Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2025/01046

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2025/01046

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, өөрийн байранд байрлах, Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн * дүгээр хороо, хөдөө хэсэгт оршин суух, ******* овогт ******* *******, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, ** дүгээр байрны ** тоотод оршин суух ******* овогт ******* ******* нарт холбогдох 2,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан ******* *******, ******* ******* нар нь 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-ийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээг байгуулан 5,000,000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 24 сарын хугацаатай зээлсэн болно. Дээрх зээлийн гэрээний хавсралт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч нар нь 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл сар бүр 205,000 төгрөг төлж, үлдэх 285,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр тус тус төлж, нийт зээлсэн 5,000,000 төгрөгийн төлж барагдуулахаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан байна. Гэвч зээлдэгч нар нь анх зээлсэн 5,000,000 төгрөгөөс 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 2,450,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 2,550,000 төгрөгийг төлөөгүй, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, зээлийн эргэн төлөлт хийгээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд хариуцагч Б.*******, Т.******* нараас 2,550,000 төгрөгийг гаргуулан, Багануур дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн сан 100200237010 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.*******, Т.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ..., Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 5,000,000 төгрөгийн зээл авсан. Бид шүүхэд нэхэмжлэл ирснээс хойш 1,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1,550,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Б.*******, Т.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Багануур дүүргийн ******* газрын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох 2,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.*******, Т.******* нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,000,000 төгрөгийг төлж, үлдэх 1,550,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.*******, Т.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 55,750 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 27,875 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ