Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2019/0501/з |
Дугаар | 21 |
Огноо | 2020-01-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 21
“Э...” ХХК-ийн гомдолтой,
Оюуны өмчийн газрын Хяналтын
улсын ахлах байцаагч
Д.Б-Э-д холбогдох
зөрчлийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа
Гомдлын шаардлага: “Оюуны өмчийн газрын Хяналтын улсын ахлах байцаагч Д.Б-Э-ийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1453004 дугаар шийтгэлийн хуудсаар “Э...” ХХК-нд оногдуулсан 5,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0720 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 614 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ч.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулж,
Гомдол гаргагч “Э...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргалын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0720 дугаар шийдвэрээр: Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 22 дугаар зүйлийн 22.1, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “Э...” ХХК-ийн “Оюуны өмчийн газрын Хяналтын улсын ахлах байцаагч Д.Б-Э-ийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1453004 дугаар шийтгэлийн хуудсаар “Э...” ХХК-нд оногдуулсан 5,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 614 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0720 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Гомдол гаргагч “Э...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... давж заалдах шатны шүүх: “... “М т” ХХК нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.2.1, 12.2.2, 12.2.3, 12.2.4, 12.2.5, 12.3-т “энэ хуулийн 12.1 дэх хэсэгт заасан эрхийг зохиогчийн зөвшөөрлөөр, гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлнэ” ... “М т” ХХК нь зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлээ нийтэд түгээхийг хориглох онцгой эрхтэй байх бөгөөд гагцхүү гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлэх боломжтой гэж ойлгоно.
4. Гэтэл олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч “Э...” ХХК нь зохиогчийн эрх эдлэх “М т” ХХК-тай гэрээ байгуулаагүй, бүтээлийг нийтэд түгээх онцгой эрхийг шилжүүлэн аваагүй атлаа “Хамтран ажиллах гэрээ” цуцлагдсан 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш одоог хүртэл Монгол телевизийн нэвтрүүлгийг дамжуулж байгаа нь дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчсөн зөрчил болно...” гэжээ.
5. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан эрхийг зохиогчийн зөвшөөрлөөр, гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлнэ гэж шүүх дурдсан атлаа “М т” ХХК болон “Э...” ХХК-ийн хооронд гэрээний хугацаа 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон, гагцхүү гэрээний үндсэн дээр л дамжуулах үүрэгтэй байна гэж дүгнэлт хийсэн хэт нэг талын байр суурийг илэрхийлж хэргийн бодит нөхцөл байдалд тулгуурлаагүй гэж үзэж байна.
6. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зохиогч нь дараах үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхтэй гэж заасан байна.
7. “М т” ХХК нь гэрээний хугацаа дууссан 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл өөрийн телевизийн нэвтрүүлгийг “Э...” ХХК-ийн утсан холбоо ашиглан /шилэн кабелиар/ дамжуулахыг хүлээн зөвшөөрсөөр ирсэн /хориглоогүй үйлдэл/ нь хэргийн материалд авагдсан шинжээчийн дүгнэлт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон 2 шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн гуравдагч этгээдийн мэдүүлэг /итгэмжлэгдсэн төлөөлөгч Билгүүний 20,000,000 сая төгрөг нэхэмжилсэн төлбөр дээрээ тохирч чадвал болно. Манай компани “Э...” ХХК-руу гэрээний саналаа явуулсан байгаа гэх мэдүүлэг/ зэргээр хангалттай нотлогдсон байдаг.
8. Гэтэл шүүх Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасанчлан “М т” ХХК-ийн зөвшөөрсөн эсвэл хориглосон эсэхийг авч үзээгүй байхаас гадна мөн хуулийн 12.3 дахь заалтыг хэрэглэхдээ гагцхүү гэрээний үндсэн дээр дамжуулах үүрэгтэй гэж тайлбарласан бөгөөд хуульд заасан “зөвшөөрөл” гэх ухагдахуунд дүгнэлт хийгээгүй ба хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
9. Давж заалдах шатны шүүх “... нөгөөтэйгүүр, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагын 11.10-т ОСДҮЭ нь дотоодын болон гадаадын өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудтай гэрээ хийж дамжуулах бөгөөд хэрэглэгчийн гэрээгээр дахин дамжуулахгүй” гэж заасан нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулиар зохицуулсан онцгой эрхийг гагцхүү гэрээгээр шилжүүлэх үзэл баримтлал тусгагдсан, үүрэгжүүлсэн байгааг дурдах нь зүйтэй ...” гэжээ.
10. Гэтэл мөн журмын 11.24.1-т “ОСДҮЭ нь олон нийтийн радио, телевиз болон өргөн нэвтрүүлгийн телевизийн хөтөлбөрийг өөрийн сүлжээгээр дамжуулахдаа харилцан төлбөр төлөхгүй, орлогоо авч үлдэх зарчмыг баримтална” гэж заасныг огт дурдаагүй бөгөөд хэрэглэх ёстой журам, зүйл заалтыг хэрэглээгүй байна. Өөрөөр хэлбэл уг журмаар талууд хоорондоо гэрээ байгуулж нэвтрүүлэг дамжуулах ба ийнхүү гэрээ байгуулахдаа харилцан төлбөр төлөхгүй байх зарчмыг баримтлах тухай заасан байна. Энэхүү заалтын гол үзэл санаа нь: Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өргөн нэвтрүүлгийн телевизүүд оператор компаниас өндөр хэмжээний төлбөр авбал эцсийн дүндээ уг татаас нь эцсийн хэрэглэгч болох ард иргэдийн төлөх шимтгэл болон хувирах эрсдэлтэй. Иймд зөвхөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч телевизүүдийн нэвтрүүлгийг орон даяар үнэ төлбөргүйгээр дамжуулахыг талуудын хэн алинд нь үүрэгжүүлсэн, нөгөөтэйгүүр үнийн хөөрөгдлийг хязгаарлахаар нарийвчлан зохицуулсан төрийн бодлого үйл ажиллагаа юм. Харин шүүх магадлалд уг жүрмын 11.10 дахь заалтыг тайлбарлаж хэрэглэсэн атлаа хоорондоо харилцан хамаарал бүхий салгаж үл хэрэглэх 11.24.1 дэх заалтыг хэрэглээгүй, орхигдуулсан байна.
11. Түүнчлэн “М т” ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд болон шүүх хуралдааны явцад “гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...манай компани гэрээ хийхээс татгалзаагүй, тиймдээ ч өнөөдрийг хүртэл шилэн кабелийг салгаагүй, харин сард 20,000,000 төгрөг төлнө гэвэл бид гэрээг үзэглэхэд бэлэн байгаа, гэрээний саналыг хүргүүлсэн байгаа...” гэдгээ удаа дараа тогтвортойгоор мэдүүлсээр байдаг ба хэргийн материалд энэ талаарх нотлох баримт, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс хангалттай цугларсан байхад шүүх уг асуудлыг огт авч хэлэлцээгүй, дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байдаг бөгөөд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтыг “...гагцхүү гэрээ хийсэн байхаар заасан байна...” гэж тайлбарласан хууль зүйн үндэслэлгүй байна.
12. Давж заалдах шатны шүүх “... харин Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.1, 22.1.2, 22.1.3, 22.1.4-т заасныг зөрчсөн гэх үндэслэл баримтаар нотлогдоогүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна” гэж үзсэн нь хуульд нийцэж байгаа боловч “мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2-т заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэл ногдуулсныг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй ...” хэмээн дүгнэхдээ “бүтээлийг нийтэлсэн” нь ямар баримтаар тогтоогдож байгаа, нотолгооны ямар баримт хэрэгт авагдсан талаар үндэслэл бүхий тайлбар хийгээгүй, хуулийг буруу тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй хэргийн бодит нөхцөл байдалд дүгнэлт хийхгүй шийдвэрлэжээ.
13. Өөрөөр хэлбэл шүүх “Э...” ХХК-ийг Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэхдээ:
14. “М т” ХХК нь өөрийн бүтээлийг нийтлэхийг хориглох талаар онцгой эрхээ хэрхэн яаж, ямар арга замаар хэрэгжүүлсэн эсэх, тухайн хориглож буй үйлдэл нь ямар баримтаар нотлогдож байгаа, “М т” ХХК нь өөрийн телевизийн нэвтрүүлгийг нэхэмжлэгчийн сүлжээгээр татгалзахгүйгээр дамжуулсаар байх хүсэл эрмэлзэл, татгалзал, зөвшөөрөл байсан эсэх, “М т” ХХК нь “Э...” ХХК-нд зөвшөөрөл өгөөгүй юм бол яагаад 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл телевизийн сувгийг “Э...” ХХК-ийн сүлжээгээр ямар нэг татгалзалгүйгээр дамжуулсаар байсан эсэх, өнөөдрийг хүртэл “М т” ХХК нь ямар хор уршиг учирч байгаа болон сард 20,000,000 төгрөгийн төлбөр нэхэмжилж байгаа зэрэгт дүгнэлт хийгээгүй, хууль зөрчиж байгаа үйлдлүүд нь хэрэгт авагдсан ямар баримтаар нотлогдож байгааг дурдаагүй, тодорхойлж дүгнэхгүйгээр нэхэмжлэгчийг буруутган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
15. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2 дахь хэсэгт заасан “Бүтээлийг нийтлэх” гэдэг нь аливаа зохиогчийн бүтээлийг сонин хэвлэл, ном зохиолд бичмэлээр тусгаж, зохиогчийн бүтээлийн эх хувьд найруулга, редакцийн шүүмжлэлтэйгээр олон нийтэд хэвлэн түгээх буюу олон нийтийн цахим сүлжээнд бичмэл хэлбэрээр эх сурвалжийг дурдаж нийтлэхийг ойлгоно.
16. Харин ОСДҮЭ “Э...” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1340045 дугаар тусгай зөвшөөрлийн дагуу зөвхөн Улаанбаатар, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу өргөний болон сувгийн телевизийн нэвтрүүлгийг утсан сүлжээгээр дамжуулах үндсэн үйл ажиллагаатай болно. Тус компанид ямар нэгэн байдлаар бусдын бүтээлийг хэвлэн нийтлэх эрх олгогдоогүй бөгөөд ийм үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь хэрэгт цугларсан материалаас харагдаж байна. “Э...” ХХК нь зохиогчийн эрхийг хууль бусаар зөрчин түүний бүтээлийг нийтэлсэн гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байгаагаас гадна Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2-т заасныг зөрчсөн гэх үндэслэл нотлогдохгүй байна.
17. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсэгт заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байхаас гадна хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад эцэслэн шийдвэрлэсэн гэх үндэслэлтэй байх тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0720 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 614 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг сэргээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
18. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
19. Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1453004 дугаар шийтгэлийн хуудсаар “зохиогчийн эрхийн зөрчил гаргасан” гэх үндэслэлээр, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг баримтлан “Э...” ХХК-ийг 5,000,000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн, хариуцагч уг шийдвэрийн үндэслэлээ “... “Э...” ХХК нь 2014 оноос хойш Монгол телевизийн эфирийг ямар нэг зөвшөөрөлгүй дамжуулж Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 заалтыг, 22 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон” гэж, “Э...” ХХК-иас “... хуулийн яг ямар заалт зөрчсөн, ямар үндэслэл журмын дагуу шийтгэл ногдуулж байгаа нь тодорхойгүй, ... /манай/ ямар үйлдэл нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн аль зүйл заалтыг зөрчиж “М т” ХХК-ийн хууль ёсны ямар эрх ашгийг хөндсөн, тус хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг яаж сэргэхээр байгаагийн хууль зүйн үндэслэлийг заагаагүйгээр шууд буруутгасан” гэж тус тус маргажээ.
20. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл, “Э...” ХХК (олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгч) болон “М т” ХХК (өргөн нэвтрүүлгийн телевиз) нь 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хамтран ажиллах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан, “... “М” телевизийн нэвтрүүлгийг “Э...” ХХК өөрийн тоног төхөөрөмжөөр дамжуулан Улаанбаатар хот болон хотын алслагдсан дүүргийн айл өрхүүдэд хүргэх”-ээр тохиролцсон, уг гэрээний хугацаа дуусгавар болсон, цаашид сунгагдаагүй, гэсэн хэдий ч “Э...” ХХК нь “М” телевизийн нэвтрүүлгүүдийг дамжуулж байгаа, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.
21. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдлэх”-ээр, 12.2-т “зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд зохиогч ... /бүтээлийг нь хуулбарлах, нийтлэх, нийтэд түгээх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх, түрээсээр ашиглуулах/ үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхийг хамааруулах”-аар, 12.3-т “.../уг/ эрхийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр, гэрээний үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлэх”-ээр тус тус заасан, түүнчлэн, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт шаардлага”-ын 11.10-т “олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь дотоодын болон гадаадын өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудтай гэрээ хийж дамжуулах” нөхцөл шаардлагыг тусгайлан тавьсан байна.
22. Дээрх хууль, тогтоомжийн зохицуулалтуудаас үзвэл, зохиогчийн эрхээр хамгаалагдсан өөрийн нэвтрүүлгүүдийн хувьд “М т” ХХК онцгой эрхийг эдлэнэ, түүний зөвшөөрөлгүйгээр бүтээлийг нь “Э...” ХХК нийтэд түгээсэн нь зохиогчийн эрхийн зөрчил мөн, гэрээ хийлгүйгээр “М” телевизийн нэвтрүүлгийг дамжуулсан нь хууль бус, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэл нь Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д “зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн ... бол ... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор заасантай нийцсэн гэж үзлээ.
23. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан эрхийн “зөвшөөрөх”, “хориглох” хэлбэр нь гэрээгээр илэрхийлэгдэх бөгөөд зохиогчийн эрхийг гэрээний үндсэн дээр тодорхой хугацаа, болзолтой эзэмшүүлснийг “зөвшөөрөл” гэж, гэрээ байгуулаагүй тохиолдолд “хориглогдсон” гэж ойлгох тул гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан “... гэрээний хугацаа дуусгавар болсон боловч ... “М т” ХХК өнөөдрийг хүртэл “М” телевизийн нэвтрүүлгийг “Э...” ХХК-ийн шилэн кабелаар дамжуулахыг /хориглоогүй үйлдлээрээ/ хүлээн зөвшөөрсөөр ирсэн”, “... шүүх Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан “зөвшөөрсөн” гэснийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлгүй байна.
24. Түүнчлэн, “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт шаардлага”-ын 11.24.1-т “олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь олон нийтийн радио телевиз болон өргөн нэвтрүүлгийн телевизийн хөтөлбөрийг өөрийн сүлжээгээр дамжуулахдаа харилцан төлбөр төлөхгүй, орлогоо авч үлдэх зарчим баримтлах”-аар заасан, энэ тохиолдолд, “зохиогчийн эрх зөрчсөн” гэх үндэслэлээр гаргасан шийтгэлийн хуудас, түүнийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдолд холбогдох маргаанд “гэрээний талууд харилцан төлбөр төлөх эсэх” асуудал хамааралгүй, гэрээний зүйл заалт “хууль, журамд нийцэж байга эсэх” талаар болон гэрээтэй холбоотой бусад асуудлаар талууд иргэний журмаар маргах эрх нь нээлттэй тул “Э...” ХХК-ийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан “...11.24.1 дэх заалтыг шүүх огт тайлбарлан хэрэглээгүй, орхигдуулсан, ... “М т” ХХК 20 сая төгрөг нэхсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад ... шүүх авч хэлэлцээгүй, дүгнэлт хийгээгүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.
25. Эдгээр үндэслэлээр, гомдол гаргагч “Э...” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Отгонжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0720 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 614 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдол гаргагч “Э...” ХХК-ийн өмгөөлөгч Ч.О-ын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан Ч.О-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА