| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 2434005230407 |
| Дугаар | 2025/ДШМ/17 |
| Огноо | 2025-02-27 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/17
2025 02 27 2025/ДШМ/17
Б.Б-дхолбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ж.Мөнхзул,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Базардорж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Мөнхтайвангийн бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дугаар эсэргүүцлээр шүүгдэгч Б.Б-дхолбогдох эрүүгийн 2434005230407 дугаар хэргийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, ...... оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ............ их сургуульд 6 дугаар курсийн оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт ........... тоотод оршин суух хаягтай, Д овгийн Б.Б регистрийн дугаар ..........
2. Б.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутгаас 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан Дельта-9 Тетрагидроканнабинол ургамлыг гар аргаар түүж худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3. Төв аймгийн прокурорын газраас Б.Б-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Б.Б-д холбогдох эрүүгийн 2434005230407 дугаартай хэргээс ...хадгалсан... гэмт хэргийг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ." гэж зааснаар хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Д овгийн Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Б.Б-ийг Эрүүгийн хуулийч тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д овгийн Б.Б-д шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Б.Б-д шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчихгүй байхыг анхааруулж, зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахыг мэдэгдэж,
Эрүүгийн 2434005230407 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол, төлбөргүйг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1кг 10гр ногоон өнгийн ургамлыг устгуулахаар зохих байгууллагад хүргүүлэхийг тус шүүхийн Тамгын газарт даалгаж,
Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д овгийн Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Прокурор М.Мөнхтайвангийн бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09 дугаар эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд оролцсон прокурор Ж.Мгаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй", 1.2 дахь заалтад заасан "Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн" үндэслэлд тус тус хамаарч байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1.Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Бийн тээврийн хэрэгсэлдээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис болох Делта-9 Тетрагидроканнабинол ургамалыг хадгалсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Учир нь хэрэгт цугларсан гэрч Б.С, яллагдагч Б.Б нарын мэдүүлэг болон 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутгаас 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан Делта-9 Тетрагидроканнабинол ургамлыг гар аргаар түүж худалдаалах зорилгогүйгээр бэлтгэж өөрийн эзэмшлийн Тоёота приус-30 маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан үйл баримт тогтоогддог.
Улмаар шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутгаас өөрийн эзэмшлийн Тоёота приус-30 маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот явах замдаа тус сумын төвд эрх бүхий албан тушаалтанд шалгуулж тус Сэтгэцэд нөлөөлөх бодис болох Делта-9 Тетрагидроканнабинол ургамлыг хураалгасан байна.
Сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үздэг.
Үүнээс дүгнэхэд шүүгдэгч Б.Бийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутгаас гар аргаар түүж бэлтгэснээс хойш Төв аймгийн Батсүмбэр сумын төвд эрх бүхий албан тушаалтанд тус мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис болох ургамлыг хураалгах хүртэл хугацаанд өөрийн эзэмшлийн тоёота приус-30 маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан үйлдлийг тус аймгийн анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2-т заасан “Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн” үндэслэлд тус тус хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
6. Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч С.Базардорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлтэй холбоотойгоор 3 үндэслэлээр тайлбар гаргая. 1.Миний үйлчлүүлэгч 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Батсүмбэр сумаас Делта-9 Тетрагидроканнабинол ургамлыг найз охиныхоо хамт зугаалж явж байхдаа олж хараад түүж, бэлтгэсэн ба Улаанбаатар хот руу буцах замдаа цагдаагийн байгууллагын эрх бүхий тушаалтанд шалгагдаж гэмт хэрэг илэрсэн. Тухайн хэргийн үйл баримт, тухайн цаг хугацааг сэргээн дүгнэхэд миний үйлчлүүлэгч тухайн бодисыг бэлтгэж авч явсан үйл баримтаар энэ гэмт хэргийн зүйлчлэл тодорхой харагдаж байгаа гэж үзэж байна. Б.Б тухайн бодисыг авч яваад хадгалж, орон байрандаа оруулах, тээврийн хэрэгсэлдээ урт хугацаагаар хадгалах, зарж борлуулах санаа зорилгогүй байсан. Хадгалсан гэдэгт субьектив санаа зорилго байгаагүй. Анхан шатны шүүх обьектив шинж нь үгүйсгэгдэж байна гэх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн учраас хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байна.
2. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс хадгалсан гэх шинж нь бусад хэргийн нөхцөл байдлаар үгүйсгэгдэж байна. Б.Б бэлтгэн авч явж байгаад баригдсан учраас хадгалсан гэх шинж агуулагдаагүй байна гэж тайлбар гаргасан. Мөн улсын яллагчийн зүгээс хадгалсан гэх шинжийг хэрэгсэхгүй болгоход татгалзах зүйлгүй гэх тайлбар мэдүүлгийг шүүх хуралдаан дээр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд хадгалсан гэх үйлдлийн шинж байхгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл яллахаас татгалзсан ба түүнийг хэрэгсэхгүй болгох байр суурийг илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон. Прокурорын татгалзсан байр суурийг үндэслэж шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийтгэх тогтоол гарсан байхад эсэргүүцэл гаргаж байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Прокурорын газар босоо удирдлагатай, дээд шатны прокуророос эсэргүүцэл бич гэсэн даалгавар өгсөн байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ М.Мөнхтайван прокурор өөрөө анхан шатны шүүх хуралдаанд “хадгалсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгоход байр сууриа илэрхийлсэн. Гэтэл одоо хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна гэж эсэргүүцэл гаргаж байгаа нь хоёрдмол агуулгаар байр сууриа илэрхийлж байх тул Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй”, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана” гэж тус тус заасан. Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоол гардуулсан баримтыг харвал он, сар, өдөр нь засвартай байгаа. 6-ны өдөр гардаж авсныг 8, 9 болгоод засчихсан байгаа. Миний санаж байгаагаар хамгийн сүүлд нь би 01 дүгээр сарын 06-ны өдөр гардаж авсан. Намайг гардаж авахад улсын яллагч гардаад авчихсан, гарын үсгээ зурчихсан тэмдэглэл байсан. Б.Б миний өмнө ирж авсан. Би Б.Бийн дараа ирж авсан. Прокурорын эсэргүүцэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн хугацааг хэтрүүлсэн үндэслэл харагдаж байна. 14 хоногийн хугацааг 6-ны өдрөөс хойш тоолоход 14 хоногийн хугацаа 20-ны өдөр дуусаж байна. Прокурор 23-ны өдөр эсэргүүцэл гаргасан нь хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
7. Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Болохгүй гэдгийг мэдсээр байж түүсэн нь миний буруу байсан. Дахиж хэрэг хийхгүй. Шүүгчээс өгсөн үүрэг даалгавруудыг маш сайн бодож, хариуцлагатай байгаа. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж өгнө үү ” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурор М.Мөнхтайвангийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
1. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б-дхолбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж зөрчсөн зүйлгүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэх зүйлгүй байх ба хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүртээмжтэй байдал хангалттай бүрдсэн, үнэлэх боломжтой байна.
2.Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл, шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутгаас 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан Дельта-9 Тетрагидроканнабинол ургамлыг гар аргаар түүж худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэрч Б.Сын “...2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр би 15 цагт найз залуу болох Б.Бтой уулзахаар болоод манай найз залуу намайг сургуулийн дотуур байрнаас ирж аваад бид хоёр уулзаад кино үзэх үү эсвэл салхинд гарах уу гэж ярилцаад байгаад салхинд гарахаар болоод Улаанбаатар хотоос хойш гараад гар утасны google map төхөөрөмжөөр харж байгаад Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн амралтын газар очоод амралтын газрын хашаа тулаад бид хоёр машинаа хашаа тулгаж байрлуулаад машинаас буугаад машинаас идэж уух юм аа аваад гол руу явсан. Гол руу явж байх замд манай найз залуу Б энэ ургамлыг хардаа энэ ямар ургамал болохыг мэдэх үү гэхээр нь би мэдэхгүй гэж хэлээд бид хоёр цааш яваад голоор зугаалж байгаад орой нар шингээд бид хоёр буцах болоод машин руугаа явж байх замдаа нөгөө харуулаад байсан ургамал чинь энд ч байна тэнд байна гэж хэлэхэд манай найз залуу Б.Б тухайн ургамлаас жоохон түүсэн би бол түүгээгүй. Тэгээд бид хоёр машин руугаа очоод тэндээс хөдлөөд Төв аймгийн Батсүмбэр сумын төв ороод засмал зам руу ороод явж байхад цагдаа зогсоосон. Би тухайн ургамлыг түүсэн зүйл байхгүй харин манай найз залуу Б.Б бага зэрэг түүсэн. Би яг ямар зорилгоор түүсэн болохыг мэдэхгүй байна. Би Б.Бийг тухайн ургамлыг түүж байхад хажууд нь байсан харин хамт түүлцсэн зүйл байхгүй. Би өөрөө шарилжийн харшилтай учраас жоохон зайтай зогсож байсан. Б.Б бид хоёр тухайн өвсийг ямар нэгэн байдлаар хэрэглэсэн зүйл байхгүй. Манай найз залуу Б.Б тухайн өвсийг түүгээд уутанд хийгээд машиныхаа арын багажид хийсэн байсан. Тэгээд бид хоёр Улаанбаатар хот руу явж байгаад цагдаад баригдсан. Б тухайн ургамлыг хэр хэмжээний түүсэн болохыг мэдэхгүй байна. Ямар ч хүнс авч явсан гялгар уутанд түүсэн байсан. Мөн дэвтэр ном хийж байсан даавуун уутанд давхарлаж хийсэн байсан. Тухайн ..........улсын дугаартай сараал өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь манай найз залуу болох Б.Бийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би урьд өмнө нь энэ төрлийн ургамлыг харж байгаагүй мөн би урьд өмнө нь түүж байгаагүй...” гэх /хх-ийн 22-23 тал/,
Б.Бийн сэжигтнээр дахин өгсөн “...Би 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод найз охин болох Б.Стай болзоод бид хоёр кино үзэх үү агаарт гарах уу гэж ярилцаж байгаа агаарт гарахаар болоод утасны google map төхөөрөмжөөр ойрхон гол устай газар харсан чинь Сөгнөгөрийн голыг заахаар нь тийшээ явах товчийг дараад заасан газар буюу Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн гол гэх газар 17 цаг 30 минутын үед очсон..., ...машинаас буугаад цаашаа алхаж гол руу явж байхад хажуу өвч гэдэг ургамал байсан. Энэ ургамлыг хараад би найз охин Б.Саас энэ нөгөө паркинсон өвчний шинж тэмдгийг анагаадаг ургамал мөн үү гэхэд Б.С мэдэхгүй гэсэн. Тэгээд бид хоёр гол ороод голоос цаашаа гараад жоохон байж байгаа юм ярьж сууж байгаад нар жаргаад хүйтэн болж байсан болохоор бид хоёр буцах гээд машин руугаа алхаж яваад дахиад нөгөө өвс гэх ургамалтай таараад тухайн ургамлаас бага зэрэг түүгээд уутанд хийж авсан. Тэгээд машин дээрээ очоод нөгөө түүсэн ургамлыг машины багажид уутанд хийж тавиад Улаанбаатар хот руу хөдлөөд явж байтал Батсүмбэр сумын төв дээр цагдаа зогсоогоод цагдаагийн хэсэг рүү авч явсан..., ...би түүчхээд найз охин Б.Сын хамт өөрийн эзэмшлийн ..........улсын дугаартай саарал өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгслийн багажид хийгээд тээвэрлэж явж байсан..., ...Намайг тухайн өвсийг түүж байхад манай найз охин Б.С миний хажууд зогсож байсан надтай юу ч яриагүй. ...тухайн ургамлыг дундаж гялгар уутаар түүсэн. ...Миний буруу би өөрийн буруугаа хүлээж бодлогогүй үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна...” гэх /хх-ийн 29-30 тал/,
Түүний яллагдагчаар өгсөн “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ бүх зүйлийг үнэн зөвөөр тодорхой ярьсан. ...Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн гол гэх газраас түүсэн байгаа. ...Би гараараа түүх явцад миний гар дээр шүүс болсон байсныг амталж үзсэн...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 65-66 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4992 дугаар “...1.Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. 3.4. Ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 944,3 грамм, цэвэр жин нь 832,8 грамм болов...” гэх /хх-ийн 33-35 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр 13-ны 4990 дугаар “...1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “Б.С ФД02262126 22н эм” гэж хаягласан шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. “Б.Б ........ 22 эр” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрч байна. Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно...” гэх /хх-ийн 44-46 тал/ шинжээчийн дүгнэлтүүд,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 тал/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 13-14, 16 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 17 тал/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотолсон бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
3.Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ёстой.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн найз охин болох Б.Сын хамтаар Улаанбаатар хотоос Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт очиж зугаалж явахдаа тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс дээрх ургамалыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэн гэр рүүгээ харихаар өөрийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн ..........улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийн багажид хийн авч явж байсан гэх нөхцөл байдал тогтоогдсон ч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд шүүгдэгч Б.Бийг “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тухайн хориотой ургамлыг бэлтгэснээр энэ гэмт хэрэг төгсөж байгаа учраас хадгалсан гэдэг шинжийг хэрэгсэхгүй болгоход татгалзах зүйлгүй...” хэмээн “...Хадгалсан...” гэмт үйлдлийг яллахаас татгалзсан байна.
Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Бийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Дельта-9 Тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг бодисыг хадгалсан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэл болов.
5. Мөн шүүхээс энэ төрлийн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг хэмээн дүгнэж, улсын яллагч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан санал, дүгнэлтүүдийг үндэслэн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Бийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
6.Харин шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хадгалсан...” гэмт хэргийн талаар “...сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур орон байр, агуулах сав, тээврийн хэрэгсэл гэх зэрэгт тодорхой хугацаагаар бусдад мэдэгдэхгүйгээр байлгасан, нуун дарагдуулсныг хууль бусаар хадгалсан гэж дүгнэх үндэслэл болно...” гэж Эрүүгийн хуулийг зөв тайлбарласан атлаа “...шүүгдэгч нь гар аргаар түүж бэлтгэн хадгалах газар буюу өөрийн оршин суудаг орон байр руу аваачих зорилготой явж байсныг илрүүлснээр гэмт хэрэг төгссөн “хадгалсан” шинжийг объектив байдлаараа хангаагүй...” хэмээн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй.
7.Прокурор нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах агуулга бүхий эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авч хангах боломжгүй гэж шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл улсын яллагч нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Б-дхолбогдох хэргээс “...хадгалсан...” гэх үйлдэлд яллахаас татгалзсан байх тул аль ч шатны шүүх шүүгдэгч уг гэмт хэрэг үйлдсэн эсэх үйл баримтад дүгнэлт өгч, гэм буруутайд тооцон, ял оногдуулах боломжгүй болно.
8.Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бийн үйлдэл холбогдлоос дээр дурдсанчлан “хадгалсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан, мөн хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг зөв баримтлаагүй,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно хэмээн заасан байхад шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 3 дахь заалтаар шүүгдэгч Б.Б-дмөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээ авсан,
Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчихгүй байх, зөрчсөн тохиолдолд хуульд заасны дагуу хорих ял оногдуулах талаар заасан байхад 5 дахь заалтад хуулийн зүйл заалтыг 7.3 дугаар зүйл гэж бичсэн байгаа тул давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний болон техник, утга найруулгын шинжтэй алдааг шийтгэх тогтоолын холбогдох заалтуудад өөрчлөлт оруулах замаар зөвтгөн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад “...Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Б.Бид холбогдох эрүүгийн 2434005230407 дугаартай хэргээс ...хадгалсан... гэмт хэргийг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэснийг
“...Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргээс “Хадгалсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай...” гэж,
3 дахь заалтад “...Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай...” гэснийг
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй...” гэж,
5 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Б.Бид шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчихгүй байхыг анхааруулж, зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй...” гэснийг
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Б.Бид шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчихгүй байхыг анхааруулж, зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй...” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД
З.ТҮВШИНТӨГС