2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/10125

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 19 191/ШШ2025/10125

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* хороо, *******ын ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, *******ийн *******гийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 26-р хорооо, Нарны хороолол, 4-р байр, 224 тоот тоот хаягт оршин суух, Басангийн *******д /РД: ОЮ70100631/ холбогдох

69,473,323 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******,

Хариуцагч Б.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч С.,

Гэрч Н., Ц.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Б.******* нь 2025 оны 04 сарын 25-ны өдөр 22-ын товчоонд байрлах авто машины худалдааны төвөөс 2017 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, Hino ringer маркийн 5 тонн даацтай ачааны FD7JPA-11515 арлын дугаартай, саарал өнгийн тээврийн хэрэгслийг Б.******* гэдэг хүнээс 65,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон.

Ингээд худалдах, худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг өгч, үлдэгдэл төлбөр 45,000,000 төгрөгийг ББСБ ХХК-иас 45,000,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай сард 1,670,000 төгрөг зээлийн төлбөрт төлөхөөр зээлийн гэрээ байгуулан худалдан авсан.

Авто машиндаа улсын дугаар, тос масло авах, даатгалын үйлчилгээ гэх мэт төлбөрүүдийг төлж, жижиг үйлчилгээ засвар хийн Нарантуул захын өргөтгөл дотор зогсож Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу ачаа ачаад 2025 оны 05 сарын 06-ны өглөө Улаанбаатар хотоос хөдөлсөн.

Гэтэл Төв аймгийн Эрдэнэсант сум ороод машины мотор халж доголдоод цаашаа явах ямар ч боломжгүй болж засварчин дуудаж мотороо үзүүлсэн. 2025 оны 05 сарын 07-ны өдөр Х. гэх хүн машиныг задалсан ба тэр хүн 20 жил машин барьж байгаа, засварчин гэсэн. Х. машины моторыг задлаад задаргаа орсон, боосон мотор байна, тэндээ ч задаргаанд орсон байж магадгүй гэсэн.

Ингээд хариуцагч С.******* руу утасдаад машины мотор халаад доголдоод явахгүй болчихлоо гэхэд надад хамаагүй, та нар аваад явсан бол би хариуцахгүй гэж уурлан утсаа тасалсан. Ачааны эзэд ачаа удаалаа, муудах зүйл байгаа гэсэн тул би Улаанбаатар хотоос машин хөлсөлж, ачаагаа шилжүүлэн ачиж Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу явуулсан.

Машины моторыг бага багаар хөргөөн, мөн ачаагүй байсан тул хотод 2025 оны 05 сарын 12-ны өдөр орж ирж Сонгинохайрхан дүүрэгт, 2******* хорооллын тэнд айлын хашаанд тавьсан.

Өндөр үнэтэй машин банк бус санхүүгийн байгууллагын зээлээр өндөр хүүтэй авчихаад мөн дээр нь хүний ачаа ачсан явж байгаад замдаа ийм хүнд байдалд орсондоо маш их цочирдож хохирол амсаад одоо болтол маш хүнд байдалтай байна.

Уг авто машиныг Японоос гаалийн бичигтэй орж ирсэн, хэдэн жилдээ гар хүргэхгүй, засвар үйлчилгээ хийхгүй гэж бодож худалдаж авсан. Гэтэл гаалийн бичигтэй орж ирсэн машин атлаа анхны удаагийн тээвэрлэлт ч хийж чадалгүй доголдож, эвдэрсэн, мөн дээр нь банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү яваад, ачаа тээвэр хийж чадахгүй байна.

Хариуцагч Б.******* анхнаасаа задаргаа орсон, угсарсан мотортой, доголдолтой машиныг зориуд хууран мэхлэн зарсан гэж үзэж байгаа. Гаалийн бичиг дээр цагаан өнгөтэй гэж байсан ба саарал өнгийн машин байсан.

Иймд Б.*******гаас авто машины үнэ 65,000,000 төгрөг, жолоочийн хариуцлагын даатгалд төлсөн 136,323 төгрөг, авто машины даатгалд төлсөн 1,287,000 төгрөг, өндөрлөгөөны нум худалдан авсан төлбөр 300,000 төгрөг, Эрдэнэсант сумаас засварчин дуудаж жийрэг солиулж тавиулсан ажлын хөлс 250,000 төгрөг, ачаагаа Улаанбаатар хотоос УАА улсын дугаартай ачааны машин дуудан шилжүүлэн ачиж Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу ачуулсан хөлс 2,500,000 төгрөг, нийт 69,473,323 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. УКН улсын дугаартай, тээврийн хэрэгслийг Б.******* миний бие Япон улсаас 2025 оны 02 сарын 13-ны өдөр импортоор оруулж ирсэн бөгөөд уг тээврийн хэрэгслийг иргэн Б.******* нөхрийн хамт ирж үзээд банк бус санхүүгийн байгууллагын зээлээр худалдан авахаар харилцан тохиролцон бичиг баримтыг авч яваад зээлээр шийдүүлж авсан.

Уг тээврийн хэрэгслийг Б.******* худалдан авах үед Монголд яваагүй, улсын дугаар аваагүй, гаалийн бичигтэй, оношлогоонд 2025 оны 04 сарын 02-ны өдөр орж тэнцсэн бөгөөд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, эд хөрөнгө байсан.

Авто машиныг хүлээлгэн өгсөн 2025 оны 04 сарын 25-ны өдөр компьютер оношлогооны хүн дуудаж оношлуулан авто машиныг хүлээлгэн өгсөн ба оношлогооны ажлын эхнэр Ц. маань өөрийн данснаас шилжүүлсэн.

Оношлогоо хийлгэх үед Б.*******гийн нөхөр гэх хүнийг байлцуулан оношлуулахад ямар ч асуудалгүй машин байна гээд аваад явсан.

Гэтэл 2025 оны 05 сарын 07-ны өдөр Б.*******гийн нөхөр гэх хүн дугаарын утаснаас миний дугаарын утас руу залгаж, Төв аймгийн Эрдэнэсант суманд явж байна, машин халаад байна гэсэн.

Би хариуд нь тосоол чинь дундарсан юм биш үү гэхэд тосоол нэмсэн гэсэн. Би чи халуун мотор дээр хүйтэн тосоол хийгээд крышканы жийрэг юм уу, крышкаа хагалчихсан юм биш үү, тийм бол хамаагүй хүнээр задлуулж болохгүй шүү, хотод авчирч мэддэг хүнд нь үзүүлье гэж хэлсэн.

Удалгүй Б.*******гийн нөхөр гэх хүн хамаатны хүнээрээ мотор задлуулж байна гээд дугаараас вайбер чатаар мотор задалсан бичлэг, зургаа явуулахаар нь хамаагүй хүнээр задлуулж болохгүй гэж хэлээд байхад яаж байгаа юм бэ, хотод аваад ирвэл би сайн мэддэг хүнээр хамт байж байгаад үзүүлээд учраа ольё гэж хэлсэн, үүнээс хойш надтай машинаа үзүүлэх талаар огт холбогдоогүй.

Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлдээ уг машиныг угсарсан мотортой, өнгө зөрсөн гэсэн байх ба уг машин мөнгөлөг саарал өнгөтэй бөгөөд арлын дугаараар нь цахимаас хайхад фото зургаараа гарч ирдэг.

Би тухайн машиныг Япон улсаас дуудлага худалдаагаар авч ачуулсан. Өнгөний хувьд гаалийн мэдүүлэгч зөрүүлж бичсэн байсныг улсын дугаар авах үедээ залруулсан болохоос угсарсан машин огт биш болох нь смарткар.мн хаягаар улсын дугаарыг хийж үзэхэд харагдана.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар,

ББСБ ХХК-тай 2025 оны 04 сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хуулбар, мөн 2025 оны 04 сарын 25-ны өдрийн үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт,

ББСБ ХХК-ийн 2025 оны 05 сарын 13-ны өдрийн тодорхойлолт,

2025 оны 04 сарын 25-ны өдрийн тээврийн хэрэгсэл, худалдах, худалдан авах гэрээний хуулбар, гаалийн хилээр бараа нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар, Б.*******гаас Б.д одгосон авто машин захиран зарцуулах итгэмжлэлийн хуулбар,

Төлбөр төлсөн гэх 3 хуудас баримт /нотлох баримтын шаардлага хангаагүй/,

Машины эвдэрсэн гэх эд ангийн зургууд /гар утсаар авсан/,

Ачаа шилжүүлэн ачсан тухай тодорхойлолт, П.ын иргэний үнэмлэхний хуулбар, УАА улсын дугаартай авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, /нотлох баримтын шаардлага хангаагүй/,

Х.гийн тодорхойлолт,

Б.******* П.т 2,500,000 төгрөг, Миг даатгал ХХК-д 1,287,000 төгрөг болон 136,323 төгрөг, ББСБ ХХК-д 20,360,000 төгрөг шилжүүлсэн баримтууд,

300,000 төгрөгөөр нум худалдан авсан баримт зэргийг тус тус нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Хариуцагч Б.******* нь иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар,

Нэхэмжлэгч Б.*******гийн дугаараас ирсэн гэх чат /захидал/-ны хуулбар, Ц.ын дансны хуулбар /нотлох баримтын шаардлага хангаагүй/ зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Шүүхийн журмаар:

Нэхэмжлэгч Б.*******гийн хүсэлтээр 2025 оны 10 сарын 09-ний өдрийн 41624 дугаар бүхий шүүгчийн захирамжаар УКН улсын дугаартай тээврийн хэрэгслийн моторыг Н. задалж байгаа гэх бичлэгт үзлэг хийхээр шийдвэрлэсэн ба үзлэгийг 2025 оны 10 сарын 23-ны өдөр хийсэн байна.

 

Мөн өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч Б.*******гийн хүсэлтээр Н.аас, хариуцагч Б.*******гийн хүсэлтээр Ц. нараас гэрчийн мэдүүлэг авахаар шийдвэрлэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан 69,473,323 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

-Авто машины үнэ 65,000,000 төгрөг,

-Жолоочийн хариуцлагын даатгалд төлсөн 136,323 төгрөг,

-Авто машины даатгалд төлсөн 1,287,000 төгрөг,

-Өндөрлөгөөны нум худалдан авсан төлбөр 300,000 төгрөг,

-Эрдэнэсант сумаас засварчин дуудаж жийрэг солиулж тавиулсан ажлын хөлс 250,000 төгрөг,

-Ачаагаа Улаанбаатар хотоос УАА улсын дугаартай ачааны машин дуудан шилжүүлэн ачиж Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу ачуулсан хөлс 2,500,000 төгрөг. Нийт 69,473,323 төгрөг.

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******тай 2025 оны 04 сарын 25-ны өдөр hino ringer маркийн 5 тонн даацтай, ачааны зориулалттай авто машиныг 65,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, уг авто машины өнгө зөрсөн, биет байдлын доголдолтой буюу задаргаа орсон, угсарсан мотортой машин тул машины үнэ болон нийт гаргасан зардал, хохирол 69,473,323 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Б.*******тай харилцан тохиролцон Япон улсаас импортоор оруулж ирсэн ачааны зориулалттай машиныг 65,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон, авто машиныг 2025 оны 04 сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөх үед болон өмнө нь 2025 оны 04 сарын 02-ны өдөр оношлогоонд оруулсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.******* нар нь харилцан тохиролцон 2025 оны 04 сарын 25-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулан Б.******* нь Б.*******гаас арлын FD7JPA-11515 арлын дугаартай, гаалийн мэдүүлгийн 02-2131006-25-IO1381R дугаартай, hino ranger маркийн, цагаан өнгийн 2017 онд үйлдвэрлэгдсэн, ачааны зориулалт бүхий 2025 оны 02 сарын 13-ны өдөр Монгол улсад орж ирсэн, гаалийн бичиг бүхий авто машиныг 65,000,000 төгрөгөөр худалдан авахаар, урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл төлбөрийг ББСБ ХХК-ийн зээлээр төлөхөөр тус тус харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, гэрээний хуулбараар тогтоогдлоо.

Худалдагч Б.******* нь дээрхи авто машиныг бусдад худалдах итгэмжлэлийг Б.д 2025 оны 04 сарын 25-ны өдөр олгосноор дээрх гэрээг байгуулахад Б. нь худалдагч Б.*******г төлөөлөн оролцсон байна.

/ХХ-ийн 6-8 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн худалдан авч буй FD7JPA-11515 арлын дугаартай, hino ranger маркийн тээврийн хэрэгсэлд УКН гэсэн улсын дугаарыг авч, мөн өдөр нь буюу 2025 оны 04 сарын 25-ны өдөр ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 45,000,000 төгрөгийг сарын 2,70 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлэн авсан ба тэрээр уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож худалдан авч буй авто машинаа барьцаалан барьцааны гэрээ байгуулсан нь зохигчийн тайлбар, гэрээний хуулбараар тус тус тогтоогдлоо.

/ХХ-ийн 9-17 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Б.******* нь тээврийн хэрэгслийн үнэ 65,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

 

Н. шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

Б.******* нь миний эхнэр. Би машиныг гардаж авсан. Машины тосоол нь дундуур байсан ба чекний шар гэрэл ассан байсан. Б.******* тосоол нэмсэн. 2025 оны 04 сарын 24-ний өдөр чекний шар гэрэл унтарсан. Усны дачикны залгуур салсан байсан. Ингээд 2025 оны 04 сарын 24-ний өдөр Хөсөг трейд ХХК-ийн хашаанд компьютер оношлогоонд оруулсан. Чекний гэрэл ассан байсан нь утас нь хөндийрсөн байна гэсэн. 2 хуучин алдаа зааж байна гэж оношлогооны хүн хэлсэн ба ямар алдаа бэ гэхэд нарийн зүйл хэлээгүй, гайгүй байхаа гэж оношлогооны хүн хэлсэн.

Моторын ус халж байсныг Б.******* ах мэдэж байсан ба надад хэлээгүй гэж бодож байна.

2025 оны 05 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу ачаа хүргэхээр гарсан. Замдаа Төв аймгийн Эрдэнэсантад машины моторын ус халаад явж болохоо байсан.

Эрдэнэсантад Х. гэж хүнийг машин засдаг гэсэн тул түүнд машинаа үзүүлэхэд моторын дээд анги задалсан. Жийрэг сольсон. Форсункны хар таг байхгүй, радиатор тос цацсан, чангалгаа далий муруй байна, могойн голын цагаан түрхлэг элэгдсэн байна гэсэн. Крышканы 12 боолт тайлахад сув сул байсан. Моторыг нь нилээн муудсан мотор байна гэсэн. Моторын ус халаад явахгүй байсан.

Би 2013 оноос хойш машин барьж байгаа. Хөдөө явж байгаа учир машинаа шалгасан. Б.******* тосоол нэмсэн учраас тосолоо шалгаагүй. Ачааны даацыг хэтрүүлсэн зүйл байхгүй. гэжээ.

 

Ц. шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

Б.******* миний нөхөр. Нөхөр маань машин зардаг ба 2025 оны 04 сард байх яригдаад байгаа машинд компьютер оношлогоо хийлгэнэ гээд дуудаад оношлогоо хийлгээд би ажлын хөлс 100,000 төгрөгийг нь төлсөн.

Б.******* гэж хүний авсан машиныг 2025 оны 04 сард анх оношлогоонд оруулсан. Гаалийн мэдүүлэг дээр өнгө зөрөх тохиолдол байдаг ч арлын дугаараар нь шалгачихдаг.

Тухайн машиныг өөр хүн авах гээд үзэж байсан ба энэ хүмүүс бид нар авах гээд зөндөө зардал гаргасан гээд уурлаж байсан. Машин доголдолтой байсан бол зарахгүй, засаж янзлаад зарна шүү дээ. гэжээ.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй,

254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж тус тус заажээ.

 

Хариуцагч Б.*******гийн нэхэмжлэгч Б.*******д худалдсан арлын FD7JPA-11515 арлын дугаартай, hino ranger маркийн, цагаан өнгийн 2017 онд үйлдвэрлэгдсэн, ачааны зориулалт бүхий тээврийн хэрэгсэл нь 2025 оны 02 сарын 13-ны өдөр Монгол улсын хилээр нэвтэрсэн ба гаалийн мэдүүлэг 02-2131006-25-IO1381R дугаартай болох нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбараар тогтоогдсон ба талууд энэ талаар мөн маргаагүй.

/ХХ-ийн 6 дугаар хуудасны ар тал/

 

www.smartcar.mn хаяг бүхий тээврийн хэрэгслийн цахим нэг цонх мэдээлэлд УКН улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэлд арлын дугааp FD7JPA11515, үйлдвэрлэгч HINO, Загвар Ranger U-GD3HJAA, төрөл бүхээгтэй, үйлдвэрлэсэн улс Япон, үйлдвэрлэсэн он 2017, өнгө мөнгөлөг, импортлогдсон огноо 2025/02/13 гэж,

хилээр нэвтрэн орж ирэх үеийн мэдээлэл хэсэгт гаалийн дугаар 02213100625I01381, арлын дугаар FD7JPA11515, марк автомашин, ачааны, Hino, Ranger, хөдөлгүүр 6400cc, цагаан, механик, хойноо хөтлөгчтэй (RWD), дизель хөдөлгүүртэй, гэмтэл байхгүй,

оношлогооны мэдээлэл хэсэгт 2025 оны 04 сарын 02-ны техникийн хяналтын үзлэгт орсон, техникийн хяналтын үзлэгт тэнцсэн хэмээн тусгасан байна.

 

Дээр дурдсан тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээлэл нь www.smartcar.mn сайтад байршиж байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.

 

Нэхэмжлэгч Б.******* авто машины өнгө зөрсөн гэж тайлбарлаж байх боловч гаалийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн хилээр орж ирэх үеийн мэдээлэлд өнгө цагаан гэж тусгасан бөгөөд тээврийн хэрэгслийн улсын дугаар авсаны дараах мэдээлэлд авто машины өнгийг мөнгөлөг гэж тусгасан тухайн тээврийн хэрэгслийн арлын дугаар тохирч байх тул өнгөн зөрсөн гэх тайлбарыг тээврийн хэрэгслийн биет байдлын доголдолд хамааруулахгүй.

 

УКН улсын дугаартай тээврийн хэрэгслийн моторыг Н. задалж байгаа гэх бичлэгт нэхэмжлэгч Б.*******, түүний нөхөр Н., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******, хариуцагч Б.******* болон хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан 2025 оны 10 сарын 23-ны өдөр үзлэг хийсэн бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг Төв аймгийн Эрдэнэсант суманд Х. гэх хүнээр засварлуулсан хэмээн нэхэмжлэгч тал тайлбарласан ба тухайн тээврийн хэрэгслийг мэргэжлийн байгууллага, засварчинаар засварлуулсан гэж үзэхгүй.

/ХХ-ийн 102-105 дугаар тал/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ,

251 дүгээр зүйлийн 251.1-т Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ,

251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ,

227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан байна.

 

Хариуцагч Б.*******гийн нэхэмжлэгч Б.*******д худалдсан арлын FD7JPA11515 дугаартай, ачааны, Hino, Ranger маркийн авто машиныг 2025 оны 04 сарын 02-ны өдөр техникийн хяналтын үзлэгт оруулсан бөгөөд техникийн хяналтын үзлэгээр авто тээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тоормосны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги, экологи болон эргономикийн үзүүлэлтүүп стандартын шаардлага хангаж байгаа байдалд техникийн дүгнэлт гаргадаг бөгөөд ийнхүү тухайн авто машиныг техникийн хяналтын үзлэгт оруулахад тэнцсэн байх ба энэ нь дээр дурдсан www.smartcar.mn хаяг бүхий тээврийн хэрэгслийн мэдээлэлд тусгагдсан.

 

Нэхэмжлэгч Б.******* 2025 оны 04 сарын 25-ны өдөр авто машиныг хүлээн авах үед компьютер оношлогоонд оруулснаар худалдан авагч Б.******* тухайн тээврийн хэрэгслээ хүлээн авсан бөгөөд тэрээр уг авто машиныг биет байдлын доголдолтой гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, энэ нь нотлогдоогүй.

 

Мөн тэрээр тухайн авто машиныг өөрийн эзэмшил, ашиглалтанд байлгаж байгаа 2025 оны 04 сарын 25-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл буюу 2025 оны 11 сарын 19-ний өдөр хүртэл /208 хоног/ хугацаанд эрх бүхий мэргэжлийн байгууллагад хандан тухайн тээврийн хэрэгслийг холбогдох үзлэг, оношлогоонд оруулан биет байдлын доголдолтой байсан эсэхийг нотлон, эрхээ хэрэгжүүлэх боломжтой байжээ.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.*******д холбогдох 69,473,323 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.*******д холбогдох 69,473,323 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 505,317 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН