| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 185/2018/0273/Э |
| Дугаар | 289 |
| Огноо | 2018-04-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.М |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,
Улсын яллагч: Л.М,
Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн,
Шүүгдэгч /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дорж овогт Бямбадоржийн холбогдох эрүүгийн 1709022330072 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, ... урьд
Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 05 сарын 30-ны өдрийн 211 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, регистрийн дугаар .., ..
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Юнион бюлдинг” ХХК-ийн решепшн иргэн ширээний доор байсан гар цүнх хулгайлан авч түүнд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц. /хх-ийн 20-21/, гэрч Ц.Б /хх-ийн 22/, яллагдагч /хх-ийн 29/ нарын өгсөн мэдүүлэгүүд, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11-12/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 8/, шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Юнион бюлдинг” ХХК-ийн решепшн иргэн ширээний доор байсан гар цүнх хулгайлан авч түүнд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Ц. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Юнион бюлдинг ХХК-д 2017 оны 11 сарын 23-ны өдөр 11 цаг 20 минутын орчим намайг текнээсээ түр холдоод ирэх хооронд текний тавцангийн доод хэсэгт тавьсан байсан гар цүнхийг маань гаднаас орж ирсэн үл таних 4 эрэгтэй аваад гараад явсан байсан. Би цүнхээ алдсан талаар 40 минутын дараа мэдээд камераа шүүж үзсэн. Тэгээд цүнхээ хулгайд алдсан талаараа мэдээд дуудлага өгсөн. Намайг текнээсээ түр холдоод ирэх хооронд гаднаас орж ирсэн залуугийн нэг нь хулгайлан авсан байсан нь бичигдсэн. Миний алдсан гар цүнхэнд хэтэвч, бэлнээр 30 000 төгрөг, автобусны карт, түлхүүрнүүд, утасны цэнэглэгч, хуучин хэрэглэж байсан нүүрний будагнууд, банкны 3 ширхэг, миний иргэний үнэмлэх, I phone 6 plus маркийн гар утас зэрэг эд зүйлс байсан. Би алдсан гар утсаа 2016 оны 11 сард 500 000 төгрөгөөр хуучин хэрэглэж байсан гар утас худалдан авсан. Хэтэвчээ 2016 оны 11 сард бэлгэнд авсан байсан. Би одоо гар утсаа 500 000 төгрөгөөр, хэтэвчээ 100 000 төгрөгөөр үнэлж байна. Бусад эд зүйлсээ үнэлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
Гэрч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн унаж явсан 5833 УНС улсын дугаартай Приус 20 маркийн автомашинаа 10 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Юнион бюлдинг ХХК-ийн хашаанд тавьсан байж байгаад 11 цаг 30 минутын орчим гарч ирээд машинаа аваад явах гэтэл байрны хажууд хар өнгийн цүнх хэвтэж байхаар нь би хүнийг нь олдож магадгүй гэж бодоод машиндаа хийсэн байж байгаад түр хүлээгээд хөдлөөд явсан. Тэгээд байж байхад цагдаагийн газраас ярьж байна гэж хэлээд дуудахаар нь хүрч ирээд цүнхийг байсан эд зүйлстэй нь хамт хүлээлгэн өгсөн. Би цүнхний эзнийг нь олж өгөх гээд газраас авч машиндаа хийсэн. Тэгээд цагдаагаас ярихаар нь цүнхэнд байсан эд зүйлстэй нь хамт хүлээлгэн өгсөн байгаа. Миний олсон цүнхэнд гар утасны цэнэглэгч, тэмдэглэлийн дэвтэр, нүүрний будаг, автобусны карт зэрэг эд зүйлс байсан. Цааш нь сайн ухаж үзээгүй учир өөр юу байсныг сайн анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
Яллагдагч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 11 сарын 23-ны өдөр танил Төрөө, Бат-Эрдэнэ, Батаа нарын хамт явж байсан юм. Тэгээд Юнион бюлдинг төв рүү ариун цэврийн өрөө орох гэж ороод явж байтал ресепшн нь байхгүй тэр хавьд нь ерөөсөө хүн байхгүй байсан. Тэгэхээр нь ресепшний ширээний доор байсан цүнхийг аваад гарсан. Цүнхэн дотор түрийвч байсан. Түрийвчинд 40.000 төгрөг байсан. Iphone 6 plus гар утас байсан. Тэгээд түрийвчийг нь явж байгаад газар хаясан, цүнхийг мөн хаясан. 40 000 төгрөгөөр 2 шил архи авч уусан. Гар утсыг өөртөө аваад таксинд суугаад явсан асуудал болсон. Цүнхийг би хулгайлсан. Би цугтаа явж байсан залуучуудын хамт явсан тэд нар үүдэнд үлдээд би цааш 00 руу явах замдаа ресепшний ширээний ард талд байсан эмэгтэй хүний гар цүнхийг авчихсан юм, тэд нар бол намайг хулгай хийснийг мэдээгүй. Дараа нь гар утас гаргаж ирэхийг хараад л мэдсэн байх. Тэр талаар ерөөсөө ярилцаагүй. Би тэд нарын гэрийн хаяг, утасны дугаарыг мэдэхгүй. Тэр Ай фоне маркийн гар утас авч явсан Бачаа гэх залуу гар утас ч барьдаггүй юм. Одоо хаана байгаа газрыг нь олохгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23, 29/,
Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11-12/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 8/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон зан, ёс суртахууны хэм хэмжээ дутагдсан байдал буюу амар хялбар аргаар амьдрах гэсэн санаа зорилго нөлөөлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймд дээрх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Б.Н-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б. ял оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь түүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ.
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Ц. нь нийт 530.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 100.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан байх бөгөөд үлдэх 430.000 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. н-г бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б. гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-аас нийт 430.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ц/-д олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б. урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР