| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2405030601158 |
| Дугаар | 2025/ДШМ/333 |
| Огноо | 2025-03-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/333
2025 03 13 2025/ДШМ/333
Д.Гт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор И.Мөнхцэцэг,
шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Г.Энхболд,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2405030601158 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Г нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13в байрны 84 тоотод хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Э.Шын эзэмшлийн “iphone 13 рго mах” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явж хохирогч Э.Шт 2.050.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Гийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажпыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Г давж заалдах гомдолдоо: “...Миний бие ажил эрхэлж 4 ам бүлээ тэжээдэг тул надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Г.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Гийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэм буруутайд тооцсон. Энэ гэмт хэрэг нь сонгох санкцитай хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамаарч байгаа. Д.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Хохирогч Э.Шаас “хохирол төлбөр төлөгдсөн хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлт гаргаж байсан. Д.Г нь эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Оршин суух тодорхой хаягтай, ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх лавлагаа гаргаж өгсөн. Хохирол төлбөр төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү.” гэв.
Прокурор И.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Шүүгдэгч Д.Гийн хувьд хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч Д.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурор болон шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нийцсэн санал, дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны үед авагдсан, биеийн байцаалтаар эрхэлсэн ажил тодорхойгүй байсан. Өнөөдрийн шүүхэд гаргасан хүсэлттэй нь холбоотой анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргэсэн гэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан шаардлага хангаж байгаа нөхцөлд ялыг солих эсэх нь шүүхийн бүрэн эрхийн асуудал учраас шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх боломжтой. Прокурорын хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
хохирогч Э.Шын “...Бид нар авсан архиа хувааж уугаад би урьд шөнө нь нойргүй явсан тул ядраад унтсан байсан. Босоод ирэхэд миний гар утас байхгүй байсан. Ажлын ах гадаа гараад ойр хавийн хүмүүсээс асуухад “сүүлд орж ирсэн үл таних эрэгтэйг хар өнгийн куртик өмсөөд, архи уугаад явж байна лээ” гэж хэлсэн. ...П ах болон Батзаяа бид 3 сэрэхэд миний хар өнгийн куртик, утас, бор өнгийн хэтэвч зэрэг алга болсон. ...” /хх 14-15/,
гэрч Б.Г “...Тэгээд бид нар манай гэрт ороод авсан ногоон экс 0,75 гр архи согтууруулах ундаагаа уугаад ажлын дүү болох Б, Ш бид 3 унтсан хойгуур байрны дүү болох Д.Г нь миний гар утас болон Ш утас, гадуур хувцас зэргийг аваад гарсан байсан. Бид 3 сэрээд тухайн хүнийг байрны гадуур хайхад байгаагүй. Д.Г бид 3 тасраад унтсан хойгуур бид нарын утас, хувцас зэргийг аваад гарсан, тухайн хүн дараа нь таарахдаа “ахаа би аваад гарсан юм шиг байна, санахгүй байна” гэж хэлсэн. ...” /хх 26-27/ гэх мэдүүлгүүд,
таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 4-5/, “Дамно" ХХК-ийн шинжээчийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 38-41/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,
Шүүгдэгч Д.Г нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13в дугаар байрны 84 тоотод хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Э.Шын эзэмшлийн “iphone 13 рго mах” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 2.050.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Д.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бөгөөд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан 240 цагийн хугацаагаар буюу хуульд заасан доод хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Г “оногдуулсан ялыг 6 сарын хугацаагаар тэнсэхийг” хүссэн ба ингэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэх нөхцөл байдлуудыг иш татсан байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Д.Гийн үйлдсэн гэмт хэргийнх нь шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруу, хувийн байдалтай тохирсон бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.
Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ