Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/334

 

 

 

 

    2025           03             13                                       2025/ДШМ/334

 

Б.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сонинмөнх,

хохирогч О.Эын өмгөөлөгч Ц.Жавхлантөгс,

яллагдагч Б.С, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/1146 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч С.Ичинхорлоогийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Сд холбогдох 2210023211215 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.       

Яллагдагч Б.С нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г Л” ХХК-ийн цехийн дарга албан тушаалд ажиллаж байхдаа 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сарын хооронд бараа захиалгын мөнгө, бараа захиалсан байгууллагаас захиалгаа цуцлан буцаан гэр бүлийн хамаарал бүхий иргэдийн дансаар болон өөрийн дансаар шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр нийт их хэмжээний буюу 86.940.405 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нь гэрээний дагуу шуудай нийлүүлсэн талаар мэдүүлсэн ба мөн “Ц” ХХК-ийн 53.000 ширхэг баяжмалын шуудай худалдан авсан талаар хариу өгсөн баримттай байхад тухайн асуудал дээр хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, ур уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй, оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна. Тиймээс “Ц ХХК”-д шуудай нийлүүлсэн эсэхийг тогтоохын тулд “Г Л” ХХК болон “Ц” ХХК компаниудын санхүүгийн анхан шатны баримт болох тооцоо нийлсэн актуудад аудитын болон шүүхийн шинжилгээний нягтлан бодох бүртгэлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг нэг мөр шалгаж, оролцогч нарын хуулиар олгосон эрх, үүргийг нь эдлүүлж, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлох, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг хэн ямар хэмжээгээр хариуцах, эсхүл хариуцах гэм хорын хэмжээг багасгах үндэслэлтэй эсэх зэрэг хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтойгоос гадна гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нэгэн зэрэг нөлөөлөх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн “шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр яллагдагч Б.Сд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч С.Ичинхорлоо давж заалдах гомдолдоо: Анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар “компаниудын санхүүгийн анхан шатны баримт болох тооцоо нийлсэн актуудад аудитын болон шүүхийн шинжилгээний нягтлан бодох бүртгэлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай” гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд “Ц” ХХК-ийн тайлбараар үгүйсгэгддэг. Түүнчлэн, гэмт хэргийн хохирол, хор уршгийн тооцооллын талаар аудитын дүгнэлт аль хэдийн хийгдсэн. Түүнийг шинжээчийн дүгнэлтээр баталгаажуулсан болно. Гэвч анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Түүнчлэн тухайн хэргийн талаарх гомдлыг 2022 онд гаргасан бөгөөд 3 жилийн хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч талын хүсэлтээр ажиллагаануудыг хангалттай хийсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор удаа дараа хугацаа сунгаж байсан. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх рүү шилжүүлж өгнө үү. ...” гэв.    

Хохирогч О.Эын өмгөөлөгч Ц.Жавхлантөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч С.Ичинхорлоогийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид урьдчилсан хэлэлцүүлэг дээр хийсэн ажиллагаа хангалтгүй талаар дурдсан. Завших гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар 3 дахь жилийн нүүрийг үзэж байна. Хохирогч нарын зүгээс тухайн үйл баримтай холбоотой тодорхой мэдүүлгийг өгсөн. Мөн яллах дүгнэлтэд тодорхой дурдсан. С.Ичинхорлоо өмгөөлөгчийн гомдолд дурдсан хохиролтой холбоотой шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан талаар болон нотлох баримтыг шинжлэн судлах замаар, хохиролтой холбоотой зөрүүг тооцох боломжтой. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой. Хамаарал бүхий этгээдүүдийн гэрчээр өгсөн мэдүүлэгт хэргийн үйл баримтыг тодорхой дурдсан. ...” гэв.         

Яллагдагч Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус компанид шуудай үйлдвэрлэж “Ц” ХХК-д ачуулж байсан. Үүнийг нотлохын тулд анхан шатны бүртгэл болох падан болон тухайн үеийн баримт бичгийг шүүхэд гаргаж өгсөн. Тухайн баримтыг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй. Зөвхөн Энхмаагийн дансаар орсон мөнгийг тооцсон. Намайг шуудай үйлдвэрлэж “Ц” ХХК-д ачуулсан үйл баримтыг шалгаж тогтоогоогүй. Удаа дараа өмгөөлөгчөөр дамжуулж хүсэлт гаргасан. “Ц” ХХК-д 53.000 ширхэг шуудай нийлүүлсэн баримт байгаа. ...” гэв.

Яллагдагч Б.Сгийн өмгөөлөгч Г.Ичинхорол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан. 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэмэлт ажиллагаа хийлгүүлэх талаарх хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг прокуророос бүрэн хангаж шийдвэрлэсэн. Гэтэл уг ажиллагаа хийгдээгүй, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дахин хүсэлт гаргасан боловч 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоолоор хариу мэдэгдэх тухай хүсэлт хүргүүлсэн. Гэтэл хүсэлтийг хангахаас өмнө буюу 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, гардуулсан нь оролцогчийн эрхийг хязгаарласан. Нөгөө талаар хохирогч байгууллагын захирал О.Эаас гомдол гаргасан байдаг. Тухайн компанийн захирал О.Э мөн эсэх талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Менежер Энхмаа гэх хүний мэдүүлэг байдаг. “Миний данснаас Б.Сгийн дансанд олон удаагийн давтамжтай гүйлгээ хийсэн” талаар мэдүүлдэг. “Г Л” ХХК-ийн хохирогч уу, эсхүл Энхмаа хохирогч уу гэдэг нь тодорхойгүй. Б.Сгийн хувьд Энхмаа болон тус компаниас орж ирсэн мөнгөтэй холбоотой маргаан байхгүй. Ажиллаж байх хугацаандаа тухайн шилжүүлсэн мөнгөөр шуудай авч, буцаагаад “Г Л” ХХК-д нийлүүлсэн. “Г Л” ХХК-ийн цаашаа, “Ц” ХХК-д гэрээний дагуу нийлүүлсэн байдаг. Шинжээчийн хоёр удаагийн дүгнэлт гарсан. 91.000.000, 80.000.000 гэх энэ нь Б.С болон хамаарал бүхий этгээдүүдийн дансанд шилжсэн мөнгөн дүн гарсан. Хэдий хэмжээний шуудай нийлүүлж “Г Л” ХХК-д өгсөн эсэхийг ялгаж зааглах ёстой. Гэтэл ялгасан зүйлгүйгээр шууд Б.С 86.000.000 төгрөгийн хохирол үүсгэсэн гэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Сонинмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “...Анхан шатны шүүхээс гаргасан санал үндэслэл бүхий байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.14 дүгээр зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагаа оролцогчийн эрхийг хангаагүй байсан. Хяналтын прокурор Баттулга яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, шүүгчийн захирамжид дурдагдсан. “Ц” ХХК-д 35.000 шуудай баяжмал өгсөн эсэх асуудлаар өмнө хоёр удаа гомдол гаргахад, эхний удаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч уг ажиллагаа хийгдээгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Цагдаагийн ахмад Энхтүвшин нь хохирогч О.Э 53 хуудас материал өгсөн талаар дүгнэлт үйлдэж, хэргийг буцааж шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа хийсэн эсэх талаар дурдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж хуульчилсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос яллагдагч Б.Сгийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г Л” ХХК-ийн цехийн дарга албан тушаалд ажиллаж байхдаа 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сарын хооронд бараа захиалгын мөнгө, бараа захиалсан байгууллагаас захиалгаа цуцлан буцаан гэр бүлийн хамаарал бүхий иргэдийн дансаар болон өөрийн дансаар шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр нийт их хэмжээний буюу 86.940.405 төгрөгийг завшсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5 дахь заалтуудад заасан нотолбол зохих байдал болох гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоож чадаагүй үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр яллагдагч Б.Сд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотолно” гэж тус тус заасан ба ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.

Яллагдагч Б.С гэрээний дагуу шуудай нийлүүлсэн талаар мэдүүлсэн ба мөн “Ц” ХХК-ийн 53.000 ширхэг баяжмалын шуудай худалдан авсан талаар хариу өгсөн баримттай байхад тухайн асуудал дээр хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, ур уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй, оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Тодруулбал, яллагдагч Б.С нь “Ц ХХК”-д шуудай нийлүүлсэн эсэхийг тогтоохын тулд “Г Л” ХХК болон “Ц” ХХК компаниудын санхүүгийн анхан шатны баримт болох тооцоо нийлсэн актуудад аудитын болон шүүхийн шинжилгээний нягтлан бодох бүртгэлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах, энэ талаарх баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Яллагдагч Б.Сгийн гэмт хэрэг үйлдэх сэдэл, санаа зорилго, хохирлыг нарийвчлан тогтоох болон бусад ажиллагаануудыг хийж гүйцэтгэх нь хэргийн шийдвэрлэлтэд онцгой ач холбогдолтой байх тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх ажиллагаануудыг хийснээр гэмт хэргийн үйл баримт, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилго, шалтгаан нөхцөл, гэмт хэргийн бодит хохирол, хор уршгийг нарийвчлан тогтоох зэрэг нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан, нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар бүрэлдсэн байх шаардлагатай ба түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах суурь нөхцөл болсон байх ёстой.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/1146 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогчийн О.Эын өмгөөлөгч С.Ичинхорлоогийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/1146 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогчийн О.Эын өмгөөлөгч С.Ичинхорлоогийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                             С.БОЛОРТУЯА

  ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ