Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2025/01061

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2025/01061

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хишиг-Уул ХХК-ийн баруун жигүүрт байрлах, ******* банкны Багануур салбарын Б.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч: Э.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

******* банкны Багануур салбар нь Б.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.******* овогтой *******/РД:***********/ нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ******* банктай *************тоот зээлийн гэрээ байгуулж 17,380,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ******* банктай *************-1 тоот цалингийн зээлийн нэмэлт гэрээ байгуулж 16,970,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлийг тус тус авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийг 185 хоног хугацаа хэтрүүлэн 3,620,881 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахаар байна. Б.******* банкнаас байнга идэвхтэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын * дүгээр гудамжны * тоот хаягт оршин сууж байсан боловч одоо тэр хаягтаа амьдардаггүй болох нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 103/ШЗ2025/00779 тоот захирамжаар тодорхойлогдож байгаа тул ******* овогтой ******* эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******зээл авахдаа Кей эй майнинг компанид 5 жил ажилласан, эхнэр хүүхдийн хамт гурвуулаа амьдарч байсан. 2025 оноос хойш зээлээ төлөхгүй байхаар нь хаягаар нь очиход эхнэр нь нас барсан байсан, охин нь ******* миний төрсөн эцэг биш, хойд аав, одоо хамт байдаггүй, хаана байгааг нь мэдэхгүй байна гэсэн, 2024 оны 1 сараас хойш ажилгүйдлийн тэтгэмжээр зээлээ төлж байгаад тэтгэмж дууссанаас хойш огт төлөлт хийгээгүй гэв.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 103/ШЗ2025/00779 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, зээлийн болон барьцааны гэрээний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Б.*******нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь ******* банкны Багануур салбар, Б.*******нарын хооронд байгуулагдсан *************дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 103/ШЗ2025/00779 дугаартай шүүгчийн захирамж, ******* банкны Багануур салбарын шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ. *******ын *******/РД:*********/ гэсэн регистрийн дугаартай, зээл авах үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын * дүгээр гудамжны ** тоот хаягт амьдарч байсан гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар *******ын ******* /РД:***********/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Б.*******нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг тухай бүр Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч ******* банкны Багануур салбарт анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.

5.Б.******* хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хаягийг хүсэлт гаргагчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ