| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 2402000000020 |
| Дугаар | 2025/ДШМ/06 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.5.1., |
| Улсын яллагч | З.Хүслэн |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/06
2025 01 23 2025/ДШМ/06
А.Б, Б.Т нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор З.Хүслэн
Шүүгдэгч А.Б
Шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Ш.Амарбаяр
Шүүгдэгч Б.Т /цахим сүлжээгээр/
Шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч М.Алтанцэцэг /цахим сүлжээгээр/
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/373 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Б.Баярмагнай, Ш.Амарбаяр, О.Баяраа, шүүгдэгч Б.Т нарын гаргасан давж заалдах гомдол, прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 116 тоот эсэргүүцэлд үндэслэн А.Б, Б.Т нарт холбогдох эрүүгийн 2402000000020 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 05-нд Хэнтий аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ... дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хамгаалалтын ажилтан ажилтай байсан, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт А Б,
2. Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 06-нд Дорнод аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорнод аймаг, ... тоотод оршин суух хаягтай, урьд:
Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.11, 13.3 дугаар зүйлийн 2.2, 17.2 дугаар зүйлийн 3.2, 17.1 дүгээр зүйлийн 2.1-т тус тус зааснаар 20 жил хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаа, Ш овогт Б Т,
3. А.Б нь Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа ... дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн харуул хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч цолтойгоор ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд дагаж мөрдөх болон хориглосон эрх зүйн хэм хэмжээг зөрчин тус хорих ангид хоригдож буй хоригдол Б овогтой Т-тэй хувийн харилцаа тогтоож 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр түүний эхнэр С.Х-тай өөрийн ... дугаар гар утсаар яриулсныхаа хариуд Б.Т-гийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд эхнэр С.Х-ийн эзэмшлийн Хаан банк дахь ...тоот данснаас өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ... тоот дансаар 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “0000” гэсэн утгаар 50.000 төгрөг,
2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр “T...” гэсэн утгаар 100.000 төгрөгийг шилжүүлснийг авч хахууль авсан,
Б.Т нь Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ... дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хоригдож байхдаа тус ангийн хамгаалалтын ажилтан ахлах ахлагч цолтой А.Б-той хувийн харилцаа тогтоож, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эхнэр С.Х-тай гар утсаар ярьж өөртөө давуу байдал бий болгосны хариуд өөрийн эхнэр С.Х-аар дамжуулан түүний эзэмшлийн Хаан банк дахь ... тоот дансанд 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “0000” гэсэн утгаар 50.000 төгрөг,
2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр “T...” гэсэн утгаар 100.000 төгрөг шилжүүлж хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
4. Нийслэлийн Прокурорын газраас А.Б-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
5. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн А Б-ыг үргэлжилсэн үйлдлээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ш овгийн Б Т-г үргэлжилсэн үйлдлээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасаж, 2 жил,
Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жил хасаж, 6 сар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-гийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 169 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Т, А.Б нарын эдлэх ялыг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Тд энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 20 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 13 жил 01 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 13 жил 07 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Б-од оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй, шүүгдэгч Б.Тд оногдуулсан 13 жил 7 сар 28 хоног хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бын нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Т-гийн нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тус тус тоолж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 150.000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн дансанд тушаасныг улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүйг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж А.Б, Б.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.
6. Прокурор Ө.Мөнхнавч бичсэн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 116 дугаар эсэргүүцэлдээ: ...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хасаж” гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул шүүгдэгч А.Б-ын нийтийн албанд томилогдох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс нийтийн албанд томилох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино...” гэж,
Мөн “Тогтоох” хэсгийн 6 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялыг, Б.Т-г нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тус тус тоолсугай” гэж тус тус бичжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ” гэж, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаных дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж тус тус заасан.
Иймд шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолохдоо өөр өөрөөр бичсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.9 дүгээр зүйлийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийг 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй буюу мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.
Мөн шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсгийн “1.3 эрх зүйн дүгнэлт” хэсэгт “шүүгдэгч А.Болдбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан” гэж шүүгдэгчийн нэр, зүйл ангийг буруу бичсэнийг “шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан” гэж,
мөн хэсгийн “2.3 Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар” гэсэн хэсэгт “шүүгдэгч Б.Т, А.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй” гэж шүүгдэгч Б.Т-гийн цагдан хоригдсон хоногийг буруу бичсэнийг “шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй” гэж зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Иймд шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
7. Шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Ш.Амарбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: А.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн гэм буруутай үйлдэл, гэм буруу дээрээ маргадаггүй ба энэ нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2402000000020 дугаар тогтоолоор яллагдагчаар татсан, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр эрх үүрэг танилцуулж мэдүүлэг авсан А.Б нь мэдүүлэгтээ “...би прокурорын тогтоолтой уншиж танилцсан, асуух зүйл байхгүй дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би энэ гэмт хэргийг үйлдсэндээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг,
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, хорих ангийн захиргаанд гаргасан тайлбар, өөрийн гаргаж өгсөн тодорхойлолт зэргээр тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 150.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. А.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 9 дэх жилдээ ажиллаж байгаа ба ажлын байрандаа өмнө нь ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Зөрчлийн болон эрүүгийн хэрэгт ял шийтгэл эдэлж байгаагүй анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдлын хувьд эхнэр Б.А-тэй 2009 онд гэр бүл болж 14-5 насны 5 хүүхэдтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллаraar шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно...” гэж заасны дагуу, мөн зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү гэв.
8. Шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан давж заалдах гомдолдоо: 1. Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан 415 дугаар хорих ангийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал” түүнд холбогдох хурлын тэмдэглэл бусад бичгийн баримтыг гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан. Мөн зүйл хэсгийн 6 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно” гэж заасан.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Б-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн эсэх, 415 дугаар хорих ангийн дотоод журамд заасан сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримтуудыг эрүүгийн хэрэгт нотлох баримтаар шууд иш татаж бэхжүүлсэн ба энэ нь хуульд заасан процессын баталгаа хангагдсан эсэх, мөн Эрүүгийн хэрэгт нотлох баримтыг гагцхүү мөрдөгч цуглуулж бэхжүүлэх журамтай бөгөөд дээрх үйл баримтад анхан шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл сахилгын зөрчил гаргасан гэх үйлдлийг бэхжүүлж шийтгэл ногдуулсан үйл баримтыг эрүүгийн хэрэгт ямар үндэслэл журмаар цуглуулан бэхжүүлсэн болох нь тодорхойгүй байна.
2. Шүүгдэгч А.Б-ыг ... дугаар хорих ангийн харуул хамгаалалтын журмын 16.2 дахь хэсэг “хорих ангид хувийн тээврийн хэрэгсэл, үнэт эдлэл, бэлэн мөнгө, гар утас, холбооны бусад хэрэгсэл, төлбөр тооцоо цахим хэрэгсэл, согтууруулах ундаа, мансууруулах, тэсэрч дэлбэрэх бодис” гэх заалтыг мөн журмын 16.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэжээ. Анхан шатны шүүхээс дээрх үйл баримтыг гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэл болгосон бөгөөд мөн л иш татсан баримтад дүгнэлт өгөөгүй, нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн деспозиц шинж нь нийтийн албан тушаалтан “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэх үйлдлийг хийсэн бол гэмт хэргийн шинж хангагдах талаар хуульчилсан.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Б-ыг хахууль авсан гэх үйлдэлд гэм буруутайд тооцсон ба албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхгүй байгаа эсэх, албаны яг ямар чиг үүргийг хэрэгжүүлээгүйн төлөө бусдаас шан харамж авсан эсэх зэрэг бодит нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй, үүнд анхан шатны шүүхээс ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Мөн шүүгдэгч А.Б нь шүүгдэгч Б. Т-д давуу байдал үүсгэсэн гэх дүгнэлтийг хийсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг дурджээ. Энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулжээ.
3. Шүүгдэгч А.Б-ын дээрх үйлдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ... дугаар ангийн харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил хариуцсан ажилтан Б.Мягмардорж илрүүлсэн гэх бөгөөд дээрх ажилтны явуулсан гүйцэтгэх ажлыг мөрдөн шалгах нууц ажиллагаа гэж үзэх эсэх, хэрэв мөрдөн шалгах нууц ажиллагаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар явагдсан эсэх, эсхүл гүйцэтгэх ажлын тухай зохицуулсан хууль журмаар явагдсан эсэх, үүнийг Эрүүгийн хэрэгт хэрхэн нотлох баримтаар тооцож иш татаж бэхжүүлсэн эсэх зэрэг нөхцөл байдлууд ойлгомжгүй шүүхээс дүгнэлт өгөөгүй. Нөгөөтээгүүр шүүгдэгч нь өөрийн гаргасан гэх дээрх үйлдэлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ... дугаар ангийн даргын шийдвэрээр сахилгын шийтгэл хүлээсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогддог.
Өөрөөр хэлбэл нэг хүн нэг үйлдэлдээ сахилгын хариуцлага, эрүүгийн хариуцлагыг давхар хүлээсэн байх ба энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “... Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно” гэсэн заалт зөрчигдсөн гэж үзэхээр байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй нотлох баримтад тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан анхан шатны шүүхээс үүнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй нөхцөл байдал байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
9. Шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч О.Баяраа гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн бодит үнэнийг үнэн зөвөөр дүгнэсэнгүй, хахууль өгсөн, авсан үйлдлүүдийг зөвхөн дансанд шилжсэн мөнгөөр үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өмгөөлөгч миний хувьд шүүгдэгч А.Бод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах байр суурьтай байсан ба шүүх хуралд маргалдсан, мэтгэлцсэн, нотлох баримтуудыг баримтаар үгүйсгэсэн тодорхой тайлбар, дүгнэлтүүдийг гарган оролцсон. Шүүгдэгч А.Б-ын Хаан банкны дансанд мөнгө шилжин орсон нь хахууль авсан гэж үзэх боломжгүй, тэгээд ч гэрч С.Х-ийн мэдүүлгээр шүүгдэгч Б.Т-гийн мэдүүлгээр ч авлига, хахууль байдлаар өгсөн гэх ямар нэгэн мэдүүлэг байхгүй юм. Шийтгэх тогтоолын “нотлох баримтын үнэлгээ” гэх хэсэгт хэрэгт авагдсан харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх томилгоо, харуул хамгаалалтын журам, гэрч С.Х-гийн мэдүүлэг, гэрч Б.Б-ийн мэдүүлэг, Б.Б-ийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын мэдүүлэг Хаан банкны хуулга, барьцаа хохирол утгатай 150.000 төгрөг тушаасан баримт зэрэг зүйлүүд нь хахууль авсныг хэрхэн нотолсон нь тодорхойгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
10. Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа /цахим сүлжээгээр/: Б.Т миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байгаа болно.
1. Миний хувьд хэргийг анхнаасаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн хувьд маргадаггүй бөгөөд хэргийн байдлыг тууштай үнэн зөв мэдүүлж ирсэн билээ. Мөн анхнаасаа энэ хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан бөгөөд мөрдөн байцаах болон прокурорын хянан шийдвэрлэх явцад саад учруулаагүй.
2. Мөн миний бие нь хэдийгээр гэмт үйлдэл хийсэн ч гэлээ шийтгэх тогтоолоор ял шийтгэгдэхийн өмнө хугацаанаас өмнө тэнсэн суллагдахад 8 жил, дэглэм зэрэглэл буухад 3 жил байсан боловч 2024/ШЦТ/373 шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэний дараах байдлаар ялаа бодоход хугацаанаас өмнө тэнсэн суллагдахад 10 жил, дэглэм зэрэглэл буухад 6 жил болон эрх зүйн байдал маань хэт дордож буй билээ. Энэ нь 6 сарын хорих ял болон 2 жилийн нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялаас илүү миний эрх зүйн байдалд хор уршигтай байгаа болно. Мөн өөр өөр дүүргүүдэд Б.Т миний биед тохиож буй энэ үйл явдалтай адил үүнээс хүндрүүлэх нөхцөлтэй хүнд гэмт хэргээр дахин ял шийтгэгдэж сүүлд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолоор дэглэм, зэрэглэл буурсан тохиолдол цөөнгүй байдаг.
Иймд дээрх байдлыг харгалзан үзэж миний биед оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн нийт эдлэх ялаар тогтоосон хугацааг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.
11. Шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа /цахим сүлжээгээр/: Шүүхээс миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь үзэж, мөн гэм буруу дээрээ маргаагүй байдал буюу бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр заасан. Хэдийгээр Б.Т өмнө шүүхээр 20 жилийн хорих ял шийтгүүлсэн ч, уг ялынхаа 7 жилийг хаалттай хорих ангид эдэлсэн. Гэтэл миний үйлчлүүлэгчтэй адилхан 20 жилийн ялтай хүмүүс дахин хөнгөн гэмт хэрэг үйлдэхэд шүүх ял оногдуулахдаа сүүлд үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг учир ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож байгаа тохиолдлууд гарч байна. Иймд Б.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. Б.Т нь эхнэр, хоёр хүүхэдтэй учир гэр бүл, хүүхдүүддээ анхаарал тавих нөхцөл боломж бүрдэнэ гэв.
12. Ялтан А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйл байхгүй гэв.
13. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор З.Хүслэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан ноцтой зөрчил гаргасан тул Ө.Мөнхнавч прокурорын бичсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах эсэргүүцлийг бүхэлд нь дэмжиж байгаа. Шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч нар гурван өөр агуулгаар давж заалдах гомдол гаргаж байгаа нь түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэдэг агуулгыг илэрхийлж чадахгүй байгааг харуулж байна. Мөн шүүгдэгч Б.Т-гийн хувьд түүний ял эдлэх дэглэмийг анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт өгч хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв болсон. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр өөрчлөлт оруулах дүгнэлтийг гаргаж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Б.Т, шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Ш.Амарбаяр, О.Баяраа, Б.Баярмагнай нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.
2. Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” учиртай.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.
Хууль ёсны ба үндэслэл бүхий байна гэдэг нь материаллаг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн оновчтой тодорхойлж зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр “хууль ёсны” болдог бол тухайн хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоосон бодит дүгнэлт бүхий шийдвэрийг “үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангасан гэж үздэг.
Дээрхээс дүгнэн үзвэл шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгүүд нь утга, агуулгын хувьд хуульд бүрнээ нийцсэн байх ба хоорондоо зөрчилтэй дүгнэгдэх хууль зүйн боломжгүй юм.
3. Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолынхоо “Тодорхойлох” хэсэгт “...улсын яллагчаас шүүгдэгч А.Болдбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, ...яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна...” /шийтгэх тогтоол 7-р тал 41-44, 8-р тал 1, 5-6-р мөр/ гэх тухайн хэрэгт огт хамааралгүй хүний талаар хийсэн дүгнэлт нь уг хэргийн шүүгдэгч А.Б, Б.Т нарт холбогдох хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүхээс шийтгэх тогтоолынхоо “Тодорхойлох” хэсэгт шүүгдэгч А.Б-од холбогдуулан прокуророос яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.4-т заасны дагуу хууль зүйн дүгнэлт өгөөгүй гэж үзнэ.
4. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн “нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасах” нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар хуульчилсан.
4.1. Гэтэл шүүхээс шийтгэх тогтоолынхоо “Тодорхойлох” хэсэгт шүүгдэгч А.Б-ын үйлдсэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “Нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хасаж” гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул шүүгдэгч А.Б-ын нийтийн албанд томилогдох эрхийг тухайн зүйл хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, тогтоол хүчинтэй болсон үеэс нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино...” /шийтгэх тогтоол 13-р тал, 7-12-р мөр/ гэж,
4.2. Мөн шүүгдэгч Б.Т-д нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах нь зүйтэй /шийтгэх тогтоол 12-р тал 17-19-р мөр/ хэмээн шийдвэрлэсэн ч уг ялыг хэдий үеэс эхлэн тоолох талаар огт дүгнэлт өгөөгүй, улмаар шүүгдэгч тус бүрд хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн атлаа шүүгдэгч А.Б-од оногдуулсан 5 жилийн, шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 2 /зүй нь 3/ жилийн хугацаагаар тус тус оногдуулсан “нийтийн албанд ажиллах эрхийг хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тус тус тоолсугай” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг буруу хэрэглэжээ.
5. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний үндэслэл, шүүгдэгчид хорих ял оногдуулсан бол уг ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэлийг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заавал тусгаж байхаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2-т тус тус хуульчилсан.
5.1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь” хэсгээс үзвэл шүүгдэгч Б.Т-д Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/292 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.11, 13.3 дугаар зүйлийн 2.2, 17.2 дугаар зүйлийн 3.2, 17.1 дүгээр зүйлийн 2.1-т тус тус зааснаар оногдуулсан 20 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 13 жил 01 сар 28 хоногийн хорих ялыг сүүлд буюу энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн холбогдох заалтыг хэрэглэн нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хугацааг тогтоохдоо хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үндэслэн хэрхэн үнэлж дүгнэсэн талаар,
5.2. Мөн шүүгдэгч А.Б-од оногдуулсан 2 жил хорих ялыг хэрхэн, ямар нөхцөл байдлын улмаас нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх болсон зэрэг тодорхой дүгнэлт өгөөгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
6. Дээрх анхан шатны шүүхээс гаргасан алдаа, зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс шүүдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан зөвтгөн өөрчлөх хууль зүйн боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 1.2., 1.3., 39.8 дугаар зүйлийн 1.6.-д тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдэд хамаарч байгаа болно.
7. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Б, Б.Т нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
8. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн “...шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтүүдийг оруулах...”,
шүүгдэгч Б.Т-гийн гаргасан “...хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх...”,
шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Б.Баярмагнайн гаргасан “...мөрдөн шалгах ажиллагааны явцад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй нотлох баримтад тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, анхан шатны шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөөгүй учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэх
өмгөөлөгч Ш.Амарбаярын гаргасан “...шүүгдэгч А.Б-од оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү...” гэх,
өмгөөлөгч О.Баярын гаргасан “...шүүгдэгч А.Б-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол, эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.
9. Шүүгдэгч А.Б, Б.Т нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулсан, хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 76-77, 83-84, 97-98 дугаар талуудад авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлүүд нь шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалсан гэж бичигдсэн атлаа даргалагч шүүгч Ц.Отгонжаргал хэмээн албажуулагдсан байгаа нь мөн л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
10. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаагаар шүүгдэгч А.Б, Б.Т нарт тус бүр урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/373 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.Б, Б.Т нарт тус бүр хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
М.МӨНХДАВАА