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Г.Эгоос 8.580.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ат олгосугай.” гэснийг “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Эгийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсан болохыг дурьдсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ