| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 185/2018/0128/Э |
| Дугаар | 151 |
| Огноо | 2018-02-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.О |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,
Улсын яллагч С.Оюунжаргал,
Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Шүүгдэгч , түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн д холбогдох эрүүгийн 1803000010100 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, ... .
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө 03 цаг 45 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Оргил худалдааны төвийн баруун талын замд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1,03 хувийн согтолттой үедээ эзэмшлийн Тоёота Приус маркийн 47-33 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 21.8-д заасан “Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэх”, 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчин шонгийн мод мөргөсний улмаас зорчигч эрүүл мэндэд хүнд, эрүүл мэндэд хөнгөн хохирол, эзэмшлийн Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлд 1 566 000 төгрөгийн шууд, 2 536 000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч /хх-ийн 37-41/, иргэний нэхэмжлэгч /хх-ийн 29-31/, иргэний нэхэмжлэгч /хх-ийн 18-19/, гэрч Ц.Т /хх-ийн 47-49/, гэрч Э.Э /хх-ийн 50-51/, гэрч Э.Ц /хх-ийн 53-54/, гэрч О.Д /хх-ийн 55-56/, гэрч Б.Б /хх-ийн 57-58/ нарын өгсөн мэдүүлэгүүд, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8-13/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ын өдрийн 151 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-73/, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 1598 дугаар дүгнэлт /хх-ийн 69/, “Ашид билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 75-76/, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-91/, Замын цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 105 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 93-94/, шүүгдэгч гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө 03 цаг 45 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Оргил худалдааны төвийн баруун талын замд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 21.8, 9.1-д заасан заалтуудыг зөрчин шонгийн мод мөргөсний улмаас зорчигч эрүүл мэндэд хүнд, эрүүл мэндэд хөнгөн хохирол, эзэмшлийн Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлд нийт 2.536.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...дуудлагын жолооч ирэхгүй 30 гаран минут болсон учир “би цагдаад ажилладаг, цагдаа таарвал зохицуулна” гээд Эрдэнэбулганы аавын 47-33 УНК машиныг бариад урд суудалд Цэндмаа суугаад жолоочийн хажуу суудлын ард Хонгорзул бид хоёр давхаралдан өвөр дээрээ суусан. Миний хажууд Эрдэнэбулган өвөр дээр нь нэрийг мэдэхгүй нэг охин суугаад, цаад талд Баярсүрэн түүний өвөр дээр нэрийг мэдэхгүй нэг охин суугаад телевизийн хойгуур Баянхошуу тэгээд Чингэлтэй ер нь бол цагдаа байхгүй замаар Чингэлтэйн замд ороод жолоогоо зориуд 2 тийшээ эргүүлэн машины бөгсийг хаялж байсан. Тухайн үед цас бага зэрэг хялмайлан орсон байсан учир зам хальтиргаатай байсан. Ингээд эхний жолоогоо 2 тийш эргүүлэх үед бол зүгээр, хоёр дахь тохиолдолд осол маш богино хугацаанд болж юу болсныг мэдэж амжаагүй байтал шон мөргөсөн байсан. Би архи уусан байсан боловч болсон үйл явцыг бүгдийг санаж байгаа. Яг яагаад ямар учраас осол болсоныг сайн ойлгоогүй. Миний зүүн талын бөөр хавирга, гуяны доргилт авсан, аарцаг 2 яс хугарсан гэмтэлтэй, одоо хөдлөхөд аарцаг ясны хөндүүртэй зовиуртай байгаа. Эмчилгээнд хэдэн төгрөг зарцуулсан болохоо сайн мэдэхгүй байна. Баримтыг бүрдүүлээд өгнө. Эмчилгээний зардлыг маань төлөөд өгвөл гомдоод байх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-41/,
Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....нилээн явж байгаад 5 буудлын хурд сааруулагч өнгөрөөд урдаас хойшоо чигтээ засмал замаар явж байтал гэнэт жолоодлого алдаад эхэлсэн. Машин нисэж байгаа юм шиг болоод бид нар орилолдоод түүнээс хойш юу болсныг мэдэхгүй санахгүй байна. Тухайн машины шил хагарсан хажуу талд шон мөргөсөн бололтой байсан. Өөр надад нарийн мэдэх зүйл байхгүй. Бүгд аймар ядарсан явсан бөгөөд Долгормаа юм уу Түвшинжаргал хоёрын нэг нь “тамхи битгий тат цонхоо хаа” гэж хэлж байсан. Тэрнээс биш түүний тамхийг булаах ямар нэгэн үйлдэл хийсэн эсэхийг би хараагүй. Миний биеийн байдал өнөөдрийн байдлаар хэвийн болсон бөгөөд тархины зураг, толгой цээж зураг авахуулахад 270.000 төгрөгийг гаас нэхэмжилнэ. Хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/,
Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би харахад зөв талын хаалга тэр чигээрээ дотогш орсон эвдрэлтэй, муруйсан, хойд талын салхины шил хагарсан, гэрэлтэйгээ цуг хагарсан, урд дугуй хагарсан эвдэрэлүүдтэй байгааг нь утасны зургаас харсан юм. Миний машиныг барьж явсан гэдэг жолооч залуугаас өөрийнхөө машинд учирсан бүх хохирлыг нэхэмжлэн авч хохиролгүй болно гэж бодож байна. Буруутай этгээдээр машинаа төлүүлэн хохиролгүй болмоор байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
Гэрч Ц.Тн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...суудлын түшлэгийг налаад сууж байтал гэнэт цуг явсан хүмүүс орилолдоод “замаа хар” гэх шиг болоод төд удалгүй би өндийгөөд харахад машин зам дээр шарваж байсан бөгөөд би нүдээ аньсан нэг мэдэхэд зогссон байсан. ...Харин хэр зэрэг согтуу байсныг мэдэхгүй байна. Машин ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй явж байгаад баруун талын буюу замын зүүн талын гэрлийн шонг мөргөж осол гаргасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,
Гэрч Э.Эны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Машин хөдлөөд явж байхад жолооч 2-3 удаа тамхи татсан. Түвшинзаяа, Долгормаа нар “тамхи битгий тат цонхоо хаа” гэж хэлж байсан. Би бас хэлсэн. Түүнээс биш жолоочийн тамхийг булааж авах үйлдэл хэн нэгэн хүн хийгээгүй. Тийм асуудал болоогүй. Хонгорзул, Оюунболд нилээн шоконд орсон би машинаасаа бууж байснаа санаад бусдыг сайн санахгүй байгаа юм. Би тухайн үед архи уусан хүнээр машинаа бариулах гэж байгааг мэдсэн боловч цагдаа таарвал асуудалгүй гэсэн болохоор д итгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,
Гэрч Э.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...яагаад осол болсон гэвэл би урд сууж явсан учраас тухайн үед 60-66 км цагийн хурдтай явж байсныг км-ийн заалтыг харж мэдсэн. Тэр үед чигээрээ явж байснаа жолоогоо хоёр тийш нь өөрөө хөдөлгөхөд гэнэт машин бөгсөө хаяад шарваж жолоодлого алдагдаад хажуу талын гэрлийн шонг мөргөсөн болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,
Гэрч О.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Оргил худалдааны төв 6-н буудлын урдаас хойшоо явж байсан зам дээр жолоогоо хоёр тийшээ хаялах маягтай мушгиад мурилзаж явж байгаад машин шарваснаас болоод замын зүүн талд байсан гэрлийн шонг мөргөсөн, шонг мөргөхдөө ...нарыг сууж байсан жолооч эсрэг талын ар хэсгээрээ мөргөсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,
Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Оргил худалдааны төвийн орчимд хар засмал зам дээр тэр үед жаахан цас хялмайлан орсон зам хальтиргаатай байхад өөрөө зориуд машины жолоог хоёр тийшээ дараад машины бөгсийг займчуулан явж байгаад гэнэт жолоодлого нь алдагдаж замын зүүн талын гэрлийн шонг мөргөж зогссон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,
2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн: “...асфальт, шулуун тэгш, цастай, хальтиргаатай, тогтуун, эерэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8-13/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “...г драйгер багаж ашиглан шалгахад 1.03 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл /хх-ийн 14/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ын өдрийн 151 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...биед баруун умдаг ясны дээд, доод салаа, баруун ууц ясны далавчны далд сэлтэрсэн хугарал /Мальгений хугарал/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед цохигдох, мөргөгдөх үйлчлэлээр 2018.01.09-нд үүсгэгдсэн байх боломжтой. ...учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 72-73/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн 1598 дугаар дүгнэлт: “...биед тухайн үед тархи болон ерөнхий биеийн доргилт 2 шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 69/,
“Ашид билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан: “...Тоёота Приус-11 маркийн 47-33 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн шууд зардлын дүн 1.566.000 төгрөг, нийт зардлын дүн 2.536.000 төгрөг...” /хх-ийн 75-76/,
Замын цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 105 дугаар техникийн шинжээчийн дүгнэлт: “...Тоёота Приус-11 маркийн 47-33 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, /жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл 2018-01-08 04 цаг 35 минут/ мөн дүрмийн 21.8 “Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн” /гэрч, хохирогч нарын мэдүүлэг/, мөн дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламж нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 93-94/, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-91/, бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч болон өмгөөлөгч нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх энэ талаар няцаан үгүйсгэх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд замын хөдөлгөөний дүрмийг бүрэн баримтлах мэдлэг, соёл дутмаг байдал шууд нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулж, бусдын эд хөрөнгөнд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн бөгөөд нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь түүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ.
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч нь /хх-ийн 46/ “...гаас эмчилгээний зардалд 300.000 төгрөг хүлээн авлаа. Цаашид нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй” гэсэн хүсэлт гаргасан, иргэний нэхэмжлэгч нь автомашины засварт 2.536.000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч нь нийт 270.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдааны явцад дээрх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хохирогч үлдсэн 276.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Хонгорзулд учирсан 270.000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлын талаар холбогдох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхийг түүнд үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, бусдын эд хөрөнгөнд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, энэ зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний болон жолоочийн үнэмлэх хавсаргаж ирүүлээгүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч г гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 3.3 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гаас нийт 546.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Х-д 270.000 төгрөгийг, хохирогч Б.О-д 276.000 төгрөгийг олгож, бусад зардлын талаар холбогдох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР