Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 237

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,

 

Улсын яллагч: Ч.Мөнх-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,

Хохирогч: Н.,

Шүүгдэгч: А. /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Аюурын д холбогдох эрүүгийн 1709013630254 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ….

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч А. нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А. мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Оюунгэрэл, Гантөгс, Энэбиш нартай гэртээ ажил хэргийн яриа хийгээд байж байсан. Тэгээд бид нар нэг шил виски хувааж уусан. Гантөгс “манай найз залуу намайг ирж авна. Жаахан хартай юм” гэж хэлж байсан. Оюунгэрэл би “Гантөгсийг гаргаж өгчихөөд ороод ирье” гэж хэлээд гарсан. Тэгээд хаалга тогшихоор нь тайлахад нэг залуу байсан. Тэр залуугийн ард Оюунгэрэл ороод “харахгүй юу” гэж хэлж байсан. Хоорондоо маргалдсан шинжтэй байсан. Тэгээд манай гэрт ороод ирсэн. Би “миний гэрт миний зөвшөөрөлгүй орж ирдэг хэн юм. Манайхаас гар” гэсэн шаардлага тавьсан. Миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байхаар нь заамдаж гаргаад, коридорт зүүн шанаанд нь баруун гараараа цохисон. Тэгээд тонгойхоор нь гуянд нь нэг өвдгөлсөн. Тэгээд би “чи ямар овилгогүй бацаан бэ” гэж хэлээд гэртээ орсон. Маргааш өглөө нь цагдаа ирсэн.  2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс мөрдөн байцаагч дуудсан. Энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Би хохирогч гаас албан ёсоор уучлалт гуйж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Шүүхээс оногдуулах шийтгэлийг хүлээхэд бэлэн байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н. мэдүүлэхдээ: Надад гомдол санал байхгүй. Тухайн үед гомдоод цагдаад өргөдөл өгсөн. Цагдаа намайг “та гомдолтой бол шүүх эмнэлэг дээр очиж гэмтлийн зэргээ тодорхойлуулаад, гомдлоо гарга” гэж хэлсэн. Тэгээд үзүүлэхэд хөнгөн гэмтэл гарсан. Би Булган аймагт ажиллаж, амьдардаг. Манай эхнэр Улаанбаатар хотод байдаг учир амралтын өдрөөр ирж очдог. Хагас сайн өдөр ирэхэд “ажлынхантайгаа уулзаж байна” гэж хэлэхээр нь очоод харахад бага зэрэг уучихсан гарч ирсэн. Би “ямар хүмүүстэй уусан бэ орж харъя” гэж хэлэхэд харуулахгүй байсан. Өмнө бас ийм асуудал болж байсан. Залуу хүмүүсийн хувьд хол ажилладаг учир хэцүү байдаг. Намайг харах гээд ороход энэ хүмүүс байсан. Гаднаас бид хоёр их ярьсан. Орно оруулахгүй гэж маргасан. Оюука гэдэг найз нь намайг “чи айлд яах гэж орох гээд байгаа юм” гэж хэлсэн. Би ямар хүмүүстэй архи ууж байгааг нь харчихаад гаръя гэж хэлээд хаалгыг нүдсэн. Тэгэхэд  болон хоёр залуу байсан. “Чи ажил ярьж байна гэж хэлчихээд энэ хүмүүстэй архи ууж байсан юм уу” гэж хэлэхэд Оюука гэдэг найз нь намайг араас түлхээд оруулсан. Би түлхэгдэж ороход  үүдэнд гутлаа өмсөж байсан. Тэгээд эргэж хараад “чи манай гэрт орж ирдэг хэн юм” гээд намайг заамдаад гарсан. Тухайн үед энэ хүмүүс уучихсан байсан. Би эрүүл Булган аймгаас эхнэрээ авах гэж ирээд, энэ асуудал болсон. Энэ хүн намайг ганцаараа зодоогүй юм. Тухайн үед Энэбиш гэдэг ах намайг зодсон. Энэбишийн зодсон газар гэмтлийн зэрэг тогтоогдоогүй учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн байна  гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н. /хх-ийн 59-60/, гэрч Г.Г /хх-ийн 103/, яллагдагч А. /хх-ийн 67/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12139 дугаар дүгнэлт /хх-ийн 25/, шүүгдэгч А.гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А. нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч А. нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Н.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эхнэрээ авах гэж очсон. Би гэр орон руу нь дайрч орсон зүйл байхгүй. Би ямар хүмүүстэй сууж байгааг нь харах гэтэл намайг оруулахгүй байсан. Би Оюука гэдэг найзад нь түлхэгдэн ороод үүдэнд нь байж байтал Лхагва нь үүдэндээ хувцасаа өмсчихсөн гутлаа өмсөж байснаа шууд л намайг заамдаад түлхээд гарч байгаа юм. Тэгээд гарч ирээд шууд намайг нүүр рүү нэг удаа цохисон.   ...Эхлээд намайг Лхагваа гэдэг хүн нь миний нүүрний зүүн хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд Гантөгс, Оюука хоёр салгасан. Тэгээд хэрэлдээд байж байхад миний араас Энэбиш гэдэг хүн миний хөл рүү өшиглөөд ар дагз хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Би эргээд хартал настай хүн байсан. Тэр нь нилээн муудчихсан харагдаж байсан. Тэгэхээр нь би Энэбиштэй барьцалдаад байж байтал Лхагваа нь хажуу талаас намайг нүүр хэсэг рүү 2 цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59/,

 

Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Лхагва нь г орцны голд, лефтны шатны хажуу талд гараараа эхэлж цохисон. ...Лхагвсүрэн  хоёрыг салгаад хоёр тийш болгоход  доошоо тонгойсон байж байгаад дээшээ өндийсөн. Тэгэхэд гийн хамарнаас нь цус гарсан байсан. ...Намайг ажлаа хийж явж байхад  намайг хардсанаас болж маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 103/,

 

Яллагдагч А.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...заамдаж аваад гэрээсээ чирч гаргасан. Тэгээд гараараа хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 67/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12139 дугаар дүгнэлт: “...Н.гийн биед баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх, нэг шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг  болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ. Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А. /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай ажиллагаа нөлөөлснөөс гадна шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч А.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс А.д торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжтой байна.

 

Шүүгдэгч А.гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, санал, хүсэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг нэн даруй төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Н. нь эмчилгээний болон бусад зардалтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй болохыг  дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол овогт Аюурын г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг нэн даруй төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А. нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.АЛДАР