Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2025/01074

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2025/01074

Улаанбаатар хот

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.*******тунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:1994 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид сэтгэл зүйч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт ухаа 2, 61/1 дүгээр байрны 27 тоот хаягт бүртгэлтэй, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 84 дүгээр байрны 19 тоотод /түр/ оршин суух, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:1995 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Нийтийн байрны 13 дугаар гудамжны 122а тоотод /түр/ оршин суух, ******* овогт ******* *******д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.*******,

Хариуцагч: Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Г.******* миний бие 2014 онд Б.*******тай танилцан улмаар 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтийн 0015 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүлээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүү А.*******-*******, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр охин А. нар төрсөн. Бид 2024 оны 12 дугаар сараас зан харилцааны таарамжгүй байдал, нөхөр Б.******* нь гэртээ ирэхгүй байх, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн зэргээс шалтгаалан тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү, охин 2 эх Г.******* миний асрамжид өсөж торниж байна. 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан Б.******* нь миний биед халдаж хүчирхийлсэн. Тухайн үед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх зүйл ангиар торгуулж байсан. 2024 оны 12 дугаар сараас эхлэн нөхөр Б.******* нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээр, бидний хоорондын харилцаа хөндийрч, зан араншингийн хувьд таарч тохирохгүй болж маргалдах болсон, энэ байдал нь 2 хүүхдийн сэтгэл зүй, зан ааш, хүмүүжил, тэдний эрх ашигт сөргөөр нөлөөлөх болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Нөхөр Б.*******тай хамтран амьдрах хугацаанд хүүхдүүдээ үл хайхрах зарим тохиолдолд хүмүүжлийн эерэг бус аргыг ашиглах, эцгийн үүрэг, анхаарал хандуулахаас илүү өөрийн хувийн байдлыг илүүд үзэх, гар утасны зохисгүй хэрэглээ ихтэй, хүүхдийн дэргэд буруу үлгэр дуурайлал үзүүлэх, гэр бүлийн үнэнч байх хариуцлагыг үл ухамсарласан үйлдэл гаргасан тул хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Мөн 2017 онд биднийг өрх тусгаарлаж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг Дуурсахын 33 дугаар гудамжны 19 тоотод хашаа байшин өгч байсан. Одоо тэр хашаа байшинг зарсан тул маргах зүйлгүй болно. 2022 онд миний аав Ш.Гэлэнхүүгээс Тоёота приус маркийн 69-18 УАК улсын дугаартай машиныг худалдан авч байсан бөгөөд уг машиныг өөртөө авах хүсэлтэй байна. Иймд уг нэхэмжлэлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. Б.*******гийн иргэний үнэмлэхийн үндсэн харьяалал нь Баянхонгор аймгийн Бууцагаан сум, Баянбүрд багт бүртгэлтэй боловч бид 2 Багануур дүүрэгт ажиллаж амьдарч байгаа, 2 бага насны хүүхэдтэй учир харилцан тохиролцож тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна гэжээ.

2.Нэхэмжлэгч Г.******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүх хурлаас өмнө 7 дугаар сард би нэг удаа хот явах гээд Хэрлэнгийн буудал дээр зогсож байхад ******* ирээд уулзъя, ярилцъя, эвлэрье гэхээр нь бид 2 ойрхон амралтын газарт очоод ярилцаад хоносон. Гэтэл нөгөө хүүхэн шөнө бид хоёрын байсан амралтын газарт ирээд бичлэг хийгээд цонх хагалаад орж ирсэн, тухайн үед би цагдаад дуудлага өгөх гэж байсан боловч нэг газар хамт ажилладаг болохоор ажлынхаа нэр хүндийг бодоод чимээгүй өнгөрөөж байсан. Өглөө нь босоод амралтын газрын төлбөр тооцоог нь хийгээд гарч байсан. Удалгүй миний амралт эхэлсэн учраас би хүүхдүүдээ аваад Баянхонгор явсан. *******тай хамт хоноход надад нөгөө хүүхнээ мартаж чадахгүй байна гэж хэлээд миний хажууд мессенжер чатаар харилцаж байсан, үүнийг сонсоод би шүүхээс дэмий л эвлэрүүлэх хугацаа авсан юм байна гэж хэлээд *******г явуулсан. Түүнээс хойш шүүхийн эвлэрүүлэн зуучлалаас дуудахад 1 өдөр ирээд ойр зуурын хувцсаа аваад явсан, энэ хугацаанд ямар ч тодорхой шийдэлд хүрээгүй, би нөгөө эмэгтэйтэй холбоотой байгаад байна уу гэхэд чи битгий ийм ядаргаатай юм яриад бай, ямар лайтай юм гээд элдэв, бусаар хараадаг. Би өнгөрсөн хугацаанд 2 хүүхдээ бодоод бүх зүйлийг тэвчиж, хичээсэн боловч энэ хүн намайг огт ойлгоогүй. Утсаар залгах, чат бичихдээ дандаа өөр хаягаас бичдэг, би үүнийг нь ойлгохгүй байгаа, намайг ******* үзмэрчид үзүүлэхэд өөр хүнтэй болсон байна гэж хэлсэн гээд ер нь дандаа намайг гүтгэдэг, миний хэлсэн ярьсанд итгэхгүй байна гэж хэлдэг. Сүүлд 10 дугаар сарын 30-нд уулзахад одоо энэ асуудлаа дуусгаад хүүхдүүдээ бодъё, байртай больё гээд ирсэн, гэхдээ болоогүй, ярих бүрдээ дандаа намайг буруутгасан байдалтай байдаг, хамт буудалд хоноход миний утсыг шалгаад уурлаад байсан, тэгэхээр нь би одоохондоо хэвийн байж чадахгүй, харилцахад хэцүү байна гэж хэлэхэд яагаад ингээд байгаа юм бэ гээд уурлаад ууж байсан пивоныхоо лаазаар амиа хорлоно гэж байсан. Өнөөдөр шүүх дээр ирэхэд гадаа таараад чи өөр хүнтэй юм биш үү гэж хэрүүл хийж л байна лээ. Намайг тэр уулзаад байгаа эмэгтэй нь ажлынхаа эвлэрүүлэхийн хүнтэй дандаа оройн цагаар уулздаг гэж хэлээд байдаг юм байна лээ, би тэр хүнтэй уулзаж байгаагүй, *******тай хамт нэг удаа л уулзаж байсан. Бид 2 тусдаа амьдраад 1 жил болж байна, энэ 1 жилийн хугацаанд ямар ч үр дүн гарсангүй, би хүүхдийнхээ төлөө хичээж үзлээ, үргэлж намайг буруутгаж байна, би орон нутагт ажилласан 5 жилийн тэтгэмжээ авах гээд энэ ажилдаа тэсэж байна, хүүхдүүд маань манай аав ээж дээр байгаа, энэ хүн надтай учраа олоогүй байж манай ээж, аав дээр очиж баахан юм ярьсан байна лээ. Одоо би гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө болох машинаа өөрийнхөө нэр дээр авах саналтай байна. Одоо энэ машиныг ******* унаж байгаа, уг нь бид хоёрт мал байгаа, гэхдээ би малаас авъя гэж бодохгүй байна, машинаа өөрөө авч үлдээд, 2 хүүхэд дээрээ дуртай үедээ очиход хэрэгтэй гэж бодож байна гэв.

3.Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Өнгөрсөн хугацаанд эвлэрэх гэж үзсэн, одоо хоёулаа яах вэ, дараагийн төлөвлөгөө гаргаад цаашдаа яаж амьдрах тухай ярилцъя гэхээр өөдөөс нөгөө хүүхнийг яриад надад хэцүү дарамттай байдаг, би тэр хүнээс салаад удаж байна. Сүүлдээ ойлголцохгүй, амьдрал болохгүй хүнтэй амьдрах гэж ингэж байхаар салсан дээр юм байна гэж бодсон. Одоо хотод нийтийн байранд түрээсээр амьдарч байгаа, ажлынхаа хажуугаар хүүхдүүдтэйгээ уулзаж байгаа. *******тэй уулзах гэхээр өөдөөс нөгөө хүнийг байнга яриад байхаар надад хэцүү байдаг, би гомдлоо надад гарга, уйл, ямар байгаагаа надад хэл би буруу юм хийсэн гэж хэлдэг ч гэсэн энэ хүн юу ч ярихгүй дуугүй л байдаг. Өнгөрсөн зун 7 сард болсон асуудлыг ярьж байна, түүнээс биш би тэр хүнээс салаад удаж байна, би гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна, машиныг бол өгөхгүй, машинаа өөр хүнд зарсан, одоо бичиг баримтаа шилжүүлээгүй байгаа. Анх энэ машиныг авахдаа энэ хүнээс нэг ч төгрөг авч байгаагүй. Надад гаргасан занг нь бодохоор би хөрөнгө хуваах сонирхолгүй байна. ******* намайг ойр тойрны хүмүүстээ байнга муугаар ярьдаг, тэр хүмүүстэй дараа нь таараад юм яриад суухаар надад ярьсан яриаг нь хэлээд байдаг. Муу ч сайн ч 10 жил эхнэр, нөхөр болж амьдарсан байж арай ч намайг муулахгүй байх гэхээр муу муухайгаар ярьсан байдаг. Сүүлдээ би эндээс шилжихээс өөр аргагүй болоод явсан, түүнээс биш нөгөө хүнээс болж шилжээгүй, тэр хүн 5 сард хот руу шилжсэн, харин би 8 сард хот руу шилжсэн шүү дээ. Энэ хүн миний аав ээжийг муугаар ярьж, аав нь архичин байсан, бага байхад нь хаяад явсан гэж яриад байдаг юм байна лээ. Ер нь ярилцаад суух гэхээр юу ч хэлэхгүй, өөрийгөө илэрхийлэхгүй хүйтэн хөндий байгаа нь надад хэцүү байдаг. Уучлаад цаашаа хамт байя гэхээр юу ч ярихгүй суугаад л байдаг. Би хэд хэдэн удаа ирж хамт хоносон, энэ хүний сэтгэл нь хөндийрсөн юм байна гэж бодсон, миний дугаарыг блоклоод байгаа болохоор би дугаараа нууцалж залгахаас өөр аргагүй байдаг гэв.

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Багануур дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, Нийслэлийн Ерөнхий боловсролын Боловсрол сургуулийн тодорхойлолтууд, Биваангрид ӨЭМТ-ийн тодорхойлолтууд, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл зэрэг баримтуудыг, хариуцагчаас хариу тайлбар зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

5.Шүүхээс нэхэмжлэгч Г.*******ийн хүсэлтээр Ш.Гэлэнхүүгээс гэрчийн мэдүүлэг авсан, Гэр бүлийн тухай хуульд зааснаар насанд хүрээгүй А.*******-*******эс тайлбар авах ажиллагааг гүйцэтгэсэн байна.

6.Хариуцагчийн зүгээс шинжээч томилж автомашины үнэлгээ хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан ба шүүх хүсэлтийг хангаж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Нөхөр Б.******* нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тул гэрлэлтээ цуцлуулна, дундын хөрөнгө болох Приус маркийн авто машиныг өөрийн өмчлөлд үлдээнэ гэж тодорхойлсон бол хариуцагч Б.******* нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, Приус маркийн авто машиныг өөрийн цалингаар худалдаж авсан тул өгөх боломжгүй гэж тус тус маргаж байна.

3.Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Б.******* нар нь 2014 онд танилцан, 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүү А.*******-*******, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр охин А. нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 1122004437, 6401000550 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, Нийслэлийн Ерөнхий боловсролын Боловсрол сургуулийн тодорхойлолтууд зэргээр тогтоогджээ. /хх-ийн 6-10 дугаар тал/

4.Гэрлэгчид нь бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эргэж хамтран амьдрах хүсэлгүй, хариуцагч нь гэр бүлээс гадуурх харилцаа тогтоосон, шүүхээс зохигчдын хүсэлтээр эвлэрэх 2 сарын хугацаа олгосон боловч хариуцагч нь эвлэрэх талаар санаачилга гаргаагүй, шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч талууд эвлэрээгүй болох нь Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэлүүд, Багануур дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн илтгэх хуудас зэргээр тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт .., хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох.., асуудлыг шүүх шийдвэрлэнэ, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу хүүхдүүдийг эх Г.*******ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Б.*******гаас тэтгэлэг гаргуулж, хүү А.*******-*******, охин А. нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

6.Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, 4.5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.

7.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар гэрлэгчид нь хүүхдүүдтэйгээ байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон тул тэдэнтэй уулзах эрхийг хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй болно. Иймд гэрлэгчдийн зүгээс хэн нэгнийгээ хүүхэдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.

8.Гэрлэгчид нь хамтран амьдрах хугацаандаа Tоyoto pruis-XW35 маркийн 69-18 УАК улсын дугаартай автомашиныг 23,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч Г.*******ийн аав болох Ш.Гэлэнхүүгээс худалдан авсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрч Ш.******* Tоyoto pruis 35 маркийн авто машиныг би эзэмшиж байсан. 2023 оны 7 сард хүргэн машиныг маань худалдаж авъя гээд би 25 сая төгрөгөөр худалдаж авсан машинаа 1 жил ч унаагүй 23 сая төгрөгөөр хүргэндээ зарсан. Машиныхаа нэрийг шилжүүл гэхээр би хөдөөний хаягтай шилжүүлж болохгүй байна, таны нэр дээр байж байг гээд одоо болтол шилжүүлж аваагүй байгаа гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 40-41 дүгээр тал/

9.Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 209 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ..., 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 69-18 УАК улсын дугаартай, Tоyoto pruis 35 маркийн, суудлын зориулалттай автомашины зах зээлийн үнэ 16,700,000 төгрөг болохыг тодорхойлов гэжээ. /хх-ийн 54- 71дүгээр тал/

10.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 16,700,000 төгрөгийн үнэ бүхий Tоyoto pruis-XW35 маркийн 69-18 УАК улсын дугаартай автомашиныг гэрлэгчдийн аль алиных нь ажил хөдөлмөр эрхэлсний үр дүнд бий болсон хөрөнгө байх бөгөөд хүүхдүүд эхийн асрамжид үлдсэнээр гэрлэлтээ цуцлуулж буй эцэг эхийнхээ хөрөнгөөс тэдгээртэй адил тэнцүү хувааж авах эрхгүй,

гэрлэгчдэд 50/50 хувиар хуваарилах нь гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, зохигчдын хувийн байдал, хэн аль нь түрээсийн байранд амьдардаг зэргийг харгалзан үзэв.

11.Шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эх Г.*******ийн асрамжид үлдээн, эцэг Б.*******гаас хуулиар тогтоосон тэтгэлгийг сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлэх, шинжээчийн үнэлгээгээр тогтоосон 16,700,000 төгрөгийн үнэ бүхий Tоyoto pruis-XW35 маркийн 69-18 УАК улсын дугаартай автомашиныг хариуцагч Б.*******гийн эзэмшилд үлдээж, нэхэмжлэгчид ногдох хэсэг болох 8,350,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгохоор шийдвэрлэв.

12.Шинжээчийн зардлын талаар:

Шүүх шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилж Tоyoto pruis -XW35 маркийн авто машины зах зээлийн үнэлгээг гаргуулсан ба шинжээчийн ажлын хөлс 165,000 төгрөг болсон байна.

Шинжээчийн ажлын хөлс нь нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан хэмжээгээр шүүхийн зардлыг нөхөн төлүүлж, нэхэмжлэгчээс 82,500 төгрөг, хариуцагчаас 82,500 төгрөг нийт 165,000 төгрөгийг гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ.

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү ******* овогт *******гийн *******-*******, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин ******* овогт *******гийн нарыг эх Г.*******ийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү А.*******-*******, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин А. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлгийг тус тус тогтоон эцэг Б.*******гаас сар бүр гаргуулан /эх/ Г.*******т олгосугай.

4.Хариуцагч Б.*******г Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх, хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзах, тодорхой хугацаагаар хамтдаа байх эрхийг хориглох эрхгүй болохыг нэхэмжлэгч Г.*******т анхааруулсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

6.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар Tоyoto pruis-XW35 маркийн 69-18 УАК улсын дугаартай авто машиныг хариуцагч Б.*******гийн эзэмшилд үлдээж, нэхэмжлэгчид ногдох хэсэг болох 8,350,000 төгрөгийг хариуцагч Б.*******гаас гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Норжинлхамд даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан шинжээчийн хөлсөнд Г.*******ээс 82,500 төгрөг, Б.*******гаас 82,500 төгрөг нийт 165.000 төгрөгийг тус тус гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ