| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/01159/И |
| Дугаар | 103/ШШ2025/01059 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2025/01059
| 2025 оны 11 сарын 12 өдөр | Дугаар 103/ШШ2025/01059 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, /12091/ Д.Нацагдоржийн гудамж, 64/2 байр, Б зааланд байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн Г.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч: Ө.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ******* ББСБ ХХК Багануур салбар нь Г.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.******* овогтой ******* /РД:**********/ нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ******* ******* ******* ББСБ ХХК-тай ******************тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 36 хувийн хүүтэйгээр цалингийн зээл авсан. Зээлдэгч нь гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 548,100 төгрөг, зээлийн хүүд 450,907 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,568 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш төлөлт хийлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 462 хоног хугацаа хэтрүүлж байна. 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 6,714,605 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний * дугаар гудамжны ** тоот хаягт оршин сууж, дүүргийн БЕМП буюу цахилгаан механикийн үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд 2024 оны 6 сард ажлаасаа гарсан ба бүртгэлтэй хаягаар очиход хаягандаа амьдардаггүй болох нь тогтоогдсон. Бүртгэлтэй дугаар болох ***********дугаар нь ашиглалтаас гарсан, ямар нэгэн холбоо барих боломжгүй байна. Салбарын зүгээс зээлдэгчийн бүртгэлтэй гэх Багануур дүүргийн 5 дугаар хорооноос зээлдэгчийн бүртгэлтэй эсэх тодорхойлолт авах хүсэлт гаргахад зээлдэгчийг тухайн хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх хариу өгдөг. Иймд ******* овогтой Ганчулууыг /РД:************/ эрэн сурвалжлан оршин суугаа хаягийг тогтоохыг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Г.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь ******* ******* ******* ББСБ ХХК, Г.******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ. *******ын ******* /РД:***********/ гэсэн регистрийн дугаартай, зээл авах үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний ** дугаар гудамж, ** тоот хаягт амьдарч байсан, БЕМП буюу цахилгаан механикийн үйлдвэрт ажиллаж байсан, ******* дугаарын гар утастай гэх мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар *******ын ******* /РД:***********/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Г.******* нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг тухай бүр Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч ******* ******* ******* ББСБ ХХК-д анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосугай.
5.Г.******* хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хаягийг хүсэлт гаргагчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ